Герман цэргийн тусламжаа багасгах нь Украин том нөлөө үзүүлнэ
Товч агуулга: Украинд цэргийн тусламж хамгийн их илгээдэг хоёр орон бол АНУ, Герман. Гэвч Германы засгийн газар төсвөө танаж, Украин руу илгээх цэргийн тусламжаа 2025 онд хоёр дахин бууруулах магадлалтай байна. Энэ нь ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа юм.
Германы засгийн газар өнгөрсөн долоо хоногт улсын төсвийн эх бичгийг эцэслэн дуусгасан юм. Тус эх бичигт Берлин 2025 онд Украин руу илгээх цэргийн тусламжаа энэ онтой харьцуулахад хоёр дахин бууруулж 4 тэрбум евро болгох тухай багтаажээ.
Мөн “Frankfurter Allgemeine Zeitung” сонины олж авсан мэдээллээр бол 2027 онд цэргийн тусламжаа 500 сая евро болгож бууруулахаар төлөвлөж байгаа юм. 2026 оны хувьд Украин Германаас 3 тэрбум еврогийн цэргийн тусламж авна.
2022 онд дайн эхэлснээс хойш Европын холбоо болон түүний гишүүн орнууд 38 тэрбум еврогийн цэргийн тусламж Украин руу илгээсэн. Үүний 28 тэрбум нь Германаас илгээгдсэн юм.
Украин руу илгээсэн нийт цэргийн тусламжийн хэмжээгээр Германыг зөвхөн АНУ л гүйцнэ. Германы засгийн газар төсвийн алдагдлаа танахын тулд зарим салбарт олгох мөнгөн дүнгээ багасгахаас өөр аргагүй байгаа.
Хэрвээ төсвийг эцэслэн баталбал Украины хоёр дахь хамгийн том зэвсгийн тусламж илгээч орон тусламжаа багасгах боллоо.
Тал талын шүүмжлэл
Германы эвслийн засгийн газрын энэхүү саналыг олон талаас шүүмжилсэн байна. Сөрөг хүчний хамгийн том нам болох Христийн ардчилсан холбооны (CDU) төлөөлөгчид Германы засгийн газрыг Украиныг хөсөр орхилоо гэж буруутгажээ.
Украинаас Германд суугаа Элчин сайд Алексей Макеиев “Украинд үзүүлэх цэргийн тусламжийг багасгах нь Европын аюулгүй байдлыг эрсдэлд оруулж байна гэсэн үг. Энэ нь том алдаад хүргэх учир зайлсхийх хэрэгтэй. Хөрөнгө мөнгө нь байгаа, улс төрийн хүсэл хоригийн асуудал” гэсэн юм.
Эрх баригч эвслийн дотроос ч гэсэн шүүмжлэлийн дуу хоолой сонсогдоно. Парламентын Гадаад харилцааны хорооны дарга Майкл Рот хэлэхдээ, Герман дэмжлэгээ төсвийн байдлаас хамааруулж болохгүй хэмээжээ. Тэрбээр “Бид Украины хувь тавиланг өрийн тахилын ширээ дээр золиосолж болохгүй” гэж хэлсэн байна.
Ногоон намын дарга Омид Нурипур “ARD” телевизэд өгсөн ярилцлагадаа “Энэ бол Украины хувьд, ялангуяа манай холбоотнуудын хувьд сайны дохио биш” гэсэн юм.
Чөлөөт ардчилсан намын гишүүн, Европын парламент дахь Батлан хамгаалах хорооны дарга Мари-Агнес Страк-Зиммерманн мөн адил бодол илэрхийлжээ. Тэрбээр Украин руу илгээх тусламжийн хэмжээг ихэсгэх хэрэгтэй хэмээсэн байна.
Германы засгийн газар татвар төлөгчдийн мөнгийг тусламжид илгээхийн оронд ОХУ-ын царцаасан хөрөнгөөс олсон орлогыг Их долоогийн түншүүдтэй хамтран Украин руу тусламжаар илгээх хүсэлтэй буйгаа мэдэгдсэн юм.
ОХУ-ын царцаасан хөрөнгө
Дэлхийн томоохон эдийн засагтай улсуудын нэгдэл болох Их долоон бүлэг Украины дайн эхэлсний дараа ОХУ-ын төрийн 300 тэрбум гаруй ам.долларын хөрөнгийг царцаасан.
Зургаадугаар сард Их долоон орны удирдагчид Италид уулзахдаа ОХУ-ын царцаасан хөрөнгийг ашиглан Украинд 50 тэрбум ам.долларын зээл гаргаж өгөх тохиролцоонд хүрсэн байгаа.
Германы сангийн сайд Кристиан Линднер энэхүү зээл Германы Киевт үзүүлж байсан цэргийн тусламжийг орлоно гэсэн байна.
Харин шүүмжлэгчид тэрхүү 50 тэрбум ам.доллар зээл гэдгийг онцолж, Украины зөвхөн нэг жилийн хэрэгцээг л хангана гэжээ. Одоогийн байдлаар Их долоо 300 тэрбум ам.долларын хөрөнгийг хэрхэхээ шийдээгүй байгаа юм.
Мөн Герман ОХУ-ын хөрөнгийг хураан авахад хамгийн дурамжхан байгаа Их долоогийн гишүүн.
Бельгийн Хатан хааны цэргийн академийн батлан хамгаалахын судлаач Ален де Неве ОХУ-ын царцаасан хөрөнгийг “Оросын эсрэг тэмцэж буй украинчуудыг үргэлжлүүлэн дэмжих тогтвортой эх үүсвэр болж чадахгүй” гэжээ.
Тэрбээр “300 тэрбум ам.долларыг хэд хэдэн гишүүн оронд хуваарилах ёстой гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Бид одоогоор аль улсуудад ямар хөрөнгө хуваарилагдахыг магадгүй байгаа. Бас царцаасан хөрөнгийг ашиглах тохиролцоонд хүрэх эсэхийг ч мэдэхгүй байгаа шүү дээ” хэмээсэн байна.
Украинд үзүүлэх тусламжийг багасгана гэх мэдээ шүүмжлэл дагуулсны дараа Германы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Вольфганг Бюхнер “Канцлер Украинд үзүүлэх дэмжлэгээ шаардлагатай хугацаагаар үргэлжлүүлнэ гэсэн үгээ биелүүлнэ. Ийм учраас хэн ч, ялангуяа ОХУ-ын ерөнхийлөгч биднийг зогсоно гэж бодоод хэрэггүй” гэжээ.
Германы засгийн газар Украиныг үргэлжлүүлэн дэмжинэ гэсэн ч хоёр дахь хамгийн том дэмжигч улс нь тусламжийн хэмжээгээ багасгахын нөлөө өчүүхэн төдий биш байх болно гэдгийг де Неве онцолсон юм.
Эх сурвалж: Euro News, DW, Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Герман дэлхийн 2ч дайнд Орост ялагдсанаа мартаж чадахгүй хонзогнодог
гарчигийг уншаад ойлгосонгүй. ккккк юу ч хэлэх гээд байгаан. Монгол хэлээ сайн мэдэхгүй нөхдүүд гадаад мэдээ орчуулах аядах юм даа.
Зориуд Оросын явуулагаар ийм худлаа мэдээлэл тараа ж байгаа юм шүү ! ЕХ-ны орнууд ялангуяа Герман Укра йнд өгөх тусламжаа нэмэгдүүлнээ гэж Олаф Шольц мэ дэгдээд байгаа, Оросын бууны ноход л ийм цуу тараах санаатай юм бна, үүнд нь хэн ч итгэхгүй.
Фашист-чекист Путиныг даврааж болохгүйг Европ бүхэлдээ сайтар ойлгож байгаа !