БНСУ-ын ерөнхийлөгч: Хойд Солонгос Өмнөд рүү довтолбол дэглэм нь дуусна
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёл Хойд Солонгос БНСУ-руу халдах оролдлого хийвэл дэглэм нь дуусна гэж анхааруулсан байна.
Тэрбээр Сөүлийн өмнөд хэсэгт орших Ёнгин дахь цэргийн командлалын штабт зочлохдоо ингэж хэлсэн юм.
Даваа гарагаас /2024.08.19/ тус газар АНУ, БНСУ-ын хамтарсан “Ulchi Freedom Shield” нэртэй цэргийн сургуулилт эхэлсэн байна. Тэрхүү сургуулилт 11 хоногийн турш үргэлжилнэ.
Юн Сок Ёл “БНАСАУ-ын дэглэм бол ямар ч үед өдөөн хатгалга хийж чадах дэлхий дээрх хамгийн бодлогогүй бүлэг. Гагцгүй манай армийн бат бэх бэлэн байдал л тэднийг буруу алхам хийхээс сэргийлж чадна” гэжээ.
Тэрбээр цэргийн хамтарсан сургуулилт нь зэвсэгт хүчний бэлэн байдлыг үнэлэх, Хойд Солонгосын армийн аюул заналхийллийн эсрэг холбоотон орнуудын хамтарсан хамгаалалтыг сайжруулахад чухал гэдгийг онцолсон байна.
Юн Сок Ёл “Хүчээр нэгтгэх хүсэл мөрөөдөл тээсэн БНАСАУ-д аливаа түрэмгийлэл нь дэглэмийг нь дуусахад хүргэнэ гэдгийг бид ойлгуулах ёстой” гэжээ.
Мөн тэрбээр БНСУ-ын бараг тал гаруй хувь нь амьдардаг Сөүл хот нь БНАСАУ-аас цохилт өгөх зайд байрладаг тул их буу, пуужин эсэргүүцэх чадавхаа нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээсэн байна.
Эх сурвалж: Yonhap
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.