“The Beatles”-ийн дууг коверлож дуулдаг, дуучин Б.Энх-Учралын авъяаслаг охид
“Салхи” хамтлагийн дуучин Б.Энх-Учралын авъяаслаг охидыг танилцуулж байна.
Эгч дүүс Э.Нандин, Э.Танхил, Э.Нинжин. Тэд дуулах, хөгжим тоглох, зураг зурах, жүжиглэх зэрэг олон авъяастай. Энэ жилээс тэд "The Beatles" хамтлагийн бүтээлээс коверлон гаргаж эхэлсэн.
Э.Танхил таэквондагаар хичээллэдэг бөгөөд шар бүстэй. Бас драмын дугуйланд явдаг. Э.Нандин боксоор хичээллэж байгаад завсарласан. Сургуулиа төгсөөд үргэлжлүүлэх зорилготой. Бяцхан Э.Нинжин балет бүжиглэнэ.
Том эгч Э.Нандин энэ зун “The Beatles” хамтлагийн “While my guitar gently weeps”, “In my life” дуунуудыг ковер гаргасан бол Э.Танхил, Э.Нинжин нарын бүтээл тун удахгүй гарна гэв.
-Манай уншигчдад өөрсдийгөө танилцуулаач?
- Намайг Энх-Учралын Нандин гэдэг. Green сургуулийн 12А анги.
- Намайг Энх-Учралын Танхил гэдэг. Би Улаанбаатар их сургуулийн 5Б ангийн сурагч байна.
- Би Энх-Учралын Нинжин байна. “Оюунлаг” сургуулийн 2В ангид сурдаг.
-Та нар дуулдаг, хөгжим тоглодог, зураг зурдаг авъяастай охид. Энэ талаасаа дэлгэрэнгүй танилцуулж болох уу?
Э.Нандин: Би чөлөөт цагаараа зураг зурах, хөгжим тоглох, дуу сонсох хамгийн дуртай. Гитарыг есдүгээр ангийн зунаас, төгөлдөр хуурыг өмнө жилээс эхлээд сурч байгаа.
Э.Танхил: Би ч бас зураг зурах, дуу дуулах, хөгжим тоглох дуртай. Хөгжим тоглож сурч байгаа болохоор давтах дуртай.
Э.Нинжин: Би зураг зурах дуртай, хөгжим тоглох, дуу дуулах дуртай. Үкүлэлэ хөгжим сурч байгаа. Queen, The Beatles сонсох дуртай.
Хөгжилтэй, ялдам хөөрхөн охид дуулав.
Эгч Э.Нандин нь гитар тоглож, Э.Танхил & Н.Нинжин хоёр “Pitch Perfect” киноны The Finals-The Belles дуулав. Дараа нь бид охидын хамгийн, хамгийн үзүүлэлтийг асуухад эгч Э.Нандингаа хамгийн хөөрхөн, хамгийн ухаантай нь гэж тодотгов. Харин Э.Танхилыг эгч нь хамгийн хурдан гүйдэг, учир нь тэр сургууль дээрээ болсон спортын тэмцээний гүйлтийн төрөлд ороод III байрт орсон гэхэд Э.Танхил “сүүлээсээ 3” гэв. Бяцхан Э.Нинжин хэн нэгнийг дуурайж ярихдаа гаргууд аж. Тэд хөгжилтэй, алиа хошин мэдрэмжтэй эгч дүүс байв.
-Э.Нинжин бидэнд хэн нэгнийг дуурайж үзүүлээч?
-Э.Нинжин: “4Б Танхил, 4Б Танхил” /бага эгчийнх нь сургуулийн ажилтан хүүхдүүдийг узелээр хэрхэн дууддагийн охин дуурайв/ Би дандаа инээдтэй зүйл дуурайдаг. Манай нэг гадаад багш “Where is Oodya, Oodya” гэдэг. Манай ангийн Адъяагийн нэрийг багш монгол хэл сайн мэдэхгүй болохоороо ингэж дууддаг юм.
-Охид хоорондоо мөрөөдлөө ярьдаг байх. Хуваалцаач...?
-Э.Танхил: Би зөндөө олон өрөөтэй гоё том хауст амьдарна. 3 юмуу 2 хүүхэдтэй болно. Алдартай од болчхоод чамайг урина. Миний хуримд ирэхдээ цав цагаан цэцэг авч ирээрэй гээд ярьдаг даа.
Э.Нандин: Би мөрөөдлөө нэг их ярьдаггүй юм шиг байна. Бид гурав оны зорилго гээд гаргадаг. Сая зуны зорилгоо чеклэсэн чинь бас гайгүй ээ. Миний ковер гарчихсан, хоёр дүүгийнх бичлэгээ хийсэн, одоо зураг авалт дутуу байгаа.
Э.Нинжин: Би мөрөөдлөө их ярьдаг. Тогооч болно гэж мөрөөддөг.
-Том болоод урлагийн чиглэлээр мэргэжилтэй болох уу. Аав, ээж нь зөвлөж чиглүүлдэг үү?
-Н.Танхил: Манай аав, ээж хоёр бид гурвыг үргэлж дэмждэг. Чи ингэ, тэг гэж хэлдэггүй. Чи юу хүснэ, тэрийгээ л хийгээрэй гэдэг. Би тэгээд Billie Eilish шиг алдартай дуучин бол Grammy-д орно. Грэмми хүртсэн анхны монгол бүсгүй гээд нэрээ дуудуулах болов уу. /инээв/
Э.Нандин: Одоо 12 дугаар анги болохоор бодсоор л байна. Математик, физикийн хичээлдээ илүү дуртай. Тэрэндээ суурилах уу, эсвэл хөгжим үү бас зэрэг аваад явах уу гээд бодоод л байна.
Охид аав, ээж маань хоёулаа гоё дуулдаг болохоор бид гурав дуулах дуртай болсон байхаа гээд охид “Салхи” хамтлагийн “Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө” дуунаас дуулав. Эгч Э.Нандин "Манай хоёр дүү англи хэл арай үзэж эхлээгүй байгаа. Тиймээс англиар дуулуулахын тулд үг болгоноор нь зааж өгдөг. Бүх үгийг нь цээжлүүлээд дуулуулахаар их цаг орно. Гэхдээ энэ хоёрыгоо дуулахыг харахаар заагаад байх ёстой юм байна даа гэж боддог" гэж ярилаа.
Эгч нь боардинг сургуульд сурдаг тул дүү нараасаа тав хоног хол байна. Тэр өдрүүдэд хоёр дүү нь Э.Нандинг маш их санаж, гитарыг нь харах бүр эгчийгээ улам ихээр үгүйлдэг гээд нулимс нь унагахад өхөөрдөм, энхрий ялдам дүү нараа эгч нь тэвэрч, тайтгаруулав.
Амьд хөгжимд дуртай, адтай охидын youtube хаягийг ЭНД дарж дагаарай. Мөн https://www.facebook.com/profile.php?id=61558019972885 цахим хуудаст зочлоорой.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.