Top StoriesНийгэм ярилцлага

Ц.Баттулгын эгч Ц.Батчимэг: Зөндөө мөнгөтэй болоод дүүгээ Солонгост эмчлүүлнэ гэж мөрөөддөг байлаа

“Парис-2024” 17 дахь удаагийн паралимпын наадамд Монгол Улсын шигшээ баг амжилттай оролцож, эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн (F40) төрөлд ОУХМ Ц.Баттулга мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр тав дахь шидэлтээрээ 11.09 метр хол шидсэнээр болзол хангаж паралимпын наадмын хөнгөн атлетикийн төрөлд медаль хүртсэн Монголын анхны тамирчин болов. Ц.Баттулга 2023 онд болсон “Ханжоу-2022" Азийн наадмаас хүрэл медаль, Бээжингийн гранпри болон бүх Оросын наадмаас алтан медальтай тамирчин бөгөөд Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн шүдний их эмчээр ажилладаг.

“Бага насанд хүүхдүүд дээрэлхэж, гадуурхдаг байсан ч тэр бүхнийг даваад өнөөдрийн Ц.Баттулгыг бүтээж чадсандаа баяртай байна. Миний ойрын зорилго бол олимпоос медаль авах. Би олимпод оролцоход бэлэн” хэмээн Парисыг зорихынхоо өмнөх ярилцлагадаа тэр дурджээ. Түүний Парист өмсөж гангарсан бөхийн малгай аавынх нь бөгөөд Булган аймгийн Сайхан сумын уугуул, аймгийн хурц арслан Цэгмэд агсны хүү.

"Тэнгэрт байгаа аавдаа олимп үзүүллээ" хэмээн хэлж Монгол түмний сэтгэлийг хөдөлгөсөн Ц.Баттулгын төрсөн эгч Цэгмидийн Батчимэгтэй ярилцлаа.

-Танай гэр бүлд баяр хүргэе. Дүү тань сайхан амжилт үзүүлж, монгол түмнийхээ бахархал боллоо. Дүүгийнхээ аварга болсон баярт мөчийн талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Баярлалаа. Өмнө нь оролцож амжилт гаргаж байсан тэмцээнүүдийг нь шууд үзэж байгаагүй. Хэрхэн оролцсоноо хэлэхийг нь хүлээдэг байлаа. Энэ удаа нүдээрээ үзлээ. Гэхдээ бас хэцүү байдаг юм байна. Догдлолтой, айдастай, зурагтныхаа урд нэг суугаад, нэг холдоод л. Дүү эндээс явахдаа “Би чадна, амжилттай оролцоно” гээд их итгэлтэй байсан.

-Тамирчин маань аав, ээжээсээ хэдүүлээ вэ. Та дүүгийнхээ спортын замналыг ярьж өгөөч?

-Бид эцэг, эхээс тавуулаа. Хоёр ах, хоёр эгчтэй бидний хамгийн бага дүү. Би дээд талынх нь эгч ч бид хоёр 10 насны зөрүүтэй. Манай дүү чинь спортын хоёр төрлөөр мастерийн болзол хангасан хүн. Олимпоос медаль хүртсэн бөөрөнцөг шидэлтийн төрлөөр сүүлийн хоёр жил хичээллэж байгаа. Багаасаа спортод дуртай хүүхэд байсан. Хүндийн өргөлт, ширээний теннисийн сайн тамирчин. Сүүлийн 2, 3 жилд энэ төрөлд их дурлаж яваа. Пауэрлифтингээр нэлээд амжилт гаргасан.

-Аав тань бөх хүн байсныг Ц.Баттулга Парист малгайг нь гаргаж өмсөхөд мэдсэн. Аав, ээжийнхээ талаар цухасхан мэдээлэл өгч болох уу?

-Манай аав Цэгмид аймгийн хурц арслан цолтой хүн байсан. Аав, ээж хоёулаа малын эмч мэргэжилтэй. Ээж насаараа мэргэжлээрээ ажилласан, харин аав спортын хүн болохоор багахан хугацаанд малын эмч хийсэн. Бидний аав нэлээд удаан өвдөж байгаад өөд болсон. Ээж маань Булган аймагт дүүтэй хамт амьдардаг.

-Ц.Баттулга эмч мэргэжилтэй гэдгийг ч бас амжилттай нь зэрэгцэн л мэдлээ?

-Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт шүдний эмчээр 2017 оноос хойш ажиллаж байгаа. Дүү маань анагаахын чиглэлээр 9 жил сурсан. Эхлээд Сувилахуйн сургуульд гурван жил сурсан дараа нь анагаахад орсон. Их завгүй амьдардаг хүн дээ. Ажлаа тараад фитнессдээ явна, хажуугаар нь спортын төрлүүдээр хичээллэнэ. Ар гэрийнх нь  ажлыг аль болох зохицуулж өгөхийг хичээдэг. Ээжтэйгээ хоёулаа амьдардаг.

-Хамгийн сайн дэмжигч нь та байх нь?

-Бид нар дүүгээ аль болох дэмжиж, туслахыг хичээдэг. Жирийн бид нартай адилхан биш болохоор сэтгэл санааг нь өндөр байлгах, уур уцааргүй тайван байлгах гээд байнга анхаарна.

-Багаасаа ялгаварлалтад өртөж байсан тухайгаа ярьсан байсан. Та 10 насны зөрүүтэй болохоор дүүгээ их өмөөрдөг байв уу?

-Миний дүү төрөлхийн одой хүн. Би цэцэрлэг, сургуульд нь өөрөө л зөөдөг байсан. Тухайн үед хүүхдүүд эргэж хараад шивнэлдээд заагаад байхаар сэтгэлзүйд их хэцүү байдаг байлаа. Монголчууд чинь дотогшоо, илэн далангүй биш хүмүүс шүү дээ. Би тэр үед дотроо эмзэглээд дүүгээ яаж бусдаас хамгаалах вэ л гэж шанална. Тэгээд зөндөө мөнгөтэй болоод Солонгос улс руу дүүгээ эмчилгээнд явуулаад өөр шигээ жирийн болгох юмсан гэж мөрөөддөг байлаа. Тэр үед жаахан хүүхэд учраас Солонгос гэдэг улс л бүхнийг чадна гэж төсөөлдөг байж л дээ. Гэхдээ яг ийм төрлийн эмгэг бол засах боломжгүй гэдгийг бид сүүлд ойлгосон. Өөрөө ч сүүлдээ уйгагүй судалсан байхаа.

-Их дайчин залуу бололтой?

-Дайчин, зорилготой, тэрэндээ бүр яг хүрдэг. Би тэдэн кг хасна гэсэн л бол хэдхэн хоногт зорьсон жиндээ хүрчихнэ. Богинохон хугацаанд маш их хөдөлмөрлөж зорьсондоо хүрсэн дүүгээрээ бахархаж, баярлаж байна. Цаашдаа насан туршдаа дүүгийнхээ ар талд асаалттай танк шиг эгч нь байх болно гэдгийг энэ завшаанд хэлье. Хамгийн их баярласан хүн бол ээж минь. Ээжийгээ баярлуулж, аавынхаа нэрийг алдаршуулсан сайхан дүүдээ талархаж байна.

Бид нар дүүгээ бусдаас намхан төрсөндөө гутарч шаналдаг болов уу гэж байнга сэтгэл эмзэглэдэг болохоор амжилтад хүрсэнд нь маш их баярлацгаасан. Бид хоёр чинь бусдаасаа арай ойр дотно. Шийдэмгий, шударга, хэлье гэснээ шууд л хэлчихдэг.

-Нийгмийн сүлжээнд паралимпийн тамирчдад ялгамжтай хандаж байна гэсэн хандлага хүчтэй байна. Та энэ тухайд ямар байр суурьтай байна вэ?

-Тамирчны хөдөлмөр зүтгэл гэдэг бол пара гэлтгүй бүгд адилхан. Маш их тэсвэр тэвчээр, цаг хугацаа, бас шийдвэрүүд гаргаж явдаг салбар шүү дээ. Тэгэхээр адилхан л хандах нь зүйтэй болов уу.

-Дүү тань энэ олимпод хэрхэн бэлтгэв?

-Сүүлийн нэг жил гаруй ажлаа хийгээгүй. Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн хамт олон чөлөө олгоод, ажлын байрыг нь хадгалж маш их дэмжлэг туслалцаа үзүүлсэн. Манай аймгийн удирдлагууд, Булган нутгийн зон олон бүгд дэмжсэний хүчинд миний дүү өнөөдрийн амжилтыг үзүүлсэн. Ямар ч байсан олимпод явж медаль авна, би чадна гэж сүүлийн хэдэн жил тасралтгүй хөдөлмөрлөсөн дөө.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-03 14:32

Бурхан чамайг өршөөж, өргөж бнаа, хүү минь !
Өөр шигээ олон олон хүний урам зоригийг сэргээлээ,
урт наслаарай гэж ерөөе !

Анд
Анд
2024-09-03 22:11

Манай Анагаахын төгсөгч, тамирчин, Олимпийн аваргын мөнгө мед�##�ьт з�##�уудаа том баяр хүргэе. Тэсвэр хатуужил, хичээл зүтгэлийн тод жишээ болсон Ц.Баттулгаар бахархаж байна. Гайх�##�тай шүү.

Зочид
Зочид
2024-09-03 23:49

Манайх гэр бүлээрээ үзэж байсан болохоор 10.30 дараа нь 10.48 гэтэл дараа нь 11.09 метр гэхэд бүгд баярлацгааж бөөн баяр болсон. Тамирчин хүний тэсвэр, хатуужил, хичээл зүтгэл, хөдөлмөрч зан чанар нь гайхамшигтай байсан учраас олон тамирчдын дундаас мөнгөн мед�##�ь авсанд Ц.Баттулгадаа т�##�архаж байна. Улаанбаатар хот.

Зочин
Зочин
2024-09-04 01:00

пар�##�импын Naadamaas medal absan tamirchaddaa mongo zugluulaj ogii ard tvmen mini Ali neg baiguulag dans neebel mongo hiin shvv

Зочин
Зочин
2024-09-06 05:40

udam saitai, uhaalag saihan seheeten ailiin huuhed yum bna. elgeeree enkh tivshin, urt nasalj, udaan jargaarai

Холбоотой мэдээ

Back to top button