Япон ажлын дөрвөн өдөртэй болохыг хүсэж байна
Япончууд урт цагаар, шаргуу хөдөлмөрлөдөг гэдгээрээ дэлхийд алдартай. Энэ шаргуу ажилладаг соёл нь ажилчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болж бүүр хэт их ажилласны улмаас нас барсан тохиолдол хүртэл олон удаа гарч байсан.
Ийм учраас тус улсын засгийн газар анх 2021 онд ажлын долоо хоногийг богиносгохыг дэмжиж буйгаа мэдэгдсэн юм. Тухайн үед хууль тогтоогчид ч гэсэн үүнийг дэмжсэн байр суурь илэрхийлжээ.
Гэвч ажлын хоногийг цагийг богиносгох ажлын хэрэгжилт удаан явагдаж байна. Одоогийн байдлаар Япон компаниудын 8 хувь нь л ажилчдаа долоо хоногт гурав ба түүнээс дээш өдөр чөлөө авахыг зөвшөөрдөг.
Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам мэдэгдсэнээр компаниудын 7 хувь л ажилчдадаа хуулиар зааж өгсөн нэг өдрийн амралтыг олгодог байна.
Ийм учир амрах чөлөө авдаг хүмүүсийн тоог жижиг, дунд бизнесүүдийн дотор нэмэх зорилгоор Японы засгийн газар “ажлын хэв маягийн шинэчлэл” нэртэй кампанит ажлыг эхлүүлжээ.
Энэ кампанит ажил нь ажлын цагийг багасгах, илүү цагаар ажиллахыг илүү уян хатан нөхцөлтэй болгох, жилийн амралт авахыг сурталчилдаг байна. Мөн Японы хөдөлмөрийн яам саяхнаас энэ тал дээр үнэ төлгүй зөвлөгөө өгч эхэлсэн юм.
“Ажилчид өөрсдийн нөхцөл байдалд тулгуурлан олон төрлийн ажиллах хэв мянгаас сонгох боломжтой нийгмийг бий болгосноор бид ажилтан бүр ирээдүйгээ илүү гэгээлгээр харах боломж олгохыг зорьж байна” гэж тэрхүү кампанит ажлын сайт дээр бичжээ.
Ажил амьдралын тэнцвэрийг сайжруулах тал дээр засгийн газраас зөвлөгөө авах гэж гуравхан л компани хүсэлт өгсөн байна. Тэрхүү компанийн нэг нь “Panasonic” юм.
Гэвч тус компанид “ажлын хэв маягийн шинэчлэл” хөдөлгөөнийг хариуцан ажиллаж буй Юохэй Мори хэлэхдээ дөрвөн хоног ажиллах боломжтой 63 мянган ажилтны 150 нь л үүнийг ашиглаж байгаа гэжээ.
Хэрэгжилт муу байгаа ч засгийн газар нь ажил амьдралын тэнцвэрийг сайжруулахыг дэмжиж байна гэдэг нь эхлэл юм.
Эх сурвалж: Asahi Shimbun
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.