"Багш хөтөлбөрийн хүрээнд үнэгүй сургана гэчхээд, одоо төлбөр нэхэж, хичээлд суулгахгүй гэсэн"
Багш мэргэжлээр их дээд сургууль төгссөний дараа заавал орон нутагт 3-5 жил ажиллах гэрээ байгуулан, төлбөргүй суралцах тэтгэлэг өнгөрсөн хавраас зарлагджээ.
Тухайн мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд болон шинээр элсэн орогчдод тэтгэлэг олгохоор журамласан аж. Гэтэл энэхүү журам хэрэгжихгүй байгаа талаар МУБИС-ийн оюутнууд үзэл бодлоо хуваалцан бидэнд хандсан юм.
Энэхүү шийдвэр өнгөрсөн хавраас хэрэгжиж, оюутнуудаас тэтгэлгийн материал хүлээн авсан аж. Өнгөрсөн хавар материал авах үедээ МУБИС-ийн сургалтын албанаас "Амрах дөхсөн учир, та нар ирэх намар материалаа бүрдүүлж өгч болно. Материалаа өгч, гэрээгээ хийгээд үнэгүй сурна" гэжээ. Ийнхүү оюутнууд материалаа өгсөн хэдий ч хөдөө орон нутагт ажиллах, гэрээгээ ирэх намар хийхээр төлөвлөн амарчээ. Гэтэл энэ хичээлийн жил сургалтын албанаас нь давчуу хугацаанд төлбөрөө төлөхийг шаардаж, "Тэтгэлгийн санхүүжилт орж ирээгүй учраас төлбөрөө бүтэн төлөөд сур" гэх шахалтыг үзүүлж эхэлжээ.
Та бүхэнд тухайн журмын талаар дэлгэрэнгүй танилцуулбал.
Энэ оны эхээр Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу багш мэргэжлээр суралцаж буй оюутнууд 2024-2025 оны хичээлийн жилээс эхлэн МУБИС-д үнэгүй суралцаж эхлэх юм. Мөн энэ нь зөвхөн МУБИС-аар хязгаарлагдахгүйгээр багш бэлтгэдэг төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аль ч их, дээд сургуульд хамаарах юм.
Тухайн тэтгэлэгт хамрагдахын тулд оюутнууд,
- Харгалзаж үзэж буй хичээлүүддээ 480-аас дээш оноотой шинэ оюутан 100 хувь тэтгэлэгтэй.
- 2-4 дүгээр курсийн оюутнуудын өмнөх улирлын голч нь 2.7-гоос дээш голчтой байх шаардлагатай юм.
Ийнхүү бидэнд санал гомдлоо ирүүлсэн оюутны төлөөлөлтэй уулзлаа.
-Төлбөр цуцлагдсан гээд "Төлбөрөө төл, эсвэл хичээл сонголтыг чинь хаана" гэсэн-
Оюутан 1 /нэр болон царайгаа нууцлахыг хүссэн/
-Багш хөтөлбөрт хэзээ бүртгүүлсэн бэ?
-"Багш хөтөлбөр" бид нарын хэллэгээр бол 2.7 тэтгэлэг гэж сургууль зарласан. Энэ тэтгэлэг нь бол орон нутагт гурван жил, хотод дор хаяж таван жил ажиллах нөхцөлтэйгөөр сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг олгоно оо гэж байгаа юм. Энэ талаар өнгөрсөн хавар сургуулиас зарлаад хүүхдүүд өргөдлөө өгөөд, намар бас өргөдөл өгч болно гэж тэр үедээ зарласан юм. Тэгээд хүүхдүүд хавар өгсөн. Хавар өгч амжаагүй семистр амрахтай таарсан болохоор зарим нь материалаа бүрэн гүйцэд бүрдүүлж өгч амжаагүй гэрээгээ хийж амжилгүйгээр яваад өгчихсөн. Тэгээд намар ирээд тухайн тэтгэлэгт хамрагдах гээд ихэнх хүүхдүүд өргөдлөө өгсөн.
-Одоо ямар асуудал тулгараад байгаа вэ?
-Хавар өргөдлөө өгсөн хүүхдүүд багш мэргэжлийн тэтгэлэг буюу 2.7 тэтгэлэгт хамрагдсан. Намар тэтгэлэгт хамрагдах гээд өргөдөл өгсөн хүүхдүүдэд сургалтын албанаас "Хичээл сонголт хийхэд болно, төлбөрийг нь 100 хувь төрөөс дааж байгаа. Тийм учраас хичээл сонголт хийхэд асуудал байхгүй, төлбөрөө төлөх шаардлагагүй" гээд бид нар хичээл сонголтоо хийсэн. Бүрдүүлэх ёстой материал, өргөдөл бүх юмаа хөтөлбөрийн албандаа өгчихсөн байсан. Ингээд өөрсдөө бол 2.7 тэтгэлэгт хамрагдчихлаа гээд бодоод явж байтал хичээлийн эхний долоо хоногийн тав дах өдөр бид нарт мэдэгдэл ирсэн.
Тэр мэдэгдэл нь "Өнгөрсөн хавар өргөдөл өгсөн хүүхдүүдийн материалыг хүлээгээд авчихсан. Тэр хүүхдүүд тэтгэлгээрээ суралцана. Харин намар өгсөн хүүхдүүд энэ тэтгэлэгт оролцох боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл та нар энэ тэтгэлэгт хамрагдах боломжгүй. Энэ семистрийнхээ төлбөрийг нэгдэхээс өмнө төлж барагдуул" гэдэг мэдээллийг өгсөн. Энэ нь бол бид нар өмнө нь өргөдлөө өгчихсөн болчихлоо гээд шийдчихсэн байсан. Төлбөр төлөхгүй хичээл сонголт ч нээгдчихсэн байсан учраас төлбөр мөнгөний асуудал дараа нь бид нар дээр ийм зүйл гарч ирнэ гэж бодоогүй. Ямар ч төлөвлөгөөгүй. Санхүү мөнгөний хувьд ч гэсэн бид нар хэрвээ төлбөрөө төлдгөөрөө байсан бол бэлдэнэ. Тэтгэлгээ суралцана гэж бодсон учраас ямар нэгэн төлбөр мөнгөний асуудал дээр хүндрэлтэй болоод ирсэн. Тэгээд хугацаа нь ч гэсэн маш давчуу байсан. Тав дах өдөр ийм мэдэгдэл гаргаад нэгдэхээс өмнө төлбөрөө төл гэхээр бид нарт өөрөөр хэлбэл хоёрхон хоногийн хугацаа өгч байгаа гэсэн үг.
-Жилийн чөлөө авъя гэхээр ээж аавынхаа өмнө буруутай юм шиг санагддаг-
Оюутан 2 /нэр болон царайгаа нууцлахыг хүссэн/
-Төлбөрөө төлөөгүй тохиолдол хичээл сонголт хийхгүй гэсэн үг үү?
-Тийм. Тэгж хэлсэн. Хөтөлбөрийн албанаас эхлээд мэдээлэл хийсэн. "Нэгдэх өдрөөс өмнө хичээл сонголтоо хий, төлбөрөө төл үгүй бол дадлагатай хүүхдүүдийг дадлагат нь гаргахгүй, дадлагагүй хичээлээ үзээд явж байгаа хүүхдүүдийн хичээл сонголтыг нь хаана" гэдэг зүйлийг ярьсан.
-Одоо ямар мэдээлэл сургуулиасаа авахыг хүсэж байгаа вэ?
-Сургуулиас хүсэж байгаа зүйл гэвэл нэгдүгээрт яагаад энэ хөтөлбөрийг, тэтгэлэг цуцлагдах болсныг бас тайлбар мэдээлэл хүүхдүүдэд өгөх хэрэгтэй байх. Өчнөөн олон хүүхэд энэ тэтгэлгээр суралцана гээд бодчихсон байхад нь энэ нь ямар нэгэн байдлаар цуцлагдчихсан. Энэ юунаас болж ингэж цуцлагдсан юм, үнэхээр ингэж цуцлагдах энэ тэтгэлэг гэж явагдах боломжгүй байсан бол энийг аль эртнээс бид нарт мэдээллийг нь хүргэж болоогүй юм уу гэдэг асуудал.
Хоёрдугаарт нэгэнт ингээд аль аль талдаа хариуцлагагүй байгаад энэ асуудлаас болоод оюутнууд хохирлоо. Үүнийг нь мэдсээр байж сургууль шууд хоёр гурав хоногийн хугацаа өгөөд төлбөрөө бүтэн төл гэх ёс зүйн хувьд нийцэхгүй байна. Тэгэхээр нэгэнт ийм асуудал үүсчихсэн аль аль талдаа хариуцлагагүй хандаад оюутнууд хохирчихлоо. Тэгэхээр оюутнууд хохирчихсон байгаа байдлыг нь илүү төлбөрөө шууд төл гэхгүйгээр илүү уян хатнаар шийдэх ч юмуу, төлбөрөө хойшлуулах, төлбөрийг хувааж төлөх асуудал ч юмуу энэ зэргийг шийдэж өгөөсэй гэж хүсэж байгаа юм.
-Чиний хувьд хэзээ материалаа бүрдүүлж өгсөн бэ?
-Сургуулийн хөтөлбөрийн албанаас өнгөрсөн хавар семистрийн төгсгөлд 2.7-оос дээш голчтой хүүхдүүдэд багш мэргэжлийн тэтгэлэг байна, энийг боловсролын зээлийн сангаас хөдөө орон нутагт гурван жил, улаанбаатар хотод таван жил улсын багш хомсдолтой сургуульд багшлахаар гэрээ хийнэ. Гэрээгээ хийж амжаагүй бол намар семистрийнхээ эхэнд гэрээгээ хийгээд тэтгэлэгтээ хамрагдаж болно гэсэн.
Үүний дагуу семистрийн эхэнд хичээл сонголт наймдугаар сарын 22-нд эхэлсэн. Хөтөлбөрийн албанаас тэтгэлгийнхээ талаар дахин тодруулсан юм.
Тэгэхэд, "Оюутны веб дээр 2.7 голчийн цэс орчихсон байгаа, оюутны вэбээр хүсэлтээ явуулчих, тэгэх юм бол тэр тэтгэлэгтээ та нар хамрагдчихна. Тийм болохоор ямар ч асуудалгүй ээ" гэхээр нь оюутны веб дээрх тэтгэлэгт хамрагдах цэс рүү нь ороод тэр хүсэлтийг нь явуулаад, хичээл сонголт маань нээгдчихсэн. Тэгээд хичээлт сонголтоо хийгээд одоо ямар ч төлбөргүй болчихлоо гээд өөрийнхөө гэрийн санхүүг зохицуулаад төлбөрөө хурдан хугацаанд буцааж төлөх боломжгүй болчихсон байгаа. Төлбөр нэхэх үед нь би хөтөлбөрийн алба руу орж уулзаад, төлбөрөө 14 хоногийн дараа эсвэл сарын дараа төлж болох уу гээд асуусан. Тэгсэн "Ямар ч боломжгүй ээ. Боловсролын зээлийн сан цаанаас нь та нараар төлүүл гэсэн. Тийм болохоор та нар нэгдэх өдөр гэхэд төлөх ёстой, төлж чадахгүй бол хичээл сонголтыг чинь хаагаад, хичээлдээ суух ямар ч боломжгүй болж байгаа шүү" гэж хэлж байсан.
Үүн дээр маш олон асуудлууд гарч ирж байсан. Яагаад гэхээр манай сургууль ихэвчлэн хөдөө орон нутгийн оюутнууд суралцдаг. Дотуур байрны хүрэлцээ муутай байдаг болохоор оюутнуудынх нь 10 гаруй хувь нь дотуур байранд хамрагдаад бусад нь найзуудтайгаа байр түрээслэх ч юмуу, аль эсвэл хамаатаан садныхаараа байх хэрэг гардаг. Төлбөрөө төлж чадахаа болиод, жилийн чөлөө юмуу семистрийн чөлөө авах гэхээр хөдөө гэрээсээ бид нар маш их зардал гаргаад ирсэн байдаг. Энийгээ тийм их мөнгө зарлагадаж ирчихээд хичээлдээ суухгүй байна гэдэг бид нарын хувьд маш том алдаа. Уг нь сургууль, оюутан хоёр сайн олголцож байх хэрэгтэй юм сан.
Ийнхүү бид МУБИС-д очиж, тухайн асуудлын талаар тодруулахаар "Нийгэм хүмүүнэлгийн сургалтын алба"-ны ажилтантай уулзлаа.
Тэрбээр, "Өнгөрсөн хавар материал авсан нь үнэн. Гэхдээ энэ жил санхүүжилт орж ирээгүй учир, оюутнуудаа төлбөрөө төлөөд суралцахыг хэлсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай албаны дарга Г.Агиймаагаас тодруулна уу" гэлээ. Ийнхүү бид Г.Агиймаатай уулзахад, "Энэ талаар мэдээлэл өгөх хүн нь би биш. н.Соронзон даргатай уулз" гэсэн юм. Мөн бид н.Соронзон даргатай уулзахад, "Өдөр болгон хэвлэлийнхэн надаас яриа авч байна. Би өдөрт ийм л ажил хийдэг боллоо. Чиний ярьж байгаа асуудал бол манайхаас асуух биш, Боловсролын зээлийн сан"-гаас асуух асуудал юм. Хэзээ санхүүжилт нь орох вэ, тэр хугацаанд бид тэтгэлгийг материалаа хүлээн авна" гэлээ.
МУБИС-иас тодорхой мэдээлэл авч чадаагүй учир, БЗС-гийн ажлын албаны дарга О.Сийлэгмаатай хэдэн хором ярилцлаа.
-Манай байгууллагаас, санхүүжилт хэвийн олгогдож байгаа-
-Өнөөдрийн байдлаар уг тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй хичнээн оюутан байгаа вэ?
-Одоогоор хэдэн хүүхэд хүсэлт гаргасан гээд тоо мэдээ нь гарах боломжгүй байдаг юм. Яагаад гэвэл процессын хувьд оюутнууд сургуульд хүсэлтээ гаргана. Сургууль оюутнуудынхаа хүсэлтийг, материалыг үндэслээд эхний ээлжинд сургууль дээрээ сонгон шалгаруулалт хийнэ. Сонгон шалгаруулалтын дараа манайхтай шалгуур хангасан буюу, материалын бүрдэл хяналт хийгдэж байж хүсэлт хангана. Тэгэхээр одоогийн байдлаар бол сургуулиуд материалаа авч байгаа, дотооддоо.
-"Багш хөтөлбөр"-т хамрагдсан оюутнуудад тэтгэлэг нь олгогдсон болов уу?
-Багш хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа тогтоол нь энэ оны гуравдугаар сард батлагдсан 103 дугаар тогтоол. Саяны хэлсэнчлэн тогтоол гаргаснаас хойш хэрэгжилтийн хүрээнд нийтдээ манайх 233 иргэнд 552 сая төгрөгийн санхүүжилтийг 2024 оны нэгээс зургаан сарын хугацааны гүйцэтгэлээр олгочихсон байна. Манай улсаас багшийн мэргэжлээр сурдаг оюутнуудаа маш ихээр дэмждэг. Бид ч мөн хамтран ажилладаг. Манай байгууллагаас санхүүжилтийг хэрэгтэй хугацаанд нь олгож байгаа. Тэтгэлгийн материал авахгүй гэсэн асуудал байвал тухайн сургуулийн л шийдвэр. Бид тэтгэлгийн материал хүлээн аваад, шаардлагад нийцсэн байвал санхүүжилтийг олгодог.
Сэтгүүлчийн тэмдэглэл:
- Боловсролын зээлийн сан санхүүжилтийг асуудалгүй олгож байгаа
- Оюутнуудын тэтгэлгийн материал хүлээн авахгүй байгаа нь тухайн сургуулийн асуудал
- Богино хугацаанд оюутнуудыг төлбөрөө төл гэж байгаа нь асар том дарамт, шахалт болж оюутнуудад хүндрэлтэй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
асар том дарамт, шах�##�т чихшг
Хотын дарга айлын эхнэрийг машиндаа суулга гэсэн, тэнгэр дээд боловсрол мэдлэгийг төлбөргүй авна гэхийн.Ер Улаанбаатар хот СУМЫН ТӨВ-ийн сэтгэхүйтэй болжээ.
Tenger deed medleg ntr xxa. Hund oldodgu yum yurusu bishe.
Оюунэрдэнэ гэж дандаа худлаа ярина,худлаа инээнэ
Itgechihsen umyy? Songuuliin shownii ehlel baisiim shuu dee