Moody’s агентлагаас Капитрон банкны зээлжих зэрэглэлийг зургаа дахь жилдээ “B3/тогтвортой” гэж үнэллээ
Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Мүүдиз (Moody’s) агентлагаас 2024 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр гаргасан тайландаа Капитрон банкны зээлжих зэрэглэлийн “B3/тогтвортой” үнэлгээг хэвээр үлдээснээ мэдээллээ.
Ийнхүү Капитрон банк нь тус агентлагийн В3 үнэлгээг сүүлийн 6 жил дараалан хангаж байна.
Энэхүү үнэлгээ нь ирэх 12-18 сарын хугацаанд Капитрон банкны зээлжих чадвар тогтвортой байна хэмээн үзсэний илрэл юм. Түүнчлэн Мүүдиз агентлаг тайландаа Монгол Улсын макро эдийн засгийн орчин, бодлогын хүүний бууралт нь зээлдэгчдийн төлбөрийн чадварыг дэмжиж, активын чанар сайжрах төлөвтэйг дурьдаад банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар өндөр түвшинд байгааг онцолжээ.
Банк нь олон улсад нэр хүндтэй байгууллагаар зээлжих зэрэглэлээ тогтоолгосноор хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэх, цаашлаад олон улсын зах зээлээс урт хугацаатай, хямд эх үүсвэр татан төвлөрүүлэхэд чухал нөлөөтэй юм.
Капитрон банк нь үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол улсын банк, санхүүгийн системд тогтвортой өсөлттэй ажиллаж, банкны санхүүгийн үзүүлэлтүүд жил бүр тогтмол өсч, Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг бүрэн ханган ажиллаж байна.
Г.ОДГАРАГ