Б.Очирваань: Дугуйтай аяллаар танилцсан найзуудтайгаа уулзахаар дахин Шинжааныг зорьж байна
Хөлбөмбөгийн спортод дуртай, спортын дэд мастер цолтой 26 настай Б.Очирваань гэх залуу өөрийн мөрөөдлөө биелүүлж, шүтэн биширдэг "Манчестер юнайтед" багийнхаа тоглолтыг үзэхээр Монголоос Англи хүртэлх 14 мянган км замын аяллаа 2023 оны тавдугаар сард Сүхбаатарын талбайгаас эхлүүлсэн бөгөөд тавдугаар сарын 13-нд зорьсон газартаа хүрч, монголчууд бидний бахархал болсон билээ.
Улмаар мөрөөдлөө биелүүлсэн тэрбээр “Улаан чөтгөрүүд”-ийн алдарт тоглогч Рүүнитэй биечлэн уулзсан бөгөөд “Олд Траффорд” цэнгэлдэхэд тоглох урилга хүртэл аваад амжсан. Улмаар Насан туршийн мөрөөдлөө биелүүлж чадсан түүний түүх шуугиан тарьж, хүсэл мөрөөдөлтэй хүн бүхэнд зөв үлгэр дуурайлал болоод буй.
Харин тэрбээр энэ удаа дахин эх орноосоо гарч, дугуйтай аялалын явцад танилцсан анд нөхөдөө зорих гэж буй талаар өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Иймд бид түүнтэй холбогдож дээрх аялалын талаар тодруулахад, “Би энэ удаа дугуйгаа орхиод машинаар явж байгаа. БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засар орныг зорьж явна. Тус нутагт очиж дугуйтай аялалын явцад танилцсан найзуудтайгаа дахин нэг уулзахаар явж байна” гэсэн юм.
Сонирхуулахад, Б.Очирваань дугуйгаар аялах явцдаа БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өрөмч хотоор дамжин өнгөрсөн. Улмаар түүнийг тус хотод очих үед Монгол ястнууд угтана авч, түүнийг аялуулж, монгол хосын хурим, овооны тахилагтаа урьж, оролцуулсан байдаг. Тиймээс Б.Очирваань Өрөмч хотод хэсэг саатсан бөгөөд тэнд уулзсан хүмүүсийн сайхан сэтгэл хамт өнгөрүүлсэн дурсамжийнхаа талаар цахим сүлжээнд нийтэлж байсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АМЖИЛТ ЗАЛУУ ГОЁ ДУРСАМЖААСАА ХУВААЛЦААРАЙ ХҮЛЭЭЖ БАЙЯ