“Boeing”-ийн ажилчид ажил хаясан нь өдөрт $100 саяын алдагдалд хүргэнэ
Өнгөрсөн долоо хоногт “Boeing” компанийн 33 мянга гаруй ажилчин цалинг 40 гаруй хувиар нэмэхийг шаардаж ажил хаясан. Тэгвэл энэ ажил хаялт тохиролцоонд хүрэх хүртэл “Boeing” өдөр болгон 100 сая ам.долларын алдагдал хүлээнэ гэж шинжээчид тооцоолжээ.
Ажил хаялт урт хугацаагаар явагдвал тус компани олон тэрбум ам.долларын хохирол амсаж магадгүй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Ингэснээр санхүүгийн хувьд хэцүүхэн нөхцөл байдалд буй “Boeing”-ийн зээлжих зэрэглэл буурах магадлалтай юм.
“Northcoast Research” фирм тооцоолсноор ажил хаялтын улмаас “Boeing” 3 тэрбум ам.доллар эсвэл түүнээс дээш мөнгөн дүн бүхий алдагдал хүлээж магадгүй. Тус фирмийн шинжээч Крис Олин “Boeing үйлдвэрлэлийн төлөвлөгөөнөөсөө 33-35 онгоц хасаж, өдөр тутмынх орлого нь 102 сая ам.долларын алдагдалд орох боломжтой” гэжээ.
Энэ жил “Boeing” компанийн хувьд хэцүүхэн өнгөрч байгаа. Тэдний үйлдвэрлэсэн онгоцны эд анги хэд хэдэн удаа эвдэрсэн тохиолдол гарч, хэрэглэгчдийн “Boeing”-д итгэх итгэл эрс буурсан юм. Үүний улмаас тус компанийн хувьцааны үнэ энэ жил гарснаас 40 гаруй хувиар буурсан юм.
Олон асуудалд ороод буй “Boeing”-ийн захирал ажлаа хүлээлгэн өгч, удирдлагын албанд Келли Ортберг томилогдсон. Хэрэглэгчдийн итгэлийг буцааж олох гэж орж ирсэн Ортберг одоо ажил хаялтыг зохицуулах шаардлагатай боллоо.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.