Хезболлагийн хэрэглэдэг пэйжерүүд дэлбэрч есөн хүн амь үрэгдэн, 3 мянган хүн бэртжээ
Мягмар гарагт /2024.09.17/ Ливан дахь Хезболла бүлгийн ашигладаг пэйжерүүд дэлбэрч 9 хүн амь үрэгдэн, 3 мянган хүн бэртсэн байна. Хэдэн сарын өмнө Хезболла 5 мянга гаруй пэйжер Тайвань компанид захиалж хийлгүүлжээ.
Тэгвэл Ливаны аюулгүй албаны эх сурвалж “Reuters” агентлагт хэлэхдээ Израилын Моссад тагнуулын алба тэдгээр пэйжерүүдэд жижиг хэмжээний тэсрэх бодис суурилуулсан гэсэн байна. Ираны дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг Хезболла үүний хариуг Израил барихаа мэдэгдсэн юм.
Хезболлагийн гишүүд Израилын тагнуулын албанд байршлаа алдахаас сэргийлж Тайванийн “Gold Apollo” компанийн “AP924” загварын пэйжер ашиглаж байжээ. Ливаны эх сурвалжийн хэлснээр Израилын тагнуулын алба пэйжерүүдэд үйлдвэрийн түвшинд өөрчлөлт хийсэн гэж хэлсэн байна. Захиалгаар авчирсан пэйжерүүдийн 3 мянга гаруй нь зэрэг дэлбэрчээ.
Тус эх сурвалж “Моссад код хүлээн авдаг тэсрэх бодис бүхий самбарыг төхөөрөмж дотор суулгасан. Үүнийг ямар нэгэн аргаар илрүүлэхэд хүндрэлтэй. Төхөөрөмж эсвэл сканнер байсан ч хэцүү” хэмээсэн байна. Өөр нэгэн Хезболлагийн албан тушаалтан эдгээр дэлбэрэлт нь тус бүлэгт учирсан хамгийн том аюулгүй байдлын цоорхой гэсэн байна. АНУ-ын засгийн газрын Ойрх дорнодын үндэсний тагнуулын дэд офицер асан Жонатан Паникофф “Энэ нь Хезболлагийн сүүлийн арван хэдэн жилд тохиосон хамгийн том сөрөг тагнуулын үйл ажиллагааны бүтэлгүйтэл” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.