Top StoriesНийгэм ярилцлага

Тайгын хар бүргэд удган: Жилийн төөргөө нэг удаа л зуруул, үргэлж бүхнээ үзүүлэх хэрэггүй

“Тайгын хар бүргэд удган” гэх онгод тэнгэрийн нэрээрээ ард түмэнд дом, зан үйл, аливаа зүйлийн арга зүйг учирласан мэдээллийг түгээн дэлгэрүүлдэг удган Д.Наранчимэгтэй ярилцлаа.  

-Ярианы эхэнд ард олондоо уламжлал, зан үйл, арга домын талаарх зөв мэдээллийг түгээж, бүдгэрч байгаа үнэт зүйлсийг сэргээн сануулж дэлгэрүүлж яваад тань талархал илэрхийлье. Таныг “Тайгын хар бүргэд” удган гэдэг нэрээр бид мэднэ. Өөрийгөө танилцуулахгүй юу? 

-Тэнгэр шүтэл, бөө мөргөлийн зан үйлд хөтлөгдөөд арваад жил болжээ. Сүүлийн жилүүдэд Хөвсгөлийн Цагааннуурт амьдарч байгаад одоо Хөвсгөл аймгийн Мөрөн сумандаа суудаг. Миний тэнгэрийн нэрийг Тайгын хар бүргэд удган гэдэг. Энэ нэрийг омогшиж, огшиж, онгирч өөртөө өгөөгүй юм. Онгод шүтээнүүд байгаль хангайн төлөө их зүйлийг хийлээ хэмээн хайрласан. Ренчинлхүмбэ суманд явж байгаад хуур татахад энэ нэрээр яваарай гэсэн. Тайгын хар бүргэд гэдэг нь тайга, уул ус, нутаг нугыг хамгаалах, олон ардын төлөө сайн сайхан үйлийг дэлгэрүүлэн төлөөлж тэнгэрийн шувуу шиг түүчээлэн хүргэж зүтгэж байгаарай гэсэн нэг ёсны үүрэг юм. Онгод тэнгэр Тайгын хар бүргэд удган гэдэг нэрийг хайрласан даруйд уул усандаа нь мөргөж хүндэтгэн авсан. Мөн цахим орчинд мэдээлэл түгээдэг хаягаа ч ийн нэрлэсэн байдаг.

Миний бие хангай байгальтайгаа их ойр явдаг. Тэр утгаараа ард түмэндээ сайн сайхныг дэлгэрүүлж, соён гэгээрүүүлж үг үсэг болгонд шингэсэн сургаалийг таниулахыг хичээж яваа.  Өөрийнхөө үзэж туулж буй зам мөр, онгод тэнгэрээс өгч буй өгөгдлөө дагаж олон хүнд сайн сайхан үйлийг хийх зорилгоор зөвлөмж мэдээллийг өгдөг юм.

-Энэ удаад бид таны тэдгээр зөвлөмжөөс бидний амьдралд нийтлэг тохиолддог агуулгуудыг дэлгэрүүлэн асуух зорилготой юм. Нийтээрээ дээж, өргөл өргөхдөө толгой нүцгэн байдаггүй л гэсэн ойлголттой. Харин та өндөр дээдэс зулайд эрчим өгдөг учраас зулайгаа онгорхой байлгаарай гэдэг. Бид мэддэг юмшиг даган дуурайдаг ч үнэндээ мэдлэггүйгээр үйлдээд байна уу?

-Монгол хүн өглөө босоод алтан нар, мөнх тэнгэртээ өргөл сүү, дээж өргөдөг нь уламжлагдан ирсэн ёс заншил. Харин зулай яагаад онгорхой өргөдөг вэ гэхээр тэнгэр, нар, салхины эрчим энергийг авахын тулд толгой нүцгэн өргөл буяныг хийж байгаарай. Эрчим энергийг газрын хөрс, дээд тэнгэрээс авна. Энэ хоёрын голд амьдарч буй хүн зон зулай тэргүүн онгорхой байвал долоон хүрд сэргэдэг, ажил төрөл бүтдэг, дотоод сүнс сүлд эрүүл явдаг. Өргөлийн дусал болгоноор, хэлсэн ерөөлийн үг болгон зулайд нэвтэрч эрдэм энерги өгдөг учраас ингэж өргөх учиртай хэмээн онгод шүтээн захидаг.

Тиймээс сайн сайхан газар, хангай байгальд зулай онгорхой яв, харин харанхуй, оршуулгын газар,  онцгүй эрчимтэй газар бол зулайгаа битүүлэн алчуур малгай өмсвөл өөрийн биед сэв нэвтрэхгүй гэж үздэг.

-Эндээс дэлгэрүүлээд асуухад цагаан сараар засал номоо хийлгэхэд лам хувраг ч бай, удган зайран ч бай малгай өмсөөд өргөл өргөөд ор ир л гэдэг. Энэ үед бид хэрхэх вэ?

-Утга агуулгууд бас өөр, өөр байна. Арга, билгийн тооллын хэдний өдөр, ямар цагт засал номоо хийлгэхээр очсонд  хүртэл учир бий. Хот хүрээ газар барилга байшин ихтэй давчуу учир өргөлийг тухтай өргөж чаддаггүйгээрээ дутуу дулимаг явдаг болов уу гэж хардаг. Хүний итгэл сүсэг, тухайн газар очсон зам мөр хүртэл утга учиртай.  Ямар өдөр, ямар цагт очиж, өргөлийг хэрхэн өргөснөөс үр дагавар хамаарна. Нөгөө талаас хүний дотоод эрчим энерги үнэхээр сайн сайхныг хүсвэл өргөл хүрч, итгэл сүсэггүй онцгүй муу зүйл бодоод өргөвөл хариу нь ч бас тийм л байна. Сүсэг бишрэлд хүртэл утга учир, соёл байх ёстой юм.

-Нийтлэл зөвлөгөөнөөс бас нэг сэртхийн анхаармаар зүйл нь зул өргөх тухай байлаа. Өргөөд бадраагаад байх нь сайн гэж боддог. Гэтэл бас тийм биш аж?

-Настай хүмүүс зулаа боль гэвэл таагүй л хүлээж авах байх. Зөв зүйтэй талаас нь дэлгэрүүлж хэлэхэд гэрэл гэгээг зулын гэрлээр хүртэл дамжиж далд ертөнц, оршихуй ертөнцөөс маш олон зүйл цугладаг. Ялангуяа бурхан болоочийн хөргийг тавьчхаад зул асааж үүнийгээ буян гэх нь оновчтой үйлдэл биш юм. Буян хэтрэхээрээ нүгэл болно гэгчээр учраа мэдэхгүй баахан гэрэл гэгээ асааж суухад тэр орчинд гадны нөлөө орж ирэх аюултай.

Наанадаж л эрчим сульдаж ядарна. Зулын гэрлийг далд ертөнцөд зуучлах хаалга үүд гэж ойлгож болно. Тэгэхээр хүн нас барлаа гээд 49 хоног болоод зулаа зогсоож, тосоо хураагаад цөгцөө доош нь харуулж тавихгүй бол сүнс нь амардаггүй гэдэг. Зулаа яаж барих учраа мэдэхгүй байгаа хүмүүс шинийн 15, 25 гэх мэт сайн өдрүүдэд өргөөд бусад үед бол дэмий гээд л ойлгочих. Бид нар гэрлээр далд ертөнцтэй харьцаж, мэдээлэл авдаг. Энгийн хүмүүс тэр гэрэл гэгээгээр юу дамжиж ирээд гэр оронд нь ямар нөлөө үзүүлээд байгааг мэдэхгүй учраас гэнэтийн таагүй зүйлс тохиолддог. Тэнгэр шүтлэгийн заншилд ямар нэгэн зүйл савнаасаа хэтрэхээрээ сагадаг шиг буян ёсонд хүртэл хэтрүүлэг их байвал буруудна гэж үздэг.

-Суурин газруудад айлууд тагтан дээрээсээ сүү өргөснөөс бусдын унаа тэргийг бохирлосон асуудал үүсдэг. Та сүү өргөхөд учир бий гэж хэлсэн. Энэ тухайд өлгөж аваад мөрдчих оновчтой мэдээлэл хүмүүст ихээхэн хэрэгтэй байгаа юм?

-Өргөл өргөхөд тухайн хүний сэтгэл, зүтгэл байх ёстой. Тав, зургаан давхраас сүү өргөхөд доошоо л асгарахаас дээшээ явахгүй. Өргөлийг газрын хөрсөн дээрээ зогсож байгаад цацрааж өргөх учиртай. Ингэж чин сэтгэл гаргаж өргөх нь чухал болохоос яарч сандарч, эсвэл хүний машин дээр дусч байгааг харчихна гэж айж ичиж цонхоороо, балконоороо өргөсөн нэр зүүхэд тэнгэр хангайд хүрдэггүй, лус савдгийн ундааг тайлдаггүй. Үүнийг чинь харж байдаг тэнгэр гэж бас бий.

Тэгэхээр өргөл өргөхдөө нэг өдрийг сонгоод тэр өдөртөө маш сайхан гүйцэтгэх нь оновчтой, үр дүнтэй. Сэтгэл санаа тайван, бодол нь зөв нухацтай байж хамгийн эхлээд хангай дэлхий, лус савдагтаа ундааг нь тайлья, тэр овогтой тэр үрийнхээ өргөө гэр амь амьдрал, үр хүүхэдтэй минь эрүүл, энх тунх байлгаарай гэж хэлнэ. Ундааг нь тайлья гэдэг үгийг хамгийн түрүүлж хэлэх учиртай. Дараа нь гуйлт мөргөл юмсаа дандаа хүндэлж үйлдэж байгаарай, шууд л юм гуйдаг байж боломгүй.

За тэгээд өргөлөө өргөхдөө зөв тогтуун сайхан сэтгэлтэй, цацлаа бэлхүүсээс дээш барьж баруун мөрнөөсөө нар зөв тал руу өргөж эхэлнэ. Өргөсөн цацлаа нар зөв гурван удаа хурайлж, цай сүүгээ хоймортоо тавина. Айл хоймрын буянаа ингэж тогтоодог.

-Өргөл өргөхийг бид бас их өргөн дэлгэр үйлднээ. Уул, ус, ой модонд өргөл өргөх нь бидэнд тустай үйл үү?

-Ямар ч өргөл утга учиртай. Зах замбараагүй өргөж цацаад, энд тэнд хадаг зүүж орхих нь өргөл буян биш нүгэл болно. Модонд хадаг уях, сүү өргөж, шар тос түрхэх гэх мэтээр өт хорхойд идүүлж амийг нь таслахад хүргэж байна. Байгаль дэлхийд арвай будаа, талх үр тариа шингэх зүйл шаардлагатай үедээ сүү өргөж болно. Хангайг сэвтээх бохирдуулах зүйл ерөөсөө байж болохгүй. Өргөл үйлдэж байгаа хүн байгальд нэхэлтэй үйлийг ерөөсөө хийж болохгүй. Нэхэл дагалтай гэдэг нь дутуу хийсэн өргөл үүндээ хэрэглэсэн сав суулга уут боодлоо үлдээх дураараа загнахад тэр байгаль нэхэл дагалтай үлддэг. Ундарга гол дээгүүр харайх ахиад эргэж иртэл нь орооё гэдэг ч юмуу орчин цагаар ойлгуулж ярихад байгаль уурладаг лус савдаг хилэгнэдэг тэгэхээр өргөл өргөхдөө маш учиртай хаана юу өргөхөв ямар өдөр өргөхөв 2, 6 дахь өдөр гээд цээрлэдэг. Хангай байгальдаа хайртай эх орондоо элэгтэй хүн болгон ирээдүй хойч үедээ хэрэгтэй үйлийг үлгэрлэн дуурайж дааж настай улсаасаа үнэн мөнийг сонсож сурч уул усандаа энэ байдал руу иргэн бүр хичээх хэрэгтэй ёс заншлаа алдаж боломгүй.

- Бөө мөргөл гэдэг дандаа хүн тольдоод, дэлгүүр хоршоо шиг байхыг хэлэхгүй-

-Найр хуримын энэ сард сэвлэг үргээх ёслол олон болдог. Та сэвлэг үргээх ёслолыг нар буухаас өмнө өндөрлөөрэй гэж захидаг? 

-Сэвлэг үргээх ёсыг өөлж харвал хамгийн ариун цагаан тэднийг сэвтээх архи дарс хэрэглэж, өөрсдийгөө баясгаад байгаа нь харагддаг. Хүүхдийн сэвлэг үргээх ёслолыг эртхэн эхэлж нар жаргахаас өмнө өндөрлөвөл их сайн. Дээрээс нь сүүг бэлгэдэл болгож сэвлэг үргээх хайчийг сүүнд дүрэх, янз бүрийн хүн цугладаг учраас гарын сэвийг сүүгээр угааж үргээж байж сэвлэгт хүргэнэ. Нялх үрийнхээ зам мөрийг бэлгэдэж байгаа учраас архи дарсаас татгалзаж, цагаан өнгөөр сүү, айраг, цагаагаа бялхуулж, ерөөл магтаалаар хувь заяаг нь ерөөнө.

Дахин хэлэхэд, хавтгайрсан найр наадмын төлвөөс татгалзаж, бүгдээрээ нар зөв тойрч суугаад хүүхдээ нар зөв тойруулж сэвлэгт нь хүргээрэй. Харуй бүрий болтол хашгиралдан дуулалдаж зугаа цэнгэл болгож болохгүй гэсэн утгаар л би нар буухаас өмнө өндөрлөөрэй гэж хэлдэг юм.  

-Ихэнх айлууд галаа тахиул гэсэн “даалгавар”-тай байна. Энэ яг ямар учиртай үйл юм бол?

-Гал голомтны тухайд яривал ихээхэн утга учир зан үйл бий. Энэ удаад би эхлээд ойлгоод авчихад хэрэгтэй товчхон мэдээлэл хэлье. Айл гэрийн сүлд нь гал голомт, эрийн сүлд нь малгай бүс, төрийн сүлд нь хар цагаан сүлд гэж бэлэгшээдэг.

Гэрийнхээ сүлд болсон галыг жилд нэг удаа тахих зан үйлийг чин сэтгэлээсээ сайхан хийх ёстой. Хуучин сар хулжиж, шинэ сараа угтаж авдаг шинийн 1-нд бадрааж тахивал их сайн гэдэг. Айл гэрийн тэр жилийн өнгө, хоймрын буян, гэрийн буян, үрийн заяа, эрийн заяа, эдийн буян хишиг, малын буян хишиг гээд бүгд гал дээр хурдаг учраас хамгийн их дээдлэх зүйл мөн.

Гал нь сэвтчихсэн айл бол хэчнээн тансаг сайхан орчинд байлаа ч өөр хоорондоо муудалцах, хэл ам гарах, амьдралд болж бүтэхгүй  зүйлс тохиолдоод байдаг. Гал голомтыг дээдэлснээр тэр айл руу муу зүйл орж ирэхгүй.

-Хүмүүсийн дунд надад хэн нэгэн муу юм хийчхээгүй байгаа, өргөчхөөгүй байгаа даа гэх мэтээр айсан, болгоомжилсон сэтгэлийн зовиур нийтлэг ажиглагддаг. Их олон хүнд ийм асуудал байна. Та үүнд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Манай монголын нийгэмд бөө мөргөл, шарын шашны зан үйл хийдэг лам хувраг, бөө удган их олширсон. Тэдний буруутгахгүй ээ, дутуу нь ч бий, дүүрэн нь ч бий, муу нь ч бий, сайн нь ч бий. Харин ард иргэд өөрсдөө ямар хүнийг зорьж очих дээрээ сайн анхаарах хэрэгтэй.

Төөрөг харна гэдэг чинь жилд нэг л удаа сэтгэл таардаг хүндээ оччихсон байхад жилийн өнгө төөрөг тэгээд л явчихна. Манайхан байсхийгээд л очоод, тэндээсээ янз бүрийн юм дуулаад байдаг. Бас үзүүлж байгаа хүндээ өөрийн бүх мэдээллээ хэлэх хэрэггүй, таны асуудлыг, мэдээллийг үнэхээр нэвтэрч орж хардаг хүнд итгэж үгийг нь сонсож явбал үйлийн зөв хэлбэр юм.

Тэр ч намайг хараачихлаа, энэ ч надад юм өргөчихлөө гээд олон хүн надад ханддаг. Ихэнх нь сэтгэлдээ таамаглаж мууг ургуулж, дотоод ертөнц, сүнсэн биеэ айлгаж тэрэндээ сэвтсэн хүмүүс байдаг. Ингэх огт хэрэггүй. Өөрөө л сайхан санаж, сэтгэлдээ хар толбо суулгахгүй, надад юу ч нэвтэрч орж чадахгүй ээ гэсэн хандлагатай байхад болно. Ингэж сэтгэлдээ ургуулан бодох өөрөө өөрийгөө харааж байгаатай ижил утга.

Энд нэг юмыг сайтар тодруулж хэлэхэд хараал жатга, хар муу зүйлийг хүлээж авдаг тэнгэр хангай гэж байдаггүй. Үнэхээр тийм зүйл сэтгээд, өргөөд байдаг хүн байвал өөр рүүгээ өргөж байгаатай ялгаагүй. Буруу өргөлийг тэнгэр хүлээж авдаггүй учраас тэрнээс айлтгүй шүү.

-Буян хэтэрвэл нүгэл болно гэж ярианы эхэнд та хэлсэн. Хүмүүс буяныг өөртөө сайн сайхан зүйл эргэж ирнэ гэсэн сэдэл хүсэлтэй хийдэг нь хэр зөв вэ?

-Бүх юм эхлэл, төгсгөлтэй. Бүх юм учир утгатай. Сайхан буян ихдэнэ гэж байдаггүй гэдэг. Хүнд туслах, ядарсныг асрах дэмжих зэргийг дандаа хийж болно. Одоо цагт байгальдаа, эх орондоо хайртай, монгол ёс заншилаа алдахгүй байх буян руу чиглэх нь их зүйтэй байна.

Буянаар далимдуулж амьтан хүнийг айлгаж сүрдүүлэх үйл бас ажиглагдаж байна. Тийшээ явбал муу зүйл тохиолдоно, тийм юм болох гээд байна зэргээр зохиомол шинжтэйгээр хүнийг айлгаж итгэл, сүсгээр нь тоглож болохгүй.

Ард түмэн сүсэг бишрэлийг сэтгэл дотроо сайхан тааруулаад л явах нь зүйтэй. Монголчууд зургаа дахь мэдэрхүйтэй, мөнх тэнгэрээ дээдэлдэг учраас буяны мөртэй явах нь зөв. Төөрөг тавилан гэдэг чинь жилдээ нэг сайн үзүүлж харуулаад, засал соён гэгээрүүлэх зүйлээ хийчихсэн байхад буяны мөрөөр алхаж, сүүн замтай байдаг. Гэтэл хэтрүүлэг ихтэй байна. Хүн болгон дээр очоод, хаашаа алхахаа асуух нь холгүй хүмүүс олон болжээ. Тэгээд л ийм аяга ав гэсэн, тийм юмаа шатаа гэсэн гээд л янз бүрийн юм гарч ирээд тэр болгоныг гүйцэлдүүлж толгойгоо эргүүлж, суурьгүй, буурьгүй байхаар буян ч биш, нүгэл ч биш болоод байна. Ингэж сэтгэл зүрх тогтворгүй дайжаад байхаар болдоггүй юмаа. Өөрсдөө дотроо олигтой итгэл, сүсэггүй байж хүн болгоныг дуурайгаад дэгдээд байхаар юу болох вэ. Ер нь бол буян нүглийг таних мэлмийтэй үлгэр дуурайл болохуйц хүн олон байгаасай гэсэндээ энэ бөө мөргөл оршоод байгаа.

Бөө мөргөл гэдэг дандаа хүн тольдоод, дэлгүүр хоршоо шиг байхыг хэлэхгүй. Бөө мөргөл ирж очиж байгаа хүндээ хэрэгтэй юм хэлдэг, хэрэгтэй юм хийдэг байж үнэн зөвөөр хандаж үлгэрлэдэг байх хэрэгтэй. Тэгэхээр хүмүүс минь ямар ч шашны урсгал дотор хар цагааныг ялгасан зөв хүн байгаарай тэгвэл зам мөр сүүгээр бялхаж явна гэж хэлмээр байна.

-Ярианы төгсгөлд та түмэн олонд юуг хэлмээр байна вэ?

-Байгаль хангайтай ойрхон байдаг хүний хувьд хэлэхэд хүмүүс өвдөж, гуниж гутраад байгаан дийлэнх шалтгаан нь байгалийн эрчим энерги дутсаных. Хээрийн салхины үнэр, шувууны жиргээ, уудам тэнгэрийг харах орон зай багасахаар ядарч сульддаг.

Тиймээс өглөө босоод нар руу харж, энерги авч бай. Нар, хур хэнийг ч ялгахгүй адилхан ивээж, ундаалдаг. Буян үйлдэж байгаа хүмүүс ч нар, хур шиг хэнийг ч ялгахгүй хандаж байгаарай. Энгийн хүмүүс өглөө сайн сайхан үгийг дотоод сүнсдээ хэлж байгаарай. Өдөржин баярлаж, эрчим энерги дүүрэн явна. Эхлэл, төгсгөл адилхан гэдгийн учир энэ.

Үг яриа цэгцтэй, үйлдэл мөр зөв, өөрөө өөртөө үнэнч явбал нийгмээ гэрэлтүүлнэ. Хүн гэрэл гэгээнээс эрчим энерги авдаг. Энерги зөв байхад сүр сүлд хүчтэй, махан бие өөрийгөө удирдах бүрэн чадвартай, хулгай худалтай хутгалдахгүй, сайн сайхнаар явдаг. Тулга тойрсон муу муухайтай хутгалдахгүй олон уулыг давж харж, түмэндээ тустай буянтай явбал манай монгол ирээдүйд сайн сайхан явна гэж би боддог.  Бөө мөргөлийн зан үйлд ороод арав гаруй жил болохдоо их л юм үзлээ, сайн саармаг, зовсон зүдэрсэн олон хүнтэй уулзаж, үзэж харж өрөвдөж хайрлаж, юм үзэж нүд тайлна гэгч л болж явна даа.

-Ярилцсанд баярлалаа. 

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
9 сар 21, 2024 12:16

Хууртагдсан хүмүүс байгаад байгаа болхоор л ийм муухай хүмүүст амьдрах орон зай байгаад бн!!! Орхон аймагт хөгшин,з�##�уу лам нэртэй лаивчин луйварчид амь бөхтэй ичих булчирхайгүй амьсг�##�аад л байгаа!!! Нэг их мэдэмхийрч өөрсдөөрөө санаанаасаа зохино, хуулна хулгайлна!!! Шиднэ гүйцсэн хүний адгууд их бн!!!

Зочин
Зочин
9 сар 21, 2024 13:00

Энэ улс орныг нам дагасан өлөн авилгач хулгаач даргадаа пялдага гөлөг �######� цүнх долоогчууд монголын хөгжил иргэдиин боломжииг тоногч шимиг хорхоонууд том жижиггүй хулга�##�ж хагартлаа баяжижл байгүүү бузрууд нүүрс ждү овшоор ногоон хуучин автобус богд уулын газрыг ухажл байгууу

Зочин
Зочин
9 сар 21, 2024 14:52

Бөө удганууд хэдийнээс зул өргөдөг болоо вэ?

Иргэн
Иргэн
9 сар 21, 2024 16:59

Цонхоороо сүү өргөчихөөд сайхан ажил үйлс бүтнэ гэж эндүүрдэг нөхөдүүд олон байгааг зөв хэлсэн бна. Сүүгээ өргөөд газарт буухдаа хүний машин эд зүйл хувцас дээр буухаар мэдээж хара�##� иднэ биздээ. Тэрийгээ мэдсээр байж дахин хийж байгаа м�##�аас дор болохоор Орк гээд байгаа юмшдээ. Өөрсдийнхөө толгой руу өглөө болгон сүүгээ өргөчихөж байв�##� хаана хаанаа сайн юм бишүү

Зочин
Зочин
9 сар 21, 2024 23:24
Reply to  Иргэн

маш сайхан хэрэгтэй зөвөлгөө өгсөн таньд гяла�##�аа тэнгэрийн зам нь тэгш дүүрэн тэнүүн цэлмэг байгээ

Зочинзочин
Зочинзочин
9 сар 23, 2024 14:05

Хүн бүр мэдэж авв�##� зохих сайхан зөвөлгөө өгсөнд баярл�##�аа.Хүмүүс авах гээхийн ухаанаар хандана биздээ. Удгандаа эрүүл энхийг хүсье.

Зочин
Зочин
9 сар 26, 2024 09:31

Баярл�##�аа

Холбоотой мэдээ

Back to top button