Абу Дабигийн “Их дуулга”-д Б.Эрхэмбаяр, Л.Сосорбарам нар хүч үзнэ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын цуврал тэмцээн үргэлжилж байна. 2024 оны хуваарьт багтсан “Их дуулга” өндөрлөхөд гуравхан тэмцээн үлджээ.
Түүний нэг болох Абу Дабигийн “Их дуулга” тэмцээн ирэх сарын 11-нд АНЭУ-д болно. Эл тэмцээнд одоогоор 29 орны 176 тамирчин оролцохоор мэдүүлэг өгчээ. Манай улсаас эрэгтэйчүүдийн 66 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Эрхэмбаяр, эмэгтэйчүүдийн 52 кг-д олон улсын хэмжээний мастер Л.Сосорбарам нар оролцохоор удахгүй Абу Дабиг зорих гэж байна. Б.Эрхэмбаяр өнгөрсөн жил уг тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилттай тамирчин юм. Тэрбээр мөн Абу Даби хотноо явагдсан энэ оны ДАШТ-д VII байрт шалгарсан билээ. Түүний хувьд одоогоор “Их дуулга” ангиллын тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртээд байна. Тэгвэл Л.Сосорбарам Абу Дабигийн “Их дуулга”-д анх удаа барилдах гэж байна. Тэр энэхүү ангиллын тэмцээнээс гурван мөнгөн медальтай нэгэн. Уг тэмцээнд дээрх хоёр тамирчнаас гадна АНЭУ-ын нэрийн өмнөөс барилдаж буй Б.Хорлоодой, Б.Нармандах нар 52, 66 кг-ын жинд зодоглоно.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.