Дугуй зардаг найзууд: Машин угаасан мөнгөөрөө хүнд тусалж, өөд болсон аав, ээжийнхээ араас буян хийдэг байлаа

Нийгмийн сүлжээнд "Оюутан болж ирээд Улаанбаатарт амьдарч байгаа. Найзтайгаа хамтарч автомашины дугуй борлуулж байна" хэмээн бичсэн иргэний пост олон хүнд хүрсэн. Бид тэдэнтэй уулзан ярилцаж, хоёр найзын энэ хүртэлх амьдралын түүхийг сонслоо. 18 жилийн турш нөхөрлөж байгаа энэ залуус оюутан байхаасаа эхэлж автомашин угаалгын газар ажиллаж, олсон мөнгөөрөө өөд болсон ээж, аавынхаа араас буян хийх зорилгоор хүүхэд, эмнэлэг болон ядарсан амьдралтай хүмүүст тусалсаар өдийг хүрчээ.
Нэгдүгээр ангиасаа эхэлж нөхөрлөсөн тэднийг Ж.Энхбат, Ж.Баттүшиг гэдэг. Хоёул Булган аймгийнх, одоо 25 настай. Багаасаа нэг ангид хамт сурсан тэд наймдугаар ангиасаа илүү ойр нөхөрлөх болжээ. Тухайн үед Ж.Баттүшигийнх хотод амьдардаг байсан ч Булганд өвөө, эмээ нь байдаг тул аймагтаа суралцаж төгссөн байна. Харин Ж.Энхбатынх гэр бүлээрээ аймагтаа амьдардаг айл байж.

Нэгнийхээ шийдэн дээр найзуудын хамт сагсан бөмбөг тоглож, дугуй унаж, уруу өөдгүй давхилдаж яваад яагаад ч юм бусдаасаа илүү дотно найзууд болсон. Нэг л мэдэхэд оюутан болж ирээд хамт усанд ордог, цугтаа амьдардаг, байгаа бүхнээ, жаргал зовлонгоо хуваадаг тийм л найзууд болчихсон байсан гэж инээлдэн ярих тэд ижил гэж болмоор хагацлыг бага, залуудаа үзжээ.
Учир нь Ж.Энхбатын ээж түүнийг дөрөвдүгээр ангид байхад өнгөрсөн бол Ж.Баттүшиг оюутан болоод аавыгаа алдсан байна. Тиймээс нэгдүгээр курсээсээ эхлэн авто угаалгын газар ажиллаж өдөрт авсан цалингаасаа 10,000 төгрөг хадгалах байдлаар хурааж энэ мөнгөөрөө сайн үйлсийн аян хийх болжээ.
Энэ тухайгаа, “Авто угаалгын газар ажиллаад өдөрт 35-40 мянган төгрөг авдаг байсан. Анх Нарантуул захын өргөтгөл дээр ачаа зөөдөг хоёр том машин угааж 100 мянган төгрөгийн цалин авсан. Тэр мөнгөөрөө тусгай хэрэгцээт цэцэрлэгийн хүүхдүүдэд тоглоом авч өгсөн. Үүнээс хойш аймгийнхаа эмнэлэг болон 100 хүүхдэд бэлэг өгсөн. Мөн хотын гэр хороололд амьдардаг ядарсан хүмүүст чадахаараа тусалдаг. Аав, ээжийнхээ араас буян хийж байгаа гэж бодохоор сайхан байдаг. Ажил бүтээд ч байгаа юм шиг санагддаг. Тэд маань одоо өдөр бүр гэхээс илүүтэй хэцүү, зовсон үед их бодогдож, байсан бол гэж үгүйлэгддэг. Айхдаа ээжээ гэж хэлдэг шиг л” гэсэн юм. Тэдний энэ яриа олон хүнд сэтгэгдэл төрүүлж магадгүй юм.

Ж.Энхбат, Ж.Баттүшиг хоёр өнгөрсөн хугацаанд олон зүйлийг туршиж үзжээ. Анх хамтдаа эхлүүлсэн зүйл нь жимсний лангуу түрээслэх байж. Энэхүү лангуу "Зурагт" захад байрлалтай бөгөөд удалгүй ашиг орлогогүй, хорогдол ихтэй зэрэг шалтгаанаар дампуурсан байна. Хоёулаа оюутан байсан учир хичээлдээ суугаад зах руугаа очиж байтал өдрийн тал өнгөрчихсөн 15 цаг болж байдаг. Үнэхээр өөр арга байгаагүй гэж юу ч болоогүй мэт инээлдэнэ.
Анх энэ үүтгэл санаа Ж.Энхбатаас гарсан байгаа юм. Учир нь түүний эгч аймагтаа жимсний лангуутай, дүүгээ худалдагчаар суулгадаг байж. Тэр энэ тухай, “Тэр үед боломжийг хүүхэд зангаар буруу ашиглаж бага хэмжээний хэрэглээний мөнгө өөртөө халаасалчихдаг, найзуудтайгаа жимснээсээ иддэг байсан. Энэ үйлдлүүд эгчийн маань жимсний лангуу хаагдахад нөлөөлсөн гэж боддог. Тодорхой хугацаанд эгчдээ тусалдаг байсны хувьд адил төрлийн буюу жимсний бизнес эхлүүлж үзвэл болно гэж оюутан байхдаа бодож найзтайгаа энэ санааг ярилцаж, хэрэгжүүлж үзэхээр шийдэж байсан” гэв.
Энэ үйл явдлын дараа нэг нь нутаг буцаж нөгөө нь хотдоо үлджээ. Тодруулбал, Ж.Энхбат аймагтаа авто угаалгын газар ажиллуулж эхэлсэн бол Ж.Баттүшиг найз охины хамт “Авто плаза” төвд автомашины жижиг хэрэгсэл зардаг лангуу нээсэн байна. Тэд одоог хүртэл тогтвортой үйл ажиллагаагаа явуулсаар хөл дээрээ босжээ. Харин Ж.Энхбатын хувьд авто угаалгын газар ажиллуулж тухайн үедээ ашигтайд тооцогдох хэмжээнд сайн хөдөлмөрлөсөн ч айраг зарахаар шийдэж, нэлээдгүй зүтгэж. Гэсэн ч бүтэлгүйтэж хохирол амссан байна. Мөн тэр хэсэг хугацаанд мөрийтэй покер тоглож их хэмжээний өрөнд орсон тухайгаа ярьсан юм. Өөрт байснаа дуусгасан тул бусдаас хүүтэй мөнгө зээлэн 50-аад сая төгрөгийн өрөнд орж сүүлдээ амиа хорлох тухай ч бодож үздэг болжээ.
"Ажил хийсэн ч цалин бага, өр зээл нэхэгдээд аргагүй болоод ирэхээр өөрийн эрхгүй тийм бодол орж ирдэг юм байна лээ. Сүүлдээ шөнө нойр хүрэхгүй, уудаггүй хүн чинь ганц хоёр пиво ууж байж унтдаг болсон. Энэ бүхнээ би найзаасаа нуугаагүй. Бүхнээ ил ярьчихдаг. Надад итгэдэг ийм найз байгаа учраас өнөөдөр би энд инээгээд сууж байна. Ер нь л бууж өгмөөргүй санагдаад "айрагтай такси" гэдэг зүйл санаачлаад эхлүүлсэн. Хотод ирээд фейсбүүктээ бичтэл маш олон хүн хандсан. Гэрт нь хүргээд өгдөг болохоор дуртай авдаг. Ингээд ашиг сайн олж эхэлсэн учир бага ч болов итгэл төрсөн. Одоо хэвийн байдалдаа эргэж орсон, тоглохгүй байгаа. Өрөө сайн төлсөн бараг л дууссан. Сургуульдаа үргэлжлүүлэн сурч оюутан болсон" гэх түүний энэ яриатай зэрэгцэж тэднээс дугуй авахаар ирсэн хоёр залуу үнэ асуув.
Учир нь тэд сарын өмнөөс ярилцсан шинэ санаагаа бодит болгоод байгаа нь энэ. Тодруулбал дахин хамтдаа бизнес эхлүүлж, хүмүүсийн сайн мэдэхээр гурав, дөрөвдүгээр хорооллын Өргөө кино театрын хойно, Энхбаярын зам дагуу нэгэн чингэлэгт автомашины дугуй зарж байна. Цаашид өргөтгөж дэргэдээ дугуй засвар нээхээр төлөвлөөд байгаа хоёр найз гуравхан хоногийн хугацаанд захиалга, үйлчлүүлэгчээр тасрахгүй байгаа гэдгээ хэлсэн юм.
Тэд энэ чиглэлд мэргэшээгүй, туршлага багатай учир зарим тохиолдолд буруу хөдлөх, мэдэхгүй байх зэрэг бэрхшээлүүд тулгарч байгаа. Цаашлаад Япон улсаас дугуй оруулж ирж, засвартаа иргэд үйлчлүүлэх тухтай орчныг бүрдүүлэхээр зорино гэдгээ онцоллоо.
Хоёр найзын нөхөрлөл, энэ хүртэл нэгнээ орхилгүй ирсэн түүх, алдаж оносон дурсамж, ирээдүйн зорилгыг видео хувилбараар дэлгэрэнгүй үзээрэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Авахаасаа өгөх нь өлзийтэй
Ариун Сүнсний илчлэлт ийг бий бологч Хурганы Цусаар Сатан-ыг ялагчид аас л дээр юм даа.
Хаха ногоон хуучин автобус нүүрс ждүчин нам дагасан өлөн бузруудаасл дээр юм