Фото: Намрын өнгө
Шаргал байгалийн өнгийг анх удаа харж нүдээ дасгаж буй нялх нэгэн. Олон намрыг элээсэн ч эгээ л зургаан настан шиг өрөвдөм, хайрлам, өхөөрдөм нүдтэй настай нэгэн. Зөрж өнгөрөх хүн бүр лүү чимээгүй харц шидэх, гоё сайханд ичингүйрч тэгснээ гэнэт гуних мэт царайгаа хувьсхийлгээд алхах цэл залуухан нэгэн. Тэд бүгд унаж буй навчис дээр гишгэлэн хаа нэг тийш хүйтнээс зугтах мэт яаран алхана. Эдгээр дүр бүгд Улаанбаатар гэх хотын иргэд. Тогтож харвал энэ нийслэлд намар айлчлаад буцахаар бэлтгэн навчсаа хурааж эхэлжээ.
Намар гэх нэршилтэй 100 хүрэхгүй хэдэн өдөр. Эхэлнэ дуусна. Дахин эхэлнэ. Энэ намрыг хэн үзэж чадаагүй бол, хэн анх удаагаа харж байгаа бол. Эдгээр өдрүүдэд энэ хотын иргэдийн амьдралд юу өөрчлөгдсөн бол. Ер нь намар ирээд буцаж байгааг тэд анзаарсан болов уу. Зуны их хөөр хөгжил, баяр цэнгэлийг аажуухан үргээж яруухан төгсгөх гэж намар ирдэг гэлтэй. Тээр нэг жилийн мартагдаагүй намар, өнөөдрийн удахгүй буцах намар бүгд яг адил хэдэн арван жилийн амар амгалан шиг тайвшрал өгөөд хэсэгтээ явчихдаг. Харин өвөл догдлол мэдрүүлж, хавар сэтгэлийн утас хөндөж, зун зөвхөн хөөр баяр. Байгаль өөрөө хүмүүний сэтгэлийг хөглөх гэж энэ дөрвөн улирлыг бидэнд харуулдаг байх. Өвөл өөрийгөө мэдрүүлэх гэж цагаанаас цагаан болж цэвцийн харагддаг шиг намар “би ирээд буцлаа” гэдгээ хэлэх шиг шаргалтан дуниартаж навчсаа хураагаад явж одох нь. Энэ намар буцахдаа хэн бүхний сэтгэлээс зовуурийг нь, амьдралаас зовлонг нь тээгээд буцаасай. Дараа нь өвөл ид шидийг авч ирээсэй.
Намар буцахаас өмнө түүнд өвөлд дамжуулах хүслээ хэлж, түр саатсанд нь талархаад, тархи, бие, зүрх даахаа больсон бүхнээ түүний богцонд хийгээд явуул. Тэр уужуу болохоор бүхнийг авч, тэртээд одоод буцаж ирэхдээ ногоон навчаа дэлгэрүүлж, зөөлөн салхилсаар инээмсэглэн ирнэ.
Намар ирээд буцаж буйг та анзаараагүй юм биш биз. Юу юугүй буцах нь. Ор, сандал, буйдангаасаа босож гадаа гараад намарт “баяртай” гэж хэл. Бидний хүрч чадахгүйд хүрэх түүний салхинд тэртээд байх нэгэндээ сэтгэлийн үгээ дай. Эргээд орохдоо эдгэрч, тайтгарсан байх нь гарцаагүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.