БНХАУ-д төрөлт болон хэрэглээ буурсан тул үйлдвэрүүд сүүндээ живж байна
БНХАУ-д төрөлт болон хэрэглээ буурсан ч гэсэн сүүний үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд нэмэгдсэний улмаас үйлдвэрүүд сүүндээ живж байна. Энэ нь мөн сүү үйлдвэрлэгч жижиг фермерүүдийг бизнесээ орхиход хүргэжээ. Бээжин сүүний салбараа дэмжихийн тулд хэрэглээг сурталчилж, үйлдвэрлэлийг өргөжүүлсэн бодлого нь ийнхүү хүсээгүй үр дагаварт хүргэлээ.
Эдийн засгийн удаашралтын улмаас бяслаг, цөцгий, цөцгийн тос гэх мэт үнэтэй хүнсний эрэлт буурч, хүн ам зүй насжиж буй нь БНХАУ-ын сүүний хэрэглээ буурахад хүргэсэн. Тодруулбал БНХАУ-ын статистикийн товчоо гаргасан мэдээллээс харвал нэг хүнд ногдох сүүний хэрэглээ 2021 онд 14.4 кг байсан нь 2022 онд 12.4 кг болж буурсан байна. Үүний зэрэгцээ дэлхийн сүүний гуравдагч хамгийн том үйлдвэрлэгч БНХАУ үйлдвэрийн гарцаа нэмэгдүүлжээ. Тухайлбал тус улс 2017 онд 30.39 сая тонн сүү үйлдвэрлэсэн бол өнгөрсөн жил 42 сая тонн сүү үйлдвэрлэсэн байна. Бээжин 2025 он гэхэд 41 сая тонн сүү үйлдвэрлэнэ гэх зорилго тавиад байсан юм.
Хэрэглээ буурч, нийлүүлэлт нэмэгдсэн тул БНХАУ-д сүүний үнэ 2022 оноос хойш буурч, нэг кг-ийг нь дунджаар 3.8 юаниар (одоогийн ханшаар 1,832 төгрөг) үйлдвэрлэдгээс бага болсон байна. Худалдааны үнэ нь үйлдвэрлэлийн үнээсээ буурсан тул олон тооны жижиг үйлдвэрүүд хаагдаж, сүүний үнээгээ бусад нийлүүлэлтийн илүүдэлтэй зах зээлүүдэд зарахад хүргэжээ.
БНХАУ-ын томоохон үйлдвэрлэгчдийн нэг болох “Morning Dairy” компани энэ жилийн эхний хагаст сүүний үнээний тоогоо хоёр дахин бууруулжээ. Үүнтэй зэрэгцэн 207 сая юанийн алдагдалтай ажилласан байна. “Dairy Asia” фирмийн хэлтсийн дарга Ли Ифан “Сүүний фермүүд сүү зарж, мах зарахдаа ч мөнгө алдаж байна” гэсэн юм.
Дотоодын сүүний зах зээл нь хөөсөн тул БНХАУ-ын сүү сүүн бүтээгдэхүүний импорт их хэмжээгээр буурчээ. Тодруулбал тус улс гол импортлогч Шинэ Зеланд, Нидерланд, Герман зэрэг орнуудаас авах сүү сүүн бүтээгдэхүүний хэмжээ энэ оны эхний найман сард 13 хувиар буурсан байна. Хамгийн том сүүн бүтээгдэхүүний импорт нь болох хуурай сүү оруулж ирэх хэмжээ 21 хувиар буурчээ.
2024 онд БНХАУ-ын сүүн бүтээгдэхүүний импорт нийтдээ 12 хувиар буурах магадлалтай байна. “Rabobank Research” нэртэй фирм өнгөрсөн сард мэдэгдэл гаргахдаа сүүний салбарын уналт нь 2025 он руу давж орж, импортод мөн нөлөөлж магадгүй гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.