Г.Дугаржав нар хэргээ хүлээж, хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр оролдож болзошгүй
“Дарханы төмөрлөг үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж байсан Г.Дугаржавыг өнгөрөгч тавдугаар сард АТГ-аас шалгаж, 48 цагийн хугацаатайгаар баривчилсан тухай бид мэдээлж байв.
Тухайн үед мөн Уул уурхай, үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Н.Батбаяр, Стратеги, бизнес хөгжлийн газрын дарга Г.Эрдэнэсүх нарыг ч баривчилан саатуулсан билээ.
Тэднийг их хэмжээний төмрийн хүдрийг гаалийн бүрдүүлэлтгүй хилээр гаргахыг удаа дараа оролдсон гэх үндэслэлээр шалгаж байж болзошгүй гэгдэж байсан.
Гэхдээ гаалийн бүрдүүлэлтгүй хилээр гаргах биш төмрийн хүдрийн агуулгыг гааль дээр багасгаж мэдүүлэх замаар ашиг олсон гэх мэдээлэл илүү үндэслэлтэй хэвээр байгаа аж.
Тухайлбал, 56 хувийн агууламжтай төмрийн хүдрийг 52 хувьтай хэмээн гааль дээр мэдүүлэх замаар гаргасан. Хүдрийн агууламжын 4 хувийн зөрүүн дээр тоглолт хийж, мөнгө халаасласан гэсэн үг.
Зургаадугаар сард Н.Батбаяр нь суллагдсан. Нөгөө хоёр нь хэрхсэн нь тодорхойгүй байна.
Бидэнд олдсон мэдээллээр, тэд хэргээ хүлээсэн гэгдэж байна. Учир нь хялбаршуулсан журмаар шийдүүлэх арга зам хайж буй бололтой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно...” гэж,мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргана...” гэж тус тус заасан.
Энэ дагуу авилга, албан тушаалын гэмт хэрэгтнүүд мултардаг арга саам хэрэглэдэг билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.