Камала Харрис: Би төгс биш, гэхдээ ард түмний хэрэгцээг нэн тэргүүнд тавина

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас дэвшиж буй АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харристай “MSBNC” агентлагийн Стефани Рултэй ярилцжээ. Тус ярилцлагыг орчуулж хүргэе.
Рул: Хатагтай Дэд Ерөнхийлөгч өө, та сая эдийн засгийн алсын хараагаа танилцууллаа.
Харрис: Тийм ээ.
Рул: Гэвч, олон Америкчууд таны төлөвлөгөөнд өөрсдийгөө олж харсангүй. Эдгээр бодлого надад хамаагүй гэж хэлж байгаа хүмүүст та юу гэж хариулах вэ?
Харрис: Хэрэв та хөдөлмөрч бол, танд мөрөөдөл, хүсэл эрмэлзэл, тэмүүлэл бол миний төлөвлөгөөнд багтана. Үнэнийг хэлэхэд, Америкийн ард түмний сэтгэл санаа, зан чанарыг мэддэг. Би үүнд их дуртай бас эрч хүч авдаг. Бидэнд мөрөөдөл бий. Бидэнд хүсэл эрмэлзэл бий. Бид боломж бололцоог харж чаддаг. Бидэнд гайхалтай ажиллах ёс суртахуун бий.
Гэхдээ хүн болгонд мөрөөдлөө биелүүлэх боломж байдаггүй. Тэгсэн хэр нь мөрөөдлөө биелүүлэхэд тусалж, боломж олгох зүйлсээр бид дутаад байгаа зүйл байхгүй. Гэхдээ хүн бүрд боломж, бололцоо адил тэгш ирдэггүй. Тиймээс би боломж олгох эдийн засаг гэж өөрөө нэрлээд буй эдийн засгийн үзэл баримтлалтай. Энэ нь бүх Америкчуудыг, хаанаас эхэлсэн, хаана байгаа нь хамаагүй, мөрөөдөл, хүсэл тэмүүллээ биелүүлэх чадвартай байлгах тухай юм. Дундаж давхаргын гэр бүлүүдэд зүгээр л хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж амжилт олох боломжтой болгох баримтлал.
Зүгээр л нэг амьдралаа аргацаах эдийн засагт тэмүүлэх ёсгүй гэж би бодож байна. Хүмүүс зүгээр л аргацаах биш, урагшлахыг хүсдэг. Би өөрөө дундаж давхаргын айлаас гаралтай. Ээж минь эгч бид хоёрыг өсгөсөн. Тэр их хөдөлмөрлөж, мөнгөө хэмнэж, намайг өсвөр насны хүүхэд байхад анхны байшингаа худалдаж авсан. Орон сууц эзэмших нь одоо манай улсын олон иргэний хувьд маш холын мөрөөдөл. Америк мөрөөдлийг хүн бүхэн биелүүлж чадна гэж боддог байсан үе өнгөрсөн.
Тиймээс миний эдийн засгийн үзэл баримтлалын нэг хэсэг нь хүмүүсийн өдөр тутмын тулгарч буй зарим бэрхшээлийг шийдэж, тэдэнд боломжийн шийдлээр туслах явдал юм. Үүнд үнийн бололцоотой орон сууц багтана.
Рул: Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд эдийн засагт томоохон амжилтууд гарсан. Та саяхан том төлөвлөгөөгөө танилцууллаа.
Харрис: Тийм ээ.
Рул: Гэвч санал асуулгаас харахад ихэнх сонгогчид Дональд Трампыг эдийн засгийг удирдах тал дээр илүү гэж бодсоор байна. Та сонгогчид яагаад ингэж үзэж байна гэж бодож байна вэ?
Харрис: За, миний мэдэж байгаа баримтууд бол энэ. Дональд Трамп бидэнд агуу хямралаас хойших хамгийн муу эдийн засгийг үлдээсэн. Ажил эрхлэлтийн тоо баримтыг харвал.
Рул: Тэр чинь гэхдээ ковидийн үед шүү дээ. Улс орны үйл ажиллагааг зогсоосон болохоор ажилгүйдэл маш өндөр байсан.
Харрис: Цар тахлын өмнө ч тэр үйлдвэрлэлийн ажлын байруудыг алдсан. Хэд хэдэн тооцооллоор дор хаяж 200,000 ажлын байрыг алдсан байгаа юм. Үйл ажиллагаагаа явуулж байсан үйлдвэрүүдийг алдсан. Автомашины үйлдвэрийн ажилчдаас түүний яаж авто үйлдвэрийн ажлуудыг алдсан талаар асуугаарай.
Бид 20 гаруй шинэ автомашины үйлдвэрийг байгуулсан. Түүний төлөвлөгөө бол “Өнгөрсөнд юу болсныг дурдалгүйгээр одоо шийдье” юм. Түүний төлөвлөгөө ажилчид илүү цагийн хөлс авах боломжийг хязгаарлаж, жижиг бизнесүүд зээл авахад илүү хүндрэлтэй болгоно. Төлөвлөгөөнд нь тарифыг их хэмжээгээр нэмэгдүүлэх талаар багтсан. Үүний улмаас энгийн ажилчин хүн өдөр тутмын хэрэгцээт зүйлсэд 20 хувиар илүү мөнгө зарцуулж, өдөр тутмын эд зүйлсэд жилд дунджаар 4000 доллар илүү хэрэглэнэ. Манай улсын шилдэг эдийн засагчид, Нобелийн шагналтнууд, “Moody’s” болон “Goldman Sachs”-ын ажилчид миний төлөвлөгөөг түүнийхтэй харьцуулж үзээд миний төлөвлөгөө эдийн засгийг өсгөнө гэх дүгнэлтэд хүрсэн. Харин түүнийх эдийн засгийг бууруулна.
Зарим эдийн засагчид түүний төлөвлөгөө инфляцыг нэмэгдүүлж, ирэх жилийн дунд гэхэд эдийн засгийн хямрал авчирна гэж үнэлсэн. Тиймээс Дональд Трамп чинээлэг хүмүүст анхаарал хандуулдаг түүхтэй гэх баримт өөрчлөгдөөгүй хэвээр л байна. Би хэн нэгэн чинээлэг байгаад уурладаггүй, гэхдээ тэд зохих ёсоор татвар төлөх ёстой. Тэр тэрбумтнууд болон томоохон корпорацуудад татварын хөнгөлөлт өгсөн. Гэхдээ дундаж давхаргын гэр бүлд их анхаарал хандуулаагүй. Би дундаж анги хөгжихөд Америкийн эдийн засаг хүчирхэг болно гэх эдийн засгийн үзэлтэй. Миний хэлсэн зүйлс үнэн гэдгийг нотлох бодит баримтууд бий.
Рул: Тэгвэл би татварын талаар асууя. Яагаад олон хүн “Би Дональд Трампыг дэмждэггүй ч тэр миний татварыг бууруулсан” гэж хэлдэг вэ? Тэр зөвхөн корпорацийн татварыг бууруулаад зогсохгүй, хувь хүний татварыг ч бууруулсан. Одоо энэ татварын хөнгөлөлт ирэх жил дуусна. Зарим хүмүүс ирэх жил юу болохыг мэдэхгүй байна хэмээн төөрөлдсөн байдалтай байгаа. Та сонгогдвол ямар орлогын түвшинтэй хүмүүсийн татвар өсөх вэ? Төрийн болон орон нутгийн татварын хөнгөлөлт одоогоор хязгаарлагдмал байна. Цэнхэр мужуудад амьдардаг хүмүүст (Ардчилсан намыг дэмждэг хүмүүс дийлэнх мужууд) энэ нь маш чухал асуудал. Та энэ хязгаарлалтыг цуцлах уу?
Харрис: Тэгэхээр, хамгийн түрүүнд хэлэх гэсэн зүйл минь бол жилд 400,000 ам.доллароосс бага орлоготой хэн ч бай, татвар нэмэгдэхгүй. Таны татвар нэмэгдэхгүй. Мөн миний мөрийн хөтөлбөрөөр бол 100 сая Америкчуудын татвар үнэндээ буурах юм. Үүнд залуу хосуудад хүүхдэд нь нэг нас хүртээл 6,000 ам.долларын татварын хөнгөлөлт олгох багтаж буй. Үүнийг хүүхдийн татварын хөнгөлөлтийг өргөжүүлж хэрэгжүүлнэ. Яагаад үүнийг мөрийн хөтөлбөртөө тусгасан бэ? Хүүхэд нэг нас хүрэх хүртэл ор, машины суудал суудал авахад залуу хосуудад тусламж хэрэгтэй байдаг. Хосууд хүүхдээ арчилж, өсгөхийг хүсэж байгаа. Үүнийгээ сайн хийж чадвал хүн болгонд л ашиг тустай зүйл болно.
Рул: Хүүхдийн татварын хөнгөлөлтийг өргөжүүлэх, эсвэл өмнө нь дурдсан орон сууцны тухайд, анхны орон сууцны төлбөрт илүү мөнгө төсөвлөх нь сайхан байх. Гэхдээ хэрэв корпорацийн татварыг өсгөх боломжгүй бол эсвэл Бүгд найрамдах намынхан Сенатын олонх болбол үүний төсвийг хаанаас олох вэ? Та эдгээр бодлогоо хэрэгжүүлэхийн тулд зээл тавих уу?
Харрис: Корпорацийн татварыг нэмэх хэрэгтэй болно. Томоохон корпорацууд болон тэрбумтнуудыг зохих татвараа төлж байгаа эсэхийг шалгах ажил явуулах хэрэгтэй тулгарна. Үүний гол нь шударгаар татвараа төлөхөд л оршиж байгаа юм. Хэн нэгэн амжилт гаргаж байгаад би уурладаггүй, гэхдээ хүн бүр зохих татвараа төлөх ёстой. Манай оронд багш, гал сөнөөгчид хамгийн чинээлэг хүмүүсээс өндөр татвар төлдөг нь зүй ёсны хэрэг биш.
Рул: Билл Гэйтс энэ долоо хоногт хэлэхдээ, тэр татварын хяналтыг гартаа авсан бол илүү их татвар төлөх байсан гэжээ. Гэхдээ корпорациуд шударга татвараа төлж байгаа эсэхийг хэрхэн шалгаж, тэднийг улс орноосоо гаргахгүй байхыг яаж зохицуулах вэ?
Харрис: Би маш олон гүйцэтгэх захирлуудтай ажилладаг. Би тэдэнтэй их цагийг өнгөрөөсөн. Америкийн эдийн засгийн хөдөлгүүр болсон бизнесийн удирдагчид хүн бүр зохих татвараа төлөх ёстой гэдэгтэй санал нийлдэг. Тэд мөн миний төлөвлөгөөг дэмжиж байгаа. Энэ нь дундаж давхаргыг дэмжих, шинэ салбарт хөрөнгө оруулах, зардлыг бууруулах, жижиг бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулах тухай юм. Ингэснээр эдийн засаг ерөнхийдөө илүү хүчирхэг болж, хүн бүрт ашигтай болно.
Миний эдийн засгийн төлөвлөгөөний нэг хэсэг бол шинэ салбарт хөрөнгө оруулалтыг хувийн хэвшилтэй идэвхтэй хамтран хэрэгжүүлэх явдал юм. Би хувийн хэвшлүүдтэй карьерынхаа туршид ажилласан. Би Дэд ерөнхийлөгчийн хувьд ч томоохон банкнууд, томоохон технологийн компаниудтай хамтран жижиг бизнесүүдэд зээл олгох боломжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа. Ингэхийн тулд олон тэрбум ам.долларыг орон нутгийн банкнуудад олгохоор ажиллаж яваа.

Яагаад тэдгээр томоохон корпорациуд болон гүйцэтгэх захирлууд үүнийг хийж байна вэ? Учир нь тэдний хөрөнгө оруулалт, тухайлбал, жижиг бизнес, стартапууд, бизнес эрхлэгчдэд оруулсан хөрөнгө оруулалт нь АНУ-ын эдийн засгийг бүхэлд нь бэхжүүлж, бүгдэд ашигтай байдгийг тэд мэддэг.
Тиймээс энэ нь хэн нэгнээс мөлжих гэсэн зүйл биш, харин хүн бүр хөрөнгө хуримтлуулах боломжийг бүрдүүлэх тухай. Миний бодлоор хүн бүрийг ажлын байраар хангахыг зорилго болгох нь хангалтгүй. Энэ бол анхан шатны түвшинд байх ёстой зүйл. Зүгээр байх ёстой суурь зүйл. Хүмүүс орон сууц худалдаж авах, бизнесээ эхлүүлэх, заримдаа сайхан амралтаа авах боломжтой байдаг эдийн засгийг бүтээе.
Рул: Орон сууц худалдан авахыг хүссэн хүмүүст 25,000 ам.долларын дэмжлэг өгөх нь сайхан хэрэг болно. Гэхдээ зөвхөн орон сууц худалдан авах нь асуудал биш. Манай улсад хангалттай орон сууц байхгүй.
Харрис: Таны хэлсэн зөв.
Рул: Мөн гол асуудлын нэг нь орон нутгийн түвшинд байгаа хатуу, чанга дүрэм журам, зохицуулалт. Холбооны засгийн газар эдгээр саад бэрхшээлийг хэрхэн арилгаж, жишээлбэл Питтсбургийн захын дүүрэгт хямд үнэтэй орон сууц барина гэж яаж шийдэх вэ?
Харрис: Тийм ээ таны зөв. Манай улсын өнцөг булан бүрд буй хүмүүс орон сууцны үнэд санаа зовох нь зөв. Тиймээс таны хэлснээр орон сууц эзэмших нь шийдлийн зөвхөн нэг хэсэг. Бидэнд илүү их хангамж хэрэгтэй. Энэ нь гарцаагүй шийдлийн нэг хэсэг. Миний мөрийн хөтөлбөрт орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх талаар тусгаж өгсөн байгаа. Ингэхдээ хувийн хэвшил болон орон сууц баригчидтай хамтран ажиллах татварын урамшууллыг бий болгоно. Анхныхаа бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө гурван сая шинэ орон сууцыг түрээс болон өмчлөлийн зориулалтаар бий болгоно гэж би мөрийн хөтөлбөртөө тусгасан. Үүнд мөн орон сууц худалдан авахад тулгарч буй хууль дүрмийн саад бэрхшээлийг арилгах шаардлагатай зүйлс багтана. Таны үнэхээр зөв.
Байшин барихад хэтэрхий их цаг зарцуулдаг, төрийн хүнд суртал байдаг. Үүнийг төрийн албан хаагчийн хувьд чин сэтгэлээсээ хэлж байна. Бид хүнд суртлыг багасгаж, барилгын ажлыг хурдасгах шаардлагатай гэдгийг мэдэж байгаа. Үүний тулд холбооны түвшинд, муж, орон нутгийн засгийн газартай хамтран ажиллах шаардлагатай болно.
Энэ ажил тухайн орон нутгийн хэрэгцээ шаардлагаас хамааран өөр өөр байх болно, тухайн орон нутгийн засгийн газар, хотын хэрэгцээнээс хамаарна. Тухайлбал, бидний хийх ажлуудын зарим нь муж, орон нутгийн засгийн газруудад санхүүжилт олгох дээр тулгуурлана. Хямд орон сууцад муж болон орон нутгийн захираагаас чухал ач холбогдол өгөхөд чиглүүлэх тал дээр холбооны засгийн газраас ямар дэмжлэг олгож болохыг авч үзнэ.
Рул: Тэгвэл энэ хотод ихээхэн ач холбогдолтой нэг бизнесийн талаар асууя...
Харрис: за
Рул: “АНУ-ын Ган” компани
Харрис: Тийм шүү.
Рул: Тийм шүү. Пенсильвани, Питтсбургийг бодоход Филадельфийн эрх чөлөөний хонх, Питтсбургт АНУ-ын Ган санаанд орж ирдэг.
Харрис: Тийм ээ.
Рул: Японы нэгэн компани тус компанийг худалдаж авахыг хүсэж байгаа.
Харрис: Ммхм.
Рул: Та үүний эсрэг байр суурьтай байгаа. Олон хүн ч эсэргүүцэж буй. Гэхдээ хэрэв энэ хэлэлцээр хэрэгжихгүй бол хүмүүс ажлын байраа алдах магадлалтай гэж яригдаж байна. Тэд үйлдвэрээ хааж, Пенсильваниас гарч магадгүй.. Энэ нь эрх чөлөөний хонхыг Ньюарк руу зөөхтэй адил биш гэж үү? Тэгэхээр аль нь чухал вэ?
Харрис: Америк ажилчдаар Америкийн үйлдвэрлэлээр ган үйлдвэрлэх чадавхыг хадгалах нь маш чухал. Үүнээс эдийн засгаа хөгжүүлэх хамаарна. Мөн энэ нь дээр ярьсанчлан миний эдийн засгийн тухай үзэл бодол, шинэ салбаруудад хөрөнгө оруулахтай холбоотой. Миний төсөөлж чадах ямар ч шинэ салбарт гангийн үйлдвэрлэл чухал. Эдгээр шинэ салбаруудад зориулсан ганг Америк ажилчид, Америк компани үйлдвэрлэж байхын ач холбогдол нь зөвхөн манай эдийн засаг төдийгүй үндэсний аюулгүй байдалд ч чухал ач холбогдолтой.
Ихэнх хүмүүс одоо үүнийг ойлгодог болсон. Тээвэрлэлтийн сүлжээ хэт их ачаалах болон гадаадын үйлдвэрлэлээс хэт хамааралтай байдал аюултай. Үүнийг цар тахлын дараа хүмүүс бүүр ч ойлгох болсон. Ийм учраас бид АНУ-д суурилсан үйлдвэрлэлд нухацтай хандах ёстой. Үүнээс гадна бидний чухалчлан авч үзэх ёстой бүтээгдэхүүний нэг нь ган.
Рул: Гангийн ажилчид энэ улсад чухал үүрэгтэй. Үйлдвэрчний эвлэлүүд ч бас.
Харрис: Тийм.
Рул: 2016 онд Дональд Трамп үйлдвэрчний эвлэлүүдийн сэтгэлийг татсан. Сэтгэл хөдлөлийн холбоо үүсгэсэн. Гэхдээ тэр бодлого хэрэгжүүлж чадаагүй. Сүүлийн дөрвөн жилд үйлдвэрчний эвлэлүүдийн хувьд асар их амжилт гарсан. Гэхдээ эвлэл болгон танай намыг дэмжээгүй. Энэ талаар ойлгохыг хүсэж байна л даа. “Teamsters” холбоо таныг дэмжээгүй. Тэд ямар шалтгаанаар дэмжээгүй гэж мэдэгдсэн бэ? Тэд яг юу хүсэж байгаа вэ?

Харрис: Өмнөх яриандаа эргээд оръё. Би гангийн ажилчдын эвлэл болон Америкийн бараг бүх томоохон эвлэлийн дэмжлэгийг авсандаа маш их бахархаж байна. Учир нь би ажилчдыг дэмждэг, эвлэлд нэгдэх эрх чөлөөг чухал гэдгийг мэднэ. Мөн эвлэлийн ач холбогдлыг ойлгодог. Бас би шинэ салбарт хөрөнгө оруулах, хувийн хэвшилтэй хамтран ажиллаж эдийн засгаа өсгөх шаардлагатай гэдгийг ойлгодог.
Рул: Гаалийн татварын талаар асууж болох уу? Энэ зөвхөн нэг компанид хамаарахгүй. Дональд Трампын томоохон төлөвлөгөө бол өргөн хүрээг хамарсан гаалийн татвар. Та бас бусад олон хүн үүний үр дүн нь сүйрэл байх болно хэмээсэн. Ман нь Америк хэрэглэгчдэд шууд татвар болж хувирна гэсэн.
Харрис: Тэр гаалийн татвар нь Америкийн ард түмний хувьд борлуулалтын татвар болж хувирна. Бие даасан эдийн засагчид үүнийг хэдийнээ тооцоолоод гаргасан. Түүний бүх импортод 20 хувийн гаалийн татвар ногдуулах санаа нь Америк ажилчид, дундаж өрхөд бараг 4,000 долларын татвар ногдуулна гэсэн үг. Энэ бол жижиг асуудал биш. Питтсбургт ажиллаж, амьдардаг хүмүүс жилд 4,000 ам.долларын илүү зардал гарахыг сонсоод... тэд үүнийг төлж дийлэхгүй шүү дээ.
Рул: Гэхдээ гаалийн татвар нь зөвхөн Трампын бодлого биш. Ерөнхийлөгч Байденд ч татвар тавьсан. Тэр мөн гаалийн татвар нэмэх талаар авч үзэж байгаа Гаалийн татварын хувьд сайн татвар гэж байдаг уу, муу татвар гэж байдаг уу?
Харрис: Гол асуудал нь та зүгээр л татварыг юун дээр ч хамаагүй тавиад байж болохгүй. Энэ нь Дональд Трампын асуудлуудын нэг. Би үнэнийг л хэлье. Тэр зарим асуудлыг шийдэхдээ тийм ч нухацтай хандахгүй байна. Хэн нэгэн төлөвлөгөөтэй байхын тулд нухацтай байх хэрэгтэй. Зөвхөн улс төрийн кампанит ажил дээрээ хашхиран ярих биш. Харин хөрөнгө оруулалтын үр ашиг, өдөр тутмын хүмүүст үзүүлэх эдийн засгийн нөлөөг бодолцсон жинхэнэ төлөвлөгөөтэй хэрэгтэй.
Миний мөрийн хөтөлбөрт ямар үр ашиг гарах вэ гэдгийг харж болно. Анх удаа орон сууц худалдан авах хүмүүст 25,000 долларын урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлнэ. Ингэснээр ажилчид олон үе дамжин өвлүүлэх баялгийг бий болгох боломжийг үүсгэнэ. 6,000 ам. долларын хүүхдийн татварын хөнгөлөлт, шинэ жижиг бизнесүүдэд зориулж 50,000 долларын татварын хөнгөлөлт үзүүлэх ажлыг хэрэгжүүлэх тухай ярьж байгаа.
Рул: Энэ чинь л жинхэнэ төлөвлөгөө.
Харрис: Жинхэнэ төлөвлөгөө. Учир нь яг одоо нарийн зүйлд анхаарч, нухацтай хандах тухай хэрэгтэй. Би жижиг бизнесүүдийг дэмжиж, тэд Америкийн эдийн засгийн хөдөлгүүрийн нэг хэсэг болно гэдэгт итгэдэг. Одоогийн нөхцөл байдлыг авч үзэхэд одоо татварын хөнгөлөлт нь 5,000 доллар байна. 2024 онд 5,000 доллароор жижиг бизнес эхлүүлэх хүн тун цөөн. Тиймээс стартапуудад өгөх татварын хөнгөлөлтийг 50,000 ам.доллар болгож, инновац, шинэ санаа гаргахад түлш хэрэгтэй байгаа хүмүүст дэмжлэг үзүүлэх нь чухал.
Рул: Ингээд харахад түүний мөрийн хөтөлбөр тийм ч нухацтай биш байна. Гэхдээ сүүлийн хэдэн жилийн том асуудал инфляц байв. Аз болоход буурч байгаа ч үнэ өндөр хэвээр.
Харрис: Тийм, тантай санал нэг байна.
Рул: Та үнийн хөөргөдөл үүсгэхэд оролцож байгаа хүмүүстэй тэмцэх замаар инфляцийг шийдэхийг зорьж байгаа гэсэн.
Харрис: Тийм.
Рул: Гэхдээ чөлөөт зах зээлийг дэмждэг, капиталист хүний хувьд үнийн хөөргөдөлтэй тэмцэхдээ үнэ тогтоох хяналтыг хэрэгжүүлэхгүйгээр яаж зохицуулах вэ? Тийм шийдлийн талаар ярьж эхлэхэд хүмүүсийн санаа зовох төлөвтэй байдаг. Хүмүүс "Тэр яг юуны төлөө зогсож байна вэ?" гэж асууж эхэлдэг.
Харрис: Үнэнээ хэлэхэд би Америкийн ард түмний зовлонг ашиглаж буй компаниуд, корпорацуудтай тэмцсэндээ уучлалт гуйхгүй. Би хууль зүйн сайд байхдаа тийм зүйлс харж байсан. Онцгой байдал, цаг агаарын гамшиг, цар тахлын үед тийм зүйл болохыг харсан. Цөөн хэдэн компани, ихэнх нь биш. Тэр цөөн хэдэн компани ард түмний зовлонг ашиглан үнийг огцом нэмэгдүүлдэг. Тийм ээ, би тэдэнд хариуцлага хүлээлгэнэ. Энэ нь амьжиргааны өртгийг бууруулахын тулд боловсруулсан өргөн хүрээний төлөвлөгөөний нэг хэсэг.
Рул: Баасан гарагт та хил рүү явна. Цагаачлал бол нарийн асуудал. Үүний нэг хэсэг нь эдийн засгийн асуудал юм. Охайо мужийн Спрингфильд хотод муур, нохой идэж байгаа зүйл байхгүй. Гэхдээ зарим газруудад стрессдэж, туйлдаа хүрсэн хүмүүс бий. Хууль ёсны цагаачдыг хүлээж авсан газар оршин суудаг хүмүүс "Бид туйлдаа хүрлээ" гэж хэлж байна. Тэдгээр хүмүүсийн ихэнхид нь засгийн газар "Дасан зохиц, сууж бай, чимээгүй бай, ийм л байх болно" гэж хариу өгсөн гэх мэдрэмж төрж байгаа. Та сонгогдвол олон хууль ёсны цагаачдыг хүлээн авсан боловч туйлдаа тулсан гэж үзэж буй бүсүүдэд юу хийх вэ?
Харрис: Бидний цагаачлалын системтэй доголдолтой. Юуны түрүүнд үүнийг засах хэрэгтэй. Хэдэн сарын өмнө АНУ-ын конгрессын хамгийн консерватив гишүүд хил хамгаалалтын тухай хуулийн төсөл санаачилсан. Тус хуулийн төсөл хил дээр цаг наргүй ажиллаж буй алба хаагчдад туслах 1,500 нэмэлт алба хаагч илгээх тухай байсан юм. Энэ төсөл АНУ-ыг сүйтгэж буй фентанилын урсгалыг бууруулахад илүү их санхүүжилт олгож, олон улсын гэмт бүлэглэлүүдийг шүүхэд шилжүүлэх чадамжийг нэмэгдүүлэхэд илүү их нөөц өгөх байсан. Би карьерынхаа туршид тийм гэмт бүлэглэлүүдийг шүүсэн.
Дональд Трамп энэ хуулийн төслийн талаар мэдээд, асуудлыг шийдэх гэж байсан нь түүнд таалагдаагүй тул хуулийн төслийг санал хураалтад оруулахгүй байхыг тушаасан. Асуудлыг засахын оронд, хэвээр нь үлдээхийг хүссэн тул хуулийн төслийг зогсоосон.
Энэ бол хөндөх ёстой асуудлын нэг хэсэг. Миний амлалт бол, хэрэв Америкийн ард түмэн намайг сонговол, би энэ хуулийн төслийг сэргээж, батлах болно. Бид зөвхөн хилийг хамгаалалтыг бататгахаас гадна АНУ-ын иргэн болох замыг хүмүүст гаргаж өгөх хэрэгтэй.
Рул: Би танаас нэг жижиг ажил болон нэг том ажлын талаар асуумаар байна.Таны өрсөлдөгч бараг өдөр бүр энэ талаар яриад байх шиг байна. Тиймээс би зүгээр л асуумаар байна, тийм эсвэл үгүй гэдгийг. Та амьдралынхаа аль нэг мөчид хоёр ширхэг үхрийн мах, тусгай соус, салат, бяслаг, даршилсан өргөст хэмх, сонгино, гүнждийн үртэй талхан дээр...
Харрис: Гүнждийн үртэй талхан дээр үү?
Рул: “McDonald’s”-д байсан уу? Тийм эсвэл үгүй?
Харрис: Би ажиллаж байсан. Гэхдээ энэ жижиг ажил байгаагүй. Би төмс шарж байлаа шүү дээ. “McDonald's”-д ажиллаж байсан тухайгаа ярих шалтгаануудын нэг нь, манай оронд “McDonald's”-д ажилладаг хүмүүс гэр бүлээ тэжээж, түрээсийн төлбөрөө олох гэж хичээж байгаа. Би тэнд сурагч байхдаа, хүүхэд байхдаа ажилладаг байсан. Миний бодлоор Трамп бид хоёрын хоорондын ялгаа нь Америк ард түмний хэрэгцээг хэрхэн хардаг, энэ хэрэгцээг хангахын тулд ямар хариуцлага хүлээсэн гэдгийг хэрхэн ойлгодогтоо байдаг байх.
Рул: Одоо том ажил руу орох уу. Та мөрийн хөтөлбөрөө маш дэлгэрэнгүй танилцуулсан.
Харрис: Тийм ээ.
Рул: Гэхдээ эдийн засаг бол урьдчилан таамаглах боломжгүй араатан. Та нарын өрсөлдөж буй албан тушаал гайхалтай зөн совин, зориг шаарддаг.
Харрис: Тийм ээ.

Рул: Та сүүлийн удаа зөн совингоор шийдвэр гаргасан үе хэзээ вэ?
Харрис: Тийм ээ. Хамгийн сүүлд зөн совингоор гаргасан том шийдвэр бол өөрийнхөө дэд ерөнхийлөгчийг сонгосон явдал байх. Маш олон сайн, гайхалтай нэр дэвшигчид байсан. Эцсийн сонголтоо зөн совингоор гаргасан.
Рул: Цаг дуусаж байгаа ч би зөн совингоороо нэг асуулт асуумаар байна.
Харрис: Аан за.
Рул: Өнөөдөр бид нөхөн үржихүйн, аа биш ээ эдийн засгийн талаар ярилаа.
Харрис: Тийм ээ.
Рул: Хүмүүс нөхөн үржихүйн эрхийг эдийн засгийн асуудал гэж бодоод байдаггүй. Гэвч энэ бол эдийн засгийн асуудал. Эмэгтэйчүүд ирээдүйгээ, боловсролоо, амьдралаа төлөвлөх боломжтой байх нь чухал. Сүүлийн хэдэн өдрийн турш Дональд Трамп энэ талаар байнга ярих болсон. Тэр “Roe v Wade”-г хүчингүй болгосноороо эмэгтэйчүүдэд тусалсан, тэднийг хамгаалсан гэж байгаа. Эмэгтэйчүүд одоо үед илүү дорой, илүү эмзэг гунигтай болсон гэж тэр ярих болсон. Трамп сонгогдвол эмэгтэйчүүдийн хамгаалагч байх болно хэмээж буй. Түүнд хариу өгөхгүй юу?
Харрис: Тэгэхээр, Дональд Трамп бол эмэгтэйчүүдийг өөрсдийн бие, ирээдүйнхээ тухай шийдвэр гаргасных нь төлөө шийтгэх ёстой гэж хэлсэн хүн. Тиймээс миний бодлоор бол тэр эмэгтэйчүүдийн талаарх ийм үзэл бодолтой учраас АНУ-ын Дээд шүүхэд гурван шүүгч томилсон. Тэдгээр шүүгч түүний хүссэнчлэн “Roe V. Wade”-ыг хүчингүй болгосон юм.
Үүний улмаас мужууд ар араасаа дараалан эмэгтэйчүүдийг шийтгэсэн хууль баталж байна. Саяхан нэг залуу эмэгтэй нас барсан тухай сэтгэл шимшрэм мэдээ гарсан. Тэр эмэгтэй зургаан настай хүүхэдтэй байсан. Ийм мэдээнүүд маш сэтгэл эмтрэм байдаг. Ийм учраас миний бодлоор бол Америк эмэгтэйчүүд Трамп тэднийг хамгаална гэж хэлэхийг нь сонсох шаардлагагүй. Трамп тэдэнд итгэх нь Америк эмэгтэйчүүдэд хэрэгтэй.
Рул: Бид танд итгэж болох уу?
Харрис: Би төгс биш, гэхдээ ард түмний хэрэгцээг хамгийн түрүүнд тавих болно гэдгээ хэлж чадна.
Рул: Хатагтай дэд ерөнхийлөгч өө, өнөөдөр ярилцсанд баярлалаа.
Харрис: Баярлалаа, баярлалаа.
Эх сурвалж: MSNBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эмэгтэй хүн жирэмсэн болохдоо дөнгөж 7 хоноод жижигхэн сүнс хүний төрхтэй болж зүрх нь цохилж эхэлдэг гэдгийг мэдсэн бол хэн ч аборт хийлгэхгүй, гаргаад тэжээх боломжгүй бол асрамжийн газарт өгөх хэрэгтэй гэж би боддог. учир нь эмч нао жирэмсэний 3 сар дотроо авхуулж болно гэдэг ч хүүхэдээ авхуулсан эмэгтэй дараа нь сайн нөхөртэй учирлаа ч аз жарг�##�гүй нэгэн болдогийг мэддэггүй. Учир нь аборт хийлгэх үед ээжээ зорьж ирсэн сүнс нь явдаггүй, насан туршид нь хажууд нь уйлаад , дагаад явдаг тул. Тиймээс л Трамп ирээдүйдээ эмэгтэйчүүдийг аз жарг�##�тай хүн байлгахын тулд "үзэсгэлэнтэй сайхан үр болох хүүхдээ гарга.түүнд амьд явах боломж олго гэсэн". Хэрэв та хүчингийн хэргийн хохирогч байсан ч , насанд хүрээгүй байсан ч хүүхдээ гаргаад хүүхэдгүй хүнд өгөөрэй гэсэн юм. бүү �##�лага хий гэсэн.