Израил Ливан дахь довтолгоогоо өргөжүүлнэ гэх мессеж өглөө

Израилын зэвсэгт хүчин пүрэв гарагт /2024.10.03/ Ливаны өмнөд бүс дэх НҮБ-аас зарласан хамгаалалтын бүсээс гадуур байгаа иргэдийг нүүн шилжихийг анхааруулсан байна. Энэ мэдэгдэл нь Ливан дахь довтолгоогоо өргөжүүлж магадгүй гэх мессеж боллоо.
Тодруулбал Израил НҮБ-аас зарласан хамгаалалтын бүсийг үүсгэдэг Литани голоос хойд хэсэгт оршдог Набатье хот болон бусад сууринуудыг нүүн шилжихийг сануулсан байна. 2006 онд Израил, Хезболла хоёр дайтсаны дараа НҮБ тэрхүү хамгаалалтын бүсийг үүсгэсэн юм. Хоёр тал хоёул хамгаалалтын бүсийн нөхцөлийг зөрчсөн гэж бие биеэ буруутгаж байна.
Үүнтэй зэрэгцэн Израилын зэвсэгт хүчин Ливан дахь Хезболлагийн 200 гаруй байршил, зэвсгийн агуулах, ажиглалтын цэг зэрэгт цохилт өгсөн хэмээжээ. Даваа гарагт /2024.09.30/ Израил цэргээ Ливан руу оруулж, хязгаарлагдмал довтолгоо хийнэ гэсэн. Одоогийн байдлаар тус довтолгооны улмаас Израилын есөн цэрэг амь үрэгджээ. Ойрх дорнодын нөхцөл байдал Газын зурвасын дайн эхэлснээс хойш хамгийн хурцадмал байдалдаа орлоо. Мягмар гарагт /2024.10.01/ Иран Израил руу 180 гаруй пуужин харвасан. Израилын хариу барих арга хэмжээ үүсээд буй нөхцөл байдлыг хурцатгах нь дамжиггүй.
Эх сурвалж: Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.