НИЙГЭМ

Оюу толгойн гүний уурхайд ухаалаг системүүдийн тусламжтай ажилтнуудаа хорт хий тоосжилтоос хамгаалж байна

“Монголын уул уурхайн 7 хоног” чуулга уулзалтын гурав дахь өдөр Гүний уурхайн  симпозиум сэдвийн хүрээнд Оюу толгойн уурхайн талбарт 1.3 км-ийн гүнд үргэлжилж буй их бүтээн байгуулалт, аюулгүй байдлын стандарт, тактик үйл ажиллагааны талаар илтгэл, танилцуулгууд өрнөлөө. 

 “Оюу толгой” компанийн Техникийн үйлчилгээ болон өсөлт хариуцсан Ерөнхий менежер Т.Отгонбаяр,

“Гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээс хойш Панел 0-ийн бэлтгэл ажлууд дуусаж, сүүлийн хэдхэн хүдэр юүлүүрийн тэсэлгээг хийх л үлдээд байна. Үүний зэрэгцээ бид дараа дараагийн олборлолтын блокууд болох Панел 1, Панел 2–ын бэлтгэл малталтуудыг эрчимтэй ахиулж байна.

Хойд Хюго ордын Давхар 1 ашиглалтад бүрэн орсноор бид олборлолтын хэмжээгээрээ Индонезийн Грасберг, Чилийн Чүкикамата, Эль Тэньентэ зэрэг томоохон уурхайнуудын дараа буюу дэлхийд  дөрөвт эрэмбэлэгдэнэ” гэдгийг итгэлдээ онцолж байв.

Өнөөдрийн байдлаар Оюу толгойн гүний уурхайд 11 хэлтэс, 24 туслан гүйцэтгэгчийн 52 баг ажиллаж байна. Нэг ээлжиндээ 1000 орчим хүн, 450 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажилладаг аж. 

“Оюу толгой” компанийн Гүний уурхайн тактик үйл ажиллагааны хэлтсийн менежер Ч.Ариунболор: 

Бид гүний уурхайн анхны хүдэр юүлүүрийн тэсэлгээ хийгдсэн өдрөөс эхлэн ОРБ-г ашиглан хүдэр авалтын бүтээмжээ хамгийн сайнаар шийдэж ирсэн. ОРБ-н талаар товчхон танилцуулахад, энэ систем нь хүн ганцхан оновчтой тооцоолол хийх хугацаанд хэдэн сая хувилбарыг боловсруулж, хамгийн оновчтойг нь сонгож ажилладаг бодит цагийн, ухаалаг систем юм.

Үүнээс гадна гүний уурхайд Алсын Удирдлагын Төв саяхан нээгдсэн. Тус төв нь гадарга дээр байрладаг бөгөөд операторууд маань 1300м-н гүнд байгаа тоног төхөөрөмжүүдийг гадаргаас удирдан ажиллуулах боломж бүрдээд байна. Алсын Удирдлагын Төв нь  утгуурт ачигчийн 6, өрмийн машины 2 алсын удирдлагатай. Энэ төв маань бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлээгүй байгаа хэдий ч одоогийн байдлаар бид гүний уурхайн тэсэлгээний үеэр буюу сул зогсдог цагаараа 2-3-н утгуурт ачигч ажиллуулж 200-300-н тонн хүдэр татах байдлаар ашиг тусыг нь хүртэж байна. 

Эдгээр орчин үеийн ухаалаг систем болон алсын удирдлагын төхөөрөмжүүдийг ашиглан бүтээмжээ сайжруулахаас гадна, бид ажилчдаа хорт хий болон тоосжилтод өртөхөөс, мөн аюултай орчинд орж ажиллахаас хамгаалж байгаа. 

Гаднын уурхайгаас хуримтлуулсан мэдлэг туршлагаа Монголдоо ирээд орчин үеийн технологитойгоо хослуулсан ажиллаж байна

“Оюу толгой” компанийн Гүний уурхайн олборлолт хариуцсан Ахлах мэргэжилтэн Э.Одмаатай ажилтан солилцох хөтөлбөрийн талаар цөөн хором ярилцлаа. 

-Таныг Оюу толгой болон Кодеоко мэргэжилтэн солилцооны хөтөлбөрт хамрагдсан талаар сонслоо. Энэ хөтөлбөрийн давуу тал нь юу вэ?

-Манай олборлолтын баг 2020 оноос багаа бүрдүүлж эхэлсэн. Уурхайн бүтээн байгуулалт дээр ажиллаж байсан инженерүүд олборлолтын багт нэгдсэн. Манай баг олборлолтын бүхий л үйл ажиллагаанд инженерийн дэмжлэг үзүүлж ажилладаг. Жилээс жилд бидний хувьд илүү чухал болж байна. Бүтээгдэхүүнүүд тогтвортой өсөлттэй байгаа. Бүтээгдэхүүн гаргалтын хэмжээ үргэлж өсөж байгаа болохоор илүү хариуцлагатай ажиллах ёстой. 

Рио Тинто болон Коделко уурхайн хоорондын хийсэн хэлэлцээрийн “Мэргэжилтэн солилцох хөтөлбөр” гэж байдаг. Би өнгөрсөн гуравдугаар сард тус хөтөлбөрт сонгогдсон. Оюу толгойн уурхайн хоёр  ажилтан  Чили Улсын Эль Теньэнте уурхайд очиж, туршлага хуримтлуулж хоёр сар ажилласан. Мөн нөгөө талаас Чилийн хоёр мэргэжилтэн Оюу толгойн уурхайд туршлага солилцож ажилласан. 

Хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн ур чадвараа нэлээд сайжруулсан. Эль Теньэнте уурхай бол 100 гаруй жилийн түүхтэй маш том уурхай. Тэндээс практик дадлага, туршлага хуримтлуулж, их зүйл сурсан. Мөн тухайн улсын адил төстэй мэргэжилтэй инженерүүдтэй харилцаа холбоогоо сайжруулсан. Олон хүмүүстэй танилцаж харилцаагаа тэлсэн. Хоёр уурхай сайн туршлагуудаа бие биедээ хуваалцаад, түүнийгээ төсөл, санаачилга байдлаар өөр өөрсдийнхөө уурхайд хэрэгжүүлж байгаа. Коделко бол Чили Улсын төрийн өмчийн компани бөгөөд дэлхийд үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч компани. Эль Теньэнтегээс гадна өөр олон уурхайтай. Эцсийн бүтээгдэхүүн нь катодын зэс түлхүү үйлдвэрлэдэг. Мөн молибдений нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг.

-Чили Улс зэсийн үйлдвэрлэл, нийлүүлэлтээр тэргүүлэгч. Чили дэх Эль Теньэнте уурхай болон Оюу толгойн уурхайд ижил төстэй зүйлс байсан уу? 

-Коделко болон Оюу толгой хоёр хоорондоо зөрүүтэй зүйл их ч олборлолтын технологи нь адилхан байсан. Хоёр уурхайн цар хүрээ, масс ерөнхийдөө ойролцоо. Оюу толгой үйлдвэрлэлээ өсгөх юм бол Эль Теньэнте уурхайн түвшинд хүрч очих боломжтой гэж харсан. Адил төстэй гэвэл олборлолтын арга барил адилхан. Оюу толгой бол сүүлийн үеийн технологиудаар тоноглогдсон уурхай. Харин Коделко бол 118 жилийн настай, маш олон зүйлийг туршаад үзчихсэн, туршлага ихтэй, баялаг газар байсан. Тийм учраас Оюу толгойгоос очсон бид мэдлэг туршлагаа улам зузаатгаад Монголдоо ирээд орчин үеийн технологитойгоо хослуулсан ажиллаж байна. Эль Теньэнте уурхайн хүмүүс манай уурхайд ирээд сүүлийн үеийн технологиудыг хэрхэн ашиглаж байгааг хараад маш их сэтгэл өндөр байсан. Цаашдаа үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллахаа илэрхийлсэн.

Сануулахад, Монгол Улс өнгөрсөн оны 3 дугаар сараас эхлэн газрын гадаргаас 1.3 км-ийн гүнээс хүдэр олборлож эхлээд байгаа билээ. Ирэх 2028 оноос Оюу толгойн гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж, өдөрт 95 мянган тонн хүдэр олборлох хүчин чадалтай болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 7, 2024 18:02

Хэдэн тонн гүний уурхайн хүдэр боловсруулаад байна вэ? Гүний уурхайгаас хэдэн тонн баяжм�##� гаргасан бэ? эдгээр асуултад хариу байхгүй байж юү ярьцгаана вэ?

Холбоотой мэдээ

Back to top button