ЭХЭМҮТ-ийн төрөх амбулаторийг шинэчлэв
Засгийн газраас ЭХЭМҮТ-д 2021-2023 онд нийт 83.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус төвд эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн амбулаторийн өргөтгөлийн шинэ дөрвөн давхар барилга, 2772 ам дөрвөлжин метр талбайтай Перинатологийн төв ашиглалтад орсон юм. Мөн Хүүхдийн эмнэлгийн амбулаторийн өргөтгөлийн зургаан давхар, 9000 ам дөрвөлжин метр талбайтай шинэ барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна.
ЭХЭМҮТ 680 ортой, хүүхдийн болон эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, дэмжих албаны нийт 55 тасаг нэгжтэй, 1000 гаруй эмч, эмнэлгийн ажилтантай улсын хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Мөн тус төвийн 12 тасгийн иж бүрэн засвар дуусаж, үлдсэн тасгуудын санхүүжилтийг 2025 оны төсөвт тусгажээ. Онцгойлон төрөх тасгийг засварлаж төрсөн эх гэр бүлийнхэнтэйгээ хам байх 10 өрөөтэй болсноор үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж сайжирсан талаар ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа Ерөнхий сайдад танилцуулав.
Засгийн газраас эх хүүхдийн тусламж үйлчилгээнд сүүлийн гурван жилд 175.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний 79.1 тэрбум төгрөгийг барилга, 31 тэрбум төгрөгийг их засварт, 65.2 тэрбум төгрөгийг орчин үеийн шинэ техник тоног төхөөрөмжид зарцуулжээ. Энэ хүрээнд “Хүрээ” амаржих газрын өргөтгөлийн барилга, Түлэнхийн төв эмнэлэг, Архангай аймагт 300 ортой нэгдсэн эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн “Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник”, Яармагийн “Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв-2”, аймаг, дүүрэг, сумын эрүүл мэндийн төвийн барилгын төслүүдийг дуусгаж, аймаг, сумдад орчин үеийн стандартад нийцсэн эрүүл мэндийн төвүүдийг байгуулаад байна гэж Засгийн газрын ХМОНХГ-аас мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.