АНУ дахь 200 гаруй монголчууд тэмцээний шагналын 30 сая төгрөгөө Б.Минжүүрдоржид хандивлалаа

26-хан настай манай найруулагч Б.Минжүүрдоржид АНУ-д суугаа элэг нэгт монголчууд халуун сэтгэлээ дэвсэж, тусламжийн гараа сунгалаа. Тэд 30 сая төгрөгийн хандив илгээж буй юм.
Энэхүү мөнгө АНУ дахь монголчуудын дунд зохион байгуулагддаг сагсан бөмбөгийн "Monway cup" тэмцээнд оролцсон 200 гаруй хүний хөлс, хөдөлмөр ажээ. Тэмцээн сүүлийн дөрвөн жил тасралтгүй явагдаж байгаа бөгөөд шагналын сангаа эх орон руугаа илгээдэг уламжлал тогтоосон байна. Анх тэмцээнийг Г.Уранбямбаагийн хань Б.Энхбаатар санаачилж байжээ. Анхны тэмцээний дараа залуучууд нь "Тэмцээний шагналын санг монгол руу явуулж, хэрэгцээтэй хүмүүст туславал яасан бэ" гэснээр дэмжигджээ. Өдгөө ханийхаа нэрэмжит болгон дөрөв дэхь жилдээ амжилттай зохион байгуулсан. Дөрөв дэх тэмцээний шагналын сан Б.Минжүүрдоржийн хандивт маш том дэмжлэг болон ирж байгаа нь энэ юм.

Г.Уранбямбаа, Д.Өлзий, М.Сэлэнгээ нар Б.Минжүүрдоржтой холбогдож, халуун сэтгэлийн баярт мэдээгээ хуваалцсан юм.
Голд суугаа нь: Гаажавын Уранбямбаа АНУ-д гэр бүлээрээ ажиллаж амьдраад 20 жил болж байгаа аж.
Зүүн талаас: Д.Өлзий АНУ-ын Чикаго хотод ажиллаж амьдраад 27 жил болжээ.
Баруун талаас: М.Сэлэнгээ, АНУ-д очиж амьдраад есөн жил болж байна.
-Б.Болдсайхан эмчийн "Зүрх мартахгүй" төсөл болон тархины хорт хавдартай Мишээл охинд хоёр, гурав дахь тэмцээнийхээ шагналын санг хандивлаж байжээ-
"Monway Express LLC" компанийн төлөөлөл Г.Уранбямбаа.
-Анх хэрхэн манай Б.Минжүүрдоржийн тухай мэдээлэл авч байв. Тусламжийн гараа сунгах шийдвэр хэзээ гаргасан бэ?
-Манай үеэл дүү Монголд телевизийн салбарт зураглаачаар ажилладаг. Анх Б.Минжүүрдоржийн тухай дүүгээсээ олж сонссон. Дүү маань "Манай салбарт ажилладаг залууд туслах хандивын аян өрнөж байгаа. Тэмцээнийг зохион байгуулж байгаа хүмүүс болон оролцож буй баг тамирчидтайгаа ярилцаад тусална гэвэл холбож өгч чадна шүү" гэсэн. Тэгээд цахим орчинд судалгаагаа хийгээд шийдвэрээ гаргасан.
-Баг тамирчид шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Манай залуучууд маш нааштайгаар хүлээж авсан. Техникийн зөвлөгөөний хурал дээр багуудын төлөөлөгч нарт дуулгаж байгаа юм. Тэмцээний эхний өдөр бүх тамирчдад зарласан. "Тэмцээний шагналын сан найруулагч Б.Минжүүрдорж руу явж байгаа шүү" гээд хэлсэн. Бүгд гоёор хүлээж авч, 100 хувь дэмжсэн.
-Сагсан бөмбөгийн дөрөв дэх удаагийн тэмцээний шагналын сан манай найруулагч Б.Минжүүрдоржид ирж байна. Өмнө нь ямар хүмүүст тусалж байв?
-Хоёр дахь тэмцээний шагналын сангаа Б.Болдсайхан эмчийн "Зүрх мартахгүй" төсөлд нэмэрлэсэн. Гурав дахь тэмцээнийхийгээ тархины хорт хавдартай 11 настай н.Мишээл охинд хандивлаж байлаа. Энэ жил Б.Минжүүрдорждоо хандивлахаар 100 хувь санал нэгдээд байцгааж байна.
Миний хань энэхүү тэмцээнийг анх санаачлахдаа залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөгөөсэй гэдэгт илүү анхаарсан. Энэ утгаараа хоёр өдөр бид сайхан бужигнацгаадаг. Оролцогч залуусын хүч, хөлс, хөдөлмөр шингэсэн байдаг. Бид тэдгээр олон залуусынхаа төлөөлөл болон энд сууж байна.
-Д.Өлзий: АНУ-ын дөрвөн ч хотоос монголчууд ирж оролцсон-
-АНУ дахь сагсан бөмбөгийн холбооны тухай дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Чикогийн монголчуудын сагсан бөмбөгийн холбоо гэж бий. Тус холбоог хариуцаад бараг 20 гаруй жил болж байна. Эндэх монголчуудыг нэгтгэе, биеийн тамираар хичээллүүлье гэж зорьсон. Дөрвөн жилийн өмнө "Monway cup" тэмцээн зохион байгуулагдаж эхэлсэн. Мөн сагсан бөмбөгийн “American Mongolian basketball association" гэдэг холбоо бий.
-Энэ жилийн тэмцээний онцлог юу байв. Хэчнээн багийн хэдэн тамирчин ирж оролцсон бэ?
-Энэ жилийн "Monway cup" тэмцээнд 20 гаруй баг оролцлоо. 35-аас дээш, 35 доош насныхны болон эмэгтэйчүүдийн гэсэн ангиллаар явагдсан. 200 гаруй хүн тэдгээрийн ар гэр ирж оролцсон.
-Чикагогоос өөр ямар хотуудаас монголчууд зорьж ирж оролцов?
-Нью-Жерсигээс халимаг монголчууд нэг баг бүрдүүлээд манайд тэмцээнийг бүр зорьж ирсэн. Мөн Вашингтон ДС, Канзас гэсэн хотуудаас ирсэн. Энэхүү тэмцээн элэг нэгт монгол залуусыг нэгтгэдэг учраас сайхан санагддаг.
Ярилцлагынхаа төгсгөлд тэд, "Хурдан эдгээрэй. Итгэл найдвараа битгий алдаарай. Олон хүмүүсийн зүрх сэтгэл чамтай хамт байгаа шүү. Тийм болохоор хүчтэй байгаарай. Хэрэв чи өвдөж байвал, шантарч шаналж байвал энэ мөчийг битгий мартаарай. Бидний хэлсэн үгийг санаад шүдээ зуугаад тэсээрэй. Эдгэчихээд бидэнтэй эргээд заавал холбогдоорой. Бид тэсэн ядан хүлээнэ ээ. Эрүүл Минжүүртэй эргээд уулзахын ерөөл тавья" хэмээн сэтгэлийн сайхан үгсээ харамгүй хуваалцлаа.
Мөн тэд зөвхөн АНУ гэлтгүй дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй элэг нэг монголчуудыгаа тус хандивын аянд нэгдэхийг уриаллаа. Амьдрал, урам бэлэглээд энэхүү хандивын үйлсэд нэгдээрэй гэж хүслээ.

Б.Минжүүрдорж, "Алс холоос намайг дэмжиж байгаа та бүхэндээ баярлалаа. Тэмцээн зохион байгуулсан, оролцсон хүмүүстээ маш их баярлалаа. Би чадна, ард нь гарна гэдэгтээ итгэлтэй байгаа. Эдгэснийхээ дараа холбогдож, сайхан мэдээгээ хуваалцана аа" гэлээ.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хандивын аян зохион байгуулсан АНУ- д ажиллаж амьдарч буй монголчуудад баярлаж т�##�архаж байна...иргэн Минжүүрдоржид эрүүл энхийг ерөөе...хурдан эмчилүүлж эдгэрэхийг хүсье
6 nastiest hushed yumuu