Хятад улс Тайваньд ойрхон байлдааны сургуулилт хийж эхэллээ

БНХАУ-ын зэвсэгт хүчин даваа гарагт /2024.10.14/ Тайванийг тойруулж, ойрхон байршлуудад байлдааны сургуулилт хийж эхэлсэн байна. Энэ нь Тайванийн тусгаар тогтнолын хүчний салан тусгаарлах үйлдэлд өгч буй анхааруулга гэж Хятадын арми мэдэгдсэн юм. Тус сургуулилтыг Тайвань болон АНУ-ын засгийн газрууд зэмлэн буруушаажээ.
Тайванийн Ерөнхийлөгч Лай Чинтэ өнгөрсөн долоо хоногт БНХАУ-тай нэгдэх нь боломжгүй, Тайванийн төр тус улсаас илүү удаан оршин тогтносон учир гэсэн. Үүний дараа тус улс БНХАУ дахин байлдааны сургуулилт хийнэ гэж таамаглаж байсан. Лай Чинтэгийн хэлсэн үгийг Бээжин шүүмжилсэн юм.
БНХАУ-ын зэвсэгт хүчний зүүн командлал мэдэгдэл хийхдээ “Joint Sword-2024B” сургуулилт Тайванийн хоолой болон Тайванийн хойд, өмнөд зүүн бүс нутагт болж байна гэжээ. Тус мэдэгдэлд “Энэхүү сургуулилт нь Тайванийн тусгаар тогтнолын хүчний салан тусгаарлагчдын үйл ажиллагаанд өгч буй хатуу анхааруулга. Тус сургуулилт бол улсын бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг хамгаалах хууль ёсны, зайлшгүй ажиллагаа” хэмээсэн байна. Харин сургуулилт хэзээ дуусах талаар мэдээлэл өгөөгүй.
Тайвань дахь Хятадын талаарх бодлогыг боловсруулдаг Эх газрын хэрэг эрхлэх зөвлөл сургуулилтыг илэрхий өдөөн хатгалтай гэжээ. Мөн байлдааны сургуулилт хийж, хүч хэрэглэхээс татгалзахгүй байгаа нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг ноцтой алдагдуулж буй явдал хэмээсэн юм.
Харин Лай Чинтэгийн тамгын газар Бүгд Найрамдах Хятад улсын эрх чөлөөтэй, ардчилсан амьдралын хэв хаягийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэжээ. Тайванийн аюулгүй байдлын албаны өндөр албан тушаалтан нэрээ нууцлан “Reuters” агентлагт мэдээлэл өгөхдөө БНХАУ нь Тайванийн хойд болон өмнөд хэсэгт байрлах боомтуудад хаалт тавьж, гаднын цэргийн хүчин ирэхийг няцаах сургуулилт явуулж байж магадгүй гэсэн байна.
Вашингтонд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены захиргаа Хятадын явуулж буй сургуулилтыг сайн ажиглаж байгаа, Лай Чинтэ үг хэлсний хариуд ийм үйлдэл хийхийг нь зөвтгөх үндэслэлгүй хэмээсэн юм.
Тайванийн арлыг хэзээ ч удирдаж байгаагүй ч Хятадын Коммунист нам заавал нэгтгэнэ, шаардлагатай бол хүч ашиглана гэдгээ мэдэгдсэн. Мөн энэ зорилгоо биелүүлэхийн тулд цэргийн хүч ашиглахаас буцахгүй гэсэн байгаа.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энхтайванч байсан нь дээр.
Сайхан баййлд