“Нисванис”-ын Амгаа: Залуужиж байгаа үзэгчдээ хараад боломжийн явна гэж ойлгодог

“Сургууль нураасай”, Эмийн сан руу алхсан нь”, “Аборт“, “Би тамхиа татаад дуусч байна”, Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч”, “Улаан хэрүүлч”, “Нисдэг таваг” ... гээд тоочоод бичвэл лавтай 70 руу дөхөх нь. Зөвхөн өөрсдөө дуулдаг дуунууд нь. Энэ бол “Нисванис”.
Харин тоондоо сайн ч, дуу бүтээлээ тоолж байсангүй. Дөрвөн цомгоо залхуурахгүй бүтнээр нь сонсож үзмээр санагддаг. Мартагдсан дуунууд нэлээд бий байх. “Нисванис” айхтар амжилтад хүрээгүй, одоо л эхэлж байна. Би амьдрал дээр оюун санаагаа л хөгжилтэй байлгах дуртай гэж ярих энэ хүн бол “Нисванис”-ын Амгаа буюу хөгжмийн багш Лонжидын Энх-Амгалан.
“Нисванис” хамтлаг 28 настай. Энэ хугацаанд “Хүчилтөрөгч”, “Саарал үе”, “Нисдэг таваг”, “Гар хангалга” дөрвөн цомог гаргасан. Харин 2024 онд “Саарал үе”, “Гар хангалга” пянзаа гаргасан. Пянзны баяр аравдугаар сарын 19-нд хийх гэж буй. Энэ бүхнийг тохиолдуулаад “Нисванис”-тай уулзлаа. Эхлээд Л.Энх-Амгалантай ярилцав.
-Тоглолтын талаар мэдээлэл өгөөч?
-Манайх дөрвөн цомгийнхоо 2, 4-ийг нь пянз болгож “Саарал үе”, “Гар хангалга” хоёроо Америкт хэвлүүлээд ирсэн. Ингээд пянзныхаа нээлтийг 2024 оны 10 дугаар сарын 19-нд Корпарэйтэд хийж, тоглох гэж байна. Пянз гэдэг маш их ажил болдог юм байна. Хаа байсан коронагаас өмнө эхэлсэн. Америк энэ чиглэлийн цөөн хэдэн чанартай үйлдвэртэй. Яг пянзаа оруулах гэсэн чинь дэлхийн том дуучид Мадоннагаас авахуулаад 50-100 сая ширхэг хэвлүүлэхээр бүх үйлдвэрүүд ажил ихтэй болоод манайх шиг жижиг хамтлагууд хойш тавигдсан. Ингээд хэсэг хугацаа өнгөрчихлөө. Коронагийн үе арайхийж дуусгаад пянз болгоод ирлээ л гэсэн үг.
-Тантай уулзахаасаа өмнө хайлт хийж үзлээ. Бас уулзаад ярилаа. Ихэнхдээ коронагаас болоод гэж ярьж. Таны амьдралд тохиолдсон хамгийн том асуудал корона бололтой?
-Ганц надад биш дэлхий даяараа л асуудал болсон. Гэхдээ би л их эмзэглэсэн юмшиг байгаа юм. “Нисванис” 1996 оноос хойш жилд хоёр удаа тоглож ирсэн, корона хүртэл. /инээв/. Жил бүрийн 9 сарын 18-нд фэн клубын өдөр, 4 сарын 19-нд төрсөн өдрийн баяраараа “Нис, нис” фестиваль болдог. 28 жилийн түүхэнд корона л хоёр удаа завсарлууллаа. Одоо бол бүгд эргээд сэргэх замруугаа орж байна даа.
-Пянз дээр манайх мэтийн жижиг хамтлаг гэсэн. Монголдоо бол танайх мэтийн том хамтлаг биз дээ?
-Үүнийг үзэгчид л дүгнэнэ дээ. Энэ бол ерөөсөө цаг хугацаа болон үзэгчдийн дүгнэлт шүү.
-28 жилээ эргээд харахаар танд юу бодогддог вэ?
-Хүний сэтгэл ханахгүй. Одоо л эхэлж байна гэсэн сэтгэгдэл төрдөг. Би бол яг одоо л үзүүлмээр, бяр амтагдаж байна.
-Ханаагүй хүслийнхээ жагсаалтаас танилцуулаач?
-Наад зах нь залуу байгаа дээрээ жаахан хүнд төрлөөр тогломоор байна. Бид нар гранж, панк, альтернатив, металлаар тоглосон. Одоо жаахан “хүндрүүлнэ”. Эхлэл нь болох “Зургаадугаар тасаг”, “Аугаа санаа” youtube-ээр цацагдсан. Хүнд металл тоглож үзмээр байгаа.
-Тэрний дараагийн хүсэл нь...?
-Янз, янзын туршилт хийх сонирхол байна. Дараа нь акустик, зөөлөн аялгуу хийж үзмээр байна. Энэ мэтээр хоорондоо ярилцдаг хүслийн жагсаалт бий. Бид нар өөрсдөө бэлэн болчхоод байгаа учраас хэлж байгаа юм шүү.
-Залуу байгаа дээрээ гэдэг үг таалагдлаа. Та хэдтэйм бэ?
-Дөнгөж 28 нас хүрч байна. /Хамтлагийн нас/ Иргэний үнэмлэхний нас ч бас гайгүй ш тээ.
-Дөнгөж 28 насандаа та сонсогчдодоо хэрхэн харж байгаа вэ?
-Анзаарч байна. Дэлхийн хэмжээнд “Металика” 2008 онд ерөнхийдөө дууссан. Гэтэл одоо шинэ үе гарч ирээд бүр бүүм болгочихлоо. Бидний сонсогчид ч гэсэн залуужаад 13, 14 настай хүүхдүүд нэмэгдэж байгаа. Цаг хугацаа ингэж л эргэдэг юм байна. Үүнд бид өөрсдийгөө боломжоороо шинэчлээд явах ёстой гэж харж байгаа.
-Таны дуунаад өөрөөс тань ихэвчлэн хэрхэн гардаг вэ. Олон хүн ингэж боддог байх аа?
-Янз, янз. Юмхнаар юм хийчих санаатай явдаг даа. Хүмүүсийн харилцаанаас, бодлоосоо гэх мэт жижиг зүйлээс өөрийн гэсэн гоё санааг олохсон гэсэн бодол байнга тээж явдаг. Зарим нь биелээд бүтээл болно, зарим нь замхраад юу ч болов. Би энэ амьдралд оюун санаагаа хөгжилтэй байхад анхаардаг. Тэрийгээ хамтлагийнхантайгаа хуваалцана. Дөрвөн өөр ертөнц нэг зүйл дээр төвлөрч нэгдэнэ гэдэг бол маш их цаг хугацаа, сэтгэл санаа, хичээл зүтгэл бас итгэл.
-Юмхнаар юм хийсэн амжилттай жишээ...?
-Манайх боломжийн л яваа. Айхтар том амжилтад хүрээгүй. Бүх бүтээл маань л юмхнаас юм болсон.
-Хамтлагтаа зориулж хийсэн бүтээл, бусад уран бүтээлчидтэй хамтарсан дуунууд гээд зөндөө байхаа...?
-Тоондоо сайн ч яг энэ төрлийн тоонд муу. Үнэндээ хэлж мэдэхгүй байна. МУГЖ Т.Ариунаа, Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуя, блюз хатагтай Б.Мягмарсүрэн за тэгээд Отгоо, Rokit Bay, Баярцэцэг эд нартай хамтраад цөөн хэдэн дуу хийсэн шүү.
-Тэрэнтэй хамтраад нэг дуу бүтээл гаргахсан гэсэн хүсэл байх уу?
-Яг ч тэгж боддоггүй. Миний хоолойноос болдог байж магад. Өөртөө жаахан чамлалттай явдаг. Залуу уран бүтээлчид шинээр гарахад миний ямар нэгэн зүйл хэрэгтэй болбол дэмжихэд бэлэн. Ийм бодлыг харин үргэлж тээж явдаг даа.
-Шантраад хаачихав, өөр орох орц, гарах гарцгүй-

-“Нисванис” түүхэндээ хэр сэлгэгдсэн бэ. Санаж байгаагаар Д.Дарханбат та хоёр 28 жил байсаар ирсэн. Бусад нь...?
-Эхлээд тавуулаа байсан. Энэ хугацаанд Дархаа бид хоёроос бусад гишүүд солигдсон. Бөмбөрчин л гэхэд эхлээд Алтан-Эрдэнэ хэсэг тоглосон, дараа нь “Хурд”-ын Отгонбаатар нэг жил тоглоод ах нар руугаа явсан. Тэгээд “Номинталст”-ын Батсүхийн дүү Тулгаа, дараа нь Содгариг гээд найз маань, Вадим, ингээд Анар орж ирсэн. Соль гитарчин Цацрал, Тамираа, “Чингис хаан”-ы Шинэ-Од гэж явж байгаад одоо Хосоо маань тоглож байна. Амгаа, Дархаа, Хосоо, Анар гэсэн энэ бүрэлдэхүүнээрээ арваад жил болж байна.
-Тогтвортойгоор оршсон хамтлаг. Зах зээл талаасаа харвал хэр амжилттай явж ирсэн бэ?
-Оргүй хоосноос өдий хүрсэн гэхэд хилсдэхгүй. Бүх салбар уналтад орсон 1996 он юун рок хөгжим сонсох, яаж амьдрах вэ гээд нийгмээрээ нийтээрээ ахуйн гарц хайж байсан үе. Тэгээд алхам, алхмаар явсан. Эрдэнэт хотод таван үзэгчтэй тоглолт хйиж байлаа. Үзэгч цөөхөн байна гэхгүйгээр тоглолтоо хийгээд, боломжоороо цомгоо гаргаад яваад байсан. Цаг хугацааны шалгуураар, жамаараа л явна даа.
-Шантарч байсан үе бий юу?
-Шантраад хаачхав даа. Өөр юм хийж чадахгүй. Гарах гарц, орох орцгүй хүн чинь /инээв/. Дажгүй шүү.
-“Часхийсэн эрүүл хүний тухай” шүлгийг танд зориулсан байдаг. Яруу найрагч Б.Галсансүхийнх. Санал нийлэх үү, часхийсэн эрүүл хүн гэдэгтээ?
-Нөхөрлөлийн илэрхийлэл болгосон тэр хүний л бодол юмуу даа. Часхийсэн эрүүл хүн гэдэг чинь энэ хажууд сууж байна. /Бөмбөрчин А.Анар/. Гэхдээ хаалтан дотор шүү. /инээв/
-Бөмбөрчин А.Анар: Би танайд орж болох уу гээд шууд хэлсэн-
Бөмбөрчин А.Анар эндээс ярианд орж ирлээ. Тодотгоход тэр “The Lemons” хамтлагийн анхны бүрэлдэхүүнд тоглож байсан бөмбөрчин нь. 2008 оноос “Нисванис”-ын гишүүн болсон.

-“Часхийсэн эрүүл хүн” А.Анарыг шашин судлаач гэхээр амьд хөгжим сонирхогчид илүүтэй ихээр сонирхож сонжиж харсан болов уу?
-Шашинд сонирхолтой судалдаг, уншдаг.
-Хамтлагтаа хэрхэн орж ирэв?
-2008 он, 20 хэдэн настайдаа нэгдсэн. Өөрөө хүрээд ирсэн дээ. Урд сурч байгаад амралтаа ирчхээд нэг клубт тоглож байхад нь үзсэн. Хамт явж байсан найз маань “Эднийх бөмбөрчингүй болчихсон” гэж хэлсэн. Тэгээд нэг их урт юм болоогүй. Тоглолтын дараа шууд очоод “Би танайд орж болох уу” гэсэн чинь “Тэгээч” л гэсэн.
Л.Энх-Амгалан: Тэр үед бөмбөрчин маань гарчихсан. “Меднесс” хамтлагийн Вадим гээд орос бөмбөрчин тоглож байгаад нутаг буцчихсан “яанаа” дээрээ тавьчихсан байсан үе. Гэтэл энэ гэнэт гараад ирсэн. Чи нэг тоглоод үз дээ гэсэн чинь таалагдсан. Тэгээд л манай хүн болсон доо.
-“Нисванис”-тай нэгдсэнээр юу болов ?
-Сахалтай боллоо, халзан боллоо. /инээв/ Сайхан байнаа, сайхан байна.
-Таны шашин судлаач гэсэн. Энэ нь уран бүтээлд нь хэрхэн тусдаг вэ?
-Янз бүр дээ. Мэдээж миний судалдаг, сонирхолтой сэдэв бүхий л зүйлд ямар нэгэн байдлаар нөлөөлнө, тусна. Манай хамтлагийн дууны үгийг ерөнхийдөө Амгаа ах бичнэ. Утга санаагаа тодорхойлоход нэлээд идэвхтэй оролцдог. Одоо энэ пянзны араас гарах металл цомогт миний бие нэлээд идэвхтэй оролцсон доо. Тэндээс харж болно.
-“Нисванис”-ын сонсогч нар залуужиж байгаад баяртай байгаа. Та нар үүнийг мэдрэхээр гоё байна уу?
Л.Энх-Амгалан: Байнга өөрчлөгдөж, шинэчлэгддэг юм байна. Ер нь амжилттай яваа хамтлагийн үзэгчид нь өөрчлөгдөж байх ёстой гэнэ. Зогсонги байдалд орчихвол үзэгчид нь цуг зогсчихдог. Одоогоор боломжийн яваа гэдгээ яаж ойлгож байгаа вэ гэхээр манай үзэгчид улам залуужаад байгаа. Тэгэхээр болж байнаа л гээд бодоход сайхан. Харин энэ үе бид нартай цуг хөгшрөөд залуу үе зогсчихвол хамтлаг больжээ л гэж ойлгох нь.
А.Анар: Залуус сонсож байна гэдэг нь сувинер болчихгүй, дурсамж биш шинэлэг байдлаар байгаад байна гэсэн үг. Хаа хүрэх юм байгаа юм бүү мэд. Гарцаагүй органикаараа явдаг төрөл л дөө. 28 жилийн дараа 15 настай хүүхэд сонссон ч амьд, органик байгаад байна.
-Шинэ давалгаанд юуг өгье гэж боддог вэ?
А.Анар: Одоо яг байгаагаа л гаргах ёстой. Бид нарт юу байна тэрийгээ нийлүүлээд базаад шидэх нь чухал. Тэр нь органик. Төлөвлөчих л юмбол сувинер болно. Байгаагаараа л байвал болчихно. Төлөвлөвөл таалагдах гээд хичээж байна гэсэн үг. Яахав бүрэлдээгүй хамтлагт бол нэг олигтой бүтээл гардаггүй цаг хугацаа бий. Тэрээ үеэ төлөвлөөд даван туулдаг байж магадгүй.
-“Нисванис” бүрэлдчихжээ, тээ?
Л.Энх-Амгалан: Тогтносон, тогтносон. Залуус хамгийн зөв мессеж. Тэд шинэ органик зүйлд тэмүүлдэг. Тийм учраас бид нарыг сонсож, холбоо үүсгэж байна. 20 жилийн дараа дахиад 20 настнууд сонсож байвал ок л гэсэн үг.
-Бидний үеийнхэнг яах уу?
Л.Энх-Амгалан: Тэд үүргээ гүйцэтгэсэн. Зарим нь амьдралын нугачаанд хөгжмөөс холддог. Залуу хүмүүс шинийг хайж, эрч хүч юу л байна сонирхоод араас нь явдаг. Бид чадвал тэд байж л байна. Чадахгүй бол баяртай.
-Захиалгаар дуу хийж байв уу. Баянгол дүүрэг минь гэдэг шиг?
-Хийсэн, нэг удаа. “Stella artois” пивоны дууг санаж байна уу. Цомогтой болохын тулд тэр саналыг хүлээн зөвшөөрсөн. Дуу ч гэсэн дажгүй болсон. Ингээд захиалгын ганц дуугаараа цомог хийчихсэн юм. Булган сүүлтэй дуу шүү. /инээв/ Яг араас нь “Эмийн сан руу алхсан нь” гараад өөрсдөө тэрнээсээ цочоод, манай нэрийн хуудас болсон доо.
-Танай хамтлаг хоёр хөгжмийн багштай. Тэгээд “Сургууль нураасай” гээд дуулаад байдаг?
-Тэгсээн, багшлах нүүргүй болсон. За, за тоглосон юм шүү. Багшийг муулж, байшин барилга нураая гэсэн санаа биш. Боловсролын системийг шүүмжилсэн хэрэг. Одоо ч үнэ цэнээ алдаагүй бүтээл.
-Магадгүй, залуучууд хүүхдүүд энэ дууг сонсох дуртай байх. Хэр дуулж байгаа вэ, үүнийгээ?
-Санавал дуулна. Нэг цомог маань 16-18 дуутай. Дөрвөн цомог гэхээр 60-70 дуу байна гэсэн үг. Тэгсэн хэрнээ яг дуулъя гэхээр дуу олддоггүй учраас санаснаа л дуулна. Дөрвөн цомгоо тэвчээд нэг сонсоод суумаар байгаа юм. Бид нар клубуудад тоглодог. Хүмүүс аймаар сонин, сонин дуу сонсоё гэдэг. Заримыг нь бүр өөрсдөө ч санахгүй. Байнга тоглодог дуунууд гарт орчихсон. Тийм тал бас байна.
-Залуу артистууд танай дууг дуулдаг. Альтернатив Отгоо, “Metronome” гээд олон. Танаас асуудаг биз дээ?
-Дүү нар гоё найруулаад дуулж байгаа ш тээ. Эрхлээд толгой дээр гарчихсан. Ах тэрийг дууллаа шүү, за за иймэрхүү яриа бол болно. Бид нараас илүү гоё дуулж байгаа. Манай Дархаа Metronome-ын “Нисдэг таваг”-ийг сонсоод “ийм гоё дуу байсан юмуу” гээд бараг шүтээд байсан шүү. Нэг дуу гарлаа, хүмүүст хүрлээ тэгээд болоо. Минийх энэ тэр гэсэн хүүхдийн санаа огт хэрэггүй. Бид “Нисдэг таваг” цомогоо энд орсон дуунуудыг хэн ч, хэзээ ч дуулж болно гэсэн үгтэй хэвлэсэн.
-“Нисванис” үе үеийн сонсогчидтой хамтлаг. Тэдэндээ хандаад юуг хэлмээр байна?
Л.Энх-Амгалан: Манай дуунуудаас өөрсдийнхөөи халбаганы хэмжээгээр эрч хүч, энерги, бодол санааг хутгаж аваасай. Бямба гарагийн тоглолт дээр ирээд 4-5 цагийг маш гоё өнгөрүүлээрэй. “Нис, нис” энэ тэрээс өөр смүүт тоглолт болно.
А.Анар: Нээлттэй сайхан сонсоорой. Ер нь сонсож байгаад зүйлдээ нээлттэй байхад болно. Өмнөх тоглолтуудаас бүр смүүт болно. “The Galtman”, “The Lemons”, “А sound” оролцоно. “Нисванис” өөрсдөө голлож, илүү их цагийг үзэгчдэдээ зориулна.
Бидний энгийндүү хөнгөн яриа өндөрлөв. Бид одоо л эхэлж байна, нэг их амжилтад хүрээгүй хэмээн ноён Амгаа инээд алдан ярих ч “Нисванис” бол монголын хөгжмийн ертөнцийн тод нэрийн хуудас. Нис нис “Нисванис” жамаараа л яваа рокерууд минь.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ИХ ЗАВААРЦАН ҮГТЭЙ ДУУНУУД ТААЛАГДСАН ТААЛАГДСАН СЕКС БАННЫ ӨРӨӨНД БОСООГООР НЬ БАВЧИХААД ДАРАА НЬ НОВ НОГООН ИДЭЭ ЦУВСАН Ч ГЭХ ШИГ.СУРГУУЛЬ НУРААСАЙ ЗАХИРАЛ ҮХЭЭСЭЙ Ч ГЭХ ШИГ ЭНИЙГЭЭ ТЭГЭЭД ЭНЭ МАРЗАН НӨХӨР УРЛАГ ГЭЖ БАЙГАА ЮМ УУ? ЧИ ЗҮГЭЭР Л МАНАЙ СУМАНД КЛУБЫН ГАЛЧААР ИРЧИХ ҮХЭР ХОНЬ ӨГЬЕ БАС ЗАРЛАГА МАНААЧ ХИЙЖ БОЛНО БОДОЖ ҮЗЭЭРЭЙ БАС ЮУН ГАР ХАНГАЛАГА ВЭ? ӨСВӨР ЗАЛУУ ҮЕИЙГ БУРУУ ХҮМҮҮЖЛЭЭР СУРТАЛДААД ҮҮНИЙГ ЗОГСООЁ ЭНЭ БОЛ УРЛАГ БИШ ЗАЛУУ ҮЕИЙГ ӨӨР ШИГЭЭ БОЛГОХ ХОРТ ЯВУУЛЛАГА ГЭЖ БИ БОДОЖ БАЙНА.