СПОРТСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Э.Цэндбаатар Монголын ХАМГИЙН ШИЛДЭГ ТАМИРЧИН боллоо

-За, баяр хүргэе, ахын дүү

-Баярлалаа. Шилдгийн шилдэг болно гэж ёстой бодоогүй. Энэ их том шагнал байх, тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Монголын хамгийн шилдэг тамирчин болсон гэсэн үг.

-Хөөх, тийм үү. Ямар гоё юм бэ.

Э.Цэндбаатарыг өнөө жилийн “Бөртэ чоно” наадмын шилдгийн шилдэг тамирчин болоход нь уулзахад бид хоёрын дунд ийм яриа өрнөсөн юм. Монголын спортынхны “Оскар” гэгддэг “Бөртэ чоно” наадам өчигдөр болж, шилдгүүдээ тодруулсан нь энэ.

Монголын спортын хүрээнийхэн жил бүр цуглан, “Бөртэ чоно” наадмаа хийн, халуун ам бүлээрээ цуглардаг уламжлалтай. Өнөө жил “Корпорэйт конвеншн центрт”-т болсон тус наадмыг МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Д.Цоодол, Ч.Ичинхорлоо, спортын сэтгүүлч Д.Батжаргал нар хөтөлсөн нь тун ч зөв сонголт байсныг онцолъё.

Э.ЦЭНДБААТАР: АЛДАЖ, ОНОХ БҮХИЙ Л ҮЕД ДЭРГЭД МИНЬ БАЙДАГ ХАНЬДАА БАЯРЛАЛАА

Энэ жил шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, багийг спортын сэтгүүлчдийн саналаар тодруулсан. 2019 онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, Азийн аварга болсон боксчин Э.Цэндбаатар шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин болов. Тэрбээр шагналаа гардаж авахдаа “Энэ сайхан шагналыг авч буйдаа маш их баяртай байна. Монголын ард түмэн, Монголын боксын холбооны хамт олондоо маш их баярлалаа. Монголын ард түмнийхээ энэ их итгэлийг амжилтаар хариулахын төлөө өөрийгөө улам дайчилна.

Өнөөдөр би нэг юм хэлмээр байна. Намайг алдахад ч, оноход ч үргэлж дэргэд минь байсан ханьдаа үнэхээр их баярлалаа, хайртай шүү” гэв.

Шилдэг эрэгтэй тамирчнаар сагсан бөмбөгийн 3x3 төрлийн дэлхийн гран прид түрүүлэхдээ үнэ цэнэтэй тамирчнаар шалгарсан Д.Дэлгэрням, энэ жил Азийн аварга болсон амжилтаар жүдоч Л.Отгонбаатар нар шалгарсан. Л.Отгонбаатар “World masters” зодоглож яваа тул “Бөртэ чоно” наадамд оролцож амжаагүй.

Д.Дэлгэрням “Багийн спортын төрлөөр шилдэг тамирчин болсондоо баяртай байна. Бид 3x3 төрөлд олон шилдэг амжилт гаргаж, олимпын эрх авсан. “Бөртэ чоно” наадамд анх удаа нэр дэвшээд шилдэг боллоо.

Өнөө жил гурван жүдоч Азийн аварга болсныг уншигчид сайн мэднэ. Үүний сацуу дэлхийн аварга болсон хоёр самбоч шилдэг болоогүйд олон хүн сэтгэл дундуур яваа нь анзаарагдсан.

М.АНХЦЭЦЭГ “БӨРТЭ ЧОНО” ШАГНАЛЫГ ДӨРӨВ ДЭХЭЭ ХҮРТЭВ

Монголын шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаас ОУХМ М.Анхцэцэг тодорсон. Өнгөрсөн жил үрийн зулай үнэрлэсэн тэрбээр энэ оны дөрөвдүгээр сараас бэлтгэлээ хийж эхэлсэн. Улмаар насанд хүрэгчдийн Азийн дэд аварга болж, ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа хүртсэн юм.

М.Анхцэцэг  “Спорт гэдэг асар их хүч хөдөлмөрөөр бүтдэг. Энэ бол нэг хүний амжилт биш. Үүний ард байгаа Монголын хүндийг өргөлтийн холбоонд зүтгэсэн үеийн үеийн зүтгэлтнүүд, дасгалжуулагчид, тамирчид, ивээн тэтгэгчдийн шагнал юм шүү. Ц.Хосбаяр багшдаа, намайг өсгөж хүмүүжүүлсэн аав, ээждээ, ханьдаа баярлалаа.

Би “Бөртэ чоно” шагналыг дөрөв дэх удаагаа хүртлээ. Өнгөрсөн жил үрийн зулай үнэрлээд өнжсөн. Хэдхэн хоногийн өмнө аав, ээж хоёр минь надад “2018 онд миний охин амьдралынхаа хамгийн том “Бөртэ чоно”-ыг хүртсэн юм шүү” гэсэн. Та нартаа баярлалаа. Долоо хоногийн дараа Дэлхийн цомын тэмцээнд оролцоно. Намайг шилдгийн шилдэг тамирчнаар тодруулсан Монголын спортын сэтгүүлчиддээ баярлалаа. Токиогийн олимпын эрх авахын төлөө хичээнэ” гэлээ.

Өнөө жил шилдэг эмэгтэй тамирчнаар Хөдөлмөрийн баатар дэлхийн аварга С.Батцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, олимпын эрх авсан амжилтаар, Гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Уранцэцэг ДАШТ-ээс хүрэл, Анталиягийн гран пригаас мөнгө, “Тбилис-2019”-өөс хүрэл медаль хүртсэн амжилтаар шалгарлаа. М.Уранцэцэг “World masters” тэмцээнд зодоглож яваа тул түүний багш, Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа шагналыг нь төлөөлж авав.

МОНГОЛЫН БОКСЧИДООС ХОЁР ЖИЛ ДАРААЛАН ШИЛДГИЙН ШИЛДЭГ ТАМИРЧИН ТӨРЛӨӨ

Ийнхүү шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчид тодрон, тэднээс хэн нь шилдгийн шилдэг болж, шилжин явах цом өргөх нь энэ оройн гол үйл явдал байлаа. ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга Э.Цэндбаатар 2019 онд гаргасан амжилтаараа бусдыгаа манлайлж, Монгол Улсын хамгийн шилдэг тамирчин болов. Өнгөрсөн жил эл шагналыг улсын 11 удаагийн аварга, ДАШТ-ий медальт Монголын анхны эмэгтэй боксчин М.Нандинцэцэг “Бөртэ чоно”-д анх удаа нэр дэвшээд хүртсэн. Ингэснээр Монголын боксчдоос хоёр жил дараалан шилдгийн шилдэг тамирчин төрсөн нь яах аргагүй давтахад бэрх амжилт.

Спортын шилдэг сэтгүүлч. М.Сугар-Эрдэнэ (Zindaa.mn).

Өнөө жилийн “Бөртэ чоно” наадмын нүдээ олсон шагналын нэг нь яах аргагүй Сугараа ах шилдэг сэтгүүлч болсон явдал байлаа. Түүнийг “Таван цагариг”-ийн Сугар-Эрдэнэ, сүмо бөхийн нэвтэрхий толь гэдгээр нь спортын хүрээнийхэн бүр ч илүү сайн мэднэ. Сугараа ах 1996 оноос хойш спортын сэтгүүлчээр тууштай ажиллаж, уншууртай нийтлэл, ярилцлагаараа уншигчдынхаа “цангаа”-г тайлсаар ирсэн хөдөлмөрөө ийнхүү үнэлүүллээ. Сугараа ах “Бөртэ чоно хүртэхдээ “Таван цагариг”-ийнхний өмөг түшиг, бахархал болсон Ото ах (Ж.Отгонцагаан), Баагий ах (С.Батбаатар), талийгаач Сүхээ ах (Ч.Сүхбаатар) нартаа баярлаж явдгаа илэрхийлсэн юм.

Шилдэг залуу тамирчин: Л.Сосорбарам.

Тэрбээр “World masters” тэмцээнд оролцож байгаа тул шагналыг нь түүний багш Л.Лувсандэмбэрэл гардав. Тэрбээр “Өнөөдөр энэ сайхан шагналыг шавь минь хүртсэнд баяртай байна. Л.Сосорбарам энэ жил залуучуудын ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны эмэгтэй жүдоч болсон. Шавийн минь ээж, гэр бүл, МЖБХ, Баянхонгорын аймгийн Засаг даргын тамгийн газарт баярлаж явдаг. Бид хоёр цаашид улам хичээнэ ээ” гэлээ.

Шилдэг баг: Монголын багийн спортын түүхэнд анх удаа олимпын эрх авсан сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэйчүүдийн шигшээ баг

Багаа төлөөлж дасгалжуулагч С.Тулга “1964 онд сагсан бөмбөгийн спорт олимпын хөтөлбөрт багтсан түүхтэй. 56 жилийн дараа монголчууд сагсан бөмбөгийн төрлөөр олимпод оролцохоор боллоо. Үе үеийн сагсан бөмбөгчдийн амжилт юм шүү. Дэмждэг бүх байгууллага, хамт олон, монгол түмэндээ баярлалаа” гэв.

Шилдэг клуб: Жиү жицү бөхийн “Гаруда” клуб

Шилдэг хөрөнгө оруулалттай холбоо: Монголын уулчдын үндэсний холбоо

Үндэсний спортын шилдэг холбоо: Морин спорт уяачдын холбоо

Ажил мэргэжлийн шилдэг холбоо: Монголын үндэсний олипийн академи

Нийтийн болон хөгжиж байгаа спортын шилдэг холбоо: Монголын Ширээний теннисний холбоо

Олимпын төрлийн шилдэг холбоо: Монголын Чөлөөт бөхийн холбоо

МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр “Монголын чөлөөт бөхийн холбооны нэрийн өмнөөс энд цугласан та бүхнийгээ хүндэтгэн мэхийн ёсолъё. Энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэндээ манай холбооны хамт олон туйлын баяртай байна. Манай чөлөөт бөхийн тамирчид энэ жил нас насны ангиллын ДАШТ-ээс 18 медаль хүртэн, олимпын хоёр эрх авсан. Чөлөөт бөхийн спортын төлөө зүтгэж яваа үе үеийн хамтран зүтгэгчид, ивээн тэтгэгчид, тамирчид, дасгалжуулагч, шүүгч нартаа баярлалаа.

Олимпын бус төрлийн шилдэг холбоо: Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо

Спорт холбооны шилдэг нарийн бичгийн дарга: Г.Ерөөлбат

Тэрбээр “Өндөр хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй олон шилдэг холбоо Монголд бий. Тэдгээрийн ерөнхий нарийн бичгийн дарга нартай өрсөлдөж “Бөртэ чоно” хүртсэндээ баяртай байна. Энэ шагналыг хүртэхэд маш олон хүний хүч, хөдөлмөр шингэсэн юм шүү” гэв.

Ингэснээр Г.Ерөөлбат “Бөртэ чоно” наадмыг гурав дахиа өргөлөө. Түүний хань гавьяат тамирчин Ц.Энхжаргал “Бөртэ чоно” хүртэж байсан. Ингэснээр тэднийх дөрвөн “Бөртэ чоно”-той боллоо.

Спорт холбооны шилдэг ерөнхийлөгч: Монголын Самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл

Шилдэг дасгалжуулагч: Б.Ундралбат (буудлага)

Шилдэг дасгалжуулагч: С.Тулга (3х3 сагсан бөмбөг)

Шилдэг олимпын зүтгэлтэн: “Аварга” дээд сургуулийн багш А.Элбэг

Шилдэг шүүгч: Азийн элит шүүгч Р.Жаргалсайхан (хөлбөмбөг)

Энэ жил оюутны дэлхийн универсиад наадам, Азийн АШТ шүүсэн, “Токио-2020” паралимпийн наадам шүүх болзол хангасан Э.Саруул (байт харваа).

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-12-14 13:26

Хүндиин өргөлтиин Анхцэцэгт гавьяат цолыг нь өгөөчээ

Холбоотой мэдээ

Back to top button