Тайванийг тойрон БНХАУ-ын 153 байлдааны онгоц сургуулилт хийжээ

БНХАУ-ын зэвсэгт хүчин даваа гарагт /2024.10.14/ Тайванийн арлыг тойрон байлдааны сургуулилт хийж эхэлсэн. Тэгвэл даваа гарагаас мягмар гарагийн /2024.10.15/ хооронд, 25 цагийн хугацаанд БНХАУ-ын 153 байлдааны онгоц Тайванийн ойролцоо сургуулилт хийсэн байна. Урьд өмнө нь ийм олон тооны онгоц Тайванийн ойролцоо нисэж байгаагүй.
Тэдгээр онгоцнуудын 11 нь БНХАУ, Тайванийн хооронд орших дундаж шугамыг давжээ. Дундаж шугамыг Бээжин хүлээн зөвшөөрдөггүй ч сүүлийн хэдэн жилээс өмнө тус шугамыг хүндэлж, давдаггүй байсан юм. Шугамыг давсан онгоцнууд Тайванийн агаарын хамгаалалтын бүсэд мөн нэвтэрсэн байна. Гэхдээ онгоцнууд Тайванийн агаарын хилд нэвтрээгүй юм.
БНХАУ-ын зэвсэгт хүчин тэрхүү байлдааны сургуулилт нь Тайванийн тусгаар тогтнолын хүчний явуулж буй салан тусгаарлах ажиллагаанд өгч буй хатуу анхааруулга хэмээсэн. Тус сургуулилт Тайванийн Ерөнхийлөгч Лай Чинтэ Тайвань БНХАУ-д нэгдэх боломжгүй, яагаад гэвэл улсынх нь төр илүү удаан оршиж байгаа гэх утгатай зүйл хэлснээс хэдэн өдрийн дараа эхэлсэн билээ. Тайванийн аюулгүй байдлын албаны нэгэн тушаалтан БНХАУ улсынх нь боомтуудыг хаахад бэлтгэсэн сургуулилт хийж байх магадлалтай гэсэн байгаа.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятад өөрийнхөө нутагт л нислэг үйлдсэн байна. Үүнд чих дэлдийх юм �##�га.