Гадаад мэдээ

Герман БНХАУ-аас хэт хамааралтай байдлаа бууруулахаар Энэтхэгт найдаж байна

Германы Канцлер Олаф Шольц Энэтхэг улсад өнөөдрөөс эхлэн гурван өдөр айлчилна. Түүний гол зорилго нь Германы БНХАУ-аас хэт хамааралтай байдлаа Энэтхэгийн өргөн зах зээлд илүү нэвтэрч бууруулах юм. Энэтхэг дараагийн БНХАУ болохгүй байсан ч хамаагүй. Автомашинаас эхлээд логистик хүртэл Германы томоохон компаниуд компаниуд Энэтхэгийн эдийн засгийн өсөлтийн потенциалд ихээхэн итгэлтэй байгаа юм. Тус улсад ур чадвартай залуу ажилчдын арвин нөөц буйгаас гадна эдийн засаг нь 7 орчим хувиар нэмэгдэж буй. 

Энэхүү айлчлал нь Германы хувьд чухал үед болж байна. Экспорт дээр суурилсан эдийн засагтай Германы ДНБ хоёр дахь жилдээ дараалж ширгэх эрсдэл тулгарсан. Мөн Европын Холбоо, БНХАУ-ын худалдааны маргаанаас үүдэн Герман компанид хохирол учруулж болзошгүй байгаа. Үүнээс гадна 2022 онд Украйны дайн эхлэхээс өмнө ОХУ-ын хямд байгалийн хийнд хэт найдсан нь асуудал дагуулсан. Ийм учир Герман Бээжингээс хамаарлаа бууруулах буюу "эрсдэлийг бууруулах" стратеги баримталж эхэлсэн юм. 

Гэсэн хэдий ч БНХАУ нь зах зээл дээрх хамгийн том тоглогчдын нэг хэвээр байна. Германаас Энэтхэгт хийж буй шууд хөрөнгө оруулалт 2022 онд 25 тэрбум евро (27 тэрбум доллар) байжээ. Энэ нь БНХАУ-д хийсэн хөрөнгө оруулалтын 20 орчим хувьтай тэнцэж байгааг Германы Худалдааны танхимын Гадаад худалдааны дарга Волкер Трайер онцолсон юм. Тэрбээр энэ хувь арван жилийн эцэс гэхэд 40 хувьд хүрч магадгүй гэж үзэж байна. 

Трайер "БНХАУ алга болохгүй, харин Энэтхэг Герман компаниудын хувьд илүү чухал болно. Энэтхэг бол шалгуур. БНХАУ-аас хэт хамааралтай байгаа эрсдэлийг бууруулах ажил амжилттай хэрэгжинэ гэвэл Энэтхэгийн зах зээлийн хэмжээ, эдийн засгийн эрч хүч гол түлхүүр болно" гэжээ.

Гадаад хэргийн болон батлан хамгаалахын сайдууд зэрэг засгийн газрынхаа ихэнх гишүүдийг дагуулж яваа Шольц баасан гарагт /2024.10.25/ Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой уулзана. Энэтхэгт хөрөнгө оруулахад саад тотгор болж буй зүйлсийг хүнд суртал, авлига, татварын тогтолцоо гэж Германы Гадаад дахь худалдааны танхим (AHK) болон “KPMG” фирм судалгаа явуулж дүгнэсэн.

Гэсэх хэдий ч тэд Энэтхэгт ирээдүйг гэрэлтэй гэж үзэж байгаа юм. Энэтхэгт бизнестэй Герман фирмүүдийн 82 хувь нь ирэх таван жилд орлого өснө гэж таамаглаж буй. Мөн тэдний 59 хувь нь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа нь 2021 оны 36 хувьтай харьцуулахад өссөн үзүүлэлт юм. 

Жишээ нь Германы логистикийн томоохон компани болох “DHL” 2026 он гэхэд Энэтхэгт хагас тэрбум евро хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа. Үүгээрээ тус компани нь хурдацтай өсөж буй цахим худалдааны зах зээлд хөл тавихыг зорьж буй. Тус компанийн хэлтсийн дарга Оскар де Бок "Бид Ази-Номхон далайн бүс нутагт асар их өсөлтийн боломжийг харж байна, үүнээс Энэтхэг чухал хувийг эзэлнэ" гэжээ. 

“Volkswagen” компани Хятадад борлуулалт буурч, дотоодын үйлдвэрлэлийн зардал өндөр болсон тул Энэтхэгт хамтарсан үйлдвэрлэл эрхлэх талаар авч үзэж байгаа юм. Тус компани Энэтхэгт аль хэдийн хоёр үйлдвэртэй болсон. Энэ оны хоёрдугаар сард Энэтхэгийн “Mahindra” компанитай хангамжийн гэрээ байгуулсан байна. 

Тус группийн санхүүгийн захирал Арно Антлиц тавдугаар сард “Зах зээлийн хувьд болон бид Энэтхэгийн потенциалыг дутуу үнэлж болохгүй гэж бодож байна" гэсэн юм. Мөн хөдөлгүүр үйлдвэрлэдэг “Deutz” компани энэ жил Энэтхэгийн “TAFE” компанитай гэрээ хийж буйгаа мэдэгдсэн. Тус гэрээний дор дэлхийн гурав дахь хамгийн том трактор үйлдвэрлэгч “TAFE Motors” 30 мянган ширхэг “Deutz”-ийн хөдөлгүүрийг үйлдвэрлэнэ. 

“BCG” фирмийн захирал Жонатан Браун "Энэтхэгийн гол давуу талууд нь улс төрийн тогтвортой байдал, хөдөлмөрийн хямд зардал. Тиймээс Энэтхэг гол үүрэг гүйцэтгэдэг 'Хятад + 1' стратеги хэрэгжүүлэх ёстой" гэжээ.  Герман, Энэтхэг хоёрын худалдаа 2023 онд шинэ дээд амжилт тогтоосон. Энэтхэг энэ арваны эцэс гэхэд Герман, Японыг давж дэлхийн гурав дахь том эдийн засаг болох төлөвтэй байгаа. Браун "Зах зээлд нь хөл тавихад тулгарах саад бэрхшээлүүд өндөр. Гэхдээ нэгэнт хөл тавивал асар их боломж бий” хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button