Хөрөг| Их говийн хамгаалагч, эгэл хүний гэгээрэл
Говийн их дархан цаазат газрын А хэсгийг 24 байгаль хамгаалагч хариуцдаг. 4.6 сая га талбай нутаг. Иймд нэг байгаль хамгаалагчид даруй 191 мянган га газар ноогдоно.
1975 онд тусгай хамгаалалтад авснаас хойш энд айл буухаа больсон, нэвтэрье гэвэл БОАЖЯ, ХХГЕГ-аас зөвшөөрөл авах шаардлагатай. Иймдээ алтайн өвөр говь онгон дагшин төрхөө, олон сая жилийн эрчим энергиэ өнөөдөр ч хадгалж байна. Тэндхийн амьтад үргэмтгий. Хүнд дасаагүй. Дасахыг ч хүсэхгүй, дэмий. Харин жилийн дөрвөн улиралд мотоцикл унаж, бор шар хувцсаар жигдэрсэн тэр 24 этгээд уух усыг нь гаргаж, идэх тэжээлийг нь тавьж, өвөл цас бага орвол мөс хагалж өгөөд буцахыг анзаардаг биз. Магадгүй мазаалай, хавтгай, хулан, хар сүүлт бүгд тэднийг “таньдаг” болсон.
Ялангуяа бидний баатрыг мазаалай эчнээ мэдэж магадгүй ээ. Учир нь олон удаа нүүр тулан тааралдаж байсан юм. Бүр дэгсдүүлбэл, идэх хоол олдохгүй шөнөөр, ганцаар мэнэрч явахад нь тэжээл тавиад өгдгий нь андахгүй бол яана, тэжээлийн цэг дээрээ мазаалай ойр ойр эргэж очдог гэсэн. Харин өөрөө ч говийн нэгэн баавгай шиг харагдах тэр эгэл хүн 24 байгаль хамгаалагчийн нэг мөн бөгөөд нэр Ч.Давааням.
А хэсгийн хамгаалалтын захиргаа Баянтоорой багт төвтэй. Байгаль хамгаалагчдын олонх нь Баянтооройн гаралтай улс байх. Бага наснаас тусгай хамгаалалттай нутагт ойр бууж, нүүж, Атас Ингэс уулсын тухай сонсож, ахмад байгаль хамгаалагчдын төрх байцыг ажигласаар үлгэр дуурайл авах нь гарцаагүй хэрэг.
1990-ээд онд бусдаас нэлээд захдуу, голцуу Идрэнгийн нурууны ойролцоо нутагладаг 11 хүүхэд, олон тооны тэмээтэй айлд Чойжин гуай хааяа зочлох ажээ. Тэр тэмээ унаад, алтайн өвөр говь руу орж явчихаараа сарын дараа гарч ирдэг жигтэй хүн. Тухайн үед хамгаалалтын захиргаа трактортой явдаг байж. Чойжин болсон газраа хүрээд, үсэрч буумагцаа ганцаар алхаж одно. Хоёр өдрийн дараа эргэж ирнэ. Эргэж ирэхдээ энэ айлаар дайрч, сонин сайхнаа хүүрнэлцэх бөгөөд Ч.Даваанямын аавынх юм.
Ч.Давааням сургууль төгсөөгүй, цэрэгт яваагүй, 18 нас хүрээгүй байсан тэр өдрүүдийн аль нэгэнд Чойжин гуай гэрт нь ирвэл тэсгэлгүй сониучирхаж алдах бөгөөд чагнаархан суухаас хэзээ ч буцахгүй. “Тэр хүн их л хавх авч явдаг байж дээ. Уст цэгүүд дээр тавьдаг байсан. Чоно устгах гэж. Байгалаа л хамгаалж явсан нь тэр” хэмээн Ч.Давааням дурслаа. Чойжин хэмээх ахмад байгаль хамгаалагчийн аавтай нь өрнүүлэх ярианаас сонин содон уул усны нэр, зэрлэг амьтдын ааш аяг, их говийн нууцлаг ертөнцийн захаас сонсож атгахдаа тэрбээр энэ бүхэнд зүггүй татагдсан ч шуудхан ажил мэргэжлээ болгочихно гэж санаагүй. Гэхдээ хожим нь амьдрал түүнийг их говь руу нь илгээсэн юм байна.
“Манайх 11 хүүхэдтэй айл, би дээрээ гурван эгчтэй. Олон хүүхэд өсгөх хүнд, аав ээж хоёр хэдэн малын буянаар биднийг хүн болгосон” гэж Ч.Давааням хэллээ. Түүнийг долдугаар ангид дэвшдэг жил Баянтооройн сургууль найман жилээр төгсгөдөг болжээ. Ээж нь ятгахгүй л бол хүүд сургууль гэгчийг орхиж, мал дээр гарчихмаар оргиод болохгүй. “Би ээжээс шүд зууж байж найм төгссөн. Тэгээд л малаа малласан. Дараа нь Замын шандын заставт цэргийн алба хааж, 19-тэй халагдаж ирсэн. Дахиад л малаа малласан”.
Эгч, дүү нараас нь хот руу сургуульд явсан, тэнд багшилдаг, бүр БНСУ-д ажиллаж амьдардаг нь бий боловч Ч.Даваанямын хувьд говь нь холдож болохгүй гэр шиг, мал маллах нь цорын ганц заяагдсан ажил шиг санагддаг байжээ. Хээр хөдөө ганцаар явж сурсан нь түүнийг эрэлхэг эр болгон төлөвшүүллээ.
Ахыгаа дагаж хааяа бас анд явна, буун дуранд боохой хараална аа. “Эр хүн анд татагддаг шүү дээ. Миний ан хийх гэж юу байх вэ. Агнаж шальсан юм надад цөөн. Ахыг дагаж жаахан юм сурч байгаа юм” гэж Ч.Давааням хэллээ. Яагаад ч юм, түүнийг цэргээс халагдаад ирэхэд нь огтхон ч ан ав сонирхож байгаагүй аав нь шинэхэн буу бэлдээд тавьчихсан байжээ. “Тэр миний амьдралдаа авсан хамгийн том бэлэг. Анд явах сонирхол минь бүр дэвэрсэн хэрэг. Хожим нь би байгаль хамгаалагч болоод тэр бууг зарсан. Одоо би шал дэмий юм хийж байснаа ойлгосон. Гэхдээ аавын юм байж байх ёстой юм билээ. Эргээд авъя гэхээр олдохгүй, мөнгө цаас нь ч болохгүй байна”.
Аавынхаа бэлэглэсэн буугаар ан ав гэчихдэг, малаа хариулчихдаг, хээр хөдөө ганцаар явахдаа айж бэргэдэггүй, дураар зоргоор түүний залуу нас гагцхүү байгаль хамгаалагч болоход л бэлтгэгдэж байсан мэт санагдана. “Яах вэ, дээ. Чоно харсан хүн өдөртөө, алсан хүн жилдээ хийморьтой гэлцэхээр анд явчихмаар болдог л байсан хэрэг. Одоо надад ан хийдэг байсны давуу тал олон. Адаглаад газрын баримжаанд, дурандахад нүд өөр шүү. “Дог” гээд л ороод ирнэ. Хээр тэнэдэг байсан ч болохоор энэ ажлын хүнд хүчрийг нугалахад дөхөм болоо байлгүй” хэмээн Ч.Давааням ярилаа.
Харин 36 насандаа охинтой болж, гэр бүл зохиосноор амьдрал нуруун дээр нь ирж суухад эрхгүй тогтож ирэх шаардлага бий болсон тавилан ийнхүү Ч.Даваанямыг байгаль хамгаалагч болох замд эрсхэн дуудсан аж.
-Яагаад тийм хожуу гэрлэсэн юм бэ?
-Охид хот руу яваад өгнө.
-Та бол явах дургүй?
-Дургүй, би эндээ л үлдэнэ.
Харин авааль гэргий нь олон жилийн өмнөөс дэргэд нь явжээ. Өөрөө Говь-Алтай аймгийн төвд байх ч аав, ээж, ахтайгаа уулзахаар Баянтооройд үе үе ирэхий нь Ч.Давааням хүүхэд байхаас харж мэдсэн, танилцан тогтоосон байв.
“Тэжээлийн аж ахуйгаас хэдэн хонь, 300-аад ямаа аваад маллаж байсан цаг. 35-тай охин гарч, 36-тай гэрлэсэн. Тэгээд л амьдрал толгой дээр бууна биз дээ” гээд тэр инээж байна.
Хариуцлагатай аав, ажилсаг нөхөр байхын тулд Ч.Давааням шууд Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаанд өргөдөл өгөхөд галчаар ажилд авлаа. Зун нь мод тарьж, өвөл нь галласаар жил зургаан сарыг үдсэний ард захиргаанд шинэ дарга ирэх сураг дуулджээ. Шинэ дарга эчнээ найз нь байж таарав.
“Би ч дарга ирсэн гэхээр нь элдэв шалдав бодолгүй, галаа түлчхээд яваад ортол манай найз Г.Довчиндорж сууж байсан”.
Шинэхэн дарга Г.Довчиндорж түүнийг хараад, “Хүүе, чи энд юу хийж яваа юм?” гэж асуужээ.
-Галчаар.
-Миний найз хөдөөгийн хүн, байгаль хамгаалагч хийж чадна. Өргөдөл өг.
Энэ явдал 13 жилийн урд бөгөөд хамгаалагч болсон тохиол ийм. Олон жилийн өмнө сониучирхан яриаг нь сонсож, гэрт ирэхий нь хүлээдэг байсан Чойжин гуай шигээ, их говийн экосистем, амьтан ургамлыг хайрлан хамгаалах их үйлсийн замд ингэж гишгэсэн ажээ.
Ч.Давааням одоо жинхэнэ говийн хүн болж, говь түүнийг өндөр үүрэгт тохоон томилсон тул малаа тараан дүүдээ өгч, ан хийхээ байв. Аавын бэлэглэсэн бууг зарав. Заг түлэхээ ч зогсоов.
“Зөрчил илрүүлж яваа хүн эхэлж өөрийгөө засна биз дээ. Одоо би заг түлэхээ ч больсон. Загаас холдоод олон жил болж байна. Өөрөө түлчхээд хүнд заг ачсан байна гэж шаардлага тавибал онцгүй биз дээ. Ер одоо хүмүүсийн хандлага ч бас нэг үеэ бодвол өөрчлөгдөж байна. Намайг зарим нь “Чи цохиж л явсан шүү дээ” гэж боддог байх. Харин би ажлаа хийж байна. Өөрөө зөрчлөөс ангид байж байж энэ ажлыг хийнэ шүү” гэж Ч.Давааням ярилаа.
Хожим хамгаалалтын захиргааны даалгавраар хулангийн унага тэжээн угжиж зогсоход нь нутгийнхан хараад “Хулангийн эрлэг байсан хүн, одоо ээж нь болчхож” хэмээн шоглосон юм гэнэ лээ.
Энэ Ч.Давааням муу хүн байсандаа биш. Говийн айлын ахуй ийм, эр хүний араншин ч тийм. Цаг хугацааны эрхээр л говь цөлжиж, экосистемийг хамгаалах шаардлага нэн тулгамдаж ирсэн болохоор заг түлэх дэмий, ийм газар ан хийх бүр болохгүй асуудал болж хувирсан нь өөрөө зайлшгүй бөгөөд зөв юм. Тэр бүү хэл алт олборлочих санаатай “нинжа” нарын хөл тасардаггүй байсан цаг энд саяхан шахуу юм байна. Элчилгүй ийм говьд усаа мартаж алтаа хайж ирчхээд хатаж үхэхийн даваан дээр үхэдхийн унаад манарч байхад нь мөрөөр нь хөөж ирээд амь авардаг улс бол байгаль хамгаалагчид юм. Ч.Давааням гэхэд хоёр ч хүний амь аварч явжээ.
Тэр энэ тухай ярьж байна. “Би энэ говьд явсных хоёр хүний аминд орсон. Намар арван сард шар пургонтойгоо Идрэнгийн нуруун дээр хонов. Хилийн цэргийнхэн юм захисан байлаа. Би урдуур биш хойгуур тойрч хүрье гэж шийдээд байв.
Явсаар баруун шаргын ойролцоо нэг ажиглалтын камер эргэж, цуйван хийж идчихээд хөдөлтөл том жижиг хоёр хүний мөр орж ирсэн. “Нинжа л юм байх даа. Машин барагтай суудаггүй, алхаж дээ” гэж бодсон. Тэгээд баруун шаргын усаар тойртол урд зэгийсэн нөхөр зогсож байна. Манай хэд айсандаа гэдийгээд суучихдаг юм. Гурвуул явсан л даа. Хэсэг байзнаад би л буулаа.
Нөгөө нөхөрт дөхөж очоод “Хилийн цэргээс оргож яваа юм уу, юун хүн бэ?” гэлээ. Нүд нь хүнхийгээд хэрэг алга. Нэг юм хэлээд байх шиг. “Юу гэнэ ээ?” гэсэн чинь “Ус” гэж байна. Их цаана дуугарч байна аа. Би нөгөө хэдээ буугаад ирээч гэлээ. Шууд ус уулгаж болохгүй, амыг нь зайлуул гэж байна. Амыг нь усаар зайлууллаа. Жаахан ус балгасны нь ард асуутал Чингис ууланд гарч, байгалийн сайхан үзчихээд буцаж явтал машин хаяад давхисан гэх юм.
“Энэ газар чинь хамаагүй явахгүй. Зөвшөөрөл авч нэвтэрнэ ш дээ” гэхээр таг дуугүй. Тэгсэн чинь “Миний нүд ер муу байна” гэлээ. “Үгүй, чи чинь хүнтэй явж байгаа юм уу, хоёр өөр мөр байсан шүү дээ” гэж асуухад ганцаараа л гэж байна. Үгүй гээд л гүрийгээд байсан.
Машиндаа суулгаж автал, “Ах, аа нэг юм гуйя” гэж дуугарлаа. “Юу?” гэсэн, “Дахиад жаахан ус өгөөч” гэж байгаа юм.
Явсаар үдэш ч боллоо, нөгөө нэг мөр нь дахиад л замд дайралдлаа. “Чи худлаа яриад байгаа биш үү, хүн хамт яваа юу?” гэж давтан давтан асуухад үгүйсгээд л байсан.
Баянтоорой руу залгатал авдаггүй. Харин хилийн цэрэг рүү ярьтал “Наана чинь хоёр хүн байгаа, бушуу нэгий нь ол” гэдэг юм байна. Үүнийг нөгөөхдөө хэлтэл “Нээрэн одоо саналаа, 2-3 хоногийн өмнө шуурганд би үхлээ гээд салсан” гэж үнэнээ хүлээв.
Хамт явагсад “Өглөө эртийн наранд л эрэхээс, одоо амьд байгаа болов уу” гэлцлээ. Тэгээд ч шөнө амарч чадсангүй, бослоо. Улсын байцаагчаа нөгөө нөхөртэй үлдээж, өөрөө нэг байгаль хамгаалагчтайгаа эрлээ. Тэр маань асаагуурын гэрэл тусгаад л мөр дагаад яваад байсан. Гэнэт надад машинд нэг юм орж ирээд суучих шиг санагдаад ер болсонгүй. Жаахан мартагнах гэсэн бодогдоод, жийрхээд салдаггүй. Байгаль хамгаалагчаа “Машинд ороод ир” гэж суулгаад л хөдөлчихсөн. Харин өглөө 04.00 цагт улсын байцаагч маань мотоцикл унаад тэсгэлгүй гарсан. Миний машин асдаггүй. Арай гэж асааж хөдлөөд эргэж байтал байцаагч хүрээд ирсэн. Мотоциклийн ард нэг хүн шиг юм хүлж баглаад боочхож.
Толгойгоо ч даахгүй байна. Оруулж ирээд хар цайнд сахар уусгаж байгаад уулгахчаа боллоо. Шүд нь зуурчихсан байна. Халбаганы ишээр хөшсөн шүү дээ. Ам нь аймаар хүйтэн. Хөл гар нь хүйтэн. “Осгочихсон юм биш үү, архи өгчих үү” гэтэл яах юм бэ л гэцгээж байна. 20-30 минутын дараа зогьсоод уналаа. Зогьсоод л шилээ татаад. Тэгж хоёр хүн амь оруулж байсан.
Манай байцаагчийг ирэхэд тэр цээж нүцгэлээд, хоёр гурван хоргол унагаад, шээс дусаачихсан байсан гэсэн.
Эмч нар ч ирлээ. Нар жаргахын алдад тэр “Баярлалаа” гэж дуу төө цаана хэлээд, нэг гараа өргөх гээд дааж ядаж байна аа, бас.
Тэр хоёр эхлээд Атас ууланд очсон юм билээ. Алт ухах газар нь GPS дээр 80 км гэж заангуут алхчихсан. Тэгээд төөрөөд, унд ус нь ч дууссан юм байна. Тэгж яваад нэг алт мэдрэгчээ хаячихсан байгаа юм”.
Ч.Давааням үргэлжлүүлээд “Хойтон жил нь сүүлд эхний олддогтой дахиад таарсан” гэлээ.
-Дахиад аа?
-Мөн арван сард нэг машин явчихлаа гэдэг мэдээлэл ирсэн. Машин нь бол олдсон. Удалгүй гар чийдэнгийн гэрэл гарахаар нь дайваад очтол явж байсан. Намайг таниад, “Уучлаарай” гэж байгаа юм даа.
-Хаширдаггүй ээ?
-Хашрахгүй. Мөртлөө 9911-тэй дугаар барина. Компанийн захирал гэж байгаа юм. Тэгэхээр чинь одоо ер яах вэ дээ. Хаясан нэг алт мэдрэгчээ л олж авах гэж явсан болтой байна билээ.
Алтайн өвөр говийн зөвхөн орчны бүсэд 33 уул уурхайн орд илэрсэн. Нэгэнд нь ч лиценз олгоогүй байгаа нь сайн хэрэг юм. Энэхүү дархан цаазат газар, ялангуяа урд хилд тулж очдог судал дагуу Монголын хамгийн их алтны нөөцтэй хэсэг бий гэлцдэг. Иймд хууль бусаар алт олборлохоор зорьж ирдэг хүмүүсийн тоо их.
Чойгийн ус гэдэг газар гараараар олборлох боломжтой алтны томоохон орд илэрсний дараа хамгаалалтын захиргаа ээлжээр манадаг болоод гурван жил өнгөрч байна. Байгаль хамгаалагчид хоёр, хоёроороо 10 өдөр манаанд гарч, зөрчлийг илрүүлж, цагдаагийн байгууллагад шилжүүлдэг. Өнгөрсөн хугацаанд зөвхөн Чойгийн ус дээрх зөрчилд торгууль ноогдуулахад 75 сая төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн гэлээ.
Малчдын хандлага ч өөрчлөгдөж буй гэснээс, эхэндээ нутгийнхан тэднийг “Харна аа, хэр удаан хамгаалж чадахыг чинь” гэж хэлдэг байсан бол өдгөө өөр болжээ. Харин эсрэгээр “Тийшээ нэг машин яваад өгсөн шүү, Талын мэлтэс рүү яваад өгөх шиг боллоо. Биднийг хэлсэн гэж битгий хэлээрэй” гэх мэтээр мэдээлэл өгч, хамтран ажилладаг болсон байна. Түүнчлэн дархан цаазат газар хилийн цэргүүдтэй ч хамтардаг. Иймд “нинжа” нарын урсгалыг сүүлийн 4-5 жилийн тухайд бүрэн барьж чадаж байгаа талаар хамгаалалтын захиргааны дарга Ч.Баярбат ярьсан юм.
Нөгөө талаар, энэ нь ч байгаль хамгаалагчдын хүн чанар, ёс суртахууны үнэлэмжийг шалгадаг сэдэв. Учир нь өөрсдөө бага сага алт гаргачих боломж тэдэнд бүр нээлттэй. Гэвч тэгж болохгүйг тэд сайн мэднэ.
Ч.Давааням “Шунал гэдэг юм байхгүй ээ. Алтнаас гадна авлигадах гэж үздэг. Мөнгө төгрөг өгье, нэг удаа оруулчхаач гэдэг. Тэр мөнгийг л авчихвал ажил хийгээд хэрэггүй. Хүний гарт орно, өөрөө “нинжа” болсноос өөрцгүй биз дээ” хэмээн өгүүллээ.
Харин “нинжа”-гийн амийг аварна гэдэг өөрийн амь насыг их говийн төлөө зориулж буйгаас өөрцгүй. Байгаль хамгаалагч үргэлжийн эрсдэл дунд ажилладаг. Багадаа 1150 км замыг нэг явалтаар, мотоциклоор, тууш туулах үед техник эвдрэх, шатахуун дуусах гэх мэт асуудал тулгамдах магадлал өндөр.
Нэг удаа хээр, ганцаар хонож байсан тухайгаа Ч.Давааням хуваалцсан юм. Тэрбээр “Мал услаад байж байтал нэг пургон яваад өглөө. Яах ч аргагүй араас нь мотоцикл унаад гарлаа. Мөрийг нь хөөж яваад шөнө олж очсон. Ажийн алтан дээр очсон гэж хэлж байна. Машиныг нь шалгахад үнэхээр алт юм аваагүй л байна лээ. Тэгээд зам зааж өгчхөөд эргэхэд үдэш болж, мотоциклийн гэрэл шатсан. Тэр үед зам ч тодорхой байхгүй, тэнэсэн машины мөр л хөөж явдаг байлаа. Бензинээ сэгсрээд үзсэн маш бага дуугарсан. Тэр шөнийн урт гэж яах вэ. Саргүй шөнө. Унтана гэж зүүрмэглэх төдий, тэгж байтал даарна. Тэгээд галаа түлнэ. Босож алхана. Өвөл нэг сард. Чанга шүү дээ. л даа, айгаад яах вэ дээ. Салхи салхилахаар юм дуугараад, хөдлөөд ч байх шиг. Загийн толгой л байж таардаг. Муу юм бодохгүй, сайн юм санаад л шөнийг өнгөрөөж байсан. Би ч нэг их айдаггүй юм аа. Багаасаа ганцаараа явсан болохоор. Энэ говьд мотоцикл л сайн. Унаа, бензин, ус гуравт л хайртай болж байгаа юм даа, байгаль хамгаалагч. Пургон бас гэв гэнэт их иднэ, бензин огцомм багасна. Нэг догол гаргахад л туугаад хаячихна. “Нинжа” нарын шинэ мөр олж харлаа ч хөөе гэх нь ээ бензин бага бол буцахаас аргагүй” гэлээ.
Ерөөс байгаль хамгаалагчдын унаа болон аюулгүй байдал хамгийн чухал гэдгийг А хэсгийн хамгаалалтын захиргааны дарга Ч.Баярбат хэлсэн юм. Тэр Ч.Даваанямын үеийн Г.Довчиндорж даргын дараа энэ албанд очсон, өнөөгийн удирдлага нь.
“Малчин мянган мэргэжилтэй гэдэг, байгаль хамгаалагч л тийм. Хамгийн чухал зүйл нь унаа. Иймд унааг шинэчлэх ажилд л эхнээсээ анхаарсан” хэмээн Ч.Баярбат нэмлээ.
"Манай байгаль хамгаалагчдаас хамгийн удаан ажилласан нь 28 жил. Би ажилласан жилээр дээрээсээ 3-4-т жагсах байх. Ер нь залуус дагаж яваад юм сурна. Эхлээд газар устайгаа танилцана. Хүнээс үг сонссон нь дээр байдаг юм. Залуус харин юм сайн асууж байх хэрэгтэй" гэж Ч.Давааням ярилаа.
-Таны амьдралд алдаа санаанд ордог уу?
-Нэг их буухгүй байна. Шөнө явж осол хангинуулахгүй л бол. Адилхан толгой их учраас зарим салааг өгсөөд буруудна. Хамгийн том алдаа бол "нинжа" нартай нийлэх л гэж би дотроо бодож явдаг шүү дээ. Энэ говьд явж байхад юм хийчих юм сан л гэсэн бодол төрдөг. Хулхидаж болохгүй, сэтгэлээсээ хий гэж би залууст хэлдэг. Нэгийн маань ээж нас барахыг дуулах хэцүү байсан. Үхэл хэцүү л дээ.
-Амьдралдаа сэтгэл хангалуун байна уу?
-Тэр болж байна. Алт ухах л дэмий. Сайн юм дуулддаггүй. Байгаль ч бас хилэгнэдэг биз.
Тэрбээр "Би аав ээжийнхээ хонь хариулж явсан нутгаар ажлын гараа эхэлсэндээ баярлаж явдаг. Үхлээс бусдыг сэтгэл байвал ялан дийлнэ гээд л зүтгэнэ шүү дээ. Энэ говьдоо ажиллаж явахад амьтан хараад сайхан л сэтгэгдэл төрдөг шүү дээ. Намайг гэрлэхийн өмнө ээж, ард аав өнгөрсөн. Одоо отгон дүүдээ эцгийнхээ оронд өмөг түшиг нь болж явна. Дүүгээ тэгж бодоод гэрлүүлж өгсөн" хэмээн нэмэв.
Харин "Тэгвэл танд мөрөөдөл бий юу?" гэхэд "Байхгүй" гэлээ.
-Тэгвэл зорилго?
-Охин маань түүх их уншина. Аймгийн олимпиадад 9-р ангийн ангилалд дэвшиж ороод, нэгдүгээр байр эзэлсэн. Өмнө нь математикаар ороход нь авч яваагүй. Энэ жил авч явахгүй бол болохгүй, хүүхдээ анхааръя гээд. Англи хэл сайн. Энэ жил хоёр гадаад ирэхэд охиноороо хэлмэрч хийлгэсэн. Хүүхэд биеэ дайчлахаар сурдаг юм байна гэж ойлгосон. Одоо бас нэг олимпиадад бэлдэж байгаа. Миний хүү хэл сур гэдэг. Хүссэн сургуулийг нь төгсгөнө. Охиноо сургууль төгсгөж, хүний дайтай хүн болгох л зориллго. Мөн амьтан хайрлах, мод тарих хоёр бол буян л даа".
Хувь хүний хувьд шуналгүй, шаталтгүй болсон нь эгэл хүний гэгээрэл, их говь түүнийг энэ гэгээрэлд авчирсан мэт. Зарим хүний харахаар хожуу төрсөн ганц охидоо тэр хамгийн хайр зориулж, харин эхнэр нь түүнийг ердөө ажлаа л сайн хий гэж шахаж шаарддаг нь сэтгэл татам.
Ч.Давааням энэ жилийн хувьд хавар судалгаанд гарснаас хойш цөөхөн өдөр гэртээ байсан. Зарим үед гэрээр ердөө ороод л гардаг гэлээ. Охин "Аав, дахиад явах гэж байгаа юм уу. Хэзээ ирэх юм бэ?" гэж асуун үлдэх бол эхнэ "Ажлаа л сайн хий" хэмээх аж.
Тэрбээр "Манай эхнэр ерөөс намайг ажлаа хоёргүй сэтгэлээр хий л гэж хэлдэг. Байгууллагын машин тэрэг унаж яваа байж санамсар мэдэмсрээ алдав зай гэнэ. Ажлыг минь дэмжинэ. Харин уурлахгүй, гэртээ ирсэнгүй, хэт их ажиллалаа, анхаарал халамж тавьсангүй мэтийн үгийг харин ч нэг унагахгүй шүү дээ. Хэлдэг үг нь л "Ажлаа сайн хий" гэлээ.
Хамгаалалтын захиргааны дарга Ч.Баярбатын хэлсэнчлэн байгаль хамгаалагч мянган мэргэжилтэй. Ч.Даваанямын хувьд голчлон жолооч, тогоочийн үүргийг хавсран гүйцэтгэдэг нэгэн.
Цаг нар, хатуу төлөвлөгөө гэж байхгүй энэ ажлын нөхцөлийг энгийнд тооцдог нь гайхмаар. Гадаа гандаж, хөдөө хөхөрч ажиллахад жаахан л сэрэмж алдвал амь насаа ч эрсдэлд оруулж мэдэх асар уудам, хүний хөл хүрээгүй говь хүлээж байна. Суурин газар хол, мэдээж холбоо сүлжээ барихгүй, эргээд алхъя гэхэд усгүй гэвээс хэцүү. Жилийн ихэнх өдрийг энэ говьдоо тийн өнгөрүүлж, давхар судлаачдын ажилд хөтөч нь, газарч нь болон туслахаас эхлээд "нинжа" нар орж явчихвал араас нь элдэх ч үүрэгтэй.
Мөн мазаалайд тэжээл тавьж өгнө. Зэрлэг амьтдад зориулж хөв цөөрөм байгуулна. Гүний худаг гаргаж, нарны хөргүүр тавин тохижуулна. Мод хийгээд хавтгай үржүүлгийн төвд ч ажиллах нь бий.
Мөртлөө хоёрхон жилийн өмнө тэдний цалин 400 мянган төгрөг байсан. Б.Бат-Эрдэнэ сайдын үед цалин ойр зайтай хоёр удаа нэмэгджээ. Одоо гар дээр тэд 2 сая орчим төгрөг авч байгаа ч энэ хангалттай мөнгө биш. Учир нь эндээс хамгийн ойр суурин Баянтоорой багт амьжиргааны өртөг маш өндөр. Ихэнх бараа таваарыг Улаанбаатар хотоос татах тул, энд мал маллалгүй амьдрахын тулд мөнгөтэй л байх шаардлагатай юм билээ. Барааны үнэ хавьгүй өндөр байдаг нь захын дэлгүүрээр шагайхад илт мэдэгдэж байсан юм.
Ч.Давааням эцэст нь "Миний энэ говьд хамгийн их өрөвддөг амьтан бол хавтгай. Тавагтай учраас хулан, мазаалай шиг малтаад ус гарган ууж чаддаггүй. Маш их цангадаг. Хол бэлчээрлэдэг. Чоно их айлгана. Тийм учраас бас махчин амьтдаас хамгаалахын тулд хөв цөөрөм байгуулдаг. Хавтгай ууж байгаа уснаас бүх амьтан ууна л даа. Хар сүүлт, мазаалай гээд.
Өвөл ч бид мөс хагалаад л явна. Хагалчхаад 14 хоноод ирэхэд дуусчихсан байдаг. Ойрын жил цас ороод амьтанд дажгүй байгаа. Говиор нэг мөр орчихгүй, тарлан орно шүү дээ. Цас ороогүй газраа очиж мөсийг хагална. Өөрөөр хэлбэл өвөл ч гэсэн говио эргэсээр байдаг.
Зун бороо орвол, өвөл нь цас орчихвол хавар эрт ногоо гарахад говийн амьтад ямар ч байсан хорогдохгүй үр төлөө гаргаад байж байна л даа. Хавар эмзэг улирал, шуурга ихтэй. Амьтад ч төллөдөг" гэлээ.
Хамгийн сүүлд давхардаагүй тоогоор 26 дахь мазаалайгаа хүзүүвчлэхдээ Ч.Давааням магадгүй Монголд хамгийн олон удаа мазаалай үзсэн хүн болсон байхыг үгүйсгэхгүй ээ. Дэлхийд цор ганц Монголд, тэр дундаа чухам Ч.Давааням нарын байгаль хамгаалагчдын хариуцдаг дэлхэц нутагт 50 орчим тоо толгой нь үлдсэн мазаалай голчлон тэжээлийн хомстолд орж байсан. Харин сүүлийн жилүүдэд говь дахь уст цэгийг түшиглэн, тэжээлийн цэг байгуулж, тэжээл тавьж эхэлсэн нь түүний мэнд үлдэхэд үлэмж нөлөөлжээ.
Их говь төдийгүй ер байгалийн дэргэд хүн өчүүхэн. Суурин газрын хамгаалагдмал, хязгаарлагдмал амьдралаас онгон байгальд ганцаар хөл тавих үед өөрийгөө хэн ч бишийг, хэчнээн өчүүхнийг мэдэрч, амьдралын утга учир гээчийг заагч нь ердөө байгаль гэдгийг ойлгодог. Энэ их говийн дэргэд хүн гээч өчүүхэн ч өдөр бүрийн амьдралаа амьтан ургамал, байгальд зориулж, адаглаад алт олборлочих хувийн сэдэл шуналаас бүрнээ ангижирч, ар гэртээ бол охиноо л сургууль төгсөгчихвөл болно хэмээн бодож суух нь гэгээрсэн мэт. Их говийн хамгаалагч эгэл хүний гэгээрэлд хүрдэг цэг энд байж мэдэх юм.
Их говийг хайрлан хамгаалах чиглэлээрх өмнөх контент:
Эхийн голд 36 жил цаг уурчаар ажиллаж, ногоо тарьж буй Х.Алтанцэцэг: Тэтгэвэрт гарсан ч эндээс явахгүй контентыг ЭНД ДАРЖ уншина уу.
Говийн их дархан цаазат А бүсийн дарга Ч.Баярбат: Анх "Та нарыг харна аа" гэдэг байсан. Ямартай ч бид хамгаалж чадаж байна ярилцлагыг ЭНД ДАРЖ уншина уу.
Их говийн хамгаалагчид: Унаа, шатахуун, ус. Байгаль хамгаалагч энэ гуравт хайртай болдог контентыг ЭНД ДАРЖ уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэхээр их бахархаж байнаа.Жинхэнэ баатрууд.
Ажил амьдр�##�д нь амжилт хүсьё. Сайхан сурв�##�жилга болжээ.
Хуулиараа бол тусгай хамга�##��##�ттай газар нутгийн байг�##�ь хамга�##�агчид бак�##�аврын зэрэгтэй байх ёстой. Хэдийгээр амьдр�##�гүй ч, хуулинд байгаа ажлын байрны шаардлага нь тэр. Гэтэл эдгээр ажлаа хийж байгаа байг�##�ь хамга�##�агчдыг "сургууль төгсөөгүй" хэмээн цувр�##� нийтлэлээр зарлаад байхаар гайхаад байна л даа. Энэ хүмүүсийг ажилгүй болгож, боомт моомтоо нээх ажлыг гүйцэлдүүлэх да�##�гавар гүйцэтгээд байгаа ч юм шиг.