Говийн их дархан цаазат газрын А бүсийн дарга Ч.Баярбат: Анх "Та нарыг харна аа" гэдэг байсан. Ямартай ч бид хамгаалж чадаж байна
Говийн их дархан цаазат газрын А хэсэг 4.6 сая га талбайг хамарч, Говь-Алтай, Баянхонгор аймгийг дамнана. Энд Монголын төдийгүй дэлхийн говь цөлийн сонгодог экосистем онгон дагшин хэвээр хадгалагдан оршиж байна. Дэлхийд өөр хаана ч байхгүй мазаалай баавгай, нэн ховордсон хавтгай тэмээ төдийгүй хулан, хар сүүлт, аргаль, янгир, угалз, ирвэс цөм энд амьдардаг.
Харин 4.6 сая га талбайг хамгаалах, хамгаалахдаа экосистемийг доройтуулалгүй хадгалж үлдэх, амьтан ургамлынх нь өсөж үржих боломжийг нэмэгдүүлэх их үйлсэд байгаль хамгаалагчид зүтгэдэг аж. Тэд элчилгүй уудам их говьд гагцхүү мотоцикл хөлөглөөд, “нинжа” нартай ч тэмцэнэ, зэрлэг амьтнаа ч хамгаална, ундаалах нэг ч гэсэн шинэ уст цэг нээж, тохижуулна гэсэн эрмэлзлээр хээрээр гэр хийж, эрэлхэг зоригтой амьдарна.
А хэсгийн хамгаалалтын захиргаанд 20 гаруй байгаль хамгаалагч ажиллаж байна. Нэг байгаль хамгаалагчид 160 мянга орчим га газар дангаараа ноогдоно гэсэн үг юм.
Eguur News мэдээллийн агентлаг нь говийн экосистем, тэндэх зэрлэг амьтдыг хамгаалахыг редакцын тэргүүлэх бодлогоо болгон ажиллаж буй. Энэ хүрээнд мазаалай баавгайн тухай баримтат уран сайхны кино төсөл хэрэгжүүлж байгаа юм. Төслийн эхний зураг авалтаар, Говийн их дархан цаазат газрын А хэсгээр 14 хоногийн турш явж танилцлаа.
Түүнчлэн А хэсгийн хамгаалалтын газрын дарга Ч.Баярбаттай зарим гол сэдвүүдийн хүрээнд ярилцсанаа хүргэе. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт баталснаар Нарансэвстэйн боомтыг нээвэл энэ онгон байгаль эвдэгдэх, зэрлэг амьтдад аюул учрах, хамгийн гол нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд алтайн өвөр говийг бүртгүүлэх зорилт мухардах эрсдэлтэй гэдэг голчлон анхаарал татсан юм.
Хамгаалалтын захиргаа 34 орон тоотой, А хэсгийн газар нутгийн хэмжээ өөрчлөгдөөгүй
-Говийн их дархан цаазат газрыг анх ямар үндэслэлээр, хэдэн онд улсын тусгай хамгаалалтад авч байсан юм бэ?
-1975 он юм. Анх алтайн өвөр говийг үндэсний хэмжээний парк болгох ерөнхий зорилго агуулсан байдаг. Улмаар энэ нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, хамгаалалтын захиргааг нь Говь-Алтай аймгийн Халиун суманд байгуулсан. Ийнхүү говийн их дархан цаазат газрыг А, Б хэсэг болгон хувааж, Төв Азийн цөлийн экосистем болон энд буй амьтан, ургамлыг хамгаалж эхэлсэн.
А хэсэгт эхэнд дурдсан алтайн өвөр говийг үндэсний парк болгож, олон улсад таниулах гол зорилго нь төвлөрсөн.
Ийнхүү 1975 оноос хойш өдийг хүртэл нэн ховордсон мазаалай, хавтгай зэрэг амьтдын гол популяц бүхий өлгий нутгийг хүний нөлөөнд өртөхөөс сэргийлэн хамгаалж байна. А хэсгийн хамгаалалтын захиргаа одоо Цогт сумын Баянтоорой багт төвтэй.
-1975 оноос хойш тусгай хамгаалалт бүхий газрын хэмжээг багасгасан тохиолдол бий юу?
-А хэсгийн хэмжээ өөрчлөгдөөгүй. Өнөөдрийн байдлаар газар нутаг нь 1975 онд баталснаар бий. Харин Б хэсгийн хэмжээ 1 сая гаруй га газраар нэмэгдсэн.
-Таны өмнө А бүсийн хамгаалалтын захиргааны даргаар ямар хүмүүс ажиллаж байв. Та хэрхэн энэ албан тушаалд очсон бэ?
-Миний хувьд 10 дахь дарга нь. Өмнө биологич, хуульч мэргэжилтэй, гайхалтай дарга нар хамгаалалтын захиргааг удирдаж байлаа. Эндээс олон эрдэмтэн доктор төрөн гарснаас дурдвал Б.Мижиддорж, Э.Авирмэд, Г.Довчиндорж гээд олон. Миний хувьд 2016 онд төрийн албаны шалгалт өгч, сонгон шалгаруулалтад тэнцсэнээр энэ хариуцлагатай албанд очсон.
-Хамгаалалтын захиргаа гэдэг энэ бүтцийн орон тоо, чиг үүрэг ямар эрх зүйн баримт бичгээр зохицуулагдаж явдаг вэ?
-Үндсэн гол чиг үүрэг бол Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай болон Байгаль орчны тухай багц хуулиудын хэрэгжилтийг хангах юм. Гол эрх зүйн баримт бичиг нь эдгээр.
Анх хамгаалалтын захиргаанд дарга, мэргэжилтэн, үйлчилгээний ажилтан гэсэн цөөн орон тоо байсан. Өнөөдөр 34 орон тоо батлагдсан байна. Орон тоог салбарын сайд баталдаг. Намайг 2016 онд ажилд ороход 28 байсан. Нэг байгаль хамгаалагчийн хамгаалах талбайн хэмжээ ЗГ-аар орж баталгаажвал орон тоо нэмэгдэх асуудал хөндөгдөх учиртай.
Байгаль хамгаалагч нарт хамгийн чухал нь сайн унаа. Бид жил бүр шинэ мотоциклтой болж байгаа
-Их говьд байгаль хамгаалагч нарын үүрэг оролцоо хамгийн их анхаарал татлаа. Тун хүнд ажил, хамгаалах газар нутаг нь ч асар том юм. Та байгаль хамгаалагчдад чиглэсэн ямар бодлого голчлон баримталсан бэ?
-Байгаль хамгаалагчийн ажил маш хүнд, тэр ч хэрээр эрх мэдэл их.
Нэгт, цагдаагийн байгууллагын ажлыг хийчихдэг. Хяналт шалгалтаа явуулж, зөрчил илрүүлбэл арга хэмжээ авч, хэрэв эрүүгийн хэрэг бол хуулийн байгууллагад шилжүүлж байна.
Хоёрт, соён гэгээрүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг. Хариуцсан талбайнхаа эмзэг нандин байдлыг иргэдэд ойлгуулна, ургамал, амьтныхаа талаар олон нийтэд сургалт сурталчилгаа хийнэ. Энэ утгаар мөн соён гэгээрүүлэгч ч юм.
Гуравт, судлаач хүмүүс. Жишээлбэл, мазаалай голчлон хаана үүрлэж байна, зан араншин нь ямар вэ гэдгийг бодит нөхцөл байдалд нь анзаарч, судалдаг. Тухайн орон нутгийг мэдэхгүй, хотоос ирдэг судлаачдаас үүгээрээ давуу талтай.
Малчин мянган мэргэжилтэй гэдэг шиг, байгаль хамгаалагч мөн л тийм. 1150 км замыг туулж байна. Энэ замд мотоцикл нь эвдэрвэл техникч болно, хоолоо хийж иднэ, тогооч ч болчихно.
Би хамгаалалтын захиргаанд ирээд нэг зүйлийг онцгой чухалчилсан. Энэ бол байгаль хамгаалагчдын аюулгүй байдал. Хоёрт, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангамжид анхаарсан. Иймд унааг нь сольж, шинэчлэхээс эхэлсэн. Сайн мотоциклтой байж гэмээнэ энэ говийг туулна шүү.
-Урьд байгаль хамгаалагч нар 400 мянган төгрөгийн цалин авдаг байсан юм байна. Баянтоорой багт амьжиргааны өртөг өндөр анзаарагдлаа. Тэдний цалин хангамжийн тухайд?
-Байгаль хамгаалагчийн цалин Б.Бат-Эрдэнэ сайдын үед хоёр удаа, сайтар нэмэгдсэн. Одоо тэд гар дээр нэг сая орчим төгрөг авч байна. Гэхдээ л байгаль хамгаалагчийн ахуй амьдралд хүрэлцэхгүй мөнгө.
Тийм учраас хамгаалалтын захиргаа мод үржүүлгийн талбайдаа, байгаль хамгаалагч тус бүрд газар олгон, тарвас тариалсан. Бүх байгаль хамгаалагчдаа талбай хуваарилж өгсөн. Ямар ч байсан хүүхдүүдийнхээ хэрэгцээг болгочих жимс, ногоог тэндээ тариалж байна.
Үүнээс гадна нэмэлт орлого бий болгох зорилгоор 365 ширхэг алимны мод суулгасан. 2030 он гэхэд захиргаа өөрөө дор хаяж 50 сая төгрөгийн орлогыг энэ талбайгаас олж, түүгээрээ байгаль хамгаалагчийн тулгамдсан асуудлыг шийдвэрлээд явахаар төлөвлөсөн юм.
Таван жилийн дараа гэхэд манай захиргаа өөрсдийн гэсэн алимны брэндтэй болно. Энэ жил эхний жимс гарсан.
-Эхний ээлжид байгаль хамгаалагч нарын унааг шинэчлэх чиглэлд анхаарсан гэлээ. Үнэхээр энэ их говьд тэдний хамгийн сайн нөхөр бол мотоцикл юм байна. Нөхцөл байдал хэр өөрчлөгдсөн бэ?
-Намайг ажил авах үед, хамгийн сүүлийн байдлаар 2014 онд 10 мотоцикл өгсөн байсан. Нийтээрээ л муудсан байлаа. Мотоциклийг 3-5 жил унах норм тавьж өгдөг. Гэвч говьд тийм боломж байхгүй. 40 хэмийн халуунд мотор нь дороо мууддаг. Маш их явдаг л даа.
2017 онд Чех улсын тусламжаар 10, дараа нь БОАЖЯ-наас мөн 10 мотоцикл ирсэн. Монголын бартаат замын холбоотой хамтарч, Yamaha мотоцикл авсан. Мөн “Монгол экологи” төвтэй хамтран, таван Honda мотоцикл авч байлаа. Германы сэргээн босголт, хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд 24 мотоцикл ирсэн зэргээр, унаа жил тутам шинэчлэгдэж байна. 2025 онд ралли зохион байгуулж, дахин 20-иод мотоцикл татахаар төлөвлөсөн байгаа. Хамгийн сүүлд ноднин Японоос 25 шинэ мотоцикл ирсэн.
Байгаль хамгаалагч нарт хамгийн чухал зүйл бол унаа. Бусад хувцас хэрэгсэл, хөнжил, мишок, майхан, GPS зэрэг хангамжаар манай хамгаалалтын захиргаа бусдаасаа харьцангуй сайн болж ирсэн.
Төсөв цалин, шатахуунд явдаг. Уст цэг, хөв цөөрөм байгуулах ажлыг төсөл хөтөлбөр, хандив тусламжаар шийддэг
-Хамгаалалтын захиргаанд үндсэн чиг үүргээс гадна нарны хөргүүрт худаг, хөв цөөрөм, мазаалайн тэжээлийн цэг байгуулах гээд олон ажил байдгийг харлаа. Та ямар ажлыг голчлон нэрлэмээр байдаг вэ?
-Сүүлийн жилүүдэд дорвитой алхмууд хийгдсэн. Гэхдээ энэ миний гавьяа биш. Өмнө нь хамгаалалтын захиргааг удирдаж, мөн ажиллаж байсан хүмүүсийн л хичээл зүтгэлийн үр шим гэж ойлгож явдаг. Тэдний төлөвлөж явсан ажлууд миний үед хийгдсэн. Онцлох нь, үе үеийн дарга нарыг хүсэж мөрөөдөж байсан оффисын барилгыг ашиглалтад оруулсан. Мөн уст цэгүүдэд голчлон анхаарч ажилласан л даа.
Амьтад хэрхэн шилжилт хөдөлгөөн хийж байгааг судлан, хаана уст цэг байгуулбал дайрч өнгөрөн ундаалах боломжтойг зурагласан. Улмаар гадаадын төслийн хүрээнд найман цэгт зөвхөн өрөмдлөг хийж өгөхийг хүссэн маань амжилттай болсон. Зургаад нь ус гарсан.
Ингээд хоёр жилийн дараа Лондонгийн амьтан судалгааны нийгэмлэгийн хавтгай тэмээг хамгаалах төсөл орж ирлээ. Улмаар тэдэнтэй ярилцаж, өрөмдөөд орхисон худгаасаа хоёрыг нь тохижуулж өгөхийг хүссэн. Буурын хяр, Гантөмөрийн сайрт нарны хөргүүртэй худаг ажилд оруулсан гэсэн үг. Автомат камераар хянахад маш сайн үр дүн гарсан. Хар сүүлт, хулан, хавтгай зэрэг олон амьтан тэндээс ундаалж байна. Хожим Австралийн иргэн мөн хоёр худгийг тохижуулах хөрөнгө хандивласан. Одоо бүх гүний худгууд маань нарны хөргүүртэй болсон. Нарны хөргүүрт худаг нь гүний усыг ихээр ашиглахгүй автомат тохируулгатайгаараа давуу юм.
Тусгай хамгаалалтад авахаас өмнө энэ нутагт тодорхой хэмжээний айл амьдарч, цэргүүд байрлаж байлаа. Иймд гар худаг мэр сэр бий. Тэдгээрийг сэргээж, тохижуулж байна. Ламын тоорой гэдэг газарт “Эрдэнэ Монгол” ХХК-тай хамтарч үзлээ, үр дүн амжилттай.
Харин улирлын чанартай ус гардаг уст цэгүүддээ хөв цөөрөм идэвхийлэн байгуулж байна.
2023 оныг мазаалай баавгайг хамгаалах жил болгон зарласан шүү дээ. Үндэсний бахархалт амьтан болгож, хамгаалах хөтөлбөр боловсруулсан. Энэ хүрээнд 1 тэрбум төгрөгийн төсөв тавигдсаны 200 саяыг уст цэг сайжруулах, хөв цөөрөм байгуулах, усны эхийг хамгаалахад зарцуулж байна.
Одоогийн байдлаар таван уст цэг, таван хөв цөөрөм, нэг инженерийн хийцтэй хөв цөөрөм байгуулах, мазаалайн тэжээлийн нэмэх, нөөцийн сав бий болгох ажлуудыг төлөвлөөд явж байна.
-Хамгаалалтын захиргааны өөрийн төсөв ямар юм бэ. Уст цэг тохижуулах ажилд ер төсөв тавигддаг уу?
-Байгаль хамгаалагч нарын цалин нэмэгдсэн болохоор гаднаасаа өндөр төсөвтэй юм шиг харагдаж магадгүй. Гэхдээ төсвийн 90 хувь нь шууд цалингийн зардал юм. Үлдсэн 10 хувь нь хяналт шалгалт, мониторинг, судалгааны ажлын бензинд л явчихдаг.
“Байгаль хамгаалах”, “Ургамал хамгаалах” зэрэг агуулгаар тусад нь мөнгө тавьж өгдөг ч мөн л шатахуунд зарцуулагдаад таардаг. Тодорхой мөнгө үлдвэл уст цэг сайжруулах чиглэлдээ хадгалдаг.
Тиймээс уст цэг, хөв цөөрмийн ажлыг голчлон тусламж, гадаадын төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг татах байдлаар шийдэж байна даа.
-Тэгэхээр гадаадын төсөл хөтөлбөрүүд илүү тус дэм болдог гэж ойлгож болох уу. Олон төсөл хэрэгждэг ч үр дүн нь бага гэж шүүмжлэх нь бий шүү дээ?
-Төсөлд олон нийт тал талын байр сууриар ханддаг л даа. Миний хувьд ер төсөл хэрэгжиж л байвал их бага өгөөжөө заавал өгдөг.
Судалгааны төслийн санхүүжилт судалгаандаа л зарцуулагдана шүү дээ. Харин тухайн судалгааны үр дүнд тулгуурлаж, хамгаалалтын үйл ажиллагаагаа өргөжин тэлж, баталгаажиж байдаг.
Мазаалай хамгаалах олон улсын жижиг төсөл олон бий. Иргэд болон хамгаалалтын захиргаанд нэг их нөлөө үзүүлэхгүй. Гэхдээ мазаалайд сансрын хүзүүвч зүүнэ, цусны болон үсний дээж авна гэдэг алсдаа асар том ач холбогдолтой. Шууд хөрөнгө оруулалтаас ялгаатай. Арай томоохон, НҮБ-аас, олон улсын байгууллагуудаас хэрэгжүүлж буй төсөл л иргэн, хамгаалалтын захиргаа руу чиглэдэг.
Тэгэхээр төсөл чиглэл, чиглэлээсээ хамаардаг.
Энэ бол дуртай нь машинаа бариад давхидаг газар биш
-34 хүний бүрэлдэхүүнтэй захиргаа энэ том нутгийг хамгаалах үүрэг хүлээж байна. Хилийн цэргүүдтэй ч хамтардаг юм билээ. Гэхдээ нэгэнт бүрэн хашаалчхаагүй нөхцөлд бол хүний хөдөлгөөнийг бүрэн хянах боломж тун хомс юм. Таны бодлоор А бүсийг хэр хангалттай хамгаалж чадаж байгаа вэ?
-Яах гэж газрыг тусгай хамгаалалтад авдаг вэ. Тухайн экосистемийг доройтуулахгүй байх, энэ хэмжээнд нь хадгалах, амьтан, ургамлыг нь өсгөж, үржүүлэх зорилгоор.
1975 онд айл буудаг байсан. Одоо байхгүй. Амьтны тоо толгой өссөн. Мазаалай тэр үед 20-иодхон байсан, өнөөдөр 50 орчим болж өссөнийг генетикийн судалгаагаар тогтоосон. Энэ амжилт. Загийн талбайн тархац хэмжээ нэмэгдсэн. Энэ бодит үр дүн. Хавтгайн тоо толгой буураагүй. Энэ мэтчилэн олон зүйлийг дурдаж болно. Газар нутгийн унаган төрх нь эвдэгдээгүй байна. Орчны бүсэд нь уул уурхайн 33 лиценз бий. Нэгэнд нь ч зөвшөөрөл олгоогүй байгаа. Энэ утгаар нь хамгаалж чадаж байна гэж ойлгодог.
Өмнө нь хууль бусаар алт олборлодог хүмүүс хяналтгүй ороод ирдэг байсан.
2020 оны аравдугаар сард, Чойгийн ус гэдэг газар алт илэрсэн. Бидэнд хамгаалах асуудал хүчтэй тулгамдсан. Улмаар жижиг гэр барьж, байгаль хамгаалагч нараараа ээлжлэн мануулж байлаа. Олон ч хүнтэй сайдаж муудсан. Хамгаалж чадсан. Зургаан сарын хугацаанд 150 гаруй зөрчил илрүүлж, торгуулийн 70-аад сая төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлж, 10-аад хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн.
Тэр үед хүмүүс хэлж байсан. “Та нар хэдий хугацаанд хамгаалж чадах юм, харна аа” гэж. Ямар ч байсан дөрвөн жил хамгааллаа, нэг ч хүн хууль бусаар алт олборлоогүй. Орон нутагт биднийг сайн муугаар хэлдэг л байлаа. Тэр бүгдийг тоогоогүй, өөрсдийгөө зоригжуулж ажилласан.
Үүний хүчинд дархан газар луу орж ирдэг хөл хөдөлгөөнийг 100 биш гэхэд 80 гаруй хувьтай хязгаарлаж чадаж байгаа.
-Хулгайн ан ч бас багассан гэж сонссон юм байна?
-Хулгайн ан ер нь бага. Судалгаанд дурдсанаар өмнө нь мэр сэр гарч байсан юм билээ. Гагцхүү хууль бус аргаар алт олборлож буй хүмүүс л ийм зөрчил гаргах өндөр эрсдэлтэй.
Шударгаар ажиллаад ирэхээр нутгийн малчид өөрсдөө мэдээлэл өгч эхэлдэг. “Тийшээ нэг машин явчихлаа, Талын бэлтэс рүү яваад өглөө. Биднийг мэдээлсэн гэж битгий хэлээрэй” гэх мэтээр. Малчид, хилийн цэрэгтэй хамтраад ажиллахад энэ урсгалыг гаргаахгүй барьж чадаж байна.
-Ерөөсөө л энд хүний хөл бага байлгах нь гол гэж тун товчоор ойлгож болох уу?
-Тийм. Хүн машин тэрэгтэй орж ирэх хэрээр л амьтад үргэмтгий болж, дайждаг. Хавар амьтад төллөдөг учраас бүр огт гаднын хүн явуулахгүй байхыг хичээдэг. Машин яваад хавтгайн ботго эхээсээ хоцорч үлдсэн тохиолдол байна.
Явж үзсэн хүмүүс “Танай энд амьтан гэх юу ч алга л байна шүү дээ” гэж ташаа зүйл ярьдаг. Газар нутгийн онцлогоос шалтгаалж ногоо сайн ургасан бол амьтад уулаад гарна, муу бол хэдэн уст цэгээ түшиглэдэг. Халуун үеэр манай эндхийн амьтдын 80 хувь нь шөнийн амьдралд шилждэг. Иймд хүмүүст нэг их харагддаггүй. Ер үргэмтгий амьтад учир хүний хөл хязгаарлахыг л хичээдэг.
-Хамгаалагчдаас өөр буюу “гаднын” хэчнээн хүн жил тутам энд нэвтэрдэг юм бэ?
-Аялал жуулчлалын зорилгоор гэвэл дуртай болгоныг нь явуулна гэж байхгүй. Энэ бол дуртай нь машинаа бариад давхидаг газар биш. Судлаачид бол явна. Жилд 4-5 баг ирж ажилладаг. Сүүлийн жилүүдэд кино зургийн баг их ирж байна. BBC, Apple TV-тай хамтарч, бид баримтат кино хийлээ.
Аялагчдын тухайд үнэхээр хүндэтгэх, чухал зорилготой бол хамгаалалтын захиргаатай хамтран, цөөн хүний бүрэлдэхүүнтэй, ганцхан удаа явах сонголт өгдөг.
Судлаачид Нарансэвстэйн боомт нээгдвэл алтайн өвөр говь Дэлхийн өвд бүртгэгдэх боломжгүйг хэлсэн
-Хамтарсан Засгийн газар үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө Нарансэвстэйн боомтыг нээнэ гэж тусгасан байх юм. Гэтэл энэ бол А хэсгийн урд хязгаар шүү дээ. Энэ мэдээллийг та хэрхэн хүлээж авч байна вэ?
-Нарансэвстэйн боомтын хувьд 1992 онд нээж үзсэн. Дөрвөн удаа ажиллуулж, байгальд төдийгүй нийгэм эдийн засагт ашиггүй байгаа нь тогтоогдсоноор хаасан байдаг. Нарансэвстэйгээс БНХАУ-ын Ганьсу муж хүртэл 280-аад км, түүнээс наана хот суурин байхгүй. БНХАУ-ын тал бол нааш замаа тавиад эхэлсэн. Одоо “Нарансэвстэйн боомтыг нээх нь маш өндөр ач холбогдолтой” хэмээн ярьж байна.
Энэ бол төрийн бодлого. Харин би төрийн албан хаагчийн тухайд эсэргүүцэх нь нийцгүй асуудал. Хувь хүний зүгээс бол таатай хандахгүй л байна. 4.6 сая га ийм нутгийг яагаад онгон чигээр нь хадгалж болохгүй гэж. Хавтгай тэмээ, мазаалай баавгай бүгд бий. Дэлхий үнэлж байна. ЮНЕСКО-гоос дэлхийн өвд бүртгүүлэх бүрэн боломжтой гэж үзэн, өөрсдөө үнэлж хүндэтгэж байна шүү дээ.
-Боомт нээгдвэл зам тавих нь ойлгомжтой хэрэг. Гэтэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар, дархан цаазат газар зам тавих боломж ер нь байдаг юм уу?
-Боломжгүй, хуульд харшилна. Зам тавилаа гэхэд адаглаад их хэмжээний шороо зөөнө. Гэтэл энэ хязгаарлалтын бүс. Хүн, техникийн хөл хөдөлгөөн үлэмж ихсэхэд нөгөө экосистемд сөргөөр нөлөөлж, амьтад дайжна шүү дээ. Зам тавихын тулд хуульд өөрчлөлт оруулах зэрэг ямар нэг арга механизм ашиглахаас аргагүйд хүрнэ. Би төрийн албан хаагч мөртлөө төрийн бодлогыг эсэргүүцэж болохгүй. Гэхдээ энэ бол ухралт.
-Дэлхийн өвд бүртгүүлэх тухай сэдэв сонирхолтой сонсогдлоо. Бидний өмнө ямар боломж байна вэ?
-Гурван газар яригдаж байгаа юм. Өмнөговь аймаг дахь Говийн бага дархан цаазат газрын 1-р хэсэг. Мөн Говийн дархан цаазат газрын А, Б хэсэг.
Ер нь өв гэж юу вэ. Эцэг эхээс уламжилж ирсэн үнэхээр үнэт зүйлийг л өв гэнэ шүү дээ. Үүнийг байгалийн өв мөн байна гэдгийг Монголын төдийгүй дэлхийн судлаачид тогтоолоо. Гадаадын судлаачидтай явлаа. Тэгэхэд “Танай энд бүх зүйл байна. Өндөр уул нь байна. Атас, Ингэс, Цагаан богд уул бий. Элсэн манхан нь байна. Баруун, зүүн шаргын говь, Элст уул бий. Цөлийн эко систем нь байна. Хар сайр бий” гэж байна. Сухайн томоохон бутыг үзээд тэр судлаач “Үүнийг бий болгохын тулд хэдэн сая жил шаардагдсан. Судалбал Монголын говь цөлийн талаар маш их мэдээлэл өгнө. Харин уствал, дэлхийн нэг дугаарын эрдэмтэн байлаа ч яг энэ хэлбэрээр нь, хэзээ ч сэргээж чадахгүй” хэмээсэн.
Хятадын нэг судлаач 20-иод жил бөхөнг судалж, докторын зэрэг хамгаалсан юм. Түүнтэй хамт Шаргын говьд явахад бөхөн харайхыг үзээд, “Би 25 жил судалгааны ажил хийхдээ бөхөн ингэж гүйдгийг мэдээгүй явсан шүү дээ. Анх удаа харлаа” гэж хэлсэн.
Манай говьд ирж л мазаалай баавгай, хавтгай тэмээг үзнэ. Дэлхий нийтийн хувьд шүү дээ.
Тийм учраас дэлхийн өвд бүртгүүлэх үнэ цэнтэй газар нутаг гэж үздэг. Монголд бол бие даан дэлхийн өвд бүртгүүлсэн газар байхгүй. БНХАУ, ОХУ-тай хамтарч бүртгүүлсэн нь л бий.
-Дэлхийн өвд бүртгүүлэх процесс яаж явагддаг юм бол?
-Засгийн газрын тухайд Говийн их дархан цаазат газрыг дэлхийн өвд бүртгүүлье гэдэг саналаа ЮНЕСКО-д хүргүүлчихсэн юм билээ.
Өнгөрсөн жилээс тэдний холбогдох судалгааны байгууллага нь ирж ажиллаж байгаа. Эхний ээлжийн судлаачдын баг ирж, дээр дурдсанчлан үнэхээр үнэ цэн бүхий өв мөн гэдгийг тогтоогоод явсан. Одоо тэд тайлангаа төв байгууллагадаа танилцуулна. Улмаар олон улсын шинжээч томилох юм. Ингээд шинжээч санал нэгдвэл манай говь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдэнэ. Олон шаардлага тавьж үзэх юм билээ л дээ. Онгон бүс нь байна уу, орчны, хамгаалалтын, хязгаарлалтын бүс нь байна уу гэх зэргээр. Харин Нарансэвстэйн боомт нээгдвэл ирээдүй байхгүй гэдгийг бол хэлж байна билээ.
Их говь гэдэг машины чадал, хүний чанарыг шалгадаг. Энд ажиллаж буй эрчүүд бол үнэхээр чин сэтгэлтэй улс. Сэтгэлгүй хүн байгаль хамгаалах өчүүхэн ч боломжгүй. Мөн говьд ус бол алтнаас үнэтэй гэдгийг л би ажиллаж байх хугацаандаа хатуу ойлгосон. Алт авч яваа хүн их говьд усгүй бол хэн ч биш. Энэ экосистем, амьтан, ургамал бүгдэд алттай отгхон ч хавьтаж очихгүй үнэт зүйл бол гагцхүү ус юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гайх�##�тай юсаа. Ажилд нь амжилт хүсье
Баярбат дарга мундаг шүү
тийм ээ
taliiin meltesiin ih alt gej heseg humuusiin noirgui bolgoj baigaa gazar bii dee.kk.hiliin tsergiihen bolon ulsiin hiliin tuhai huuliaartai l hamgaalj avch uldej baigaa daa.heden jiliin umnu darhan gazariin baigal hamgaalagchid ni dargataigaa alt uhaj yavaad barigdaj baisan daaa haha
Ажлаа мэддэг зүрх сэтгэлтэй даргад баяр хүргэе
Дархан газрын дундуур зам тавьж болохгүй шүү, боомт бол бүүр ч хэрэггүй.
Бургастайн боомт гэж хажууханд нь байгааг өөд татахгүй байж заав�##� Наран сэвстэйрүү улайраад байгаа нь учиртай. Боомтын нэр барьж Тусгай хамга�##��##�таас гаргачихаад Т�##�ын мэлтэсийн �##�тыг ухаж хятадруу зөөнө гэж хардаж байна.
Онгон дагшин байдлаар нь хамга�##�ж чадв�##� үр хойч төдийгүй дэлхийд үлдэх өв юм бна. Мундаг з�##�уустаа маш их баярлаж бна. Боомт нээж огт блхгүй, мэнэнгийн т�##�ыг сүйдэлсэн тамсагийн нефть шиг юм блно.
Мундаг юмаа хөөх Амжилт
Мундаг юмаа хөөх! Баяр хүргэе!Амжилт.Та нар чадлаа
Энэ даргад үнэхээр баярлаж бна.Хамт олонд нь ч т�##�архаж бнаа.Тэр шинээр нээх
боомтыг болиулахыг хичээгээрэй.
Мундаг дарга юм аа, танд баяр хүргэж, их амжилт хүсье. Хамга�##�ж буй энэ сайхан байг�##�ь экосистёмээ дэлхийн өвд бүртгүүлэх зорилгодоо заав�##� хүрээрэй гэж ерөөе. Манай төр засгийн нөхдүүд ер нь байг�##�ь экологийн мэдлэггүй, дээр нь байг�##�ь дэлхий, амьтан, ургамлаа хамга�##�ах сэтгэлгүй тэнэг амьтад юм даа гэж баттай бодогдлоо. Мөнгө л бодохоос өөр, өөрийг сэтгэх сэтгэлгүй , арчаагүй улсууд юм даа! Байг�##�ь ээжийн хадэн сая жилийн бүтээл болох ургам�##�, амьтны зүйл тэдний буй болгосон экосистемийг ямар ч мөнгөтэй, хэнгуай ч бүтээж чадахгүй шүү дээ! Бид дэлхийд ховор олон зүйлийн хөхтөн амьтад бүхий, энэ онгон байг�##�ьтайдаа бахархан хамга�##�ж, хадг�##�ах нь зөвхөн Монголын биш, дэлхийн өмнө хүлээх үүрэг, бас бахархах бахарх�##� минь байх ёстой шүү дээ.Эрх мэдэл л бв�##� юуг ч сөнөөж, сүйтгэж болно гэж үү???!!! Ард түмэндээ үнэнийг сайн мэдээлж, хамга�##�аарай.????????
Энэ бол төрийн бодлого би эсэргүүцэж чадахгүй , гээд Багабандийн Эрдэнэмонгол гэдэг уул уурхайн компанитай хамтарч ажилдаг ч гэх шиг бөөрөнхийлсөн худ поп гар бна
Хайлаас тарьж болох уу? Ургана гэвэл үрсэлгээ аваарай. Хөв цөөрөм байгуулахад ямар зард�##� гардаг вэ? Холбоо барихыг хүсьe
Энэ Одонтуяа сайд бол нээх т�##�д байгаа юм биш үү? Тэртэй тэргүй �##�ь 1975 оноос бүх суд�##�гаа хийгдэж өчнөөн төчнөөн гадаад дотоодын эрдэмтэн мэргэжилтнүүд ажиллаад дэлхийн өвд хүртэл бүртгүүлчихсэн байхад юун байг�##�ь орчны үнэлгээ хйих вэ? Ямар шинээр авах гэж байгаа биш. БОүнэлгээний компаниуд гэж мөнгө л ахиухан өгч байв�##� ямар ч үнэлгээ гаргах улс гэдэг нь Тосон Бумбатын Чойжилсүрэнгийн �##�тны уурхай дээр эерэг үнэлгээ гаргаснаас харагдаж байна. Хужаагийн бараа авахын тулд дахиж олдохгүй сайхан нутгаа машины шороонд булуулж амьтнаа бэлчих бэлчээргүй болгож өвөг дээдсийнхээ ясыг өндөлзүүлэх сайхан л байдаг юм байх даа баартагчингууд аа