Их говийн хамгаалагчид: Унаа, шатахуун, ус. Байгаль хамгаалагч энэ гуравт хайртай болдог
“Энэ жил ер нь нуруугаа дагаж л ногоо сайн ургаж дээ. Хоолойд муу байна. Хөшөөт, Цагаан тохой хэр байна?” гэж байгаль хамгаалагч Ч.Давааням асуулаа.
10 гаруй жил түүний хамт их говийн экосистем, амьтан, ургамлыг хамгаалж яваа Н.Алтаншагай “Аарагтаа л байна. Энэ ус тууширч урсдаг байсан, одоо больж. Бороо бага орсонтой л холбоотой. Рашаан бас эргэчихлээ шүү дээ. Ус тууширчихаар энд хавтгай навч идэх гэж их орж ирдэг. Хар сүүлт ч нэлээд ирнэ” хэмээн хариулж байна.
Тэдний үгийг Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаанд ажилд ороод нэг сар болж буй, шинэ залуу байгаль хамгаалагч Д.Сумъяабазар анхааран сонсоно.
1975 оноос хойш улсын тусгай хамгаалалтад авсан 4.6 сая га талбай бүхий алтайн өвөр говь Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутгийг дамнаж оршино. Мазаалай ганцхан энд л амьдардаг. Хавтгай, хулан, хар сүүлт гээд нэн ховордсон амьтдын онгон зэрлэг өлгий нутаг.
Харин Энд 20 гаруй байгаль хамгаалагч үүрэг гүйцэтгэх бөгөөд мотоциклоор туулж, ажилладаг. Тэдний төлөөлөл бол Ч.Давааням, Н.Алтаншагай, Д.Сумъяабазар нар юм.
Eguur News агентлаг говийн экосистемийг хамгаалах, эмзэг нандин байдлыг таниулах редакцын голлох чиглэл баримтлан ажиллаж байна. Энэ хүрээнд “Мазаалай” баримтат уран сайхны кино төсөл хэрэгжүүлж буй бөгөөд, 14 хоногийн турш Говийн их дархан цаазат газрын А хэсэгт ажиллалаа.
Эдгээр өдрүүдийн баатар нь байгаль хамгаалагчид байв.
Говийн гурван хамгаалагчийг танилцуулъя.
Н.Алтаншагай: Дөрвөн жилийн өмнө шинэ уст цэг илрүүлж, саяхан мазаалайн тэжээлийн цэг байршууллаа
Түүнийг Н.Алтаншагай гэдэг.
Тэрбээр “Би 2010 оноос хойш 14 дэх жилдээ ажиллаж байна. Алтай болон Цогт сумын нутгийг хариуцдаг.
Байгаль хамгаалагчийн ажил багаас л сэтгэл татдаг байсан. Манайх тусгай хамгаалалттай газартаа ойр нутагладаг, байгаль хамгаалагчдыг, амьтан ургамлыг харахад их гоё санагддаг байсан.
Хүнд бэрх байлгүй л яах вэ. Унаа мотоциклийн бүрэн бүтэн байдлыг сайн хангах ёстой. Эвдрээд нам суухад яах ч аргагүй л болно. Ус сайтай явахгүй бол буцаж эргэхэд багадаа л 100 гаруй км туулна шүү дээ. Эрсдэлтэй алхам л даа. Мотоцикл хэчнээн сайн байгаад бензинээ тооцохгүй бол горьгүй.
Ажлаа хийж яваад амьтны бараа харах л гоё. Хавтгайн хэдэн сүрэг байна хэмээн тоолж, дурандаад л. Төлийг нь шинжээд л. Гэв гэнэт хүн очиж байгаагүй уст цэг, баянбүрд олоход сонирхолтой санагдана. Сайхан болоод л явчихна” гэж ярилаа.
Их говьд нээгдээгүй, газрын зурагт тэмдэглэгдээгүй уст цэг олон. Харин тэд уст цэгийг зэрлэг амьтад ундаалахад тохиромжтой болгон өргөжүүлэх, тохижуулах, тэнд мазаалайн идэш тэжээлийн сав байршуулах үүрэгтэй.
Н.Алтаншагай дөрвөн жилийн өмнө шинэ уст цэгийн байршил тогтоожээ.
Тэрбээр энэ талаар “Харуул харын ус гэдэг тэр газрыг ахмад байгаль хамгаалагчид маань мэддэг ч бидэнд зааж өгч үлдээгээгүй, олдоггүй байсан. Би дөрвөн жилийн өмнө үсний дээж цуглуулах ажлаар залуу байгаль хамгаалагчтай хамт явж байгаад олсон.
Тухайн үед яг замаа дагаагүй, өөр чиглэлээр сонирхож явтал өмнө үзээгүй баянбүрд дайралдсан нь энэ байв. Захиргаандаа мэдэгдэж, энд тэжээлийн сав тавья гэж ярилцсан.
Хэдхэн хоногийн өмнө ажлаа бүтээлээ. Үүнээс хойш шинэ уст цэг дээр маань мазаалай баавгай ирэх байх. Удахгүй ул мөр нь мэдэгдэх болов уу” хэмээлээ.
2014 оны хавар Н.Алтаншагай хавтгай үржүүлгийн төвд ажиллахдаа ороо нь орсон бууранд хазуулжээ. Хавар цагт бага залуу буурны ороо ордог байна. Иймд ботголсон ингэнүүдийг салгаж, ботгыг үржүүлгийн хашааны гадна талд уядаг аж.
Н.Алтаншагай ингэж байтал буур дайрч, мөрнөөс нь хазаад авчээ.
“Тухайн үед би сайн мэдээгүй. Харж байсан хүмүүс “Чамайг алчуур шиг л сэгсэрч байсан” гэсэн. Хазчихаад тавилгүй нэлээд удаан зуусан. Арайхийж гар тавиатахаар нь гэдсээр нь мөлхөөд гарсан. Их эрсдэлтэй юм билээ. Үржүүлгийн төвд байгаа бууртай хамаагүй ойртож болмооргүй. Нэлээд гүнзгий соёо орсон, ором нь үлдсэн”.
Дуу цөөн, цэлгэр нүдтэй, амьдралынхаа 14 жилийг Их говийн төлөө зориулсан Н.Алтаншагай уншигчдад хандан “Цөөн үлдсэн хавтгай, мазаалай болон бусад амьтдаа хайрлан хамгаалцгаая гэж л уриалъя даа” хэмээн даруугаар хэллээ.
Ч.Давааням: Мазаалай харсан хоёр жуулчин шууд л уйлж билээ
Харин түүнийг Ч.Давааням гэдэг.
Тэр “Мазаалайн судалгаа 2005 онд идэвхийлэн эхэлсэн. Би хоёр удаа мазаалай судалгаанд гарч байлаа.
2019 онд Шар хулст, мөн урагш 50 км дэх уст цэг дээр ажилласан. Хойшоо хөшөөт гэж газрыг мөн эргэнэ. Өглөө яваад л өдөр ирнэ. Энэ үеэр хоёр мазаалай барьсан. Давхардаагүй тоогоор 26 дахь мазаалайгаа хүзүүвчилсэн нь энэ.
Сүүлд, хүсэлт ирсний дагуу хоёр жуулчин аваад, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэнтэйгээ Баруунтоорой явсан. Тэнд ирэнгүүтээ бид мазаалай харсан.
Хоёр жуулчин эмэгтэй шуудхан л уйлж билээ. Амьтанд хайртай улс, тэр холоос зорьж ирсэн ажил нь бүтсэнд баярлах нь аргагүй” хэмээв.
Ч.Даваанямын хувьд говьд хамгийн хайрлам амьтан хавтгай. “Ер нь энэ говьд хамгийн их цангадаг нь хавтгай тэмээ л дээ. Хол бэлчээртэй. Хулан, мазаалай шиг өөрөө малтаж шанд гаргаж чаддаггүй. Туруу, саваргүй, тавхайтай учраас тэр. Хавтгайг хараад би их өрөвддөг л дөө, тэмээтэй айлын хүүхэд байсан болохоор” хэмээн ярьж байлаа.
Д.Сумъяабазар: Эрх зүйч мэргэжилтэй ч байгаль хамгаалагч болохоор шийдсэн
Тэдэнтэй нэгдэж, ажлын гараагаа эхлүүлээд удаагүй Д.Сумъяабазарын хувьд 24 настай.
Тэр Их засаг хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсжээ.
-Яагаад мэргэжлээрээ ажиллаагүй юм бэ?
-Би Баянтоорой тосгондоо төрж өссөн. Тийм болохоор ер нутаг орондоо ажиллая гэж бодсон. Хоёрт, голцуу хамгаалалтын бүстэй ойр нутагладаг учраас байгаль хамгаалагч болохоор шийдсэн дээ.
-Гэр бүл нь эсэргүүцсэн үү?
-Тэгээгүй ээ. Байгаль хамгаалагч болно гэхэд маань их дэмжсэн.
-Үлгэр дуурайл болсон байгаль хамгаалагч нар бий юу?
-Үлгэр дуурайл гэвэл, Н.Алтаншагай ахыг нэрлэнэ. Бид их ойр өвөлждөг байсан юм. Түүнийг л багаасаа харж, байгаль хамгаалагч байхыг сайхныг харж, мэдэрч өссөн.
Д.Сумъяабазар “Энэ хүнд хүчир ажлыг хийнэ гэхээр айдас, эргэлзээ төрсөн үү?” гэж асуухад “Тэр талдаа гайгүй ээ. Ажилд ороод л эхний удаа хөв цөөрөм байгуулалцсан. Уст цэг, баянбүрдүүдийг үзсэн. Их гоё оо. Байгуулсан хөв усан дээр зэрлэг амьтан ирж ундаалж байхыг харах их гоё. Мөн Эхийн голд манай хамт олон мод тарьсан. Тэндээс Биологийн хүрээлэнгийнхэнтэй хамт явж аргаль хүзүүвчилсэн. Говио бараг л бүтэн тойрчихлоо. Хар сүүлт, хавтгай, хулан харлаа. Маш олон уст цэг, баянбүрд үзлээ. Олон газар усны нэр мэдэж авлаа” хэмээн эрэмгий, сэтгэл хангалуун ярьж байна.
Тэр залуу үедээ хандаж, “Ер говь гэлтгүй, өөрсдийн эргэн тойронд буй байгаль орчноо хамгаалах хэрэгтэй. Хээр аяллаа ч хогоо хаяхгүй, буцаан авч явахаас эхэлнэ шүү дээ. Мод ургамлаа тастахгүй байх, амьтдаа хайрлахыг уриалмаар байна” гэлээ.
Хулангийн унага тэжээсэн түүх
Гурван байгаль хамгаалагч энэ үед Шар хулстайн баянбүрд, уст цэг дээр ярилцаж байна.
Д.Сумъяабазар: Энэ усаар хулан ирэх үү?
Ч.Давааням: Их шүү.
Д.Сумъяабазар: Үүгээр хулангийн хомоол их байна. Та хоёр өмнө нь хулангийн унага тэжээсэн гэл үү?
Н.Алтаншагай: Тэгсэн.
Тэд Говийн их дархан цаазат газрын Б хэсгээс хулангийн унага авчран, тэжээж байжээ. Үхрийн сүүг шингэлээд л угждаг байж.
Ч.Давааням, “Тэр чинь их хоолонцор. Гэдэс нь дүүрнэ. Хоолондоо сайн. Өөр хүн амьтан дагахгүй. Бид хоёрыг бол андахгүй. Унаж байгаа мотоциклыг ч андахгүй. Мотоциклийн дуу аваад угждаг газраа харайгаад л хүрээд ирнэ” хэмээн дурсав.
Харин Н.Алтаншагай “Бид оройдоо л уядаг байсан юм. Нэг өдөр нэмнээтэй явж байхад нь боохой бариад идчихсэн байсан” гээд дуугаа хураалаа.
Тэр орой аажуу ирэхэд нь хулангийн унага олдсонгүй. Өглөө эртлэн эрвэл чононд бариулсныг нь мэджээ.
Д.Сумъяабазар: Хэр удаан тэжээсэн билээ?
Ч.Давааням: Даага болгосон.
Д.Сумъяабазар: Сэтгэлээр унасан уу?
Н.Алтаншагай: Ямар л сайн байх вэ. Тухайн үедээ эвгүй л юм билээ. Хуланг хэрэв тэжээвэл 1-2 нас хүртэл нь сул тавимааргүй юм билээ.
"Унаа, бензин, ус. Байгаль хамгаалагч хүн энэ гуравт хайртай болно"
Тэд гурвуул томилолт аваад, гэрээс гарч ес дэх хоног дээрээ яваа юм. Ч.Давааням шинэ байгаль хамгаалагчаас “Ядарч байна уу. Чанга газар байгаа биз дээ. Гантөмөрийн сайраар анх мотоциклтой явахад чанга байсан шүү.
Газар орноо сайн харж яв. 5-6 жилийн дараа дахиад шинэ байгаль хамгаалагч дагуулаад явна шүү дээ.
Зам хаана, яаж салж байна анзаар. Хувийн бэлтгэлээ маш сайн хангаж сур.
Гол нь унасан унаа, хоёрт бензин тос, гуравт ус. Байгаль хамгаалагч хүн энэ гуравт л хайртай болно. Залуу хүн явж байтал болно. Зоригтой, эрч хүчтэй бай” гэлээ.
Н.Алтаншагайн хувьд “Галтай явах чухал. Хээр ганцаар хонох тохиолдол бишгүй таарна. Асаагуур найдваргүй, шүдэнз сайн. Бүр болохгүй бол мотоциклын свечейг сугалж аваад, даавуунд тос шингээж хийгээд дарахад гал асдаг л юм” хэмээн зөвлөнө.
Нэг байгаль хамгаалагчид 160 мянга гаруй га талбай ноогдоно.
Тэд хууль бусаар алт олборлох зорилгоор тусгай хамгаалалттай газарт нэвтэрсэн хүмүүсийн араас ч мөшгөдөг. Мөрөөр нь мөшгин олж, шаардлага тавьж буцаана. Хэрэв эрүүгийн хэргийн шинжтэй үйлдэл хийсэн бол цагдаад шилжүүлдэг.
Түүнчлэн бүхий л говийн болон амьтан, ургамлын судалгааны ажилд оролцдог. Байгаль дээр нь ажилладгийн хувьд тэд мазаалай, хавтгай, хулан, хар сүүлт зэрэг зэрлэг амьтдын зан төрх бүгдийг гаргаахгүй.
Говьд алтнаас үнэтэй нь ус гэдэг маргаангүй. 1975 онд тусгай хамгаалалтад авсан тулдаа алтайн өвөр говьд мазаалай, хавтгайн тоо толгой өсөж байгаа ч уст цэг амин чухал асуудал хэвээр. Харин байгаль хамгаалагчид уст цэг бүрийг тохижуулах, өргөжүүлэх, хөв цөөрөм байгуулах, нарны хөргүүрт худаг гаргах зэргээр ч ажиллана.
Тэдний тохижуулсан хөв цөөрмөөс мазаалай, хавтгай, хулан ундаалж, гаргаахгүй мэддэг болсон замаар нь, нөмөр нөөлөг дор нь судлаачид ажлаа хийнэ.
"Яаж тогтоодог байна аа" гэж гайхмаар. Тэд их говийн хаана нь ямар уул, уст цэг байгааг олон жилийн туршид цээжилж мэджээ. Мотоцикл унаад л тэд элчилгүй их говийн замдаа гардаг билээ.
Эх байгалийн төлөөд ахуй бүхнийг зольж, хүнд бэрхийг үл ажран зүтгэдэг тэдний буй байдал ч энгийншиж, уурлаж уцаарлах нь үгүй, инээж хөхрөх нь элбэг, зүрх сэтгэл нь баялаг уудам болж төлөвшсөн нь эрхгүй анзаарагдах юм.
Их говийг хайрлан хамгаалах чиглэлээрх өмнөх контент:
Говийн их дархан цаазат А бүсийн дарга Ч.Баярбат: Анх "Та нарыг харна аа" гэдэг байсан. Ямартай ч бид хамгаалж чадаж байна ярилцлагыг ЭНД ДАРЖ уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш их хүндлэл бахарх�##� төрж байнаа.Мундаг хүмүүс юм.Ийм ажил хийж байгаа хүмүүстээ дулаан хувцас,багаж дуран,тос бензин,машин унаагаар хангах ёстой юм.
Дулаан хувцаслаара
Ёстой л эх орон ч иргэд бнадаа.Баярлаж бахархмаар хүмүүс бна.Та нар минь биеэ сайн бодож бгаарай.
явган сайн яв баахдаа хүртэл мотоцикл унадаг байхаа бүдүүн бүдүүн нөхдүүд л байх юм дар�##�т ихдэж зүрхээр хатгуулж амьсгааддаг байхдаа