16-тайгаасаа хувцас урласан эрэгтэй оёдолчин А.Сансар, нөхрийнхөө авьяасыг тэтгэгч С.Цэрэндолгор
Үндэсний их баяр наадмын хөлтэй өдрүүд ойртож хүн бүхэн зүүсгэл гоёл, дээл хувцсаа зэхэж буй энэ үед хувцас урлалын "Одод" урланг онцолж байна. Дөрвөн хүүхдийнхээ нэрийн Од гэх үеийг оролцуулан урлангаа ийн нэрлэжээ. Урлангийн үүсгэн байгуулагч нь эрэгтэй хүн байсан төдийгүй оёх үйл, урлах эрдэмд бүр багаасаа дурлаж яваа юм. Түүний хань, урлагийн эзэгтэй ч мөн аймаг орон нутагтаа алдартай уран эмээгийн охин бөгөөд нөхрийнхөө ажил, хоббинд дурлаж хамтдаа 20 гаруй жил өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа аж.
Энэ бол анх III ангидаа танилцаж, 20-иод наснаасаа ханилсан А.Сансарын гэр бүлийн бизнес. Ам бүл зургуулаа энэ айлын гишүүн бүр өөрсдийн оёсныг өмсөж эдэлдэг жинхэнэ утгаараа үндэсний үйлдвэрлэгчид. Мөн арваад оёдолчинтой хамтран ажиллаж, цалинжуулдаг ажил олгогчид юм. Тэд "Гэр бүлээрээ зорьж ирээд гуталнаас бусад хувцсаа коллекцоор нь сонгож өмсөөд гарах боломжтой. Хэрэглэгчиддээ маш цэвэрхэн, эсгүүр хийц сайтай, биед эвтэйхэн хувцсаар үйлчлэхийг зорьдог" болохоо онцолсон юм.
Тэдний үерхэл нөхөрлөл, өнөөгийн өнөр өтгөн ам бүлийн түүх наран ургах зүгээс ихтэй. Монгол орны зүүн хязгаар Дорнод аймгийн Халхгол суманд дахь сангийн аж ахуйд хоёр талынх нь аав ээжүүд залуу насаа зориулсан төдийгүй гэр бүлийн найзууд. Тодруулбал, тэд гэр бүлийн найзуудын хүүхдүүд. Тэдний эгэл амьдралын түүх хийгээд хамтын хөдөлмөр, зүтгэлээр өнгөлж өргөжүүлсэн бизнесийнх нь тухай хүргэе.
А.Сансар: Бүр багаасаа л юм оёх дуртай хүүхэд байсан. Анхны бүтээл маань тавдугаар ангидаа дүүдээ оёж өгсөн цүнх

Урлангийн хаалгаар ороход шинэхэн дээлнүүд өнгө алаглан байх бөгөөд эхнэр, нөхөр хоёр өдөр оролцох үзэсгэлэндээ бэлдэж байв. Гэр бүлийн бизнесээ эхлүүлээд хэр удаж байгаа талаар яриа эхлүүлэхэд эхнэр С.Цэрэндолгор нь "Би 2002 оноос сургуулиа төгсөөд нөхөртэйгөө хамт оёдол хийж байна. Миний хань бол бүр багаасаа юм оёсон. 15, 16 настайгаасаа европ хувцас хийж эхэлсэн шүү" хэмээн нөхрөө танилцуулав. Хүмүүс эрэгтэй хүн юм оёдог гэхээр гайхдаг. Өмд тайруулах гэж орж ирсэн хүн ч эхнэртэй нь түрүүлж харилцах гээд байдаг тухай тэд хуучилсан юм.
Үг дуу цөөнтэй ч дээл хувцасны тухай бол яриа нь ундраад байдаг эрхмийг А.Сансар гэдэг. Тэрбээр тавдугаар ангидаа дүүдээ зориулж цүнх оёж өгснөөс хойш юм оёход дурлах болжээ. Юм оёхыг хэнээр ч заалгаагүй, сургуульд суралцаж онол үзээгүй өөрийн авьяас өгөгдлөө хөгжүүлж иржээ. Ингэхдээ костюм пиджак, шуба, гадуур хувцас гээд эмэгтэй бүх төрлийн хувцсыг оёсон гэнэ.
Тэрбээр "Эмээ маань их уран хүн байсан. Хүүхэд байхаас минь надад унаган туурай нударгатай, хоёроор дарсан эмжээртэй гоё гоё дээл хийж өмсүүлдэг байлаа. Дээл, үнэгэн лоовууз малгай өмсөж өссөн болоод ч тэр үү тэр үеийн шаазан аяган дээр байдаг зураг шиг хургачин хүү болъё гэж боддог байсан. Тиймдээ ч юм оёх, тэр зурган дээр хувцсуудаа оёх дуртай байх. Олон жил суугаа ажил хийсэн учраас нурууны суулт болж хэдэн жил гам барьсан. Зүгээр сууж чадахгүй байсан тул хөдөлгөөнтэй ажил хийе гэж бодоод дөрвөн жил орчим ачигч, түгээлт хийсэн. Нэг хэсэг том тэрэгтэй ч ноцолдсон. Оёдол, том тэрэгний ажлаа хослуулж байгаад нэг мөсөн оёдлоо л хийе гэж сэтгэл шулуудаад явж байна.
Манайх малгай хийж эхлээд хоёр зуныг үдэж байна. Хувцсаа бүтэн коллекцоор хүмүүст танилцуулах зорилгоор үндэсний хэв маягийг нь алдагдуулахгүйгээр европ хувцасны технологиор оёдог. Тухайлбал, европ хувцасны халаас, индүүдлэг, нугалаа ур чадвар шаарддаг. Шилбэ, товчоо маш цэвэрхэн хадна. Анх европ хувцас оёж эхэлсэн учраас монгол дээлийг илүү стандарттай, эсгүүр хийц сайтай, цэвэр цэмцгэр хийх зарчим баримталдаг. Хамгийн гол нь хүний биед эвтэйхэн байх ёстой. Тухайн хүнийхээ юу хүсэж байгааг ойлгож мэдрээд, хүссэн хувцсыг нь оёж, хүлээлгэж өгөх сайхан" хэмээн ярьсан юм.
Эхнэр С.Цэрэндолгор: Манай гэр бүл хувцас худалдаж авдаггүй, өөрсдийн хийснээ хэрэглэдэг. Бүхий л тэмдэглэлт үйл явдлын гоёлыг нөхөр маань оёчихдог

"Одод" урлангийн эзэгтэйг С.Цэрэндолгор гэдэг. Тэрбээр Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгссөн ч мэргэжлэээрээ ажиллалгүй, нөхрийнхөө хоббиг дэмжин, гэр бүлийн бизнес эрхэлж яваа юм.
Тэрбээр "Хань маань миний хонхны баярын костюмыг оёж өгч байлаа. Одоо ч манай гэр бүл гаднаас хувцас худалдаж авдаггүй. Өөрсдийн хийснийг хэрэглэдэг. Ялангуяа хонхны баяр, есдүгээр сарын 1, хурим найр гээд бүхий л чухал өдөр, тэмдэглэлт баярын гоёлыг нөхөр маань урладаг. Манай хүн нэг өдөрт гурван дээлийг төвөггүй гаргачихна. Эсгүүр, оёдол бүгдийг стандартын дагуу хийдэг учраас хөдөлмөр илүү хөнгөвчлөгддөг" хэмээн нөхрөөрөө бахархангуй ярина.
Нөхөр үндсэн үйлдвэрлэлээ, би борлуулалт, маркетингаа хариуцдаг гэж хэлж болно. Бидэнд миний ажил, чиний ажил гэж байдаггүй хэн амжиж байгаа хийгээд л явдаг. Бараа материалын үнэ өсөж байгаа хэдий ч өчнөөн үнэтэй мах, бүтээгдэхүүн хэрэглэж байгаа хүмүүсийн өмнөөс бодохоор үнээ нэмж чаддаггүй. Манай дээлнүүд 280-450 мянган төгрөгийн үнэтэй. Монгол цамц 120 мянган төгрөг. Захиалга гэхээс илүү бэлэн бүтээгдэхүүнээр үйлчилдэг. Одоогоор 10 гаруй оёдолчинтой хамтарч ажиллан цалинжуулдаг. Гэхдээ стандарт шаардлагаа ягштал тавина. Сав баглаа боодлоо ч сайжруулсан. Цаашдаа үйлдвэрлэлээ илүү өргөжүүлэх, шинэ ажлын байртай болох зорилготой ажиллаж байна" гэв.
С.Цэрэндолгор ч бас уран эмээгийн охин. Түүний эмээ нутаг усандаа "уран" хэмээн авгайлуулдаг, театрын гоёлын хувцас оёдог нэгэн байжээ. "Эмээгийнхээ хажууд байгаад зах, ханцуй наахад хэрэглэдэг жонхууг сайн зуурч сурсан даа" гээд инээвхийлнэ. Эмээгийн жонхуу зуурагч охин уран залуутай амьдралаа холбож, үндэсний хувцас урлалын урлангийн эзэгтэй болсон нь энэ.
Видео:
П.ДАВААЖАРГАЛ

















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар сайхан хөдөлмөрч гэр бүл вэ бахархмаар
Монгол ур чадвараараа амжилт бүтээж яваа хүмүүсээ дэмжицгээе
Er hun ingej urladag ni uneheer gaihaltai
Amjilt husie iluu ih hugjuurei
Ger buleree buteesen biznes uneheer saihan sanagdlaa
Ийм урчууд олон болох болтугай
Deelee uursduu hiigeed umsdug ni goy yum aa
Энгийн дээлийг хэн ч оёх боломжтой. Гол нь зөв эсгэх.
Үндэсний үйлдвэрлэгчдээ үргэлж дэмжинэ
Авьяас хөдөлмөр хоёр нийлбэл ийм сайхан үр дүн гардаг юм байна
Ehneeree demjuulne gedeg hamgiin tom az
Хүүхдүүддээ сайхан үлгэр дуурайл болжээ
Ийм гэр бүлийн түүх унших сайхан байлаа
Mongol deel delhiid garah boltugai
Өөр хэн өмсөх вэ дээ
Хийсэн зүйлдээ хайртай хүнээс л ийм бүтээл төрдөг
Дөрвөн хүүхдийн нэрээр урлангаа нэрлэсэн нь их утга учиртай юм
Монгол брэндүүд улам олон болоосой
Шилбэ хадахаас бусдыг нь бол хэн ч хийж чадна. Айл бүрийн эмээ нар сүүлийн өрхийн хувцас ханган нийлүүлэгчид байлаа. Манай эмээ заагаагүй. Оёдлын машины зүүг л сүвлүүлдэг байсан. Дээл үнэтэй болсон тул өөрөө хийхээр шийдэж интернетээр оёдолчдын зааж буйг харж оёдог. Жоохон оёод ирэхээр материалын чанар маш чухад нь харагддаг. Харьцуулаад бодохоор эмээгээ яасан ч гүйцэхгүй. Эмээ бол төгс оёдог хүн байж гэж мэдсэн. Ер нь бол бүр багадаа л сурвал зүгээр, над шиг зөнөсөн хойноо оёвол сайжирдаггүй санагдсан. Өөрийнхөө юмыг оёвол барав