Гадаад мэдээДЭЛХИЙ

Ираны Ормузын хоолойн хөшүүрэг суларч, дайны нөхцөл байдал АНУ-ын талд эргэв үү

АНУ, Израил нар Иранд цохилт өгч дайн эхэлснээс хойш зургаан сар өнгөрөөд байна. Энэ хугацаанд Иранд Ормузын хоолойг Вашингтоны эсрэг хөшүүрэг болгон ашиглаж ирсэн. Ормузын хоолойг нээж, хаах хүчин чадалтай тул Иран үүнийгээ ашиглан АНУ-ыг буулган авах боломжтой гэж зарим хүн үзэх байгаа юм. Гэхдээ АНУ Ираны эсрэг урьд өмнө нь байгаагүй эдийн засгийн хориг тавьж, дарамт үзүүлж эхэлсэн нь нөхцөл байдлыг өөрчилж байж магадгүй боллоо.

Ираны эрх баригчид давуу талтай гэж хүмүүс хэд хэдэн хүчин зүйлийн үр дүнд Техран Вашингтоныг буулган авна гэж бодож байсан юм. Тодруулбал америкчууд Ираны эсрэг хийж буй дайныг ихээхэн эсэргүүцэж байгаа. Мөн Иран Ормузын хоолойг хааснаар газрын тос, байгалийн хий, хуванцар, хөнгөн цагаан гэх мэт түүхий эдийн үнэ нэмэгдэж, дэлхий даяар инфляц өсөх болсон.

Энэ үнийн өсөлт АНУ-д ч ажиглагдаж байна. Ийм учир арваннэгдүгээр сард болох Конгрессын засврын сонгуулиар сөрөг хүчний Ардчилсан ялалт байгуулах магадлал өндөр байгаа юм. Тус сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулснаар Трампын дайныг эсэргүүцэж улс төрийн хөдөлгөөн илүү эрчимжиж, улмаар Вашингтон буулт хийхээс өөр аргагүй болно гэж хүмүүс үзэж байв.

Тэгвэл Ираны болон Ойрх Дорнодын эх сурвалжууд хэлж буйгаар тус улс үүсгэн байгуулагдсанаасаа хойш үзээгүй хүнд санхүүгийн дарамтад оржээ. Тодруулбал АНУ Ираны газрын тосны экспортыг хориглон, тэнгисийн хүчнээрээ бүслэлт тавьсан. Мөн Иранд орж ирэх гадаад валютын урсгалыг нэмж хязгаарлах гэх мэтээр хоригоо чангалжээ.

Ингэж санхүүгийн дарамт үзүүлснээр Иран Ормузын хоолойг нээхэд хүрнэ гэж АНУ болон Ойрх Дорнодын зарим албан тушаалтан таамаглаж байна. Тэдний бодож буйгаар Ормузын хоолойг хааснаараа Иран илүү хохирол амсаж байгаа аж. Ормузын хоолойг хааснаараа дэлхийн эдийн засаг уналтад орж, Вашингтон буулт хийхэд хүрнэ гэж Иран найдаж байв. Гэвч газрын тос, байгалийн хийн зах зээл дасан зохицож, өөр маршрутаар эрчим хүчний экспорт явагдах болсон. Харин АНУ-ын тавьсан бүслэлтийн улмаас Иран газрын тосны экспортоос олдог орлого буурсаар байна.

Ормузын хоолой, зургийн эх сурвалж: Project44

Ираны шинжээч Араш Азизи одоогийн нөхцөл байдлын талаар ярихдаа “Хүчний тэнцвэр Ираны эсрэг бага зэрэг хазайсан” гэжээ. Ормузын хоолойг бүрэн хааж чадахгүй байгаа тул Иран хөшүүргээ бага зэрэг алдаж байна гэж тэр хэлсэн юм. Мөн АНУ-ын тэнгисийн хүчнээс Ираны хөлгүүдэд тавьсан бүслэлт ихээхэн дарамт болж байгааг Араш онцолжээ.

Ормузын хоолойн хаасны улмаас дэлхийн эдийн засагт томоохон цочрол үүснэ гэж Иран найдаж байсан нь болоогүй гэж тэр хэлсэн байна. Ираны эх сурвалжууд хэлэхдээ Вашингтоноос үзүүлж буй дарамтыг тэсвэрлэхэд илүү хэцүү болж байна гэжээ. Санхүү, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч томоохон жагсаал дэгдэхэд хүрэх вий гэж Ираны эрх баригчид эмээж байгаа. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард риалын ханш их хэмжээгээр унаж, иранчуудын амьжиргаа хүндэрсэн тул тус улсын түүхэнд үзэгдсэн хамгийн том жагсаалуудын нэг болсон юм.

Хэдийгээр Вашингтоныг буулт хийхэд хүргэнэ гэх нөхцөл байдал нь үүсээгүй ч гэсэн Техран шаардлагаа зөөллөх шинж тэмдэг үзэгдэхгүй байна. Ямартай ч зуучлагчид АНУ, Иран хоорондын зөрчлийг шийдвэрлэх шинэ арга хэлэлцэж байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

АНУ-аас үзүүлж буй дарамт Ираныг буулт хийхэд хүргэнэ гэж АНУ, Израил болон Ойрх Дорнодын зарим мэргэжилтэн үзэж байгаа ч бусад нь эргэлзэх буйгаа илэрхийлж байна. Ираны Исламын дэглэмийг түлхэн унагах зорилготой санхүүгийн дарамтыг олон арван жил үзүүлсэн ч бүтэлгүйтсэн билээ. Мөн Исламын эрх баригчид эсэргүүцэгчдийг хүч ашиглан дарсаар ирсэн. Ийм учир Ираны эрх баригчид тэсэн үлдэх магадлалтай гэж тэд үзэж байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button