Гадаад мэдээДЭЛХИЙ

Монтенегро улсын талаар мэдэх хэрэгтэй зүйлс

Монтенегро улсын улсын Ерөнхийлөгч Яков Милатович Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Тус улсын талаарх мэдээллийг хүргэе.

Монтенегро нь Балканы хойгийн баруун төв бүсэд, Динарын Альпийн нурууны өмнөд хэсэгт оршдог улс юм. Тус улс баруун өмнөд талаараа Адриатын тэнгис болон Хорват, баруун хойд талаараа Босни ба Херцеговин, зүүн хойд талаараа Серби, зүүн талаараа Косово, зүүн өмнөд талаараа Албани улстай хиллэдэг байна.

Тус улсын нийслэл нь Подгорица боловч соёлын төв, түүхэн нийслэл нь Цетинье нэртэй эртний хот юм. 20-р зууны ихэнх хугацаанд Монтенегро Югославын бүрэлдэхүүнд байжээ. Харин 2003-2006 онд Серби, Монтенегрогийн холбооны улсын бүрэлдэхүүнд байсан юм.

Монтенегро нь парламентын засаглалтай бүгд найрамдах улс. 2006 оны зургаадугаар сард Сербиэс салж, тусгаар тогтнолоо зарласан. 2006 оны тавдугаар сард бүх нийтийн санал асуулга явуулж, 55 орчим хувь нь холбооноос гарахыг дэмжсэнээр тусгаар тогтнолоо зарласан байдаг. 2007 онд Монтенегрогийн парламент анхны Үндсэн хуулиа баталжээ.

Монтенегрогийн нийслэл Подгорица, зургийн эх сурвалж: ASmallWorld.com

Монтенегро нь гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх гэсэн бие даасан гурван засаглалын тогтолцоотой. Ерөнхийлөгч нь төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэж, бүх нийтийн шууд сонгуулиар таван жилийн хугацаатай сонгогддог.

Тус улсын парламент нэг танхимтай үйл ажиллагаа явуулж, ерөнхий сайд тэргүүлдэг. 2023 оны аравдугаар сарын 31-нээс хойш Милойко Спажич Монтенегрогийн ерөнхий сайдаар ажиллаж байна. Шүүхийн тогтолцоонд таван шүүгчээс бүрдэх Үндсэн хуулийн шүүх бий. Шүүгчид нь есөн жилийн хугацаатай ажилладаг байна. Дээд шүүхийн шүүгч нар насан туршдаа алба хашдаг.

Монтенегро нь дундаас дээш орлоготой улс. Тус улсад цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт хүчтэй явагджээ. Тодруулбал 2021-2023 онд эдийн засгийн өсөлт 9.1 хувь орчим байсан юм. Харин сүүлийн жилүүдэд өсөлт удааширч, 2025 онд экспорт буурсны улмаас эдийн засгийн өсөлт 2.7 хувь болж удааширчээ. Дэлхийн банкны тооцооллоор бол 2026-2028 оны хооронд тус улсын эдийн засаг жилдээ 3 хувийн өсөлт үзүүлэх төлөвтэй байна.

Эх сурвалж: Britannica, World Bank

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button