Б.Батцэцэгийн гаргасан дипломат алдаанаас үүдэж Японы ГХ-ийн сайд Монголд айлчилжээ
2024 онд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байх үед Замын-Үүдийн боомтоор орж ирж ажиллах үеэрээ уулзаж байв. Энэ чимээгүй уулзалтаараа тэд Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын асуудлаар хэлэлцээ хийсэн.
Албан айлчлалынх нь тоонд орохгүй энэ уулзалтаас өмнө гэвэл Ван И 2022 онд албан ёсоор манай улсад айлчилж байсан удаатай.
Хятадын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, улс төрийн өндөр албан тушаалтны хувьд тэр Монголд байсгээд л айлчлаад байдаггүй. Гэтэл 2026 оны 6-р сард Монголд албан ёсоор айлчлал хийсэн нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар ирээд байв.
Энэ айлчлалаар болсон нэг үйл явдал Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг Б.Батцэцэг сайдтай гурван сарын дотор хоёр удаа уулзах, дөрвөн жилийн дараа анх удаа Монголд айлчлахад хүргэсэн юм.
Учир нь Ван И, Б.Батцэцэг нар уулзалтын ширээний ард сууж, олон асуудалд санал нэгдэж байгаагаа илэрхийлсэн. Ингэхдээ "дэлхийн хоёрдугаар дайны ялалтын үр дүнг хамгаалах, фашизм болон милитаризмын аливаа хэлбэрийг эсэргүүцэх, түүхийн үнэн бодит явцыг гуйвуулах, үгүйсгэхийг оролдсон аливаа үг хэллэг, үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байхаар" талууд санал нэгдсэн хэмээн тус улсын Гадаад харилцааны яам мэдээлсэн байдаг.
Гэтэл яг энэ процесст Монгол Улсын Гадаад харилцааны сайдын үүднээс Б.Батцэцэг хамт байлцан, Ван И-гийн илэрхийлсэн саналыг дэмжиж байгаа мэт албан байдал үзүүлсэн нь Японы талд харилцааг хүйтрүүлэх нөхцөл үүсгэсэн юм. Учир нь Ван И, Б.Батцэцэг нарын хамтарсан энэ мэдэгдлийг Японы хэвлэлүүд онцгойлон шүүмжилж, улмаар тус улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү хэдхэн хоногийн өмнө Монголд албан ёсны айлчлал хийсэн.
Учир нь Япон Улсын батлан хамгаалах чадавхаа бэхжүүлэх бодлого руу шууд бус байдлаар чиглэсэн шүүмжлэлийг Ван И илэрхийлсэн гэж үзэж, энэ байр суурийг илэрхийлэхэд Б.Батцэцэг сайд хамт байснаараа мөн л тэдний байр суурийг Монгол Улс дэмжсэн мэт нөхцөл байдал үүсчихсэн хэрэг.
Иймд энэ эргэлзээгээ тайлахын тулд манай улсад Япон улсын Гадаад хэргийн сайд өөрийн биеэр ирээд зогсохгүй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах чиглэлээр санал солилцсон юм.
Өөрөөр хэлбэл манай улсын байр суурь мэт харагдуулах дипломат алдаа гаргасан Б.Батцэцэг сайдтай Японы Гадаад хэргийн сайд уулзах гэж ирсэн гэхээсээ илүү энэ нөхцөл байдлыг дахин давтуулахгүй байх үүднээс Ерөнхийлөгчид бараалхаж, хамтын ажиллагааны ололт амжилтуудаа дахин нэг дурдаад буцсан гэж харагдана.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэлхийн 2-р дайны үр дүнг хамгаалах нь зөв шүү дээ. Хэрвээ үгүй гэвэл Курилын арлуудыг Япончууд авах эрх үүсэж, үүнтэй холбоотой Ялтын гэрээгээр Монгол улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан асуудал ч хөндөгдөж болзошгүй юм
нарийндаа энэ Батцэцэг гэдэг хүн байнга л протоколын алдаа гаргаж байгааг хашир дипломатууд хүлээн зөвшөөрч асуудлыг дэлгэх ёстой байгаа юм даа
Япон дайн хийж 20 сая хүн устгаагүй юмуу⁉️япончууд үнэнээ яагаад нууж хаах боловоо⁉️бид японы халдлагаас болж маш их газар нутгаа хятадад алдсан үнэнг яагаад бид нууцлах ёстой болоод байгаан бэ⁉️