Гадаад мэдээДЭЛХИЙ

Хироказү Корээда: "Look Back" бол алдсан зүйлээ эргэж олж авах тухай өгүүлэл

Алдарт манга зохиолч, зураач Тацүки Фүжимотогийн “Look Back” мангаг уран сайхны кино болгон бүтээсэн “Look Back” кино энэ долоо хоногт Венецийн наадамд нээлтээ хийсэн юм. “Look Back” уран сайхны киног Японы алдарт найруулагч Хироказү Корээда найруулжээ. Каннын кино наадмыг хамгийн хүндэт шагнал болох Дал модны алтан навчийг авч байсан түүний ээлжит кино болох “Look Back” нь Фүжино, Кёомото нэртэй хоёр найзын талаар өгүүлдэг юм. Өмнө нь “Look Back” манга анимейшн хэлбэрээр үзэгчдийн хүртээл болж, Японы кино шүүмжлэгчдийн 2025 оны наадмаас Шилдэг анимейшний шагналыг хүртсэн. Ийм учир тус мангаг уран сайхны кино болгон бүтээсэн нь ихээхэн хүлээлт үүсгээд байсан юм. Хироказү Корээда киноны талаар "Hollywood Reporter" сэтгүүлд өгсөн ярилцлагыг орчуулж хүргэе.


Та Тацүки Фүжимотогийн эх мангатай хэрхэн танилцсан бэ. Анх уншихад төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаач?

Би Кёотод аялчхаад Токио руу буцаж явж байлаа. Шинагава өртөөн дээр буусныхаа дараа номын дэлгүүрээр ороод гарахаар шийдсэн юм. Тэнд ширээний ард сууж буй охиныг ар талаас нь дүрсэлсэн зурагтай хавтастай хэд хэдэн ном өрсөн байсан. Харахад нэг л сонирхол татмаар. Тэгээд ямар нэгэн зүйл бодолгүй худалдаад авсан юм.

Оффис дээрээ ирээд зүгээр л сонирхоод хэдэн хуудас уншъя гэж бодоод нээсэн чинь бүхэлд нь нэг суудал дээрээ уншиж дуусгаж орхисон. “Look Back”-ыг уншиж байхдаа маш их сэтгэл хөдөлсөн. Ямар нэгэн бүтээлийг анх уншаад л “Үүнийг л кино болгох юм сан” гэж надад шууд бодогдсон тохиолдол маш ховор. Тэр үед цар тахлын дундуур байсан учир нэг их ажил хийдэггүй байсан юм. “Look Back”-ын зохиол надад үнэхээр хүчтэй хүрсэн. Уншсаны дараа өөрийнхөө уран бүтээлийн талаар дахин бодож эхлэхэд ч түлхэц болсон. Тийм л хүчтэй сэтгэгдэл үлдээсэн.

Залуу хүн өөрийнхөө үнэхээр дурласан зүйлээ олж, түүндээ бүхнээ зориулан хөөцөлдөж явахыг харах нь өөрөө их сэтгэл хөдөлгөм. Ширээнийхээ ард бөхийн сууж, улирал улирлууд өнгөрөхөд зөвхөн тэр нэг охины бөхийсөн нуруу л харагдана. Охин мангагаа улам сайн зураг зурахын төлөө уйгагүй ажиллах үед нь үзэг цаасан дээр хүрэх чимээ сонсогдоно. Энэ бүх мөчийг би кинон хэлбэрээр аль болох эх зохиол дээр нь гардаг шиг буулгахыг хүсэж байгаагаа тэр дороо мэдсэн.

Дараа нь зохиолыг кино болгох үйл явцыг илүү нарийн бодож эхлэхэд эх бүтээлээс юуг нь заавал хадгалах хэрэгтэй гэж үзсэн бэ. Харин кино хувилбарт хувиргах явцад өөрчлөх шаардлагатай зүйл юу байсан бол?

Мангаг Тацүки Фүжимото гэдэг зураач зурсан. Зохиолын гол хоёр дүр нь Фүжино, Кёомото гэдэг хоёр охин. Энэ хоёр дүрийн нэрийг Фүжимотогийн овгоос сэдэвлэсэн гэж ойлгож болно. Миний ойлгосноор энэ хоёр дүр хоёул зохиогчийн дотор оршдог хүмүүс. Өөрөөр хэлбэл, түүний өөр өөр талуудыг төлөөлдөг байх.

Манга дээр Кёомото нь нэлээд хийсвэр дүр. Түүний амьдралын түүх, өнгөрсөн үе, өдөр тутмын амьдралынх нь талаар дэлгэрэнгүй өгүүлдэггүй. Уран сайхны кинонд гол дүрийг ийм хийсвэр байдлаар дүрслэх боломжгүй шүү дээ. Тиймээс би өөрийн зөн совин, тайлбартаа тулгуурлаж, Кёомотог илүү бүрэн дүүрэн, гурван хэмжээст дүр болгон бүтээх хэрэгтэй болсон. Фүжинотой нэг хотод амьдардаг, өөрийн гэсэн амьдралтай бодит хүн мэт дүрслэхийг зорьсон.

"Look Back" анимэний хэсэг

Киноны зураг авалт үнэхээр үзэсгэлэнтэйгээс гадна Японы хөдөө нутагт хүүхэд нас хэрхэн өнгөрдөг тухай маш сэтгэл хөдөлгөм дүрслэлтэй болжээ. Зураглал, сцен зохиомж хийхдээ манганы эх зургуудыг хэр хэмжээнд дуурайхыг зорьсон бэ. Киноны зарим сцен Фүжимотогийн зурсан манганы хэсгийг шууд буулгаж бүтээсэн мэдрэмж төрүүлсэн.

Ийм байдлаар кино зураг авах бодсоноос арай хэцүү. Мангаг унших үед маш чухал үүрэгтэй нэг зүйл бол зураг бүрийг хүрээлж байдаг сценийн хэлбэр шүү дээ. Тэр нь дөрвөлжин байж болно, тэгш өнцөгт байж болно, эсвэл босоо хэлбэртэй байж болно. Зураач эдгээр хүрээний хэлбэр, хэмжээг өөрчилснөөр уншигчдад мэдрэгдэх тусгай хэмнэлийг бий болгодог. Харин хөдөлгөөнт дүрсээр үүнийг яг тийм хэвээр нь бүрэн сэргээх боломжгүй. Кино өөрийн гэсэн хэл найруулгатай.

Үүнийг ойлгохоор мангаг уран сайхны кино болгон хувиргах үнэндээ ямар хэцүү болох нь мэдэгддэг. Гэхдээ “Look Back”-т кинонд заавал авч үлдэх ёстой маш чухал дүрслэлүүд байсан. Манганы туршид давтагддаг, гол утга санааны нэг болсон дүрслэл нь ширээнийхээ ард сууж буй гол дүрийн нурууг харах явдал. Өөрөөр хэлбэл, уран бүтээл дээрээ чин сэтгэлээсээ, асар их хүсэл тэмүүлэлтэй ажиллаж буй хүнийг сайн гаргаж өгөх хэрэгтэй.

Гол дүрийн охин цонх руу харсан ширээнийхээ ард бөхийн сууж, зураг зурж байхдаа бидэнд үргэлж нуруугаа харуулна. Цонхны цаадах орчин нь байнга өөрчлөгдөнө. Түүний зурж буй бүтээл ч өөрчлөгдөнө. Харин нуруу нь хэвээрээ. Мөн нэг дүр хоёр болж хуваагдаад, дараа нь дахин нэг болох тухай санаа бий. Эдгээр сэдэв мангад маш тодорхой байдаг учраас кинонд заавал оруулах ёстой гэж би шийдсэн.

Энэ уран бүтээл хоёр өөр төрлийн, давхардсан гарз хохирлын тухай өгүүлж байна гэж ойлгосон. Нэгдүгээрт, хүүхэд насны гэнэн цайлган байдлаа алдах явдал. Хоёрдугаарт, мөрөөдлөөр дүүрэн залуу уран бүтээлч мэргэжлийн уран бүтээлч болж төлөвших үйл явц.

Та яагаад ийм ажиглалт хийснийг би сайн ойлгож байна. Энэ нь уран бүтээлийн санаа мөн. Гэхдээ гол дүрүүдийн туулж буй бүх өөрчлөлтийг бодоод үзээрэй. Тэдний амьдралд эргэлтийн цэг гарч ирж, хоёр тийшээ салдаг шүү дээ. Фүжино ганцаараа үлдээд, цаашид мэргэжлийн, арилжааны манга бүтээж эхэлнэ. Үүнтэй зэрэгцээд түүний уран бүтээлдээ хандах хандлага ч зайлшгүй өөрчлөгдөнө.

Одоо Фүжино багаар ажилладаг болсон. Өмнө нь гараар зурдаг байсан бол цахим хэлбэрт шилжинэ. Тэр байтугай ажиллах явцад нь сонсогддог дуу чимээ хүртэл өөрчлөгдөж эхэлнэ. Эдгээр өөрчлөлтийг зөвхөн сөрөг зүйл мэтээр дүрслэхгүй байх нь маш чухал гэдгийг би мэдэж байсан. Таны хэлснээр уран бүтээлээ туурвих анхны хүслийнхээ нэг хэсгийг алдах үед тодорхой хэмжээний гарз хохирол тохиодог нь үнэн. Гэхдээ Фүжино Кёомототой хамгийн хачирхалтай, бас хамгийн гунигтай байдлаар дахин уулздаг төгсгөлийн хэсэгт бид нэг зүйлийг хардаг. Тэр хэсэгт Фүжино Кёомотод байсан тэр үнэт зүйлийг өөрийн дотор авч явахаар шийддэг. Ингэснээр тэр урьд нь өөрт нь байсан хүсэл тэмүүллээ дахин олж харж, түүнтэйгээ эргэн нэгдэж чаддаг. Тиймээс энэ бол зөвхөн ямар нэгэн зүйлээ алдахаас гадна алдсан зүйлээ эргүүлэн олж авах тухай зохиол юм.

"Look Back" киноны постер

Би өөрөө бага насны охинтой. Тиймээс бяцхан охины аавын хувьд энэ киног үзэхэд огт санаагүй, гэнэтийн мөчүүд дээр хүртэл сэтгэл хөдөлж, яагаад гэдгээ өөрөө ч ойлгохгүй байх үе олон байсан. Таныг ч бас охинтой гэж уншсан. Аав болсон туршлага тань хүүхэд насны гэнэн цайлган байдал, хамтдаа өсөж буй хоёр охины тухай энэ зохиолыг өгүүлэхэд тань нөлөөлсөн үү?

Тийм ээ, тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэж бодож байна. Яагаад гэвэл би энэ киног бүтээх явцдаа тасралтгүй сэтгэл хөдөлж, уйлсан. Киноны зохиолыг бичиж байхдаа уйлсан. Зураг авалтын талбай дээр уйлсан. Эвлүүлэг хийж байхдаа ч уйлсан. Киногоо дуусгасныхаа дараа ч сэтгэл хөдөлсөөр байсан. Хүүхдүүд ямар нэг зүйлийг чадах чинээгээрээ хийхийг хичээж байгааг харах нь өөрөө үнэхээр сэтгэл хөдөлгөм зүйл гэж би боддог. Ялангуяа ямар нэгэн зүйлд үнэхээр дурлаж, түүндээ бүхнээ зориулж байгааг харах нь үнэхээр сэтгэл хөдөлнө.

Хэдийгээр энэ нь уран сайхны зохиол, кино ч гэсэн хичээж буйг нь харах үнэхээр сайхан. Хүн өөрийнхөө хайрладаг зүйлд бүх хүчээ зориулан, чадах бүхнээ хийж байгаа нь өөрөө сайхан.

Фүжиногийн бага насны дүрд Фүри Нанасэ тоглосон. Тэр өмнө нь том кино төсөлд ажиллаж байгаагүй, шинээр гарч ирж буй жүжигчин гэж ойлгосон. Та Нанасэг хэрхэн олж харсан бэ. Түүнтэй ажиллах ямар байсан бол?

Фүри шалгаруулалтын өрөөнд орж ирсэн тэр мөчөөсөө л кинон дээр гарч байгаа Фүжино гэдэг нь илт байсан. Шалгаруулалтын үеэр хамт сууж байсан бүх хүн “Хөөх, Фүжино чинь хүрээд ирчихлээ” гэж хэлсэн. Би кино төслүүд дээр хүүхдүүдтэй олон удаа ажилласан туршлагатай. Гэхдээ өөрийнхөө дүрийг ингэж бүрэн дүүрэн өөртөө шингээсэн хүүхэдтэй анх удаа таарсан нь энэ байв.

Яг л Фүжино шиг өөртөө маш итгэлтэй охин. Бас их хөгжилтэй, эрч хүчтэй. Зураг авалтын талбайд ирээд Фүри хүн бүрээс өөрийг нь үргэлж Фүжино гэж дуудахыг шаардсан. Тэгээд Фүриг жинхэнэ нэрээр нь биш, Фүжино гэж дуудахгүй бол торгууль төлөх тухай албан ёсны мэт зарлал хүртэл хэвлэж, зураг авалтын талбай дээр нааж эхэлсэн. Түүний зан чанар дүртэйгээ үнэхээр адилхан. Тиймээс сонгон шалгаруулалт хийх шийдвэр маш амархан байсан.

Та сүүлийн үед нэлээд эрчимтэй ажиллаж байна. Өнгөрсөн жил Netflix-д зориулж “Asura” цувралыг найруулж, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан. Харин энэ жил хоёр бүрэн хэмжээний кино гаргаж байна. Тавдугаар сард Каннын кино наадамд нээлтээ хийсэн “Sheep in the Box”, одоо Венецийн кино наадамд өрсөлдөж буй “Look Back”. Ингэж их ажиллах танд таалагдаж байна уу, эсвэл ажлынхаа хурдаа сааруулах бодол бий юу?

Үгүй ээ, амрах бодол алга. Би дараагийн киноныхоо зохиолыг аль хэдийн бичиж эхэлсэн. Цаашдаа ч завгүй ажилласаар байх болно.

“Look Back” таны Венецийн кино наадамд нээлтээ хийж буй дөрөв дэх кино тань гэж ойлгож байна. Венецийн Лидо арал дээр танд үлдсэн онцгой дурсамж, эсвэл байнга хийдэг заншил бий юу?

Венец бол миний хувьд маш чухал газар. Учир нь миний анхны кино тэнд үзэгчдийн хүртээл болж байсан юм. Орой очоод, маргааш өглөө нь Эксельсиор зочид буудалд сэрээд үүдний цаана далай байхыг харсан мөч маш тод дурсамж болж үлдсэн. Тэгээд “Бурхан минь, олон улсын кино наадам гэж ийм байдаг юм уу” гэж бодож байсан.

Бүх зүйл үнэхээр тансаг, өдөр тутмын амьдралаас огт өөр санагдсан. Тэгээд нэг давхар руу бууж явахдаа Такэши Китано таарсан. Коридороор гэрэл тусаж, тэр гэрлийн дунд Японы хамгийн том оддын нэг Китано яг л кино дээр гардаг сүртэй дүрслэл шиг харагдсан юм. Бараг л гэрэлтэж байгаа мэт. Тэгээд би “Венецийн кино наадам ийм л байдаг юм байна” гэж бодсон. Одоо ч гэсэн Венец гэхээр Китано санаанд ордог. Ямартай ч киногоо тэнд дахин үзүүлэхээр ирсэндээ маш их баяртай байна.

Эх сурвалж: Hollywood Reporter

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button