УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Тойм: Н.Учрал ₮3.5 тэрбумын дуулианаа намжааж чадахгүй бол улс төрийн хариуцлага хүлээх шаардлага үүснэ

АН-ынхан Хятадын Коммунист Намын урилгаар урд хөрш рүү мордох өдөр МАН ээлжит бус чуулган зарласан. Зарлах эрх нь С.Бямбацогт болон УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд байдаг ч ээлжит чуулганаас долоохон хоногийн өмнө шахамдуулж, хуралдуулах нь Н.Учралын чиглүүлэг байв.

Ер сөрөг хүчнээ гадагш явах цагийг яг тааруулж, УИХ-ын ээлжит бус чуулган зарлуулсан Н.Учрал 3.5 тэрбумыг ХОМ дэх "Их засаг" олон улсын сургуулийнхаа салбарт төсвөөс өгөхийг завдсан гэх хардлагад унаж, "мэх мэхэндээ" гэдэг болов.

Н.Учрал тэр ₮3.5 тэрбумыг эксел файлын алдаа хэмээн буруутгаж мэдээлэл өгсөн. Ингэж "шалбаагт унасан шарын эзэн" болсон Н.Учралыг унагах чадал АН-д дутаж, бууриа сахин үлдсэн Л.Гантөмөр нар чадлаараа л сөрж, ажлын албаны дарга Б.Энхмөнх нь "Н.Учрал аа..." гэж хэдэнтээ орилоод унтрав.


₮3.5 тэрбумын талаарх Боловсролын яамны ТНБД Т.Ням-Очирын хоёр холбирсон байр суурь | Нотлогдвол суудлаа өгөхөөс аргагүйд хүрэх Н.Учрал

₮3.5 тэрбумын санхүүжилт авах хүсэлт илгээсэн гэх "Их засаг Кинг"-ийн захирал нь Ерөнхий сайдын ээж Ж.Цэцэгмаа.

"Их засаг кинг" сургууль нь 640 сурагчтай, нэг сурагчид шаардагдах хувьсах зардлыг ₮5,5 сая гэж тооцон нийт ₮3 тэрбум 520 саяын санхүүжилт төсөв дээр тавигдахаар байнгын хорооны хурлаар орж ирсэн. Мөн Боловсролын яамны ТНБД Т.Ням-Очир анх "Их засаг кинг" сургууль Боловсролын яаманд хүсэлт гаргасныг судалж байна" гэсэн бол олон нийтийн шүүмж өрнөсний дараа "Боловсролын яамнаас "Их засаг кинг" сургуульд хүсэлт тавьсан, гэтэл тэд хүлээж аваагүй" гэж мэлзэв.

"Их засаг кинг" сургууль үнэхээр Боловсролын яамны хүсэлтийг хүлээж аваагүй бол Төсвийн тодотголын төсөлд тус сургуульд ₮3,520,000,000 төгрөг олгохоор төлөвлөгөө оруулж ирж, Байнгын хороодоор хэлэлцүүлэхгүй байх байлаа. Эдгээр өрнөлийн ард үнэхээр Н.Учралын хамаарал бүхий сургууль санхүүжилт авахаар хүсэлт гаргасан нь нотлогдвол Ерөнхий сайд улс төрийн хариуцлага хүлээж эл суудлаасаа буухаас өөр аргагүйд хүрнэ. Магадгүй Төрийн тэргүүний оролцоо хэр байхаас шалтгаалж, Н.Учралын Засгийн газарт цаашид итгэл үзүүлэх, эсэх асуудлыг парламентад оруулж хэлэлцүүлэх хувилбар өрнөж ч болох. Эсвэл тохиролцож чадвал гишүүдэд тараагдсан эксел файл алдаатай байсан гэж "үзэн", анх ам ангайсан Т.Ням-Очир тэргүүтэй төрийн албаны хэдэн нөхөд халагдаад, цаашаа үйл явдал хэвийн мэт үргэлжилнэ гэсэн үг.

Бууриа сахин үлдсэн АН-ын цөөнх | МАН-ын 30-ийн талынхан

Долоо хоногийн эхэнд "Ээлжит бус чуулганыг ээлжит чуулган эхлэхээс долоо хоногийн өмнө хуралдуулж буй нь МАН-аас АН руу чиглэсэн акц гэж АН-ынхан байр сууриа илэрхийлсэн. Тэд дийлэнх гишүүд үгүй ч бүлгээ хуралдуулж, Л.Гантөмөр нарын гишүүд чадлаараа л сөрөг хүчний дуу хоолойгоо илэрхийлж, бууриа сахицгаав. Чуулган нэг удаа, байнгын хороо долоон удаа хуралдахад хэрэндээ л сууж харагдсан.

Гэтэл Н.Учралын хамаарал бүхий сургууль 3.5 тэрбумын санхүүжүүлэлт авахаар хүсэлт илгээсэн гэх агуулга дээр олигтой дуугарсангүй. Тэднээс АН-ын бүлгийн ажлын албаны дарга Б.Энхмөнх нь АТГ-ын гадна Н.Учралыг шалгуулах гомдлоо барьж, очив. Хэвлэлийн хурал хийхээ ч урьдчилан хэлсэн тухайн цагт нь Н.Учрал багийнхантайгаа очиж "самарч", хэвлэлийн хурал ч үгүй болгож, өөрөө АТГ-т хандаж байгаагаа мэдэгдэж "гол дүр" болсон.

Энэ мөчид сөрөг хүчин нэгдмэл байр суурьтай, Засгийн газрын эсрэг босох хүчтэй сэн бол алдаж болохгүй кейс. Гэтэл аль хавар л бүлгийнхээ гишүүдийн гарын үсгийг хайрцагласан гэж О.Цогтгэрэл дуугарсан ч үнэндээ 20 гаруйхан л зурсан гэгдэж байна. Харин энэ кейс дээр МАН 30-ын талынхан бараг "сөрөг хүчин" байлаа. Гэхдээ тэдний хүч дутна. Өдгөө 30-ийн талын "МАН-ын 30-ийн тал" гэх нэр нь л үлдсэн бөгөөд үнэн хэрэгтээ Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг дагах гишүүд 20-иор л тоологдож байна.

Ташрамд дурдахад, 2026 оны төсвийн тодотгол, дагалдах хуулиудад өөрчлөлт оруулах тухай хэлэлцэхээр товлосон хоёр чуулган, найман байнгын хорооны хурал зарласан. Даваа гарагийн |2026.09.07| чуулган шөнө дөл хүртэл үргэлжилж, Өргөдлийн байнгын хорооны хурлаар ₮3.5 тэрбумын асуудал хөндөгдсөнөөс өөр шидгүй долоо хоног өнгөрлөө. Ирэх даваа гарагт ээлжит бус чуулганаа хаана, олноороо сууна, тэнд л шид нь гарна гэж найдъя...

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button