УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэг дороос | Санал нэгдээгүй тул МАН-ын Удирдах Зөвлөлийг маргааш зарлана

Хаврын чуулган хаалгаа нээгээд хоёр долоо хоног өнгөрч байгаа ч УИХ дахь АН-ын бүлэг акцалж, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан ба түүний нөхөд хуралдаандаа суухгүй байгаатай холбоотойгоор төрийн ажил гацаанд орсон. Чуулганы хуралдаан болох товтой байсан ч ирц бүрдээгүй учир хойшиллоо. Улмаар яаралтайгаар МАН-ын бүлгийг хуралдуулах шийдвэр гарсан билээ. Eguur News агентлаг улс төрд өрнөөд буй процессыг нэг дороос хүргэж байна.


Нэмэлт: 20:40 цаг

-Нэгдсэн саналд хүрээгүй тул Удирдах зөвлөлийг хуралдах товыг зарласангүй-

МАН-ын бүлгийн хурлын араас Удирдах Зөвлөлийг зарлан хуралдуулах асуудал яригдаж байсан ч нэгдсэн саналд хүрээгүй учраас маргааш болтол хойшлуулжээ.

УИХ—ын чуулганы ирц бүрдэлгүй хоёр дахь долоо хоног руугаа орсон нь МАН-ын дотоод зөрчилдөөнийг намын Удирдах зөвлөлөөр шийдүүлэхэд хүрчихээд буй.

МАН-ын Удирдах Зөвлөл нийт 39 гишүүнтэйгээс дийлэнх, олонхийг нь ерөнхийлөгчийн хүмүүс бүрдүүлдэг.

-МАН одоо болтол санал нэгдэж чадаагүй, УЗ-ийн хурлыг товлох эсэх тодорхойгүй байна-

Нэмэлт: 19:24 цаг

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны дараа УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр түүний өрөө рүү оров. Өнөөдрийн МАН-ын бүлгийн ээлжит бус хуралд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй хэд хэдэн гишүүн суугаагүй бөгөөд тэд Удирдах Зөвлөлийн товыг зарлахаас өмнө ийн ерөнхийлөгчтэй уулзалдаж буй аж.

Удирдах Зөвлөлийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Солдбаатар зарлах эрхтэй бөгөөд талууд тодорхой асуудал дээр санал зөвшилдсөний дараа товыг зарлахаар хүлээгдэж байна.


Нэмэлт: 17:35 цаг

-УЗ-өөр Г.Занданшатар, Н.Учрал нарын асуудлыг хэлэлц гэж бүлгийн гишүүд шаардлаа-

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан дөнгөж сая өндөрлөлөө. Уг хуралдааны талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал "Намын дарга Н.Учралаар парламентыг удирдуулах эсэхийг УЗ-өөр хэлэлцэж шийдвэрлэх чиглэлийг бүлгээс өглөө. Бүлгийн ирц бүрдэн. Үүсээд байгаа нөхцөл байдлаар гишүүд саналаа илэрхийлсэн" гэсэн ерөнхий мэдээллийг сэтгүүлчдэд өгөв.

УИХ-ын дарга Н.Учрал саяхан БНХАУ-д намын даргын хувиар ажиллаад ирсэн. Уг ажлын айлчлалын үеэр МАН-ын хуучин лидерүүд болох Ч.Хүрэлбаатар нарын гишүүд нь Засгийн газрын тэргүүний суудлаа авах асуудлаар Н.Учралыг ятгаж, харин танхимын тэргүүн Г.Занданшатар нэр бүхий сайд нартаа хариуцлага тооцоод, ажлаа хийх хүсэлтэйгээ уламжилсан гэгдэж байв.

Шууд дамжуулалт


Нэмэлт: 15:50 цаг

Н.Учрал "Бүлэг нэгдсэн саналд хүрэхгүй бол чуулган удирдахгүй", Г.Занданшатар "ЗГ ажлаа хиймээр байна" гэжээ

УИХ дахь МАН-ын бүлгийг хуралдуулах шийдвэр гарч, 14.00 цагт эхэлсэн. МАН-ын бүлгийн хуралд 52 гишүүн оролцож байна. Одоогоор 20 гишүүн асуулт асуухаар хүлээж байгаа юм.

Бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, УИХ-ын дарга Н.Учрал нар оролцож байна. Харин Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ бүлгийн хуралдаанд оролцоогүй байгаа юм.

Бүлгийн хуралдааны үеэр УИХ-ын дарга Н.Учрал "Парламентын ирцийг бүлгийн 100 хувийн нэгдсэн саналаар бүрдүүлж чадахгүй юм бол би чуулган удирдахгүй. Энэ асуудлаа шийдэцгээе" гэсэн байр суурь илэрхийлсэн байна.

Харин Ерөнхий сайд Г.Занданшатар "Засгийн газар ажлаа хиймээр байна. Сайд нарынхаа асуудлыг ч оруулмаар байна" байна гэжээ. Харин бүлгийн гишүүд "Удирдах зөвлөл хуралдаж, улс төрийн шийдвэр гаргана уу. Парламент ч, Засгийн газар ч ажлаа хийхийн тулдп намын удирдлагууд хоорондоо удчраа олох ёстой" гэсэн нэгдсэн байр суурь илэрхийлжээ.


Нэмэлт: 13.00 цаг

-АН-ын акц үргэлжилж, чуулган 45 хувийн ирцтэйгээр хурлаа хаалаа-

УИХ-ын гишүүдийн ирц хүрээгүй тул өнөөдрийн чуулганы хуралдааныг хаасан. Ийнхүү хаврын чуулганаас эхнээс хойш  хоёр долоо хоног УИХ-ын чуулган хуралдсангүй. МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал “Намын бүлэг 14:00 цагаас улс төрд өрнөж буй асуудлуудыг хэлэлцэнэ” гэсэн юм.

Мөн УИХ-ын чуулгандаа суулгүй ирцээс хойш татаж байсан  УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан “Яаралтай уулзалттай болчихлоо. Бүлгийн хурлын дараа ярилцлага өгье” гэсээр бүлгийн хуралдаа оров.  Д.Амарбаясгалан нь бүлгийн хуралд орно гэдэг нь түүний фракцынхан мөн тус хуралд оролцоно, байр сууриа улам бататгана гэсэн үг.

Мөн өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг  хэвлэлийн хуралд хийж,  МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргын ажлаас чөлөөлөгдөхийг дахин сануулж, эс бөгөөс огцруулна гэдгээ мэдэгдээд, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг ажлаа өгч шалгуулахыг шаардсан.  Ийнхүү улс төрийн акцад орж,  нам доторх талуудын хагарал нь газар аван ирцээ бүрдүүлж чадахгүйд хүрсэн МАН-ынхан УИХ дахь намын бүлгээ яаралтай хуралдуулж улс төрийн шийдвэр гаргах гэж байна гэж харж болохоор.

Түүнчлэн бүлгийн хурлын дараа МАН-ын Удирдах зөвлөлөө хуралдуулахаар болжээ. АН-ын шаардлагын дагуу Н.Учрал УИХ-ын даргаас чөлөөлөгдөх үү, Г.Занданшатарын Засгийн газар огцрох уу. Ямартай ч эрх баригч нам улс төрийн шийдвэр гаргахгүй бол хаврын улс төр удтал гацаанд орохоор байгаа юм.


Нэмэлт: 11.00 цаг

АН-ын хэвлэлийн хурал: Мафийн нэг хэсэг болж хувирсан Б.Энхбаяр яаралтай ажлаа өгч шалгуул, УИХ-ын дарга Н.Учрал өөрөө ажлаа өгөхгүй бол бид огцруулах ажлаа эхлүүлнэ

Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.

Энэ үер АН-ын дарга О.Цогтгэрэл “УИХ-ын чуулган хоёр дахь долоо хоногтоо хуралдсангүй. АН 42 гишүүнтэй, МАН-ын болоод тэдний эвсэлд байгаа гишүүдийн тоо 80. Тэгэхээр биднээс үл хамааран бүрэн дүүрэн хурлаа зохион байгуулаад явах боломжтой. Тэгэхээр санаатайгаар хурлыг явуулахгүй байна гэдэг нь АН-ын шаардлага зүй ёсных гэдгийг харуулж байна. МАН-ын дарга Н.Учралыг чуулганы индрээс буух ёстой гэж УИХ-ын гишүүдийн олонх аль хэдийн үзчихсэн байна гэсэн үг.

Тийм учраас МАН-ын дарга энэ шаардлагыг биелүүлэх ёстой гэдгийг хатуу сануулан хэлье. Хэрвээ сайн дураараа, Үндсэн хуулийн зарчимд нийцэж чөлөөлөгдөхгүй бол бид огцруулах арга хэмжээ авна.

Хоёрдугаарт, сүүлийн үед эзэн биетэй, мөнгөн дүнтэй, цаг хугацаатай авлигын хэргийг өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс ярьж байна. Мафижсан 10 жил боллоо.  Хууль зүйн сайд нь энэ мафийн, тогтолцооны нэг хэсэг болчихсон.  Эрх баригч намын дарга, таван намын зөвшилцөл ойлголцлын парламентыг удирдаад сууж байгаа нь улам бүр буруу гэдэг нь харагдаж байна. Энэ тогтолцоог засах ёстой.

Тиймээс, АН-ын бүлгээс хэвлэлээр шуугиад өнгөрөх биш УИХ дээр нээлттэй сонсгол явуулах ёстой гэж үзэж байна. Мафийн нэг хэсэг болсон ХЗДХ-ийн сайд яаралтай ажлаа өгч шалгуулах ёстой. Энэ асуудлаа УИХ-ын орой дээр сууж байгаа эрх баригч намын дарга санаачлан хийх хэрэгтэй.

110 тэрбум доллар гэдэг бол 400 гаруй тэрбум төгрөг. Сая Баялагийн сангаас иргэн бүрд 60 мянган төгрөг хуваарилсан. Гэтэл энэ 400 тэрбумыг хуваарилсан бол 60 мянгаас давах нь тодорхой. Цалин тэтгэвэр, сумдын төсөвтэй харьцуулбал бүр хэцүү тоо гарна. Манай Улсын нэг сум 3 тэрбум гаруйн жилийн төсөвтэй. Энэ мөнгө 100 сумын нэг жилийн төсөв гэсэн үг. Гэтэл хэдэн авлигач нийлээд портероор зөөгөөд авчихсан тухайгаа, хэрхэн найрласан тухайгаа яриад сууж байна" гэв.


|2026.03.26| 11.00 цаг

-64 гишүүн ирцээ бүртгүүлж байж эхлэх чуулганд 40 хүн л кноп дараад байна-

Хаврын чуулган хаалгаа нээгээд хоёр долоо хоног өнгөрч байгаа ч АН акцалж, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан ба түүний нөхөд хуралдаандаа суухгүй байгаатай холбоотойгоор төрийн ажил гацаанд орсон.

Угтаа өнөөдөр УИХ-ын ээлжит чуулган болох товтой. Өглөөний 10.00 цагт эхлэх ёстой ч одоогоор 40 орчим гишүүн ирцээ бүртгүүлсэн нөхцөл байдалтай байна.

АН-ын акц бол маш тодорхой. УИХ-ын дарга аль нэг намын дарга байж болохгүй гэх шаардлага хүргүүлсэн. Үүнийг дагасан хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд УИХ-аар яаралтай хэлэлцүүлэх эрмэлзэлтэй буй.

МАН УИХ-д олонх. 68 суудалтай. 64 гишүүн хариуцлагатайгаар ирж, хуралдаандаа суухад л ирц бүрдэнэ.

Гэтэл Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, С.Амарсайхан нар давхар дээлээ намар тайлснаасаа хойш чуулганы хуралдаанд үзэгдээгүй. Саях хаврын чуулганы нээлтийн өдөр ёс ёмбогор гэж л ирж үзэгдсэн байдаг. Гэхдээ тэдэнтэй хамт 21 гишүүн өчигдрийн хуралдаанд гадаад томилолт, эмнэлгийн чөлөө, чөлөөтэй, тасалсан гэх өөр өөрийн шалтгаанаар өнгөрсөн пүрэв гарагт хуралдаандаа оролцоогүй юм.

Даваа гарагт МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал: УИХ дахь олонхыг бүрдүүлж байгаа МАН-ын бүлэг УИХ-ын энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагийн хуралдааныг хэвийн явуулахын тулд ажиллаж байна. Парламентыг бүрдүүлж буй улс төрийн намууд ард түмний сонголтыг хүндэтгэж, чуулгандаа сууж оролцох ёстой. Аль нэг намын дарга нь УИХ-ын дарга хийж болохгүй гэсэн хуулийн хязгаарлалт байхгүй. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачлан оруулж ирсэн. Үүнийг бид хэлэлцүүлгийн шатанд илүү боловсронгуй болгох боломжтой юм хэмээсэн. Харин АН-ын зүгээс чуулганд ч тэр байнгын хороодын хуралдаанд ч тэр суухгүй гэдгээ илэрхийлсээр байгаа.

Өнөөдөр чуулганы ирц бүрдэж хуралдаж чадвал П.Наранбаяр, Б.Чойжилсүрэн нарыг чөлөөлж, Л.Энх-Амгалан, Б.Найдлаа нарыг томилно. Мөн бусад чухал асуудлуудыг хэлэлцэх ёстой.

Сэтгүүлч: О.ОНОН

Зураглаач: Б.ЭРДЭНЭБАЯР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Za bur ard tumnii sanalaar garchaad yal naimaaltsaad bgnmu ard tumniig ih dormjilj bnaa amarhyaslan,danh nar

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Бүлгийн дарга гэж бантан байх. Ардаа гэр орноо барьцаалуулсан аятай. Бүлгийн даргын суудалд эсвэл нүдээ ухаад өгчихсөн аятай. Ийм малнуудаас салж байж улс хөгжинө шүү

Зочин
Зочин

Төрийн дээр нам

Зочин
Зочин

Живж байгаа усан онгоцноос хархнууд зугтаагаарай. АН руу дунд албан тушаалтнууд ихээрээ гишүүн болж бүртгүүлэх үйл явц өрнөж байна.

Холбоотой мэдээ

Back to top button