НИЙГЭМНийгэм мэдээ

Монголд iPhone Duo авахын тулд голч цалинтай хүн 2.9 сарын турш орлогоо 100 хувь хадгалах хэрэгтэй болно

"Apple" компани iPhone Duo-г нэртэй эвхэгддэг ухаалаг гар утсаа лхагва гарагт /2026.09.09/ танилцуулав. iPhone Duo-гийн хамгийн бага багтаамжтай хувилбарын үнэ 1,999 ам.доллар, хамгийн өндөр нь 3,199 ам.доллар байна. Тус загварын урьдчилсан захиалгыг аравдугаар сарын 16-нд авч эхлэж, аравдугаар сарын 23-нд худалдаанд гаргана.

Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2026 оны эхний улиралд нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2.9 сая төгрөг, голч цалин 2.5 сая төгрөг байв. Голч цалин гэдэг нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ажиллагчдыг цалингаар нь эрэмбэлэхэд яг голд нь байгаа хүний цалин юм. Дундаж цалинг уул уурхайн салбарын өндөр цалин дээш татдаг тул жирийн ажилтны байдлыг голч цалин илүү үнэн харуулдаг.

Тэгвэл Монголд голч цалинтай хүн iPhone Duo-гийн хамгийн бага багтаамжтай хувилбарыг авахад 2.9 сарын цалин шаардагдаар байна. Харин дундаж цалинтай хүнд 2.5 сар цалингаа 100 хувь хадгалж байж тус загварыг худалдан авах мөнгөтэй болно. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792 мянган төгрөгийн цалинтай ажилтны хувьд энэ тоо 9 сар болж өснө. Нийгмийн даатгал төлөгчдийн 12.5 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цалинтай байгааг Үндэсний статистикийн хорооны мэдээлээл харж болно.

Гэвч бид цалингаа бүтнээр нь гартаа авдаггүй. Нийгмийн даатгалын шимтгэлд 11.5 хувь, хувь хүний орлогын албан татварт 10 хувь суутгуулна. Үндэсний статистикийн хорооны албан ёсны жишээг харвал, 2,283,674 төгрөгийн цалингаас гарт 1,830,946 төгрөг авч байгаа юм.

Зургийн эх сурвалж: Peta Pixel

Энэ харьцаагаар тооцвол дундаж цалинтай хүний гарт 2.33 сая, голч цалинтай хүний гарт 2.0 сая төгрөг үлдэнэ. Өөрөөр хэлбэл, суутгал хийсний дараа iPhone Duo-гийн үнэ голч цалинтай хүний 3.6 сарын цэвэр орлоготой тэнцэж байна.

Гэхдээ хүн цэвэр орлогоо бүтнээр нь хуримтлуулах боломж байхгүй. Үндэсний статистикийн хорооны өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар өрхийн сарын дундаж орлого, зарлага хоёр бараг тэнцүү гардаг. 2024 оны эхний улиралд өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2.4 сая төгрөг байхад нийт зарлага 2.5 сая төгрөг болжээ. Тодруулбал, дундаж өрхийн хувьд сар бүр санхүүгийн алдагдалтай байдаг аж.

Түрээс, байрны мөнгө, хоол хүнс, зээлийн төлбөр, унааны зардлаа хассаны дараа хуримтлуулах боломжтой орлого үлдэнэ. Үүнээс хамаарч iPhone Duo-г худалдан авах мөнгө хуримтлуулахад шаардлагатай хугацаа өөрчлөгдөнө. Хуримтлалын хугацааг гурван хувилбараар тооцоод үзье.

Голч цалинтай хүн цэвэр орлогынхоо 10 хувийг буюу сард 200 мянган төгрөг хуримтлуулбал 36 сар буюу гурван жил шаардагдана. Харин 20 хувийг хадгалбал 18 сар, 30 хувийг хадгалбал 12 сар болж богиносно. Дундаж цалинтай хүний хувьд эдгээр тоо тус тус 31, 15, 10 сар болно.

Хамгийн өндөр багтаамжтай 11.4 сая төгрөгийн хувилбарыг сонговол хугацаа хоёр дахин уртсах юм. Голч цалинтай хүн цэвэр орлогынхоо 20 хувийг хуримтлуулж байж 28 сарын дараа авах мөнгөтэй болно.

Эдгээр үзүүлэлтийг бусад улстай харьцуулж үзье. "wage.is" сайтын 2026 оны тоо баримтаас харвал сарын дундаж цалин АНУ-д сард 6,228, Германд 5,545, Өмнөд Солонгост 2,881, Японд 2,487, БНХАУ-д 1,539, ОХУ-д 1,034, Казахстанд 805, Туркт 528, Энэтхэгт 336, Вьетнамд 315 ам.доллар байна. Тухайн улсын сарын дундаж цалинг бүрэн хуримтуулахад хэдэн сарын дараа iPhone Duo худалдаж авахыг доорх графикт харууллаа.

iPhone Duo — хэдэн сарын дундаж цалин вэ
Суурь хувилбар 1,999 ам.доллар. Татвар суутгахаас өмнөх сарын дундаж цалинд харьцуулав.
Вьетнам — 6.4 сар
Энэтхэг — 6.0 сар
Турк — 3.8 сар
Казахстан — 2.5 сар
МОНГОЛ — 2.5 сар
ОХУ — 1.9 сар
БНХАУ — 1.3 сар
Япон — 0.8 сар
Өмнөд Солонгос — 0.7 сар
Герман — 0.4 сар
АНУ — 0.3 сар
Монголд бодитоор хэдий хугацаа вэ
Голч цалин 2.5 сая төгрөг. Суутгалын дараа гарт 2.0 сая төгрөг. 7.1 сая төгрөгийн үнийг хуримтлалаар нөхөх хугацаа.
Цэвэр орлогын 10 хувийг хадгалбал
36 сар
20 хувийг хадгалбал
18 сар
30 хувийг хадгалбал
12 сар
Үнэ, төгрөгөөр
iPhone 18 Pro — 4.3 сая
iPhone 18 Pro Max — 4.6 сая
iPhone Duo, 256 ГБ — 7.1 сая
iPhone Duo, 2 ТБ — 11.4 сая
Монголбанкны ханш /2026.09.10/, 1 ам.доллар = 3,569 төгрөг. Гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, худалдагчийн нэмэгдэл ороогүй.

Дээрх тооцоо бүхэлдээ Apple компанийн зарласан жагсаалтын үнэн дээр тулгуурлаж байгааг анхаарах хэрэгтэй. Монгол Улс "Apple"-ийн албан ёсны худалдааны сүлжээнд ороогүй тул утас импортоор орж ирнэ. Гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, тээвэр, худалдагчийн нэмэгдэл дээр нь нэмэгдэх учир Монголд зарагдах үнэ энэ дүнгээс өндөр гарна.

Нэгтгээд харвал iPhone Duo нь Монголд дундаж цалинтай хүний хоёр сар хагасын бүтэн цалин, харин бодит хуримтлалын хурдаар нэгээс гурван жилийн хугацаа шаардах бүтээгдэхүүн болж байна.

Эх сурвалж: Apple, Bloomberg, Engadget, Үндэсний статистикийн хороо, Монголбанк, wage.is

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button