Нийгэм мэдээ

68 настай "Рок өвөө" Г.Болдбаатар: Том Жагаагаас эхлүүлээд рок, попын олон од манайхаар үйлчлүүлдэг

Гинж, хадаастай бугуйвч, зүүлт зэрэг рок урсгалын эдлэлийг хорин таван жилийн турш ажиллуулсан 68 настай "Рок өвөө" Г.Болдбаатарыг онцолж байна. Түүний хувьд энэ ажилдаа маш дуртай, үеийнхнээсээ залуу харагдаж, эрүүл буй нь залуучуудтай харилцдагтай нь холбоотой байдаг тухайгаа ярьсан юм.

-Яагаад рок урсгалын эд зүйлсийг худалдаалж эхэлсэн бэ. Талх, сүү шиг зарагдахгүй нь мэдээж шүү дээ. Гэтэл 25 жилийн туршид дэлгүүрээ тасралтгүй ажиллуулах амаргүй байсан байх?

-2001 оноос эхлүүлсэн бизнес л дээ. Тухайн үед хөлөө гэмтээж, хиймэл түнхтэй болсон. Хүний удирдлага дор, хүнд ажил эрхлэх боломжгүй болсон учир наймаа хийхээр шийдсэн юм. Рок бол миний залуудаа дурлаж, одоог хүртэл сонсож, хайрладаг урсгал. Залуу байхдаа Чех улсад таван ажил амьдарсан. Тэр үедээ энэ стилийг шүтэж, Queen, Pink Floyd-ын пянзнуудыг цуглуулж явлаа. Би энэ соёл дотор нь амьсгалж, амьдарч ирсэн хүн шүү дээ.

Тиймдээ ч энэ урсгалынхаа эд зүйлсийг Монголдоо оруулж ирж, худалдаална гэдэг надад ойр санагдсан хэрэг. Тэр санаа минь зөв байсан учир би энд зогсож байна.

Хүмүүсийн төсөөлж байгаагаас ч олон үйлчлүүлэгчтэй дэлгүүрийг 25 жил тасралтгүй ажиллууллаа. Анх Хорооллын Ачлал Их дэлгүүрт лангуу түрээслэн ажиллуулдаг байлаа. Одоо ард харагдаж байгаа Гранд оффист дэлгүүрээ ажиллуулдаг. Инстаграмм хуудастай, бүр 3000 дагагчтай. Сүүлийг 3-4 жилд залуучууд, хүүхдүүд манай дэлгүүрийг зорьж ирэх нь элбэг болсон.

-Таны лангуунд хэчнээн нэр төрлийн бараа байна вэ. Хамгийн эрэлттэй, борлуулалт сайтай бүтээгдэхүүнээ нэрлэвэл?

-Залуучуудын сонирхож, дурладаг загварын бараа бараг бүгд байгаа. Хардрок, метал, панк гээд рок урсгал бүрийн эдлэл миний лангуунд өрөөтэй бий. Гинжтэй, хадаастай бугуйвч, зүүлтүүд их эрэлттэй, залуус их худалдаж авдаг юм. Сүүлийн үед эмо загвар залуучуудын дунд ид моод болж байна.

-Таныг 68 настай настай гэж дууллаа. Наснаасаа хамаагүй залуу харагдаж байна?

-Жинхэнэ насаа хэлбэл жаран найм хүрч явна. Хүмүүс "Залуучуудтайгаа ойр ажиллаж ирсэнтэй холбоотой байх" гэж хэлдэг юм. Хөгшин харагдахгүй байгаа биз дээ.

Play Time, ARA festival-д жил бүр уригдаж очиж, залуусынхаа сайхан эрчимд хөглөгддөг. Тэдний хэрэглэх дуртай эд зүйлийг нь авч ирж, борлуулах нь миний гол үүрэг шүү дээ. Тиймээс залуус хаана байна, манай лангуу тэнд очиж ажиллахыг хичээдэг юм.

Хэд хоног гэртээ суух юм бол энэ залуучуудаа санана шүү дээ. Эд нар чинь намайг өөрийнхөө төрсөн ах, дүү шиг үздэг. Намайг үгүйлнэ, зарим нь намайг зорьж ирнэ. "Hi bro" гээд л мэндлээд хүрээд ирдэг юм. Тэр нь надад сайхан байдаг юм. Хүүхдүүдтэй уулзсан өдөр ядрахгүй, маш сайхан энерги авч, аз жаргалаар дүүрдэг юм.

-Гадаадын жуулчид үйлчлүүлдэг үү?

-Янз бүрийн орны хүмүүс ирж, олон хэлээр ярихад нь чадлаараа хариулна. Би өөрөө монгол сэдэвтэй янз бүрийн зүйл хийж зардаг болохоор жуулчдад Монголоо чадлаараа танилцуулна. Хүнд өгөх гарын бэлгийг нь сонгож өгөөд явуулдаг юм.

-25 жилийн өмнөөс энэ наймаагаа эхлүүлсэн гэхээр Монголын рок, поп урлагийнхан таны үйлчлүүлэгч байх нь ээ?

-Том Жагаагаас эхлүүлээд рок, попын олон одууд манай дэлгүүрээр үйлчлүүлдэг. Метал рокын хүүхдүүд хүртэл намайг сайн мэднэ. Тэд надтай урлагийнхаа сонин сайханыг хуваалцна, тоглолтынхоо тасалбарыг хүртэл өгдөг юм.

Та харж байгаа бол манай лангуунд рок урсгалын эд зүйлсээс гадна хүүхдийн шоо, бугуйвч зэрэг эд зүйлс бий. Тэгэхээр манай лангуу 8 наснаас 80 нас хүртэл үйлчлүүлэгчтэй. Дан ганц лангуун дээрх барааг худалдан аваад зогсохгүй, намайг урагшаа бараагаа татахаар явахад ховор нандин зүйлсээ захина. Би хямд үнээр, найдвартай бараа нийлүүлэхийг хичээдэг юм. Одоо манай лангуунд буй бараануудын дийлэнх нь 15-30 мянган төгрөгийн үнэтэй.

-Ярилцсанд баярлалаа.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button