НИЙГЭМ

Хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан ч портероор ачаа зөөж, амьдралд сөхрөөгүй Д.Алтангэрэлийн гэр бүлд 6.1 сая төгрөг цуглаад байна

90 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан ч портероор ачаа зөөж, өөртөө ажлын байр бий болгосон Д.Алтангэрэл, түүнийг хөл дээр нь бостол бууж өгөөгүй хань М.Хулангийн талаар манай редакц сурвалжилсан. Манай сурвалжилгын мөрөөр олон нийт холбогдож, хандив тусламж үзүүлмээр байгаагаа илэрхийлснээр бид хандив хүлээн авах дансыг байршуулсан билээ.

Хандив хүлээн авах дансыг контентдоо байршуулаад өдгөө 40 гаруй цаг өнгөрч байна. Одоогийн байдлаар нийт 6.1 сая төгрөг цуглаад байна.

Хандив хүлээн авах данс: 70000500 5059234730, хүлээн авагч Д.Алтангэрэл

Д.Алтангэрэл 2020 онд сахрын өвчний улмаас даралт харваж, хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан. Тухайн үед эмч нар босох найдваргүй, хэвтрийн хүн болно гэх хариу хэлж байсан ч зогсолтгүй хичээсээр хөл дээрээ босож чадсан нэгэн юм. Харин түүний хань М.Хулан өнгөрсөн зургаан жилийн хугацаанд ерөөс амьдралд бууж өгөөгүй, ханийнхаа эмчилгээний төлбөрийг олохоор тогоо шиг том гэдэстэй байхдаа хүртэл нөхрийнхөө портер машиныг унаж төмөр ачиж, буулгаж, зөөж явсан. Гэсэн ч "Тэр бүх бэрхшээл зовлон санагдаагүй, хань минь дэргэд байхад л жаргал санагдаж байсан" хэмээн ярьсан билээ.

Одоо Д.Алтангэрэл биеийнх нь нэг тал мэдээгүй ч гэлээ портероо унаж төмөр зөөж, орой нь таксинд явж дөрвөн хүүхэд, эхнэртээ нэмэр болохоор ажиллаж байна. Харин М.Хулан үйлчлэгч хийдэг ч өнгөрсөн жилүүдэд эмчилгээнд хэрэглэхээр хувь хүн, апплейкшнээс авсан зээл нь төлөөд төлөөд 40 орчим сая төгрөг үлджээ.

Энэ талаар М.Хулан "Хувь хүнээс авсан өрнийхөө хүүг зээлийн апплейкшнээс аваад төлнө. Эргээд зээлийн апплейкшний хүү нэхэгдэхэд бас өөр аргаар зээл авч өгнө. Үүнийг хүмүүс сонсоод санхүүгийн мэдлэггүй юм бэ, тэгж их өрийн сүлжээ үүсгээд гэж бодох байх л даа. Гэхдээ надад хойд хормойгоороо урдхаа нөхөж амьдрахаас, тэгж ханийгаа амьд байлгахаас өөр сонголт байгаагүй. Одоо өрөө нимгэлж л яваа. Гэхдээ болоогүй ээ, бидэнд 40 орчим сая төгрөгийн өр бий. Нэг л өдөр шоронд хоригдох вий гэхээс айж байна. Хэрэв намайг явчихсан 90 хувийн хөдөлмөрийн чадваргүй энэ хүн, дэрсхэн дөрвөн үрс минь яах юм бэ" хэмээсэн билээ.

Дахин дурдахад, хандив хүлээн авах данс байршуулаад 40 орчим цаг өнгөрч байна.

Д.Алтангэрэл, М.Хулан нарын гэр бүлийн зүгээс "Намайг ийм сайхан урмын үг, сэтгэлийн дэмээр услан, тусалж дэмжиж буй бүх ахан дүүстээ, моголчууддаа дахин дахин баярлаж талархаж байгаагаа хэлмээр байна аа. Та бүхний минь надад хүсэж буй тэр сайхан бүхнээр би урган өндийж цаашид илүү хүчтэй итгэлтэйгээр сайхан амьдрах болно оо.Та бүхэндээ маш их баярлаж байна" хэмээн баярласан сэтгэлээ манай редакцаар дамжуулан илэрхийллээ.

Сурвалжилгыг бүтнээр нь унших линк:

Сурвалжилгыг бүтнээр нь үзэх линк:

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button