НИЙГЭМНийгэм мэдээ

П.Батчулуун: Би хэцүү нэртэд ороод гарч ирсэн, ахиж залуу эмч нар битгий хэлмэгдээсэй

Хүний гавьяат эмч П.Батчулуунтай эмч, эмнэлгийн ажилтнуудын эрх зүйн байдлын талаар ярилцлаа. Тэрбээр Монгол Улсад эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний хөгжлүүлэх үйлсэд олон жил зүтгэсэн ч хууль эрх зүйн орчны уялдаагүй, дутуу дулимаг байдлын улмаас шүүхээс хорих ял сонссон. Улмаар цагаадах хүртлээ, оногдуулсан ялыг эдлээд гарч ирсэн билээ. Гэвч энэ талаар өнөөг хүртэл ам нээгээгүй юм.

-Саяхан Эрхтэн, эд ,эс шилжүүлэн суулгах тухай хууль батлагдсан. Ингэснээр эмч, эмнэлгийн мэргэжилтний ялангуяа энэ төрлийн мэс заслыг гарддаг хүмүүст эрх зүйн хамгаалалт бий боллоо гэж харж болох уу?

-Энэ хууль бол Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай л агуулга. Түүнээс биш эмч, эмнэлгийн ажилтны эрх зүйн тухай хууль биш. Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэж байгаа хүн алдаа гаргавал ингэнэ, тэгнэ гэсэн агуулга бараг байхгүй. Хүн болон хүний эрхтний наймаа, ёс зүйн алдаа гаргаж болохгүй. Хэрэв алдаа гарвал биеэ даасан хуулиар энэ асуудлыг шийднэ.

-Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль бий юү?

-Эмч, эмнэлгийн ажилтны эрх зүйн тухай хуулийн төслийг Т.Мөнхсайхан гишүүн ахлан ажиллаж байгаа. Нэлээд том хууль гарч байгаа, удахгүй батлагдах байх. Саяны батлагдсан хуулийн гол агуулга нь эрхтэн , эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаагаа хэрхэн яаж зохицуулах вэ гэдэг асуудал.

Энэ мэс засал, эмчилгээнд оролцож байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд юунд оролцож байгаагаа илүү сайн мэдэж ойлгоод ёс зүйтэй, хууль дүрмээ чанд баримталдаг хүн ёсоор ажилладаг. Нарийн төвөгтэй энэ үйл ажиллагаанд оролцож буй хүмүүс хүний амь насыг аврахын төлөө л байдаг.

Тэгээд ч ДЭМБ-аас гаргасан эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээнд орох эмч, эмнэлгийн ажилтны мөрдөх 11 зарчим бий. Мөн 2008 онд батлагдсан хүн болон хүний эрхтний наймааны эсрэг Истанбулын тунхаглал байна. Тэгэхээр улсын хэмжээнд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах багийн гишүүд, албаныхан бүгд энэ зарчмуудыг хүлээн зөвшөөрч, ёс зүйтэй ажилладаг.

Гэхдээ ажил хийж байгаа хүн ямар нэг буруу санаа өвөртлөөгүйгээр алдаа гаргах тохиолдол бий. Хэрэв тэгвэл Эмч, эмнэлгийн ажилтны эрх зүйн тухай хуулиар зохицуулна.

-Эмч, эмнэлгийн ажилтны эрх зүйн тухай хууль төслийн хэмжээнд яваа юм байна гэж ойлголоо. Тэгвэл яг өнөөдрийн нөхцөлд энэ эмзэг нарийн ажил үйлчилгээнд оролцдог эмч, сувилагч нарын эрх зүйн байдлыг тодорхойлсон ямар хууль байна вэ?

-Тийм. Анхдагч хуулийн төсөл. Одоогоор яг ийм хууль байхгүй. Надад тохиолдсон зүйл ч нөлөөлсөн байж магадгүй. Ер нь бол эмч нар маш хүнд нөхцөлд ажилладаг. Байсхийгээд л гэр бүлийнхний талаас асуудал тавьдаг. Хүнийг эмчлэхийн төлөө явж байгаад элдэв асуудалд орчих гээд байдаг тал бий. Тийм учраас эмч, сувилагч нарын эрх ашгийг хамгаалах хуультай байя гээд анхдагч хууль боловсруулагдаж байгаа.

Ний нуугүй хэлэхэд өнөөдөр хутга бариад мэс засал хийж байгаа эмч нар айдастай байдаг. Би ч олон жил мэс засал хийсэн, залуу байхад зоригтой ч байж. Эмч хүн бусдын амь насыг аварна гэсэн хүсэл зорилготой мэс заслын өрөө рүү ордог. Хэн ч алдчих вий, ингэж байгаад хэрэгт орчих вий гэж бодож ордоггүй.

Түүнээс биш хүнийг хохироох хорон муу санаа өвөртөлдөггүй. Эмчийн тангараг өргөсөн хүмүүсийн сэтгэлд яаж тийм санаа багтана гэж хүмүүс бодож чаддаг юм бол. Нэг үг байдаг юм. Хүмүүс өөрөө хэр их бохирдсон байна. Бусдыг түүнтэйгээ адилтгаж боддог.

Дайн болж байхад ч эмч, сувилагч нар дайсны цэргийн шархадсан аварч байгаа тухай кинонд гардаг. Тэр бол манай тал, дайсны тал гэдгээс илүү хүний амь насыг аврахын төлөө хийж байгаа үйлдэл. Тийм агуу их сэтгэлтэй, ёс суртахуунтай хүмүүс эрүүл мэндийн салбарт ажилладаг юм.

Би шавь нартаа сайн эмч байхын тулд сайн хүн бай гэж захидаг. Хүний өвчнийг өөрийн юм шиг ойлгож мэдэрч байж, тэр хүнийг шөнө оройгүй бодож зүтгэдэг байх ёстой. Таван төгрөг бодоод байх юм сайн эмч болох ч үгүй. Тэр хүний гараас үр дүн гарахгүй.

-Та бол хуулийн цоорхойн гэм хорыг шүүхээс ял сонсох хэмжээнд өөрийн биеэр мэдэрсэн хүн. Гарч ирснээсээ хойш ганц үг дуугаараагүй шүү дээ. Мэдээж эмзэг сэдэв. Та боломжтой хэмжээнд байр сууриа илэрхийлж болох уу?

-Би тэр хэцүү нэртэй газарт нь байж байгаад л гарч ирсэн. Өөр юу ч хэлэх билээ. Хууль, эрх зүйн байгууллага намайг алдаа мадаг гаргаагүй юм байна гэдгийг нотлоод цагаатгасан. Өнгөрсөн зүйлийн араас ярьж, хэрүүл өдөхгүй. Тэртээ тэргүй Монголоор дүүрэн хэрүүл байна. Ирээдүйн сайн сайхны төлөө зорих хэрэгтэй. Хамгийн гол залуучууд маань дахин буруу ойлголтоос болж битгий хэлмэгдээсэй гэж хүсэж байна.

Яахав дээ, хүний амьдрал баян шүү дээ. Дандаа магтуулж амьдарна гэж байхгүй. Яг зүрхний бичлэг шиг өгсөж, уруудаж байдаг. Гэхдээ аль болох тогтвортой байлгахын төлөө зорих хэрэгтэй. Өөрөө зөв мөртэй явах хэрэгтэй. Зөв л явбал хажуугаас хань ижил, найз нөхөд дэмжинэ, дээрээс бурхан харна.

Хар муу санаагүй, хийх ёстой юмаа хийгээд л явах нь чухал. Монгол Улсад хүн болж төрөөд талх олж идэх маш олон арга байгаа. Гэхдээ эх орноо зарж, ард түмнээ худалдаж идэх шиг новшийн юм байхгүй.

Видео:

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Монгол хүн
Монгол хүн

Эмчдээ амжилт хүсье ээ. Хүний төлөө гэж зүтгэж яваад л буруутгагдсан. Яахав, алдсан хүн 10 тамтай гэгчээр хүнээ алдсан хүмүүс бүх юманд л бурууг өгсөн байх. Гэвч ЗӨВ ЯВАХАД ЗӨӨЛӨН ЗАМБУУЛИН шүү дээ. Эмчдээ дахин2 амжилт хүсье. Бүү шантраарай. Олон олон монгол хүнийхээ алтан амийг авраарай.

Зочиpн
Зочиpн

gudlaa hun shuudee

иргэнзочинзочин
иргэнзочинзочин

эмч нар ч эвгүй дэ хүнийг мөнгө болгож хардаг

зочиниргэнзочинзочин
зочиниргэнзочинзочин

яг үнэн шалгах боломжгүй байдаг учираас л шалгасан ч өөр эмч л бн

Холбоотой мэдээ

Back to top button