УЛС ТӨРУлс төрийн ярилцлага

Л.Гантөмөр: "Рио Тинто"-д дахиад л луйвардуулсан. Жижиг маллагаанд орчхоод хөөрцөглөөд байх хэрэггүй

Өнөөдөр УИХ-ын хаврын чуулганы хуралдаан хаах гэж байна. Иймд УИХ-ын гишүүн Л.Гантөмөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Намын даргын бланк дээр манай бүлгийнхэн бүгд зурсан байх. Өргөн барих цаг хугацаагаа намын дарга өөрөө тооцоолж байгаа болов уу гэж бодож байна. Сөрөг хүчний хувьд эрх баригчдыг шахаж шаардахаас өөр арга байхгүй-

-Та бол УИХ-д дөрвөн удаа сонгогдсон, туршлагатай гишүүдийн нэг. Энэ удаагийн хаврын чуулганыг хэрхэн дүгнэх вэ, ажил хэрэгч байж чадсан уу?

-Нэг үгээр дүгнэхэд төвөгтэй. Гэхдээ маш сайн хариуцлага нэхсэн чуулган болсон гэж дүгнэж байна. Хариуцлагагүй ажиллаж байсан зарим хүмүүст арга хэмжээ авч чадсан байх. Гэхдээ нэг чуулганаар бүгдийг шийднэ гэж байхгүй. Дэлгэрэнгүй мэдээлэл бэлдэж олон түмэнд хүргэх санаа байна.

Хамгийн гол нь татварын хувь хэмжээг тодорхой хэмжээгээр бууруулж чадсан нь том алхам болсон. Одоо эдийн засгийн эрх чөлөөний хуулиа баталж чадах юм бол суурь баримтлал болно гэх хүлээлт байна. Мөн Тамхины хяналтын хуулиа баталчих юм бол хяналт дээрээ том алхчих байх.

Улаанбаатарт мопед, скүүтер гэх зүйлийг хүүхдүүд унаж, хөдөлгөөнд оролцсоноор маш олон зуугаараа бэртээд байсан шүү дээ. Үүнийг асуудлыг хуульчилж шийдсэн. Энэ бол цаг үетэйгээ нийцэж шийдвэр гаргаж чадсан хууль тогтоомж гэж харж буй.

Гишүүд идэвхтэй сайн ажиллалаа, олон асуудлыг шийдэхийг оролдлоо.

-Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд 20 ч хоноогүй хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг явагдаж байна. Наадмын өмнө, олны анхаарал суларсан хойгуур батлуулахаар шамдаж байна хэмээн олон нийт шүүмжилж байгаа шүү дээ. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Огт мэдэхгүй хуулийг УИХ-аар оруулж ирээд цохиулаад байгаа зүйл байхгүй. Өмнө нь өргөн баригдаж, буцааж татагдсан хуулиуд тодорхой өөрчлөлтөө хийгээд ороод ирсэн. Жишээ нь, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн батална гэх яриатай байна. Ашигт малтмалын хөгжил дэвшлийн тухайд тодорхой саналууд бий шүү дээ. Хийгдэхгүй байгаа, уул уурхай маань өсөхгүй, ганц хоёр орд дээр фокуслаад л яваад буй. Гарц гаргалгаа хэрэгтэй. Алхам хийх хэрэгтэй.

Жишээ нь, дуудлага худалдаагаар хайгуулын лиценз өгч байгаа юм. Түүнийг дандаа гадаадууд аваад байна. Монголчуудыг уул уурхайгаас шахаж гаргах бодлого сүүлийн 4-5 жил хийлээ. Энэ салбараас Монголчууд өөрсдөө гарч яваад, гаднынханд өгчихөөр яаж амьдрах вэ. Хэрхэн хөрөнгөтэй болох вэ гэдэг асуудал гарч ирнэ. Хайгуул хийнэ гэдэг бол аз сорьсон хэрэг. Тэр аз сорьсон зүйл рүү Монгол хүн алхдаг болох боломжийг шинэ хууль гаргах юм шиг байна. Тэгэхээр Монгол компаниуд Монголд бизнес эрхэлж буй хүмүүстээ боломж олгохгүй бол гаднынхантай мөнгөөрөө уралдаад дийлэхгүй. Энэ мэт сайн зүйлс бий.

Гэхдээ дотооддоо баяжмал ашиглаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг дэмжих бодлого хийж чадаагүй. Дараагийн нэг алхам хэрэгтэй. Төмөр хайлж байсан үйлдвэрүүд бүгд зогссон. Нүүрс боловсруулж байсан үйлдвэрүүд ч мөн адил зогссон. Яагаад гэвэл давхар татварын асуудал яригдсан. Олборлож байгаа дээр, мөн хэрэглэж байгаа дээр нь татвар авсан. Ингэснээр өрсөлдөх чадваргүй болгосон.

Нэг үгээр хэлбэл, Баяннуурт байгаа боловсруулах, угаах үйлдвэрт зориулсан эрх зүйн орчныг хийчхээд тэрнээсээ гарч чадаагүй өнөөдрийг хүрсэн. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжихгүй байгаа юм. Хэрэв Баянгийн ЦС ирэх жилээс ашиглалтад орно гэвэл зэрэгцүүлэн үйлдвэрүүдээ нээх хэрэгтэй. Түүхий эдийн татварыг чөлөөлөхөөс өөр аргагүй. Тэгж байж үйлдвэрлэлээ хийнэ, тэнд хүн ажиллана. Эрчим хүчний эдийн засгаа урагшлуулсан бодлого баримтлах шаардлагатай.

Өнгөрсөн жилүүдэд үүн дээр тодорхой шийдлүүдийг гаргахгүй хараад байсан бэ гэвэл, хэрэглээний цахилгаангүй болох гээд байсантай холбоотой. Айлууд гал алдчих гээд байсан учир дараа, дараагийн ЦС-иуд орж иртэл байгаа хуулийн орчныг өөрчлөхөөр тэмцэх шаардлагагүй байсан. Эрчим хүчин дээр тооцоо бодоод үзэхэд.

-Н.Учралын Засгийн газрыг огцруулах гарын үсгийг АН-ын дарга О.Цогтгэрэлийн албан бланк дээр цуглуулж байгаа. Хаврын чуулгандаа яагаад багтааж өргөн бариагүй вэ. Ирэх намрын чуулганаар өргөн барих уу, танай бүлэг дээр хэрхэхээр яригдаж байгаа вэ?

-Намын даргын бланк дээр манай бүлгийнхэн бүгд зурсан байх. Өргөн барих цаг хугацаагаа намын дарга өөрөө тооцоолж байгаа болов уу гэж бодож байна. Сөрөг хүчний хувьд эрх баригчдыг шахаж шаардахаас өөр арга байхгүй. Байнгын айдастай, болгоомжлолтой явах, хурдтай ажиллах шаардлага Монгол Улсад бий шүү дээ. Ард иргэдийнхээ амьдралыг сайжруулахын төлөөх бүх зүйлийг Засгийн газар хийх ёстой. Тэгэхийн тулд шахаж шаардах, шүүмжлэх, "та бүхэнтэй хариуцлага тооцно" гэх үгийг байнга хэлэх шаардлага бий. Үүнийг ард түмэн биднээс хүсэж байгаа.

Яг үнэнийг хэлэхэд тэтгэврийн хэмжээг 1.5 саяд хүргээч гэх шаардлагатай ахмадууд ордны баруун хаалганд сар гаруй л жагслаа. Бид юу ч шийдсэнгүй шүү дээ. 1.5 сая хүргэхгүй бол амьдралд нь хүрэлцэхгүй байна шүү дээ.

Ордны зүүн хаалганд үйлдвэрийн ажилчид өчнөөн олон хоног жагслаа. Яагаад Засгийн газар анхаарахгүй байгаа юм бэ. Энэ мэт ард түмний саналыг, үгийг сонсдоггүй дарга нар байна. Иймд УИХ-д буй сөрөг хүчин өөрийн дуу хоолойгоо гаргахаас өөр аргагүйд хүрдэг юм билээ.

-Засгийн газрын хийсэн эл хэлэлцээрт чамлахаар чанга атга гэж хэлмээр байгаа. Харамсалтай нь Рио Тинто биднийг маллаад сурчихлаа л даа. Тиймээс чанга атгахад төвөгтэй л байна, ний нуугүй хэлэхэд-

-Гурав хоногийн өмнө манай Засгийн газар Рио Тинтотой "Оюу Толгой"-н асуудлаар хэлэлцээр хийлээ. Нэг талдаа түүхэн хэлэлцээр хийлээ гэх боловч, нөгөө талд түүхий хэлэлцээр байсан гэж талцаад буй. Үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Зээл бус хөрөнгө оруулалт болгох цаг нь ирчихсэн юм л даа. Анх гэрээ хийгдэж байх үед хөрөнгө оруулалт бус зээл болгосон учир шалтгаан нь үйлдвэрлэлээ барьж, байгуулж чадах уу гэх эрсдэл байсан байх. Бид маллуулчихсан шүү дээ, луйвардуулсан. Үүнийгээ ойлгох хэрэгтэй.

Хоёрт. Үнэндээ зэсийн эрэлт хэрэгцээ, энэ бүс нутагт борлуулагдах, дэд бүтцийн асуудал гэх мэт тодорхойгүй нөхцөл байдалтай байсан байх. Одоо бол өөр. Тодорхой хил гаальтай, дэд бүтэцтэй, цаана нь боловсруулах үйлдвэртэй. Зэсийн үнэ 14000 долларт хүрчихсэн. Технологийн асуудал нь бүрэн шийдэгдчихсэн шүү дээ. Ер эргэлзээгүй бизнес бол Оюу Толгой болчхоод байна.

Иймд Рио Тинто компани өөрийн охин компанид өгч байгаа зээлээ зогсоож, хөрөнгө оруулалт гэх бичилтээр сольж, хөрөнгө оруулалтыг нөхөн төлүүлэх хугацаагаа төлөвлөөд цааш алхах ёстой. Яагаад зээлийн асуудлыг долоон жил тутамд ярья гэх шийдэлд хүрсэн бэ гэвэл, арилж байгаа эрсдэлийн хэмжээгээр асуудлуудыг өөр өнцгөөр харж болно л гэсэн ойлголт. Рио Тинто ч үүнийг сайн ухамсарлаж байгаа.

Засгийн газрын хийсэн эл хэлэлцээрт чамлахаар чанга атга гэж хэлмээр байгаа. Харамсалтай нь Рио Тинто биднийг маллаад сурчихлаа л даа. Тиймээс чанга атгахад төвөгтэй л байна, ний нуугүй хэлэхэд.

Иймд Рио Тинтод шахалт үзүүлэхээ зогсоож болохгүй. Зээлээ хөрөнгө оруулалт болго гэж. 34 |66-даа оногдож байгаа ногдол ашгаа аваад явъя гэж. Ингэж чадвал богино хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөн төлөх боломж гарна. Толгой компани нь охин компанидаа мөнгө зээлнэ гэдэг мөнгө хүүлэлт шүү дээ. Үүнийг зогсоох шаардлага зайлшгүй бий. Үүнийг Рио Тинто талынхан ч ойлгох хэрэгтэй.

Монголчууд мадлуулснаа мэдсэн. Гэнэн байж. Одоо л бага багаар ухаан сууж , бизнес хийж сурч байна шүү дээ. Ашиг орлогын тооцоо хийж сурч байна, дэлхийн мөнгө цаасны хөдөлгөөнийг анзаарч байнга. Өнгөрсөн явдалд ичих хэрэг байхгүй.

Хятадын дотоодын үйлдвэр, хувийн хэвшлүүд дээрээ 50 хувийн татвар тавьчихсан байгаа энэ үед манай нүүрсний зах зээл тэлнэ. Нүүрс тэлж байгаа энэ үед л бид Рио Тинтог буулгаж авах ёстой. Нүүрс хумигдчихвал бид зэсийн хамааралтай болчих гээд байгаа юм. Одоо л энэ мөнгө хүүлэлт, луйврыг зогсоох хэрэгтэй.

Ногдол ашиг дээр ч мөн адил хэрсүү байх хэрэгтэй. Энэ жилээс эхэлж авахаар боллоо гэж хөөрцөглөж байна. Яг үнэндээ бас л луйвар яваад байна шүү дээ. Оюу Толгойгоос Монголд ирэх ёстой мөнгө ирж л таараа. "Зээлээ болиоч ээ" гэсэндээ ашгаа хурдан авъя гэхэд "та нар авч болно оо, гэхдээ зээлээ болихгүй" л хэмээсэн хэрэг.

Өнөөдөр хэдэн төгрөг аваад идэж уухдаа гол нь биш. Баялгийнхаа 51 хувийг олж авна гэх хатуу эрмэлзэл, зориг хэрэгтэй. Дараагийнхаа алхмыг бодож байх хэрэгтэй. Жижиг маллагаанд орчхоод хөөрцөглөөд байх юм бол биднийг дэлхий нийтээрээ шоолно. "Энэ тэнэгүүд хэзээ ухаан суух юм бэ" гэж. Бид ухаантай, хэрсүү байх ёстой. Алхам хийх хэрэгтэй. Тэгж байж дараагийн хэлэлцээрийг үеэр тэд "Монголчууд чинь юм мэддэг хүмүүс. Юм мэддэг хоёр хүн уулзаад ярьж байна" гэх дохиог өгөх ёстой.

Одоо бид Оюу Толгойгоос болоод зэсийн АМНАТ-ийн асуудлыг ярьж чадахгүй байна. Зэсийн үйлдвэрүүд ашиглалтад орохгүй байна. Рио Тинто-д 5 хувийг өгчхөөд бидэнд 6-7 хувь байдаг юм гэж байна. Буруу гэрээ зурагдсан л бол буруу жишиг тогтдогийн илрэл энэ. АМНАТ-аараа дамжуулаад ахиу орлого олох боломж үнэ өсөлттэй энэ үед байна гэж харж, тооцоолж, хөдлөх нь чухал болчхоод байна.

-Өдөр нь хурал чуулгандаа сууж, орой үдшээр мориныхоо ажлыг хийж байгаа. Чуулган завсарлаж, наадмын амралтын өдрүүд эхэлмэгц морь дээрээ очно-

-Таны хамгийн дурсамжтай наадам хэзээ тохиож байв. Тухайн үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

Ө.Тулга зааныг Монгол Улсын начин цол хүртлээ гэдгийг радиогоор сонсож байлаа. Тэр маш баяртай, сайхан наадам болж байсан санагдаж байна. Мөн хүүхэд байхад наадмын хуушуур, чихэртэй ус хамгийн амттай байж билээ.

Харин ойрын үеийн наадмын сонин, сайхан дурсамж гэвэл морьтой холбоотой. Уяж, сойсон морь сайн давхих үед маш их баярладаг. 2016 онд миний даага долоогоор давхихад мөн их баярласан. Үүнээс гадна азарга зургаалсан юм. Уг нь таваар давхиж байсан ч хамрын зөрүү гарснаар зургаад жагссан. Айрагдаагүйд нь гонсойж байсан хэдий ч зургаагаар давхисанд нь ихэд баярласан.

Тэр жил Б.Ганбат арслан түрүүлсэн. Бид үеийнхэн дотроосоо Б.Ганбат арсланг хамгийн том цолонд хүрнэ гэж итгэж харж байсан юм. Гэтэл заан цолонд хүрээд гацах янзтай удсан. Харин харьж явахдаа наадмын түрүүг авсан. Ингэж би тэр наадмын орой хагартлаа баярлаж байсан юм.

-Энэ жилийн баяр наадмаар юу хийх төлөвлөгөөтэй байна вэ. Баяр наадамдаа хэчнээн морь сойж байна вэ?

-Наадмын нээлт үзэж амжихгүй байх. Төрийн ёслол тул эхнэр хүүхдийн шахалтаар олон жилийн өмнө хэдэн удаа л очиж байсан. Чадвал 12-ны өдрийн хаалтын барилдааныг үзэх дуртай. Даан ч морь уралдуулдаг болохоор амждаггүй. Хүй долоон худаг Төв цэнгэлдэх хооронд явах төвөгтэй шүү дээ. Өнгөрсөн жил даага, соёолон мордуулаагүй болохоор хаалтын барилдаан үзэж амжсан. Энэ жил аль алийг нь сойж буй тул хаалтын барилдаан үзэх цаг надад гарахгүй байх. Телевизээрээ л үзэж таарах байх.

Өдөр нь хурал чуулгандаа сууж, орой үдшээр мориныхоо ажлыг хийж байгаа. Чуулган завсарлаж, наадмын амралтын өдрүүд эхэлмэгц морь дээрээ очно.

Ер Монгол эр хүн бол морио уралдуулж байх нь зөв. Бид хоёр том үүрэгтэй. Нэг нь үр хүүхдээ сайн сайн өсгөх, нөгөө нь өв соёлоо тэдэндээ хүлээлгэн өгөх. Тэгэхгүй бол хотын залуус Монгол ахуйгаас холдож байна. Миний үр хүүхдүүд л гэхэд морь, малаас хол. Иймд өөрөө гардан оролцож, тэдэндээ сургаж, дурлуулах ёстой гэж хувьдаа ухамсарладаг. Нөгөө талаас харахад Монгол эр хүний л сонирхол.

Морь барианд орж ирэхэд хамар нь шархирдаггүй Монгол хүн гэж байхгүй биз дээ. Гэхдээ хүний морь хараад суух бус би нэг морь мордуулж, ард түмнээ баясгая гэсэн итгэл үнэмшлээр олон жил морь уралдуулж байна. Олигтой айрагдаж, түрүүлдэггүй л болохоос биш. Чадахаараа л хичээдэг юм. Энэ жил ч ялгаагүй чадлаараа сойж байна. Их нас, даага, соёолон уяж байгаа. Тэднийгээ мордуулж хийморио үзнэ дээ гэсэн хүлээлттэй байна.

-Энэ жилийн наадмын түрүү бөх хэн болох бол. Хэнийг дэмжиж байна вэ. Та Увс нутгийн хүн шүү дээ. Аварга, арслан олонтой шүү дээ?

-2000 оны шинэ арслангууд байна. Тэр дундаа Улсын арслан Б.Орхонбаярт түрүүлэх боломж байгаа гэж харж байна. Би дэмждэг юм. Сайн барилдаасай гэж хүсэж байгаа. Мөн Завхан М.Лхагвагэрэл зааныг дэмжиж байгаа. Барилдаан нь их уран, Монгол бөхөд байх шинжүүд цөм байгаа. Чөлөөтөөр барилддаг тул жингээ бариад байгаа нь заан цолноос цаашлахгүй нэг, хоёр наадам өнгөрүүлсэнд нөлөөлсөн байх. Гэхдээ М.Лхагвагэрэлийг дээшээ тулсан барилдаан хийнэ гэж хүлээж байгаа.

Э.Батмагнай арслан бол шуугиулах нь тодорхой. Мөн Архангайн С.Сүхбат заан бас сайн барилдах байх. Бөхчүүд дотроос нэлээд чөмөгтэй. Гэтэл сайн гишгэхгүй л байна гэж хараад буй.

Үүнээс гадна нутгийнхаа хоёр аваргыг сайн барилдаасай гэж ерөөнө. Н.Батсуурь аварга маань барилдааныг сонирхолтой болгож өгнө. Бөх хүн хэзээд бэлэн шүү гэдгийг харуулсаар ирсэн хүн шүү дээ. Дархан аварга маань энэ наадмаар сюрприз барих байх гэсэн хүлээлттэй байгаа. П.Бүрэнтөгс аваргын хувьд энэ жилийн бэлтгэл тун сайн байгаа гэж дуулсан. Аварга маань наймд үлдээд сонин, сонин бэлэг барих болов уу.

О.Хангай аваргыг түрүү бөхийн таамагт оруулахгүй орхиж болохгүй. Залуу арслангуудтай үнэн хүчийг үзэж чадна гэх итгэл найдвартай байгаа байх. Тулсан барилдааныг гаргах цаг нь болсон.

Бөх хүн бол бүгд л мэргэжлийнх. Алдаа оноогоо мэддэг, нягт чамбай бэлтгэгдсэн байдаг. Наадмын өмнөх өдрүүдэд хэн нь сэтгэл зүй болон бусад зүйлсээ хямгадан сайн унтаж, амарч чадна тэр нь илүү амжилт гаргадаг ертөнц шүү дээ. Жаахан цол горьдоод, өрсөлдөгчийнхөө барилдааны тактик бодож, нойр алдаад ирэхээрээ барилдаан нь суларчихдаг. Тэнцүүхэн сайхан аваргууд, ид сайхан барилдаж байгаа арслангууд бий. Мөн шинэ цолонд сайхан залуус хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Энэ жил 1024 бөх барилдана. Арслан түрүүлбэл Даян аварга болно. Ер нь бид Монгол бөхчүүдээсээ цолоо харамлах хэрэггүй л дээ. Олон хүн барилдлаа гээд ямар учир шалтгаан байгааг мэдэхгүй. Харин Эзэнт гүрнийхээ тэгш ойгоор шагналыг нь нэмээд өгчихмөөр санагдаад байгаа юм. Чингис хааны нэрэмжит шагнал гээд аятайхан шагнал өгсөн нь дээр байх. 1024 бөх маань цөм есөн хөлт цагаан тугаа тойроосой. 10-нд туг залах болов уу. Есөн хөлт цагаан тугаас адис авч, хийморио сэргээе гэх бодолтой бөхчүүд олон байдаг юм билээ шүү дээ. 1024-өөс 11-ний өглөө 256 л үлдэнэ шүү дээ. Тэгэхээр 768 бөх тугаа тойрч чадахгүй болчихно, харамсалтай. Тиймээс эрт залсан нь дээр. Наадмын комисс анхаараасай.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Tumur
Tumur

америкийн"файнишл экономик"-сэтгүүлд рио тинто ӨӨРИЙНХӨӨ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ ЧАДЛАА-гэж бичсэн л байнашдээ , мөн "ноогдол ашиг"-өгөх талд рио тинто огт дуугаараагүй , тохиролцоогүй гэж байна.- Монгол "ялсан"-юу ч алга .

иргэн
иргэн
Reply to  Tumur

Энэ нэг алиа бацаанууд Монголоор тоглож дуусах нь дээ, Алиа салбадайнууд

Зочин
Зочин

Говийн халуун бол үнэхээр чанга шүү, малчид тээвэрчид бүгд анхаараарай

Зочин новш байнадаа эд нар бол
Зочин новш байнадаа эд нар бол
Reply to  Зочин

Гантөмөр гишүүн аядуу сайхан ярьжээ. ОТ оос монголын тал 2026 оноос боломжийн ашиг авах нь тун эргэлзээтэй. Гэрээ ёсоор бол зээлээ төлөөгүй байж яаж ашиг авах юм бол? Риогийн хувьд нэг өрхийн гишүүд аав нь хүүдээ хүүтэй зээл өгөөд түүнийг нь бусдад хүү нь монголын талд нэмэлт хүүтэй зээлсэн байдлаар эцсийн дүнд монгол л зээл авсан болж өрөнд орж, нэг өрхийн аав хүү 2 бусдаас авсан ямар ч зээлгүй хожиж буй дүр төрх. Харин монголын тал өртөн болов. Авдранд буй эрднэсээ цоожийг нь та онгойлгоод ав, түүний төлөө би мөнгө төлье гэсэнтэй агаар нэгэн тэнэг үйлдэл монголын талд үргэлжилсээр үлдэв. Олборлолтын явцын бүх орлого ашгийг Рио хүртэж, монголын тал яс горьдсон нохой лугаа шүлсээ савируулж сууж, нэрэн дээрээ бичигдсэн зээл, хүүг төлөх үүрэг хүлээж суух хэвээр үлдэв.
Хүлээгдэх ашгийг АМНАТ аар орлуулж 34 хувиас татгалзахаар гэрээ шинэчилсэн бол дээр байлаа. 13 тэрбум долларын зээл, зээлийн хүү төлөх үүрэг хэвээр үлдэж буй нь харамсалтай. Ийм байхад яаж ашиг хүртэх билээдээ. Хэрэв ашиг хүртэнэ гэвэл ямар инээдтэй өчүүхэн зүйлээр ам таглах болдоо. Энэ гэрээг яагаад шинэчилэхээс манай төр засаг цааргалдаг нь гайхмаар!!!

Зочин
Зочин

Энэ асуудал дээр улс төрөөс илүү улсын эрх ашгаа бодох хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button