СПОРТЯРИЛЦЛАГА

А.Ананд: Би өөрийгөө дэлхийн хамгийн шилдэг рүүки тоглогч болно чинээ үнэндээ төсөөлөөгүй

Одоогоос гуравхан жилийн өмнө хэн нэгэнд “Монголчууд сагсан бөмбөгийн спортоор олимпод оролцоно, медаль хүртэнэ” хэмээн хэлвэл юу гэх байсан бол. “Жаахан барамжаатай зална шүү” гээд дооглоод өнгөрөх байсан болов уу. Тэгвэл энэ бүхэн одоо хоосон мөрөөдөл бус бодит зүйл болсон. Үүнийг Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид олимпын эрх авч, эрчүүд дэлхийн хэмжээний бүхий л тэмцээнээс медаль хүртээд буйгаас бэлхнээ харж болно.

Үүний сацуу цөөнгүй тамирчин дэлхийд танигдан, томоохон багуудын анхаарлыг гойд татаж байна. Тэдний нэг нь “Улаанбаатар ММС энержи” багийн тоглогч Ариунболдын Ананд. 22 настай тэрбээр сагсан бөмбөгийн 3×3 төрлөөр дагнан хичээллэж, тэмцээнд оролцоод наймхан сар болж буй ч манай улсын төдийгүй дэлхийн шилдгүүдийн нэг болж амжив. Монголын багийн түлхүүр тоглогчдын нэг Г.Цэнгүүнбаяр бэртэхэд А.Ананд орон зайг нь нөхсөн шиг нөхөж, юу чадахаа харуулж чадсан билээ.

Түүгээр ч үл барам “Улаанбаатар ММС энержи”-гийнхний хамт Инже, Манилагийн чэлленжерээс хүрэл медаль хүртэн, АНУ-д болсон “Их дуулга”-д IV байрт шалгарсан. Мөн Монгол Улсын шигшээ багийнхны хамт дэлхийн элсний анхдугаар наадмаас хүрэл медаль хүртсэн юм.

ФИБА энэ жил залуучуудын ДАШТий шилдэг 10 тоглогчийн нэгээр түүнийг онцолсон. Мөн тус холбооноос хэдхэн хоногийн өмнө энэ жил олныг шуугиулж, шинээр танигдсан шилдэг 10 рүүки тоглогчийг онцлохдоо А.Анандыг хамгийн шилдгээр нэрлэлээ. Үүний сацуу Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2019 оны шилдэг залуу тоглогчоор тэр тодорсон юм.

Японд сурч байгаад өнгөрсөн дөрөвдүгээр сард эх орондоо ирж, амжилтын төлөө зүтгэж яваа А.Ананд багаасаа шуугиулж, олны хараанд өртсөн нэгэн. “ТLG-13” клубээс тамирчны замналаа эхэлсэн, С.Тулга дасгалжуулагчийн унаган шавь А.Ананд өсвөр үеийн УАШТ-ий шилдэг тоглогчоор олон удаа тодорч, 2013 онд насныхаа ангилалд шилдэг тамирчнаар шалгарсан юм. Мөн “Хагуро” сургуулийн нэрийн өмнөөс Японы сурагчдын лигт өрсөлдөхдөө 28 оноо, самбараас бөмбөг авалт 19, оновчтой дамжуулалт ес, бөмбөг таслалт дөрвийг дунджилжээ. Тэгэхдээ “Ямагата Ничидай” сургуулийн эсрэг тоглохдоо 45 оноо авч, шуугиулсан юм.

МОНГОЛ ХҮҮ 45 ОНООГ ЯПОНЫ СУРАГЧДЫН ЛИГТ АВЛАА!!Япон улсын Сурагчдын лигт сагсан бөмбөг тоглон, тэтгэлэгтэйгээр суралцаж буй Монгол тоглогч Ариунболдын Ананд! "TLG13" клубын өсвөрийн багаас сагсан бөмбөгийн гараагаа эхлэн өсвөр үеийн УАШТ-ний Шилдэг тоглогч-оор хэдэнтээ шалгарсан тэрээр 2013 оны Сагсан бөмбөгчдийн шинэ жилийн баяраар "Оны шилдэг өсвөрийн тамирчин"-аар шалгарч байсан юм.Өнгөрөгч 3-р сард Япон улсыг зорин Хагуро дунд сургуульд тэтгэлэгтэйгээр элсэн орж, тус сургуулийн нэрийн өмнөөс Японы сурагчдын лигт 28 оноо, 17,5 самбараас бөмбөг авалт, 9 оновчтой дамжуулалт, 4 бөмбөг таслалт гэсэн аймшигтай статистик үзүүлэлтийг дунджилан, баг нь Ямагатай хотын "ТОP 3" сургуулийн нэгээр шалгаран шуугиулж байна.Улирлын дээд амжилт 45 оноог Ямагата Ничидай сургуулийн эсрэг А.Ананд мөн авчээ.Түүний Японы сурагчдын лигийн өнгөрөгч 9,10 саруудын "highligts video"-г та бүхэнд хүргэж байна!Монгол залуус дэлхийг цочроох цаг ойртсоор…

Posted by Mongolian National Basketball Association on Thursday, December 4, 2014

Чансаагаараа дэлхийд 87, улсдаа дөрөвт, 23 насны ангилалд дэлхийд XIII-т эрэмбэлэгдэж буй түүнтэй ярилцлаа. Монголын сагсан бөмбөгийн тод одоор зүй ёсоор нэрлэгдэх болсон А.Ананд хэвлэлд анх удаа ярилцлага өгсөн нь энэ.

“УЛААНБААТАР ММС ЭНЕРЖИ” БАГТ ТОГЛОХЫН ТУЛД ИХ СУРГУУЛИА ОРХИСОН

-Жилийн өмнө хэн нэгнээс “Сагсан бөмбөгийн тамирчин А.Анандыг таних уу” гэж асуувал магадгүй олонх нь танихгүй хэмээх байсан болов уу. Яалт ч үгүй та энэ жил өөрийгөө таниулж, дэлхийн хэмжээнд хүрч чадлаа. 3×3 олон улсын сагсан бөмбөгийн холбооноос энэ оны хамгийн шилдэг рүүки тоглогчоор таныг нэрлэсэн нь А.Анандын амжилт, ур чадварыг дэлхий хүлээн зөвшөөрсны илрэл болов уу. Энэ онд гаргасан амжилтдаа хэр сэтгэл хангалуун байна вэ?

-Юуны өмнө “Eguur.mn” сайтын хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе. Хэдийгээр олон сайхан амжилт гарган, дэлхийн шилдэг рүүки тоглогчоор тодорсон ч амжилтаа чамлаж байна. Үнэнийг хэлэхэд хангалтгүй амжилт гаргасаан. Зорьсондоо 100 хувь хүрч чадсангүй. ДАШТ-д өрсөлдөхдөө Серби, Голландын багт хожигдохдоо өөрийгөө их голсон. Зүгээр хожих боломж 100 хувь байсан тоглолт шүү дээ. Дэлхийн элсний анхдугаар наадмаас хүрэл медаль хүртсэн ч түрүүлэх боломжоо ашиглаж чадаагүй.

-Монгол хүн сагсан бөмбөгийн спортын төрлөөр залуучуудын ДАШТ-ий шилдэг 10 тамирчны нэг болж, дэлхийн хамгийн шилдэг рүүки тоглогчоор шалгарсан нь яах аргагүй бахдам амжилт. Өөрийгөө наймхан сарын хугацаанд ийм хэмжээнд хүрнэ гэх багцаа танд байсан уу?

-Байгаагүй ээ. Би өөрийгөө дэлхийн шилдэг рүүки тоглогч болно гэж үнэндээ төсөөлөөгүй. ФИБА-гийн анхаарлыг ингэж татаж, онцлуулна гэж ёстой зүүдэлж ч байгаагүй. Тэдний хараанд өртөн, дэлхийн шилдгээр нэрлэгдлээ. Үүнийг дагаад асар их хариуцлага надад ноогдож байгаа. Үүнийг хэзээ ч умартаж болохгүй гэж багш захисан. Багийн спортын төрлөөр монголчууд өндөр амжилт гаргаж чадахыг нотолж яваагаараа бахархдаг.

ХОЁР ТЭМЦЭЭНЭЭС ОЛИМПЫН ЭРХ АВАХ БОЛОМЖ БИДЭНД БИЙ

-Та дөрөвдүгээр сараас хойш “Улаанбаатар ММС энержи” багт тоглож байгаа юм билээ. Их сургуулиа дундаас нь орхиод ирсэн гэж дуулсан, үнэн үү?

Үнээн. Би Японд сурч байгаад гуравдугаар дамжаанаас нь орхиод, өнгөрсөн дөрөвдүгээр сард эх орондоо ирсэн. Тухайн үед манай багийн Г.Цэнгүүнбаяр ах бэртчихсэн байсан юм л даа. Би орон зайг нь нөхөөд өрсөлдсөн. Анхандаа 3×3 төрлийн дүрмэнд дасахад амар байгаагүй ээ. Шантармаар, больё гэж цөхөрмөөр үе зөндөө байсан. 3×3 төрлийн дүрэм, багийнхаа системд уусаж чадахгүй үе, цагийн зөрүүнд дасах шиг хэцүү зүйл байгаагүй. Монголоос найман цагийн зөрүүтэй улсад очоод тэмцээнд оролцох үнэхээр хэцүү юм билээ. Тэр бүхэнд бууж өгөөгүйгийнхээ хүчинд өнөөгийн амжилтад хүрлээ. Би мундагтаа ийм амжилтад хүрээгүй. Би бус бид багаараа шилдэг байсныхаа хүчинд л өнөөгийн амжилтыг гаргасан юм шүү.

“Улаанбаатар ММС энержи” багийнхан чансааны оноогоороо олимпын эрхээс атгаад алдсан. Уг нь бид чансаагаараа дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэн, “Токио-2020”-д оролцох болзлоо хангачихсан байсан юм. Чансааны эхний дөрвөн баг олимпын эрх шууд авах боломжтой байв. Гэтэл бидний ард эрэмбэтэй байсан япончууд зохион байгуулагч орны давуу эрх эдлэн, цагаан хуудсаар эрэгтэй багаа оролцуулахаар шийдвэрлэсэн. Тэгээд бид чансаагаараа олимпын эрх авах боломжгүй болсон юм. Тэглээ гээд бүх зүйл дуусаагүй. Одоо олимпын эрх олгох хоёр тэмцээн бий. Аль нэгээс нь “Токио-2020” наадмын эрх авах боломж бидэнд бүрэн бий.

-Их сургуулиа гэнэт дундаас орхиод Монголд ирэх амаргүй байсан нь мэдээж. Гэнэт тийм шийдвэр гаргахад юу нөлөөлөв?

-Сагсан бөмбөгийн спорт, С.Тулга дасгалжуулагч. Г.Цэнгүүнбаяр ахыг бэртсэний дараа намайг багтаа тоглуулах санал тавьсан юм. Би Японд таван жил амьдарсан. Тэнд “Жобу” их сургуульд олон улсын бизнесийн чиглэлээр сурч байсан юм. Японы хоёрдугаар дивизионд өрсөлддөг “Жобу” сургуулийн багт тоглон, гараанд гардаг байв. Тэгээд ерөөсөө сагсан бөмбөгийн спортоор тууштай хичээллэх, “Улаанбаатар ММС Энержи” багт тоглохын тулд их сургуулиа гуравдугаар дамжаанаасаа орхисон.

-Сургуулиа төгсөх үү, “Улаанбаатар ММС энержи” багт тоглох уу гээд хэр эргэлзэв. Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Аав, ээж хоёр их дургүйцсэн, би өөрөө ч бага зэрэг эргэлзэж байснаа нуугаад яах вэ. С.Тулга багш манай гэрийнхнийг их сайн ятгасаан. Багаас минь надад сагсан бөмбөг зааж, энэ спортод хөл тавиулсан багшдаа би эргэлзээгүй. Тэгээд л зөвшөөрсөн юм.

-Японд байхдаа 3×3 төрлөөр ямар нэгэн тэмцээнд оролцож байв уу?

-Нэг удаа өрсөлдсөн юм байна, өнгөрсөн жил. Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо мөнгөн медаль авсан. 3×3 төрлөөр гаргасан анхны амжилт маань тэр.

-Түрүүн ярилцлагын эхэнд сагсан бөмбөгийн 3×3 төрлийн дүрэмд дасахад амаргүй байсан гэсэн. Ер нь амжилт гаргана гэх итгэл хэдийнээс төрөв?

-Багтаа, багийнхандаа дасахад ямар ч асуудал гараагүй. Бүгд надад маш их тусалдаг, дэмждэг. Сагсан бөмбөгийн 3×3, 5×5 төрөл хоорондоо тэс өөр. Дүрэм, тоглолтын хэв маяг гэх мэт олон талаараа ялгаатай. 3×3 төрөлд ур чадвар, тэсвэр тэвчээр, биеийн хүчний тоглолт их шаардддаг, жинхэнэ эрчүүдийн спорт. Энэ төрлөөр амжилт гаргана гэх итгэл надад долдугаар сараас төрж эхэлсэн. БНСУ-д болсон чэлленжер тэмцээнд өрсөлдсөнөөсөө хойш би өөрийгөө шинээр нээсэн юм. Түүнээс хойш өөртөө итгэх итгэл улам нэмэгдсэн.

ХОЛЫН ЗАЙН ШИДЭЛТ, ХАМГААЛАЛТ МИНИЙ ДАВУУ ТАЛ

-А.Анандын өндөр, жин хэд вэ?

-Би 1997 оны дөрөвдүгээр сарын 14-нд төрсөн. 196 см өндөр, 80 кг жинтэй. Миний тоглолтын гол онцлог бол шидэх. Шидэгчийн байрлалд тоглодог. Хэзээд холын зайнаас найдвартай шидэж, сайн хамгаалдаг нь миний давуу тал.

-Үлгэрлэж явдаг тамирчин бий юү?

-Мэдээж бүх тамирчнаас суралцаж, үлгэрлэж явдаг. Монголынхоо төдийгүй дэлхийн шилдгүүдийг тоглолтыг үзэх дуртай. Серби, Словенийн тоглогчдоос суралцах юм их бий.

НАСНЫХАА АНГИЛЛЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ХАВЬГҮЙ АМАР БАЙСААН

-Энэ жил залуучуудын ДАШТ, дэлхийн элсний наадамд Монголын багийн бүрэлдэхүүнд өрсөлдсөн. Таны нуруун дээр их ачаа ирсэн шүү дээ. “Улаанбаатар ММС энержи”-д тоглодгоос өөр мэдрэмж төрсөн болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Би 3×3 төрлөөр хичээллэж эхэлснээсээ хойш мэргэжлийн тэмцээнд оролцох болсон. Тиймээс 23 хүртэлх насны ангиллын тэмцээнд өрсөлдөх хамаагүй амар байсаан. Насныхаа ангилалд тоглох тэс өөр. Надад ирж буй ачаалал, үүрэг ч шал ондоо. Бүх ачаа миний нуруун дээр ирэхэд өөрийгөө улам их дайчилсан. Би “Улаанбаатар ММС энержи” багт өрсөлдөхдөө шидэгчийн үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл 23  насны ангиллын Монголын шигшээ багт хүчин зүтгэхэд надад төрөл бүрийн авьяас шаардсан. Хамгаалалт, довтолгоо, шидэлт гээд бүх талын ур чадвар хэрэгтэй болсон л доо.

ЯПОНЧУУД ЛИГТЭЭ ТОГЛУУЛАХ САНАЛ НАДАД ТАВЬСАН

-Япончууд лигтээ таныг тоглуулах санал тавьсан гэж дуулсан. Энэ тухайгаа сонирхуулахгүй юу?

-Залуучуудын  ДАШТ-ий үеэр болсон явдал л даа. Япончууд 2020 оны нэгдүгээр сард эхлэх лигтээ легионероор тоглуулах санал надад тавьсан юм. “Улаанбаатар ММС энержи” багт хүчин зүтгэн, амжилтын төлөө хөдөлмөрлөж яваа болохоор тэдний саналыг хүлээж авах боломж байгаагүй. Словенийн дасгалжуулагч намайг улсынхаа тамирчин болгох хүсэлтэй явдгаа илэрхийлсэн.

ЧӨЛӨӨТ ЦАГААРАА ГЭРТЭЭ АМРАХ ДУРТАЙ

-Тэмцээн, бэлтгэл сургуулилалт гэсээр чөлөөт цаг төдийлөн гардаггүй болов уу. Ер нь чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Аль болох гэртээ сайхан амарч, гэртээ байх дуртай. Найзуудтайгаа уулзах сайхан. Гурван дүүтэйгээ тоглоод, сайхан амрах л жинхэнэ жаргал. Би айлын том. Манай багийн дөрвөн тоглогч надад төрсөн ах шиг минь түшигтэй, дотно байдаг.

Манай гэр бүлийнхэн Монголд амьдардаг. Би эхээс дөрвүүлээ, гурван дүүтэй. Дүү нар минь надаас олон насны зөрүүтэй. Аав эмч, ээж нягтлан мэргэжилтэй. Намайг бүх талаар тусалж, дэмждэг. Тэмцээн эхлэхийн өмнө аав, ээж, эмээ гурав сүү өргөдөг. Тэгдгийнх нь буянаар би бэртлээс холуур, сайн тоглож байгаа юм болов уу гэж бэлгэшээдэг.

-А.Ананд өнөөдөр Монголын төдийгүй шилдэг тоглогчдын нэг болсон. Хүн бүхэн амжилт хүсэхийн сацуу өндөр амжилт нэхэх нь заримдаа дарамт болох юм уу?

-Гадуур явахдаа биеэ аль болох зөв авч явж, бусадтай боловсон харилцахыг хичээдэг. Олны энэ их итгэлийг үргэлж амжилтаар хариулахыг хичээдэг.

С.ТУЛГА ДАСГАЛЖУУЛАГЧААС УЛАМ  ИХ ХИЧЭЭХ ЭРЧ ХҮЧ АВДАГ

-Маргаашийн бэлтгэлдээ улам эрч хүчтэй ирэх, бүр хичээх эрч хүч, урмыг юунаас авдаг вэ?

-С.Тулга дасгалжуулагчаасаа. Ойр дотныхон “Чи болж байна, мундаг байна” гэж магтдаг. С.Тулга багш хэзээ ч тэгдэггүй. Бидний алдаа, дутагдлыг аль болох хэлж, засахыг чухалчилдаг. Тэр нь бидний амжилтад их нөлөөлдөг.

Би багаасаа сагсан бөмбөгийн спортод дурлаж, хорхойссон. Долоон настайдаа л гэхэд өдөржин сагсан бөмбөг тоглож өнждөг байлаа. 13 настайдаа “Sprite” лигт тоглож байхдаа С.Тулга багшийн хараанд өртсөн юм. Японыг зорихоосоо өмнө багшийнхаа удирдлагад дөрвөн жил хичээллэсэн. Одоо амжилтын төлөө дахин хамт зүтгэж яваагаараа бахархдаг.

-Найз охин бий юү?

-Байхгүй ээ, ганц бие (инээв).

-Эмэгтэй хүний ямар зан, чанарт илүү татагддаг вэ?

-Хүмүүжил, биеэ зөв авч яваа байдал.

-Ойрын үед оролцохоор төлөвлөсөн тэмцээн бий юү?

Манай багийнхан БНХАУ-д болох өндөр бооцоотой олон улсын тэмцээнд оролцоно. Дэлхийн шилдэг бүх баг өрсөлдөнө. Бид маргааш (өнөөдөр) урд хөршийг зорино.

-Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Та хэвлэлд анх удаа ярилцлага өглөө. Таныг төдийлөн мэдэхгүй хүмүүс энэ ярилцлагаар л дүгнэх болов уу. Өөр хэлэхийг хүссэн зүйл юу байна вэ?

-Өөр ч юу байх вэ дээ, сайхан ярилцлаа. Бодож явдаг юмаа бүгдийг нь хэллээ. Бидэнд олон зорилго бий. Юуны түрүүнд Токиогийн олимпын эрх авах. Дараа нь “Токио-2020” олимпод түрүүлэхгүй юм гэхэд медаль хүртэх. Зорилгодоо дахин хүрэхийн төлөө 2024 оны олимпын наадамд дахиад өрсөлдөхийг хүсэж байна. Надад нас, боломж бий. Бүх зүйл надаас л шалтгаална.

 Энэ дашрамд Монголын багийг 15 жил ивээн тэтгэж буй  “MCS Coca Cola” компани, Монголын 3×3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав захирал, “Улаанбаатар ММС энержи” багийн ерөнхий ивээн тэтгэгч Батцэнгэл захиралтай “Энержи ресурс” компанийн хамт олон, С.Тулга дасгалжуулагчдаа, аав, ээждээ, гэр бүлийнхэндээ, монгол түмэндээ их баярлаж явдгаа илэрхийлье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

5 Сэтгэгдэл

  1. Amjilt husey, bi unendee yoponii bagt orooguid chini mash ih bayrlaj baina. Eh orniihoo sportiin amjiltiin tuluu huchin zutgej baigaad bayrlalaa. Cham shig zaluus l mongolchuudiin sportiin zamnald tugjeetei haalgiig ni neej, ireeduig ni gereltuulne shuu dee. Manaih zuvhun buhuur l amjilttai yavdag bolohoor buh2 geed hutsaad baigaa yum. Sags, hulbumbuguur amjilttai bolood irvel bas l ih demjij ehleh ni todorhoi. Yordoo amjiltiig ehluuleh zaluu uy l heregtei baigaa yum.

  2. Bas durtai zuilere yavj baigaad chini bayr hurgey. Hunii husel muruudul ni zaaval zuv gazart ni avchirdag. Durtai zuilee hiij baigaa hun yadardaggui. Zaluuchuud maani durtai zuilee l hiih heregtei.

  3. Fiba3&3 энэ хүүг их онцолоод байсан. Литватай тоглосон сүүлийн 2 шидэлт үнэн тасархай байсан. Дахин дахин үзээд омогшоод л. Амжилт

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button