Нийгэм мэдээ

Г.Аюурзанын "Бөөгийн домог" роман Серби хэлээр хэвлэгджээ

Зохиолч Г.Аюурзанын "Бөөгийн домог" роман Серби хэлээр хэвлэгджээ. Зохиолч энэхүү номоо 2010 онд уншигчдадаа хүргэсэн бөгөөд энэ оны хоёрдугаар сард франц хэлээр хэвлэгдэж байв. Тэгвэл ийнхүү Серби хэлээр номоо хэвлэж, нээлтийг энэ сарын 25-нд хийснээ Г.Аюурзана зохиолч өөрийн цахим хуудаснаа мэдээллээ.

Тэрбээр, "Иво Андричийн “Дрина голын гүүр” роман, “Үдийн халуун” нэрээр гарсан Югославын зохиолчдын өгүүллэгийн түүврийг багадаа уншиж, Милорад Павичийн зохиолоос залуудаа орчуулж, Эмир Кустурицагийн кинонуудаар шидэт реализмын шинэ давалгааг гадарлах болсны хувьд “Бөөгийн домог” роман серб хэлээр гарсан нь амьдралд минь тохиосон нэгэн чухаг үйл явдал юм уу даа. Номын минь нээлт Белградын Олон улсын Номын Яармагийн гол асар “Иво Андричийн танхим”-д энэ сарын 25-нд боллоо. Belgrade Book Fair нь Балканы бүс нутаг дахь хамгийн эртний (67 жилийн уламжлалтай), хамгийн том соёлын арга хэмжээ аж. Сербээр хэвлэгдсэн ном Хорват, Черногор, Босна-Хэрцэговина, Словени, Умард Македон улсуудад буюу 20 сая хүний орон зайд уншигдах боломжтой хэмээн яармаг зохион байгуулагчид ярьж байна билээ. Номыг минь асар богино хугацаанд орчуулсан, Сербийн нэрт орчуулагч Людмила Ёксимович, орчуулгын редактор Миряна Грбич нартаа гүнээ талархаж байна. Үнэхээр сайхан орчуулсныг нь олон уншигчийн ярианаас мэдрэв. Достоевский судлалын дэлхийн шилдэг эрдэмтэн, философич Владимир Меденицагийн удирддаг “Логос” хэвлэлийн газар “Бөөгийн домог”-ийг хатуу хавтастай, супер ороолттой, тансаг сайхан хэвлэжээ. Харах бүртээ сэтгэл баяснам. Монголын орчин цагийн утга зохиолыг Сербид таниулах амаргүй үйлсийг санаачлан сэдэж бүхий л сэтгэлээрээ зүтгэсэн, бүхэл бүтэн ЭСЯ-ны хэмжээний ажлыг ганцаараа амжилттай гүйцэлдүүлсэн, Серб дэх Монгол Улсын өргөмжит консул Владимир Столович анддаа маш их баярлалаа" гэжээ.

"Бөөгийн домог" романыг Серби хэлнээ буулгасан, утга зохиолын нэрт орчуулагч Людмила Ёксимович.

Уг бүтээл нь хүн төрөлхтний хамгийн эртний шашин шүтлэг болох бөө мөргөлийн тухай монгол хэлээр бичигдсэн анхны роман юм. Г.Аюурзана уг романаа туурвихын тулд гурван жил дараалан Байгаль нуурыг зорьж, судалгаа хийн бөөгийн амьдралын түүхээр дамжуулж, Байгаль нуур орчмын буриад зоны мөхөл, дарлагдалт, тэдний хайр дурлалын тухай өгүүлсэн байдаг. Бөөгийн домог хэмээх энэхүү романы гол баатар болох өвгөн бөөгийн амьдрал, удам судар, түүхээр дамжуулан Байгал нуур орчмын Буриад түмний эмгэнэлт хувь тавиланг хөндсөнөөрөө мөн өнөө цагт бөө мөргөл хэрхэн гажуудан самуурч буй тухай, тэрчлэн бүтэлгүй хайр дурлалаасаа зугтсан залуу эрийн сэтгэлийн дотоод хямрал, өөрчлөлтийг өвөрмөц хэлбэрээр илэрхийлж чадсан зэрэг нь уг номыг тун ч сонирхолтой болгож байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 30, 2024 10:29

Сайхан мэдээ байна. Баяр хүргэж, улам их амжилт хүсье!

Бах
Бах
11 сар 2, 2024 10:31

Коммунист засагл�##�тай хэвлэлийн эрх чөлөө Түй ч байхгүй өмхий ханх�##�сан Сербид тоож мвч уншихгүй ээ. Ойлгох ч үгүй. Эртний танилуудтайгаа л орчуулж сүр бадруулж

Back to top button