УРЛАГ

Нобелийн шагналтны шүлгүүд

Америкийн яруу найрагч Луиза Глюк 2020 оны утга зохиолын Нобелийн шагналын эзэн боллоо. Монгол уншигчид түүний гурван бүтээлтэй зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын орчуулгаар 2008 онд танилцаж байсан юм. “Дэлхийн сонгомол яруу найраг” хэмээх улаан хавтастай эл номын 277-279 хуудсанд буй Нобелийн шагналтны шүлгүүдийг хүргэж байна.

ХУУРМАГ ЖҮРЖ

Энэ бол сар биш, би хэлж байна.
Энэ бол хашааг гийгүүлэгч
тэр л цэцэгс.
Эднийг би үзэн ядаж байна.
Яг л хурьцлыг үзэн яддаг шигээ
эрэгтэй хүний ам
миний амыг үмхэхэд,
эр хүний чичирсэн бие –
бас эвцэлдэхийн өмнөх
ичгүүртэй, дорой,
байж ядсан гуйлт –
энэ бүхнийг үзэн ядаж байна.
Улиг болсон нөгөө л янзаараа үмхэлцэх
уруулуудаас гарах хачин чимээг залгасан
асуулт, амьсгаа давхцам хариултыг,
алжааж цуцам эсрэг хүйсүүдийн тэмцлийг
сэтгэлийнхээ дотроос би үдшийн цагаар сонсном.
Харав уу?
Бид ийм л тэнэг зүйл хийлээ.
Сэнхийгээд хуурмаг жүржийн үнэр
Нээлхийгээр хийсэн орж ирлээ.
Яаж би одоо тайвшрах билээ?
Хорвоогоор дүүрэн нөгөө л үнэр
хоромхон ч сарнихгүй ханхалсаар байхад
яаж би сэтгэл өег үлдэх билээ?

1985.

--

АРГАА БАРСАН ЗӨГНӨЛ

Өөрт чинь нэгэн үнэнийг хэлье:
өдөр бүр л хүмүүс үхдэг. Үхэл бол ердөө л эхлэл нь.
Өрх гэрийг уй гашуу нэрмэж, бэлэвсэн эхнэрүүд,
өнчин хүүхдүүд шинээр төрдөг. Тэд гараа эвхэн суугаад,
өнөөдрөөс цаашхи энэ амьдралаа төсөөлөхийг оролддог.
Оршуулгын газарт зарим нь анх удаагаа л ирж буй нь энэ.
Орь дуу тавьчих вий, эсвэл уйлахгүй байх вий гэж айна.
Хэн нэгэн нь бэлэвсэн эхнэр рүү бөхийгөөд,
хэрхэх ёстойг шивнэнэ, тэр нь цөөвтөр үг хэлэх ч юм уу,
хэдэн мөчийн турш онгорхой буй булшны нүх рүү
хэсэгхэн шороо яаж ийгээд цацах ажил байна.
Ингээд, цөмөөрөө гэр рүү нь явцгаана,
гэр нь гэнэтхэн л зочдоор пиг дүүрчихнэ.
Эзэгтэй буйдан дээр намбатайхан суугаад,
гэм хийсэн мэт чимээгүй дөхөгсдийг хүлээнэ,
зарим нь гараас нь барьж, зарим нь түүнийг тэвэрнэ.
Бараг л хүн бүхэнд таарах үгийг олоод хэлчихнэ,
Баярлалаа, ирсэнд баярлалаа ч гэдэг юм уу.
Дотроо бол тэднийг бушуухан яваасай гэж бодно.
Дорхноо гараад оршуулгын газар тийш гүйхийг хүснэ,
цаашлаад эмнэлэг рүү, хэвтэж байсан тасаг руу нь.
Боломжгүй гэдгийг нь мэднэ л дээ. Гэлээ ч энэ бол
цагийг буцаах хүсэл, сүүлчийн горь найдвар нь.
Ахиад жаахан л цаашилбал тэдний гэрлэлт рүү очно,
анхны үнсэлт нь одоо тийм ч хол биш байна.

1990.

ЖИВСЭН ЖААЛУУД

Тэдэнд ял оногдоогүй, та бэлээхэн харлаа,
тэд живж үхэх тавилантай, тийм л заяатай байж,
мөс гэнэт цөмрөн тэднийг тэвэрч,
мөрөн дээр нь өвөл бүхий л жингээрээ дараад
хүзүүний ноосон ороолтыг нь
хөвүүлж намируулсаар доош живүүлээд
хөдөлгөөнгүй нам жим болсон хойно нь,
хөлдүү цөөрөм тэднийг бараан гараараа өргөлөө.
Үхэл гэхдээ тэдэн рүү юм бүхний эхлэлд дөт
өөр замаар ирсэн байх учиртай.
Сониуч жаалууд анхнаасаа л
сохор, жингүй төрсөн ч байг, ялгаагүй.
Тэд одоо тайвшралыг зүүдэлж байна,
Чийдэн асаатай,
тэдний цогцос цав цагаан бөсөөр бүтээсэн
ширээн дээр тавиастай байна.
Цөхрөнги хоолойнууд нэрээр нь дуудахыг тэд
цөөрмийн дээгүүр гулган зугаацах мэт хэнэггүй сонсоно:
Аймшигт цэнхэр цүхээлд унагсад аа,
Юугаа хүлээнэ вэ, та нар,
Алив нааш ир, шалавхан буцаад ир!

1980

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-10-15 00:46

Орчуулсан Г.Аюурзана гээд биччих наад захын соёлд сур�##�цаач. Өөрөө орчуулчихсан аятай.

Холбоотой мэдээ

Back to top button