Путин БНАСАУ-ын гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Чуэ Сон Хуэ ОХУ-д айлчилж байгаа юм. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түүнийг Кремльд хүлээн авч уулзсан талаар ТАСС агентлаг мэдээлсэн байна. Чуэ Сон Хуэгийн айлчлал Хойд Солонгосын цэргүүд Украины дайнд ОХУ-ыг дэмжин байлдахаар Курск мужид байрлаж байгаатай зэрэгцэв.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлэхдээ ажлын шугамаар ОХУ-д айлчилж буй түүнийг Путин ерөнхийлөгчийн ордонд хүлээн авч уулзсан хэмээжээ. Чуэ Сон Хуэ Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны мэндчилгээг Путинд дамжуулж, хүлээн авч уулзсанд нь талархсан байна. Харин Путин түүнтэй уулзахдаа ОХУ нь үндэсний баяраа тэмдэглэж байгаа, баярын өдрөөр найз нөхөдтэйгөө уулзах нь сайхан уламжлал гэжээ. Өнгөрсөн баасан гарагт /2024.11.01/ Чуэ Сон Хуэ ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзсан юм.
АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер даваа гарагт мэдэгдэл хийхдээ Хойд Солонгосын 10 мянга орчим цэрэг Курск мужид байршсан, удахгүй дайнд байлдах төлөвтэй байгаа гэжээ. Харин Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский 11 мянга гаруй Хойд Солонгосын цэрэг Курскт ирсэн хэмээсэн байна.
Эх сурвалж: Yonhap
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.