Top StoriesУЛС ТӨР

Азербайжан, COP29: "Ерөнхийлөгч өө, эх орондоо тавтай морил"

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын талуудын 29 дүгээр бага хурал буюу COP29-т оролцохоор Азербайжаны нийслэл Баку хотноо хүрэлцэн ирээд байна.

Eguur News агентлаг Баку хотоос сурвалжилга бэлтгэж буй.

Тус айлчлалтай холбогдуулж, Кавказын бүс нутагт, Европ болон Азийн зааг дээр оршдог, зүүн талаараа Каспийн тэнгисээр хиллэдэг Азербайжан улсын талаарх зарим мэдээллийг хүргэмээр байна.

Баку хот. Гэрэл зургийг Ерөнхийлөгчийн Тамгын газар.

1256 онд Чингис хааны ач Хүлэгү хаан Перс болон Кавказын нутгийг эзэлж, Ил хаант улсыг байгуулсан. Энэ нь XIII зууны эцсээс XIV зууны дунд үе хүртэл Кавказ, Иран, Иракийн бүс нутгийг захирч байсан Монголын хаант улсын нэг хэсэг юм. Азербайжан нь Ил хаант улсын бүрэлдэхүүн, засаг захиргаанд орж байсан түүхтэй.

Тухайн үеийн монголчуудын байлдан дагуулалт нь Кавказ, Азербайжаны улс төр, эдийн засаг, соёлын хөгжилд ихээхэн өөрчлөлт авчирсан бөгөөд тухайн үеийн олон соёл, шашин шүтлэгүүдийг хүлээн зөвшөөрдөг засаг захиргааны хэлбэрийг бий болгосон онцлогтой.

Азербайжаны сэргэн мандалт нь хожуу эхэлсэн хэдий ч одоогийн байдлаар улс төр, эдийн засаг, соёлын олон салбарт ихээхэн ахиц дэвшилтэй улс орны тоонд багтсан юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх COP29 бага хуралд оролцохын өмнөх өдөр буюу арваннэгдүгээр сарын 11-нд Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиевтэй уулзсан. Мөн тус улсын Үндэсний түүхийн музейгээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарын хамт зочилсон юм.

Азербайжаны түүхийн салшгүй нэгэн хэсэг дээр дурдсанчлан монголчуудын байлдан дагуулалт, Ил хаант улсын үед холбогддог. Тийм ч учраас Үндэсний түүхийн музейд нь 13-р зууны үеийн монгол дээл, зоос зэрэг дурсгалт зүйл арвин аж.

Тэдгээрээс онцолбол, Өлзийт хаанд зориулсан бичээс анхаарал татсан.

Бичээст,

  • Хамгийн агуу, үнэн зөвийн дээд танд мөргөмүй. Исламын падишах, дөрвөн тивийн эзэн, удирдагчдын удирдагч та мөнхжих болтугай
  • Хамгийн агуу, үндэстнүүдийн дээд удирдагч агуу их хаан, Араб, Ажемийн эзэн, Өлзийт султан Ходабанде - Аллах түүний засаглалыг мөнхжүүлэх болтугай
  • Ертөнцийг байлдан дагуулагчийн зарлигийн заалтаар муж болон хотын ард иргэдээс гувчуур, нефть, арфи татахыг цаазлан хорьсон болой
  • Энэхүү Бакугийн захиргаанаас, захиасыг зөрчсөн хэн бүхнийг ертөнцийн сүүлийн өдөр хүртэл хараагдана гэдгийг тодорхойлов гэжээ.

Өлзийт султан Ходабанде гэж Ил хаант улсын найм дахь Ил хан Өлзийт хааныг хэлж байгаа юм. Өлзийт хан тухайн үед Баку хотоос татвар хураахыг хориглосныг дээрх янзаар илэрхийлсэн байна. Үүнээс Баку хотын хөгжил цэцэглэлт эхэлсэн гэж түүхчид нь үздэг аж.

Харин Өлзийт хаанд зориулсан бичээсийн дэргэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүрэлцэн ирэхэд, музейн тайлбарлагч бээр "Эх орондоо тавтай морил" гэж хэлсэн нь чих дэлссэн юм.

Их түүхийн үлдэц хаана ч, хэзээ ч яндашгүй байдгийг энэ үйл явдал батлах шиг болсон. Хэдийгээр Азербайжан улс Зүүн өмнөд Азийн орнуудаас хамгийн хурдацтай хөгжиж буй, тусгаар тогтносон, хөгжлийн зам мөрөө тодорхойлсон улс орон хэдий ч энд 13-р зууны үеийн нөлөө ард түмний нь ой санамжид үлджээ. Азербайжанд Чингис нэртэй хүн маш олныг тэд онцолж байв.

"Эх орондоо тавтай морил" гэлцэх үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Бид ахан дүүсийн барилдлагатай улс байна" гэж хэлсэн нь өнөө цагт тохиромжтой дипломат хэлц байлаа.

Хөгжиж буй орнуудын НҮБ-д дарах жин сүүлийн жилүүдэд анхаарал татах хэмжээнд өсөн нэмэгдэж байгаа. 2023 онд G77+China буюу Хөгжиж буй 77 орны бөгөөд БНХАУ-ын бүлгийн хуралдаан Куб улсад халуухан болсон. Хөгжингүй орнуудын эдийн засгийн хориг арга хэмжээ бие даасан хөгжлийн зам мөрт хэрхэн нөлөөлж буйг тэд хурцаар шүүмжилж байлаа. Үүнээс ирээдүйд "Хөгжиж буй" тодотголтой орнууд НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ илүү оновчтой биелүүлэх замаар, хамтын хөгжлийн стратегийг тодорхойлох нь ойлгомжтой болсон.

Бид энэ ангилалд багтдаг.

Ийм ч учраас манай гадаад бодлого Зүүн өмнөд Ази (түүхийн хувьд ч гүнзгий уялдаатай, дээрх мэт) руу идэвхийлэн чиглэж байгаа юм.

Гэрэл зургийг Ерөнхийлөгчийн Тамгын газар.

COP29 хурал энэ жил Азербайжанд болж таарсан нь, давхар тус улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар яриа хэлэлцээ хийх давхар давхар боломж болон хувирч байна.

Уур амьсгалын өөрчлөлтөд эргэлзээт байр сууринаас хандах хэсэг бий ч, стратегийн хувьд энэ өнөөгийн ертөнцийн тренд сэдэв мөн. Тийм ч учраас хүлэмжийн хийг бууруулах, цөлжилттэй тэмцэх, ногоон ирээдүйг бүтээлцэх үүргийг НҮБ-ын өмнө амжилттай хүлээвэл дагаад олон улсын тавцан дахь нэр хүнд, байр суурь өсөх хүлээлт бий.

Энэ үүднээс НҮБ-ын Ерөнхий ассамблей, COP29 хуралдаанд Монгол Улс ерөнхий товч байр суурь илэрхийлээд өнгөрдөг байсан бол өдгөө хэлэх үгтэй, хийсэн ажилтай, зарим талаар шүүмжлэлт өнцөг ч цухуйлгаж амжих бололцоотой болсон нь факт юм.

Ноднингийн G77-гийн хуралдаанд манай улс урилгын дагуу инновац, цахим хөгжлийн туршлагаа хуваалцсан бол НҮБ-ын Ерөнхий ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлийн хэсэгт "Дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг илүү хүчирхгээр тэмцэх шаардлагатай байна" хэмээн онцолсон удаатай.

Энэ байр суурь улам бүр бэхжих тусам бидэнд тустай.

Тийм ч учраас эдгээр өдрүүдэд Азербайжаны нийслэл Баку хотноо болж буй COP29 хуралдаанд манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ямар агуулгаар үг хэлж, гадаад бодлогын хувьд хэрхэн ахиц дэвшил гаргах нь анхаарал татаж байгаа.

COP29 зохион байгуулагдаж буй стадион. Гэрэл зургийг Ерөнхийлөгчийн тамгын газар.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хуваарийн дагуу өнөөдөр үг хэлэхээр байна.

Цаашлаад, Бүгд найрамдах Азербайжан улсын тухай бусад мэдээллийг багцлан хүргэе.

-Тусгаар тогтнол ба ардчиллын шинэчлэл-

  • 1991 онд тусгаар тогтнолоо сэргээх: ЗХУ задран унаж, Азербайжан улс бүрэн эрхт тусгаар улс болж, олон улсад тунхаглалаа зарлаж байв.
  • Ардчилал ба шинэ үндсэн хууль: 1995 онд ардчиллыг бэхжүүлэх зорилготой шинэ Үндсэн хуулиа баталж, зах зээлийн эдийн засагт шилжих, ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх үндсийг тавьсан.
  • Улс төрийн тогтвортой байдал: Ерөнхийлөгч Ильхам Алиевийн удирдлага дор Азербайжан улс нь улс төрийн тогтвортой байдлаа хадгалж, эдийн засаг, нийгмийн өсөлтийг хангах бодлогыг хэрэгжүүлж байна.

-Эдийн засаг ба эрчим хүчний салбарын хөгжил-

  • "XXI зууны гэрээ" /1994 он/: Азербайжан нь газрын тос, байгалийн хийн нөөцөө ашиглах олон улсын гэрээ байгуулж, дэлхийн зах зээлд гарах боломжтой болсон. Энэ гэрээ нь гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, эрчим хүчний салбарт хүчтэй суурь тавьсан.
  • Баку-Тбилис-Жейхан газрын тосны хоолой: 2006 онд ашиглалтад орсон энэ хоолой нь Каспийн тэнгисээс дэлхийн зах зээлд гарах замыг нээсэн бөгөөд бүс нутгийн эдийн засгийн чухал коридор болсон.
  • Эдийн засгийн олон талт байдал: Азербайжан улс эдийн засгаа төрөлжүүлэхийг эрмэлзэж, санхүүгийн болон инновацийн салбарыг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж эхэлсэн аж.

-Бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаа-

  • Олон улсын байгууллагууд дахь гишүүнчлэл: Азербайжан нь НҮБ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ), Исламын хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын байгууллагуудад идэвхтэй гишүүн бөгөөд дэлхийн болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад ихээхэн хувь нэмрээ оруулж байгаа юм.
  • Уулын Карабахын асуудал: Олон жил Азербайжан болон Армени улсуудын хооронд өрнөсөн газар нутгийн маргаан нь тухайн бүс нутгийн тогтвортой байдалд чухал нөлөө үзүүлсээр ирсэн. Азербайжан улс нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээх, энхийн замаар шийдвэрлэхийн тулд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд тогтвортой шийдэлд хүрэх алхмуудыг хийж байна.

-Орчин үе дагасан хөгжил-

  • Шинэ дэд бүтэц ба технологийн хөгжил: Орчин үеийн дэд бүтцийг хөгжүүлэх, зам тээвэр, харилцаа холбооны салбарт хөрөнгө оруулалт хийснээр Азербайжан нь бүс нутгийн эдийн засгийн чухал төв болжээ.

Эдгээр үе шат, бодлого, үйл ажиллагааны дүнд Азербайжан улс нь улс төрийн тогтвортой байдал, эдийн засгийн өсөлт, соёлын хөгжил, олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр амжилттай сэргэн мандаж, бүс нутгийн нөлөө бүхий улс орны нэг болж байна.

Мөн Азербайжан нь байгалийн хий, газрын тосны асар их нөөцтэй. Өөрөөр хэлбэл газрын тосонд суурилсан эдийн засгийн хөгжил өндөр. Маш олон төрлийн эрдэс баялгийн нөөцтэй тул химийн үйлдвэр, боловсруулах салбар хөгжингүй түвшинд хүрсэн.

Геополитикийн ашигтай бүсэд байрлах тус улс нь Кавказын бүс нутагт эдийн засгийн хувьд нөлөө бүхий улс болоход дэмжлэг болж, улмаар улс төрийн стратегийн хувьд чухал ач холбогдолтой улсуудын тоонд зүй ёсоор багтаж байгаа юм.

-Монгол болон Азербайжан дипломат харилцаа-

1992 оны дөрөвдүгээр сарын 16-нд Азербайжан болон манай улсын дипломат харилцаа тогтож, үүнээс хойш хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн.

Улс төрийн харилцаа:

  • 2018 оны гуравдугаар сард Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Азербайжанд айлчилж, хоёр улсын Гадаад хэргийн сайд нар уулзан, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, спортын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон.
  • 2021 оны хоёрдугаар сард Монгол, Азербайжаны Гадаад харилцааны яамд хоорондын анхдугаар улс төрийн зөвлөлдөх уулзалтыг цахимаар зохион байгуулж, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрчим хүч, боловсрол, соёлын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцсон.

Эдийн засгийн хамтын ажиллагаа:

  • 2021 оны аравдугаар сард Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Азербайжаны Эдийн засгийн сайд Микаил Жаббаров нар "Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай" Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэхүү хэлэлцээр нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хөгжлийн шинэ боломжийг тодорхойлох, хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэхэд чиглэгдсэн.

Боловсрол, соёлын хамтын ажиллагаа:

  • Азербайжаны их, дээд сургуулиудад Монголын оюутнууд суралцаж байсан уламжлалыг сэргээх, Азербайжаны Засгийн газрын тэтгэлгээр Монголын оюутнуудыг суралцуулах талаар хэлэлцсэн.
  • Жудо, чөлөөт бөх, бокс, уран сайхны гимнастикийн холбоодын хооронд хамтын ажиллагааг эхлүүлэх боломжийг судалж хэд хэдэн удаа тамирчдын туршлага солилцсон түүхтэй.

Хууль эрх зүйн хамтын ажиллагаа:

  • 2024 оны аравдугаар сард Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Азербайжаны Ерөнхий прокурор Камран Алиев нар уулзаж, хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлт, мөнгө угаах, цахим залилан, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож байжээ.

Эдгээр үйл явдлууд нь Монгол, Азербайжаны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, хууль эрх зүйн салбарт өргөжин хөгжиж байгааг харуулж байна.


Өмнөх мэдээ:

М.ТЭНГИС, Т.НАНДИН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хотын унаган иргэн
Хотын унаган иргэн
11 сар 13, 2024 00:09

Музей үздэг жуулчин

Зочин
Зочин
11 сар 14, 2024 08:48

Улс оронд хийж гийгүүлсэн юм байхгүй, хотын иггэд утаандаа хордоод үхэж байхад инээгээд л зогсож байдаг.

Зочин
Зочин
11 сар 16, 2024 21:20

Бид үнэхээр бахархам түүхтэй улс. Түүхээ мэдэж бахархаж чадаж гэмээнэ монгол хүн монгол хүн шиг байж эх орноо хөгжүүлнэ. Харамс�##�тай нь бид одоо дэлхийг тохинуулж байсан аугаа монголчууд гэдгээ мартчихсан хөндлөнгөөс харсан хүмүүст өрөвдмөөр амьдр�##�тай өчүүхэн амьтад болжээ.

Холбоотой мэдээ

Back to top button