Японы Ерөнхий сайд Ишиба Шигэрү албан тушаалаа хадгалж чадлаа
Даваа гарагт /2024.11.11/ Японы парламент хуралдаж, Ишиба Шигэрүг дахин ерөнхий сайдаар сонгосон байна. Ишибагийн Либерал ардчилсан нам болон эвсэл үүсгэсэн нам болох Комэйто нь аравдугаар сарын сүүлээр болсон сонгуульд парламентын олонхоо алдсан. Тус хоёр намын эвсэл ялагдсан гол шалтгаан нь намын санхүүгээ буруу хэрэглэсэн явдалд сонгогчид их хэмжээгээр дургүйцсэн явдал гэж мэргэжилтнүүд үзэж байгаа.
Сар гаруй хугацааны өмнө Ишиба ажлаа хүлээн авсан. Гэвч эрх баригч эвсэл нь түүний зарласан гэнэтийн сонгуульд олонхоо алдаж ялагдал хүлээв. Мэргэжилтнүүд Ишибаг дахин ерөнхий сайдаар сонгогдоно гэж таамаглаж байсан ч тэр одоо цөөнхийн засгийн газар удирдана. Ийм учир төсөв, шинэ хууль тогтоомж батлахад асуудал тулгарах юм. Гэхдээ Ишиба “Одоогийн улс төрийн нөхцөл ардчилалд сайн нөлөөтэй байж магадгүй” хэмээжээ. Тэрбээр парламентад олон тал үзэл бодол илэрхийлэх янз бүрийн намууд бодлогоо илэн далангүй хэлэлцэх хэрэгтэй гэсэн байна.
Ирэх зун Японы Зөвлөхүүдийн танхимын сонгууль явагдана. Либерал ардчилсан намын олон гишүүн хэрвээ Ишиба тус намын дарга болон ерөнхий сайдаар ажилласаар байвал тус сонгуульд ялалт байгуулж чадахгүй гэж бодож байгаа юм.
Эх сурвалж: Kyodo News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.