Анагаах мэдлэгНийгэм ярилцлагаТанд хэрэгтэйЭРҮҮЛ МЭНД

Г.Амартүвшин: Шээс задгайрах эмгэгийг дарамтат, хойшлуулшгүй, холимог гэж ангилдаг

Эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог шээс задгайрах эмгэг сэдвээр Монгол-Японы эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор Г.Амартүвшинтэй ярилцлаа.

-Энэ гурван хэлбэрийн аль нь болохыг уродинамик шинжилгээгээр оношилдог-

-Бидний өнөөдрийн ярилцах сэдэв бол хүн амын дунд нийтлэг тохиолдож буй шээс задгайрах эмгэг. Та ярианы эхэнд уг сэдвээр ерөнхий ойлголт мэдээлэл өгөөч?

-Шээс задгайрал бол эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог эмгэг. Дангаараа өвчин биш, ямар нэгэн өвчний суурин дээр үүсдэг эмгэг юм. Түгээмлээр цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд нийтлэг тохиолддог бөгөөд огцом, ширүүн дасгал хөдөлгөөн хийх, ханиалгах найтаалгах үед өөрийн мэдэлгүй дусаах улмаар шээс алдах, эсвэл шээх мэдрэмж төрөнгүүт шууд  шээчихдэг ч юмуу ийм олон хэлбэрээр илэрдэг зовиурыг шээс задгайрах эмгэг гэдэг. Уг эмгэгийг дотор нь гурав ангилж авч үздэг.

-Тодруулбал...?

-Stress urinary in continence буюу дарамттай шээс задгайрал, urge urinary in continence буюу хойшлуулшгүй шээс задгайрал, эдгээр эмгэг хавсарсан холимог шээс задгайрал гэсэн гурван хэлбэр байна.

Эхний дарамтат шээс задгайрал гэдэг нь ханиах, найтаах, хүчний дасгал хийх үед хэвлий, гэдэсний булчин давсагийг шахаж, энэ даралтны нөлөөгөөр шээсний сүвээр дамжаад шээс гардаг. Үүнийг detrusor булчин хааж өгдөг. Гэтэл тухайн булчин суларснаас болж шээсээ барьж чадахгүй дусаахаас авахуулаад шууд алдчихдаг.

Хойшлуулшгүй задгайрал нь шээс хүрсэн мэдрэмж авангуутаа ариун цэврийн өрөө явна. Гэтэл нойл руу явах замдаа барьж чадахгүй шээчихдэг. Энэ нь  давсагны мэдрэлжүүлэлтээс хамаарч үүсдэг эмгэг. Харин гурав дахь нь энэ хоёрын холимог хэлбэр 50:50 ч юмуу, 30:70 хувьтай байж байдаг.

Эдгээрийн аль нь вэ гэдгийг бид уродинамик шинжилгээ, багажийн оношилгоо, эмчийн үзлэгээр оношилдог. Өөрөөр хэлбэл шээс гаргалтын саад уу, агуулалтын саад уу эсвэл барьж чадахгүй байна уу гэдгийг зөвхөн уродинамик шинжилгээ л тодорхой болгодог. Улмаар аль хэлбэр байхаас хамаараад эмчилгээний сонголт хийнээ. Stress urinary in continence буюу эхний шалтгаан байвал мэс заслын эмчилгээ хийнэ. Өнгөрсөн жилээс эхлээд манай эмнэлэгт энэ төрлийн эмгэгийг mini sling буюу тор тавих мэс засал нэвтрүүлж эхэлсэн. Хоёр дахь шалтгаан буюу urge urinary in continence байвал эмийн эмчилгээгээр засах боломжтой. Харин холимог хэлбэр дээр амьдралын хэв маягийг өөрчлөх, эмийн эмчилгээ, мэс засал гэх мэт бас хавсарсан байдлаар эмчилнэ.  

Видео ярилцлага:

-Нийтлэг аль хэлбэр нь тохиолдож байна вэ?

-Эдгээр эмгэгүүд дангаараа өвчин болж үүсдэггүй. Өөрөөр хэлбэл ямар нэгэн эмгэгийн зовиураар илэрдэг. Жишээ нь, аарцаг ёроолын булчингийн сулрал буюу үтрээний урд хана унжиж орж ирснээс Stress urinary in continence, давсагны мэдрэлжүүлэлтэй холбоотой хүчин зүйлийн улмаас urge urinary in continence үүсдэг учраас эхлээд үүсч байгаа зовиурыг нь биш гол эмгэгийг нь эмчлэх нь чухал. Энэ хэлбэр түгээмэл гэхээсээ илүүтэй олон төрсөн, урагдалттай эсвэл мэс заслын багажийн тусламжтайгаар төрсөн хүмүүст нийтлэг тохиолддог.  

-Стресс гэх тодотголтой хэлбэрийг тодруулж асуумаар байна. Стресстэй явснаас болоод гэсэн утга уу?

-Тэр утгаар нь хүлээж авбал буруу ойлголт болно. Яагаад Stress urinary гэдэг вэ гэхээр шээс хүрсэн мэдрэмжтэй явж байтал гэдэсний булчин гэнэт цочрох, огцом хөдлөх, ханиаж найтаах зэргээр өрцний булчингийн хүчээр давсагт ачаалал очингуут өөрийн мэдэлгүй дусаачихдаг, шээчихдэг учраас дарамтат шээс задгайрал гэж тодотгодог.

-Эмчилгээ сонголтуудын тухайд...?

-Хамгийн эхэнд хөдөлгөөн чухал. Жингээ хаях, аарцаг ёроолын булчингаа чангалах дасгал хийх, үүний дараа физик эмчилгээ, лазер болон цочроох эмчилгээ дараа нь эмийн эмчилгээ орж ирнэ.  Эмийн эмчилгээ гэхээр давсагны мэдрэлжүүлэлт, булчинд нөлөөлдөг сонголт байна. Гуравдугаарт нь мэс заслын эмчилгээ. Аарцагийн ёроолын булчин, үтрээний арын ханыг сойхоос эхлээд тор тавих зэрэг сонголт бий. Тор тавих мэс заслын эмчилгээ нь 1900-гаад оноос эмнэлзүйн практикт орж, маш олон хэлбэрээр хөгжөөд явчихсан. 1996 онд олон улсад нэвтрүүлсэн нэг зүслэгтэй жижигрүүлсэн mini sling гэх хэлбэр монгол улсад өнгөрсөн жилээс манай эмнэлэг оруулж мэс заслын тусламж үйлчилгээнд оруулаад явж байгаа.

-Тор тавих мэс заслыг та энгийн үгээр тайлбарлаж өгөөч. Аль хэлбэрт нь түлхүү ашиглах юм бол?

-Үтрээний урд ханын унжилтаас болж шээс задгайрдаг. Stress urinary in continnese буюу дарамтат  шээс задгайрлын үед хэрэглэж байгаа. Уламжлал эмчилгээний арга нь арын булчинг нь дээш сойдог. Яг одоо тэр шалтгаанд нь чиглэсэн эмчилгээ бол тор тавих. Нарийвчилж тайлбарлах юм бол давсагт шээс үүсч дамжуулах сүвээрээ гадагшилдаг. Шээс дамжуулах сүв үтрээний урд хананд байрладаг. Аарцаг ёроолын булчин сулрах, үтрээний урд ханын унжилтаас болж шээс дамжуулах зам нь доошилчихдог. Үүнийг дээш нь сойж байдаг detrusor гэх булчин байдаг. Гэвч энэ булчин суларчхаар шээсээ барьж чадахгүйд хүрдэг.

 Хэвлий, өрцнөөс ирсэн даралтын нөлөөгөөр давсаг дарагдаж шээс шахагдсан ч detrusor булчиндаа тулаад гадагшилдаггүй. Гэтэл тэр нь суларчхаар ямар ч саадгүйгээр гадагшлаад байна гэсэн үг. Тэгэхээр энэ мэс заслын эмчилгээ detrusor булчинг нь дээш нь сойж өгөх арга бөгөөд яг тор шиг пластик материалтай, хүний биед ямар нэгэн гаж нөлөө үзүүлэхгүй, зохицох боломжтой сеткан торыг арьс, салстынх нь дор тавьж өгдөг.

-Нэвтэрснээс хойш хэчнээн хүн энэ үйлчилгээг авсан бол. Үр дүн нь хэр вэ?

-Тор тавих мэс засал 2-3 төрөл. Булчинг нь сойж татах, сетка тавих. Сетка нь дотроо гурван янз. TOT буюу тор тавих, mini sling буюу урдаас нь нэг зүслэгтэй, TVT буюу умдаг ясных нь дээгүүр нь сетка тавих. Манай эмнэлгийн хувьд TOT, mini sling хоёрыг хийж байгаа. Mini sling нь 2006 оноос хойш дэлхийн эх барих эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн удирдамжаар стрессийн гаралтай шээс задгайрлын үндсэн эмчилгээ болсон. Шинээр нэвтэрч байгаа технологио учраас хангалттай олон хүнд хийгээгүй байгаа. Жилийн хугацаанд 12 хүнд энэ эмчилгээний аргыг хэрэглэсэн. Ингэхдээ БНСУ-аас энэ технологийг эмнэлэг дээрээ хэрэглэдэг профессор ирж, 2-3 удаа лекц дадлага хичээл өгсний үр дүнд энэ эмчилгээг нэвтрүүлсэн. Эмчилгээний орох заалтыг ч, дараах үр дүнг ч уродинамик шинжилгээгээр баталгаажуулна. Энэ 12 хүн дээр зовиур арилсан, шинжилгээ нь үр дүнтэй гарсан.  

-Уродинамик шинжилгээ гэдгийг тодруулж асуумаар байна?

-Уродинамик шинжилгээнд өвчтөн тодорхой бэлтгэл хийгээд орно. Гол зорилго нь шээсийг давсаг агуулж байх явцдаа алдаж байна уу, эсхүл гаргалтын саад байна уу, шээс дамжуулах замын саад байна уу, эсвэл багтаамжийн асуудал байна уу гэдгийг тодорхой гаргаж ирэх боломжтой шинжилгээний арга юм.  

-Эстроген даавар буурснаас аарцаг ёроолын булчин сулардаг-

-Та ярианы эхэнд эмэгтэйчүүдээс гадна эрэгтэйчүүд дээр бас тохиолддог гэсэн...?

-Эрэгтэйчүүдийн шээс задгайрал урологийн буюу бөөрний мэс заслын эмчийн тусдаа асуудал. Ерөнхийдөө бол эрчүүдэд настай холбоотойгоор шээс гаргалтын саадтай эмгэгүүд их тохиолддог. Түрүү булчирхай томорсноос дүлж, тасалж шээдэг. Харин эмэгтэйчүүдэд бол эсрэгээрээ барьж чадахгүй байх нь түгээмэл. Тэгэхээр үүгээрээ бол настай холбоотойгоор эрэгтэй, эмэгтэй хүмүүст адилхан тохиолддог.  

-Шээс задгайрах эмгэг зөвхөн цэвэршилтийн насны гэхгүйгээр эмэгтэйчүүдэд тохиолдох нь ямар учиртай вэ?

-Энэ эмгэгийн эхний шалтгаан бол төрөлт, олон төрөлт, аарцаг ёроолын булчин сулрах, төрөх замын гэмтэл байна. Үүний зэрэгцээ нуруу нугасны мэдрэлийн эмгэг, гэмтэл, гэмтлийн шалтгаантай мэдрэлжүүлэлт, дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэгүүд ч шээс задгайрахад  хүргэдэг. Залуу охидод их бага тохиолдоно. Өөрөөр хэлбэл энэ аарцаг ёроолын булчин  сунаагүй, хэлбэр доошлоогүй байгаа. Харин охидуудад давсагны үрэвслээс хамаарсан шээсний асуудал их тохиолддог.

Цэвэршилтийн насанд яагаад нийтлэг байна гэхээр энэ үед өндгөвчнөөс ялгардаг эстороген даавар багасчихдаг. Эстроген даавар аарцаг ёроолын булчингийн уян хатан байдал хангаж байдаг. Гэтэл буураад ирэнгүүт дутагдлаасаа болоод булчингийн үе холбоос сунадаг. Энэ яаж илэрдэг вэ гэхээр цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд арьс нь үрчийнэ, үтрээ нь хуурайшина. Тэгэхээр эстроген дааврыг нь нөхөөд өгчхөөр мэс засал хийх шаардлагагүйгээр шээс задгайрах зовиурууд багасаад ирдэг.

-Хийсвэрээр болон өөрөөрөө төрсөн эмэгтэйчүүдэд тохиолдох эмгэгүүд өөр гэсэн мэдээллүүд байдаг. Үүнд ялгаатай тал байдаг уу?

-Кесарево мэс засал, төрөх зам буюу үтрээгээр төрөх хоёр ижил зүйл нь хугацаа гүйцэтлээ ургийг тээнэ. Яг хугацаа гүйцэхээр л хоёр өөр замаар төрж байгаа байхгүй юу. Тэгэхээр алинаар нь ч төрсөн бага жинтэйгээс 3.5 кг хүртэлх жинтэй ургийг найман сар хэвлийдээ тээгээд явахад тэр чинээгээр аарцгийн ёроолын булчин ачааллыг авч тодорхой хэмжээгээр сунана. Тиймээс хийсвэрээр төрөхөөр аарцаг ёроолын булчин сулардаггүй, төрөх замаар илүү сулардаг гэдэг нь буруу ойлголт юм.

-Амьдарлын дадал, зуршил, нийгмийн стрессээс үүдээд ч юмуу энэ эмгэг дээр шинээр ажиглагдаж байгаа тохиолдол бий юу?

-Баталсан, нотолсон судалгаа мэдээлэл байхгүй ч хотжилт, бордоо ихээр хэрэглэсэн химийн гаралтай хүнстэй холбоотойгоор эмэгтэйчүүдийн жин их нэмэгдэж байгаа. Энэ нь аарцаг ёроолын булчингийн сулралт, доошлолт үүнээс улбаалсан шээс задгайралд шууд нөлөөлдөг.

-Анзаарч байхад эмэгтэйчүүд инээхдээ хөлөө хавчдаг. Энэ нь юуг илэрхийлж байна вэ?

-Хүн инээхэд өрцний булчин тодорхой хэмнэлтэйгээр ажиллахад давсаг, аарцаг ёроолын булчинд ачаалал очно. Энэ үед эмэгтэй хөлөө хавчиж байгаа нь аарцагийн ёроолын булчин сулрах, үтрээний урд хана унжих, detrusor булчин  доошилсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл шээсний сүвийг өргөж өгдөг булчин доошилчхоор шээс ямар нэгэн саадгүй шууд гадагшилна.

-Шээс задгайрлын эмгэгийн цаана аарцаг ёроолын булчингийн сулрал том асуудал байгаа юм байна. Эмэгтэйчүүд маань энэ тухайд ямар мэдлэг мэдээлэлтэй байх хэрэгтэй вэ?

-Аарцаг ёроолын булчин гэж өмнө ярьдаггүй байсан. Монгол улсад хийсэн шээс задгайрлын тархалтын судалгаагаар гурван эмэгтэй тутмын хоёрт нь тохиолдож байна. Эхэндээ хүмүүс хаашаа, хэнд хандахаа мэддэггүй байсан. Харин сүүлийн жилүүдэд эмч нар энэ чиглэлд сурч боловсорч байгаа тоо нэмэгдсэнтэй холбоотой эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсрол сайжирч байгаа.

Энэ нь  аарцаг, үтрээ, шулуун гэдэс тойрсон булчингууд, умайг тогтоож барьж байдаг холбоосуудыг л аарцаг ёроолын булчин гэдэг. Умай буюу ердийн хэллэгээр сав бага аарцагийн хөндийд босоо байрлалтай байж холбоосоор аарцаг ёроолын дотор татагдчихсан байдалтай байна. Ингээд олон төрөх энэ үед тодорхой хэмжээгээр сунана. Холбоосууд нь суларчхаад байгаа гэсэн үг.

Гэтэл эсрэгээрээ аарцаг ёроолын булчин хэт чангарчхаар бас зовиурууд өгдөг. Тэгэхээр энэ хоёрын аль нь байна гэдгийг бас мэдэх ёстой.

-Сүүлийн үед энэ төрлийн сургалтууд олон боллоо. Эмэгтэйчүүдэд маань энэ хэр үр дүнтэй арга вэ?

-Монголд сүүлийн хэдэн жил энэ төрөл бизнесийн хэлбэр рүү орчхоод байгаа болохоос биш өндөр хөгжилтэй орнууд аль хэдийн нэвтрүүлээд үр дүнтэйг нь туршаад баталгаажсан. Тодруулж хэлбэл эмэгтэйчүүд заавал сургалт ч юмуу vip үйлчилгээ авахгүйгээр юүтүүб рүү ороход л бичлэгүүд байж байдаг. Дагаад хийхэд хэцүү юм бас биш. Ерөөсөө л хүний хийдэг боломжтой зүйл. Нөгөө талаас эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэн гэдэг бол хоёр дахь нүүр царай гэж үздэг. Тэгэхээр үүнийг гоо сайхны асуудалтай хольж ерөөсөө болохгүй. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр сүүлийн үед . төрөөгүй охидод хүртэл мэс засал хийж,  төрөх боломжгүй болгочихсон асуудал гарч байна. Мэс засал гэдэг тоглоом биш. Үүнийг бэлтгэгдсэн туршлагатай эмч нар өмнөх эмчилгээнүүдийг үр дүнгүй байх үед эмгэг шинжилгээгээр батлагдсан үед л хийдэг.

Тэгэхээр шээс задгайрах эмгэгтэй хүмүүст шууд битгий мэс заслыг сонгоорой. Амьдралын хэв маягаа өөрчлөх, биеийн жингээ хасах, жин хэвийн болонгуут аарцаг ёроолын булчингаа чангалах дасгалууд хийх, эмийн эмчилгээ гэх мэт зөндөө сонголт байна. Танд өөр боломж байхад мэс заслын арга сонговол дараа нь дахиад л мэс засалд орно гэсэн үг.

-Давсаг үрэвсэлтэй үед байнга шээс хүрэх мэдрэмж төрдөг-

-Байнга шээс хүрч байгаа юмшиг мэдрэмж нь юуг илэрхийлж байгаа вэ?

-Энэ зовиурын цаана маш олон эмгэг бий. Хамгийн эхэнд үрэвсэл байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Давсаг 500 мл орчим шээсийг агуулж явах боломжтой. Гэтэл үрэвсэхээрээ яадаг вэ гэхээр 200-250 мл шингэн хуримтлагдахаар шээх мэдрэмж төрдөг. За тэгээд 100-150 мл-ийг гаргаад больчихно. Үлдсэн шээс нь ханыг цочроогоод байхаар шээмээр санагдаад байгаа. Дараагийн нэг шалтгаан  нь хоргүй хавдрын томорчихсон хэлбэрүүд давсагийг дараад жаахан шээстэй байсан ч шээмээр санагдаад эсвэл дутуу шээсэн мэдрэмж авдаг. Гурав дахь нь гаргалтын саад байж магадгүй. Дүлээд шээсэн ч 60-70 хувь нь үлдчихдэг. Дахиад шээс хүрдэг. Дахиад нойл орно. Тэгэхээр энэ зовиурыг мөн ялгаагүй судалж, шинжилж байж шалтгааныг нь гаргаад бүрэн зөв эмчилгээ хийнэ.  

-Шээс задгайрлаас үүдээд үүсэх эмгэг байх уу?

-Ийм зовиуртай эмэгтэйчүүд нийгмээс өөрийгөө тусгаарлах, олон нийтийн газар явахаас санаа зовох, сексийн харилцаанд идэвхгүй болох, стресстэх зэргээр амьдралын чанарт шууд сөргөөр нөлөөлдөг. Тийм ч учраас энэ чиглэлийн тусламж авах гэж маш ихээр эрэлхийлдэг.  Үүний шалтгааныг нь зөв олох хэрэгтэй. Эмээр засагдах боломжтойг нь эмээр нь засна, хөдөлгөөнөөр засах боломжтойг нь хөдөлгөөнөөр засна бүр болохгүй бол мэс заслаар засна.  Аль ч хэлбэрээр ямар ч шатанд хүрсэн эмгэг байлаа ч үүнээс бүрэн ангижрах боломжтой. Мэргэжлийн эмчид хандаж, лабораторийн шинжилгээг нь өгнө. Хэт авиан оношилгоонд орж, үндсэн шалтгаанаа олчих юмбол эмээр, хөдөлгөөнөөр, амьдралын хэв маягаар засагдах боломжтой. Бүр болохгүй бол мэс засал хийгээд бүрэн эдгэнэ.

-Цистит өвчний талаар асуухгүй өнгөрч боломгүй санагдлаа?

-Цистит бол давсагны үрэвсэл. Дархлаа сулрах, даарч хөрөх зэргээс шалтгаалан давсагны хана үрэвсчихдэг. Ингээд ойрхон ойрхон шээгээд улмаар шээс дамжуулах замын үрэвсэл үүсчихдэг. Манай эмэгтэйчүүд дураараа эм авч хэрэглээд энэ өвчнийг архагшуулчихдаг.  Нэгэнт архагшсан бол сэдрээд байдаг аюултай. Тэгэхээр циститийн зовиур өгч байгаа бол мэргэжлийн эмчид хандаад шээсний ариун чанарын шинжилгээ өгч  үүсгэгчийг нь тодорхой болгоод тохирсон антибиотекийг хангалттай хугацаанд нь хэрэглэнэ. Архагшсан хэлбэр жаахан даарах  ч юмуу ядрахаар сэдэрчихдэг. Энэ нь маш төвөгтэй, амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг. Тэгэхээр мэргэжлийн эмчид хандаж, тусламж авах хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
эмч
эмч
11 сар 16, 2024 18:31

Шээс �##�драх, шахамдуулсан....гэх мэтээр анхилна

Зочин
Зочин
11 сар 17, 2024 20:26

Танай эмлэг хаяг утас үзүүлэх гсэн юмаа

Холбоотой мэдээ

Back to top button