Нийгэм ярилцлагаУРЛАГ

Blindfold-ын дуучин Г.Төгөлдөр-Эрдэнэ: Бидэнд өөр сонголт байхгүй. Үүний төлөө амьдралаа зориулахаар шийдсэн

2000 оны эхэн үед төрсөн залуучууд нэгдэн нийлж, хамтдаа амьд хөгжмийн хамтлаг байгуулсан нь өнөөдрийн бидний сонсдог "Blindfold" хамтлаг юм. Магадгүй уншигч та энэ хамтлагийн талаар сонсож байгаагүй байх. Тэд шинэ залуу үеийнхэнд хүчтэй дуу хоолойгоор "Өнгөрсөн үеийн түүх, өнөөгийн биднийг бүтээсэн" гэх тунхгаар уран бүтээлээ туурвидаг. Анх тайзан дээр гарсан цагаасаа амьд хөгжмийн урсгалд цоо шинэ тэсрэлтийг авчирч байгаагаараа Blindfold хамтлагийнхан хүлээн зөвшөөрөгдсөн юм.

"Бид ердийн нэг хөгжмөө тоглоод зогсох биш тайзан дээр бүтэн үзүүлбэр үзүүлж, амьдаар тоглож, амьдаар дуулахыг эрмэлзсэн" гэж хэлэх тэрбээр Blindfold хамтлагийн үүсгэн байгуулагч юм. Ийнхүү тус хамтлагийн дуучин Г.Төгөлдөр-Эрдэнэтэй ярилцлаа.

-Таван өөр ааштай хүмүүс нэг цул болоход цаг хугацаа хэрэгтэй-

-Байгуулагдаад хоёр, гурван жил л болж байгаа шинэ хамтлаг шүү дээ. Маш амжилттай яваа гэж харж байгаа. Анх хэрхэн хамтлагаа байгуулж, гишүүдээ нэгтгэж байсан бэ?

-2019 онд бөмбөрчин Э.Оргил бид хоёр анх хамтлаг байгуулах санаагаа гаргасан. Тэр үед амьд хөгжмийн хамтлагийнхан тайзан дээрээ нэгэн хэвийн байгаа юм шиг санагддаг байсан. Үзэхэд урамгүй ч гэх юм уу. Уг нь их гоё хөгжим тоглоод байдаг тэгсэн хэр нь үзүүлбэр байхгүй. Тийм байсан болохоор найзтайгаа нийлээд л "үүнийг эвдье" гэж шийдсэн. Тэгээд л өөр өөр ангийн хүүхдүүд цуглуулаад хамтлагийн гишүүдээ нийлүүлж эхэлсэн. Ер нь манай хамтлаг нэлээн олон гитарчин сольсон гэх үү дээ. Хүүхдүүд чинь орж гараад л эсвэл таарч тохирохгүй гэх мэт асуудлууд үүсээд л тиймэрхүү зүйлс их болсон. Хамгийн анх хоёр гитарчин нэг басс гитарчин нэг бөмбөрчин тэгээд би дуучнаар нь ийм гишүүдтэй байсан. Тэгсэн манай басс гитарчин маань гэнэт цэрэгт явчихсан. Ингээд басс гитарчингүй болчихсон болохоор өөр хамтлагийн гитарчныг хамтлагтаа авчихсан. Уг нь тэр залуу маань намар есөн сард Солонгос явах байсан ч гэсэн бидэнтэй нийлээд манай хамтлагийн гишүүн болсон.

Ингээд 2022 оны зургаадугаар сараас эхлээд хамтлагаараа бөөнөөрөө тусдаа гарсан. Энэ нь бидний амьдралдаа хийсэн хамгийн зөв алхам гэж боддог. Тэгээд л нэгэнтэйгээ хамт байгаад муу сайнаа мэдэлцээд, хүнд хэцүү үе болгоныг давсан. Ингээд 2023 оны гуравдугаар сараас гэр гэртээ амьдарч эхэлсэн. Тэгсэн өнөө цэрэгт явсан гишүүн маань халагдаад ирсэн. Гэтэл бид нар чинь оронд нь өөр хүн авчихсан байсан. Тэгээд ярилцаж байгаад кэйбоард \синтезатор хөгжим\ тоглуулахаар болсон. Ийм л инээдтэй хөгжилтэй түүхтэйгээр “Blindfold” хамтлаг байгуулагдсан даа. 

-19,20-той хүүхдүүд өөрсдийн хүсэл мөрөөдлөөрөө хамтлаг байгуулах гээд зүтгэхэд хэцүү зүйлтэй хэр тулгарч байсан бэ?

-Бид чинь тийм ч баян цатгалан айлын хүүхдүүд биш шүү дээ. Дундаж айлын л хүүхдүүд. Хамгийн анх бид бөмбөртэй болж байсан. Тэгээд бөөндөө ажил хийгээд хөгжмүүдээ нэг нэгээр нь авч байсан. Бидэнд тулгардаг хамгийн том асуудал нь бэлтгэлийн байр шүү дээ. Ер нь монголд хөгжмийн бэлтгэл хийх байр цөөхөн шүү дээ. Аль болох хичээгээд л хөгжмөө бэлддэг байсан. Одоог хүртэл бидэнд хөгжмийн бэлтгэл хийх байрны асуудал тулгарч байгаа. 

Өөр асуудал гэх юм бол таван өөр хүний таван өөр ааш араншин нэг болж, нэгдэх хүртэл хугацаа шаардлагатай юм билээ. 

-Таван өөр хүний ааш нэг болохд хугацаа хэрэгтэй гэж хэллээ. Хугацаанаас өөр нэгэнтэйгээ яаж ойлголцдог байсан бэ?

-Ярилцах. Ямар нэгэн асуудал гарлаа л бол шууд ярилцдаг байсан. Дээр хэлсэнчлэн бид нар хамт амьдарсан нь хамгийн зөв шийдвэр байсан.  Ерөөсөө л нэгнийхээ сайн муу, сайхан муухай бүхий л ааш занг мэдэлцээд авчихаар чинь дараад нь “Энэ маань ийм шүү дээ, тэр маань тэгдэг шүү дээ” гээд шууд ойлголцчихдог болсон. 

-Blindfold байгуулагдаад анхны тайз нь ямар тайз байсан бэ?

-2021 онд манай арван жилийн дээд ангийн залуугийн эмчилгээний хандивийн тоглолт болж байсан юм. Тэр үед Зайсангийн Function House-ын тайзан дээр гарч байлаа. Тэр үед чадлаараа хичээсэн ч гэсэн “суга” л байсан. Дараад нь 2023 онд Плэйтайм-ын "Warm Up" дээр гарч байсан. Тэр маш гоё сонирхолтой тайз байсан. Анх удаа л хотын төвд задгай талбайд тоглосон. 

-Өмнө нь Growl of Clown хамтлагийнхантай ярилцаж байхад танай хамтлагийг итлүү онцлож байсан. Анх хэрхэн танилцаж байсан бэ. Ер нь амьд хөгжмийн тогооныхон гэх юм уу бусад хамтлагуудтай ямар харилцаа холбоотой байдаг вэ?

-2021 онд “Аяны шувууд” гээд G.O.C-ынхны нэг эвентэд тоглохоор болсон. Тэр тоглолтын өмнөхөн GOC-ны нэг нь ирээд “Манай хамтлагийн өмнө тоглоно шүү” гэж байсан. Бид нар бүр балмагдаад, тэр үедээ их шоконд орж байсан. Мэдээж бид нарт итгэл өгч, байгаа хэрэг шүү дээ. Тэр тоглолтын дараагаас ах нартайгаа дотносож эхэлсэн. G.O.C-ны ах нар бол маш зүтгэлтэй, амбицтай, чадварлаг хүмүүс. Үнэндээ амьд хөгжмийн тогоон доторх урт замыг засаж, янзалж байгаа хүмүүс шүү дээ. 

-Өөр онцлох хамтлаг байгаа юу?

-Mxrningstar бол мундаг байгаа. Урлагт амбицтай өөрсдийн өнгө төрхөө бүтээчихсэн хүмүүс. Бас B.LM.D хамтлагийнхан их гоё хүмүүс. Хамт байгаад л баймаар нэг тийм дулаахан хүмүүс. Ер нь гоё хамтлагууд зөндөө байгаа. Амьд хөгжмийн хамтлагууд тэр чигтээ л сайн, сайхан хүмүүс байдаг. 

-Бид рок хамтлаг. Гэхдээ хүчтэй үзэл санааг гаргадаг-

-Анхны уран бүтээлийнхээ талаар яривал?

-Яг Blindfold байгуулагдаад 2023 оны аравдугаар сард “Rockstars Of Mongolia Will Never Innovate” гээд дуу гаргаж байсан. G.O.C-ны Б.Хүрэлбаатар ахтайгаа хамтарсан. Хүмүүсийн сайн мэддэг This is it гээд дууг бол 2023 оны таван сард биччихсэн байж байгаад сүүлд нь цацсан. 

-Одоо ер нь хичнээн уран бүтээлтэй байна вэ?

-Нийтдээ 10 орчим юм байна. Бид нар дараагийн албюмаа 12 дуутай гаргахаар ажиллаж байгаа. Эхний EP маань таван дуутай. Ер нь эхний EP-ээрээ бол хамтлагаа тунхаглах гэж гаргаж байсан. Бид нар ийм хамтлаг шүү гээд олонд харуулах гэж. Харин хоёр дахь цомгоо бол төгс төгөлдөр гаргахаар зорьж байгаа. Үзэл санааг гаргана, утга учрыг мэдрүүлэхээр хичээж байгаа. 

-Blindfold хамтлагийг цэвэр рок хамтлаг гэж харж болох уу?

-Товчхондоо бол рок. Дуугаралт гэхээсээ илүү үзэл санааг гаргана. Задлаад яривал "post-art-rock" гэж хэлнэ. Энэ нь гэж гэхээр, туршилт хийдэг, шинийг эрэлхийлдэг, бүх зүйлд бэлэн байхыг хэлнэ. Одоохондоо бид нарын сэтгэлгээ хаалттай байгаа учраас бүрэн art-rock байдалдаа хүрч чадахгүй байгаа. Гэхдээ яваандаа энэ чиглэл рүүгээ гүнзгийрнэ, нэвчин орно. Харин гаргаж байгаа дуунуудаа "experimental rock", "post-hardcore", "art-rock" чиглэлээр түлхүү бүтээдэг. Харин үзэл санааны хувьд рок, панк үзэл санаа бол бидний дотор байдаг. Ер нь жанр гэхээсээ илүү үзэл санааг голчилдог. Үзэл санаагаар бусдыг дүгнэдэг гэх юм уу. 

-Яагаад үзэл санаагаар бусдыг дүгнэдэг гэж?

-Яг ч дүгнэхгүй л дээ. Гэхдээ бид нар бүх юмыг сонсдог. Би хэдий амьд хөгжмийн хамтлагийн дуучин хэр нь монгол гадаадгүй хип хоп, инди рок, сонгодог хөгжим гээд юу байдаг юм бүгдийг нь сонсдог. Ингээд бодохоор монголоос хамгийн дуртай артист нь Opozit, KA, Rokitbay. Ийм учраас биднээс гарч байгаа дуу тодорхой нэг жанраар бус үндсэн нэг үзэл санаатай байдаг.

-Дууны үгийг хүнээр бичүүлдэг үү, өөрсдөө бичдэг үү?

-Би зохиодог. 

-Зарим хүмүүс 00-д сууж байхад л дууны үг ороод ирсэн гэдэг. Таны хувьд хэрхэн ямар барилаар шүлгээ бичдэг вэ?

-Би олон төрлөөр бичих гэж үздэг. Ямар ч утга авцалдаагүй олон төрлийн юм эсвэл тодорхой нэг сэдэвт баригдаад утга санаа эрэлхийлэх, магадгүй бүр өөрийнхөө үзэж, харсан, туулсан, мэдэрсэн зүйлээ ч цаасан дээр буулгах гэж оролддог. Гэхдээ би хувьдаа романтик төрлийн хүн. Тиймдээ ч хайрын тухай бичих дуртай. Заримдаа бас зовлон шаналлын талаар бичихийг хүсдэг. Ер нь нэлээн мэдрэмтгий төрлийн хүн. Мэдрэмтгий байх нь муу зүйл биш шүү дээ. Харин ч мэдрэмтгий хүмүүс бүхий л зүйлийг мэдэрч чаддаг. Ер нь мэдэрсэн зүйлээ цаасан дээр буулгаж, дууныхаа үгийг бүтээдэг. Харин арга барилын хувьд гэх юм бол. Нэг гоё үг толгойд орж ирлээ л бол шууд тэмдэглэж авдаг. Дээрээс нь олон төрлийн мэдрэмжүүдээ хольчихвол үнэ цэнгүй юм шиг санагддаг учраас бүгдийг нь ялгаж, салгана. 

-Ер нь нэлээн бичих дуртай юм байна тийм үү?

-Хүн юуг ч яаж ч ойлгож, мэдэрч болдог. Гунигтай дууг сонсоод хүн бүр өөрөөр мэдэрдэг нь үзэсгэлэнтэй бас сонин байхгүй юу. Тэгэхээр би нэг шүлэг бичлээ гэж бодоход, хүмүүс яаж л ойлгож болно гэдэг нь сонирхолтой санагддаг. Миний туйлын зорилго чинь ердөө л мэдрэмжээ гаргах. Мэдрэмжээ гаргахгүй бол илэрхийлэхгүй бол бачуураад байдаг. Иймдээ ч амьд хөгжмийг сонгосон байх. 

-20 жилийн дараах өөрийгөө ямар байна гэж боддог вэ?

-Radiohead шиг баймаар байна. Хөгжмөө хийгээд, тэндээ амьдардаг. 

-Байгуулагдаад удаагүй хамтлаг гэхэд Плэйтаймд хоёр ч удаа оролцсон. Хэрхэн оролцох саналаа авч, тэнцэж байсан бэ?

-Бид нар 2021 оны арван сард эхний show case-д ороод хасагдаж байсан. Дараад нь 2022 онд дахиж showcase-д орсон. Тэр үед бид нарыг бүр дахиулж байсан. Тэгээд л 2023 оны New vawe тайзан дээр гарсан. Тэр үед Ц.Нацагдорж ах “Би өмнө жил Blindfold-д тэнцэхгүй гэж хэлсэн. Өнөөдөр надад жинхэнэ өөрсдийгөө харууллаа” гэж хэлж байсан. Ингээд л энэ онд "Bunkr" тайзан дээр гарсан. Bunkr бол Main тайзны дараа орох тайз. Тиймдээ ч бид ирэх жилээс Main тайзан дээр гарч жинхэнэ галыг асаана гэж бодож байгаа. Заримдаа үнэхээр тайзан дээр савсганамаар байдаг. Гэхдээ хэд үсрээд л тайз маань жижигхэн санагддаг. Гэхдээ жижиг тайзан дээр илүү нэгнээ мэдэрч чаддаг давуу талтай байдаг даа. 

-Хамтлагийн нэрний учир?

-Бид нар нэрээ өгөх гэж нэлээн оролдсон. Ерөөсөө болж өгөөгүй. Тэгээд би ээж дүү хоёртойгоо 2020 онд Хөвсгөл явсан юм. Тэр үед “Deftones” хамтлагийн Adernaline цомгийг сонсож явсан. Тэр цомогт “Minus Blindfold” гэдэг дуу байсан. Тэгээд л “Blindfold” гэвэл гоё юм байна гэж бодоод энэ нэрээ өгчихсөн. 

-Бид нар бизнес хийх хүмүүс биш. Хөгжмөө бүтээх хүмүүс гэдгээ ойлгосон-

-Танай хамтлагийн ирээдүйн амбиц?

-Анхнаасаа л дэлхийд гарах зорилготой. Үүнийгээ ч хамтлагийнхандаа суулгачихсан гэх үү дээ. Бидэнд үүнээс өөр сонголт байхгүй. Ямар ч эргэлзээгүйгээр хөгжмөө сонгочихсон. Тэгэхээр цаашдаа ч бид энэ эрчээрээ дэлхий рүү зүтгэнэ. 

Гэхдээ энэ жил бидний хувьд маш их зүйлийг ухааруулсан бас нөгөөтэйгүүр бидний уналтын жил байлаа. 

-Яагаад?

-Бид энэ жил компани байгуулах гэж оролдсон. Хөгжмийн хамтлагуудад боломж нээхийн тулд шүү дээ. Энтертайнмент талаас нь дэмждэг. Шинэ хамтлагийг гаргаж ирдэг компанитай болохын тулд олон хүнтэй уулзаж, олон төсөл бичсэн ч нэг нь бүтээгүй. Гэхдээ бид нар маш том зүйл ойлгосон. Бид нар бизнес хийх хүмүүс биш хөгжмөө бүтээх хүмүүс гэдгээ ойлгосон. Бас нэг зүйл нь ямар ч хүнд хэцүү зүйл байсан бид нар хамтдаа даван туулсан. Ердөө л Blindfold хамтлагт юу байна гэвэл атгасан гар шиг таван гишүүн байгаа гэдгийг мэдэрсэн. 

Одоо харин бид нар эргэн ирэлтээ хийнэ. Энэ сарын 23-нд буюу маргааш бид CUE-д бяцхан эвент хийх гэж байгаа. 

-Энэ жилийн бодлсон санасан зүйл бүтээгүй нь санхүүтэй холбоотой юу. Ер нь нууц биш бол 19-тэй хүүхдүүд эхний клипээ хийхдээ хэдэн төгрөгөөр хийж байсан бэ?

-Тиймээ. Бидэнд санхүү босгох бас л чанга шүү дээ. Гэхдээ манай басс гитарчин Гүнээ бол үнэхээр чадварлаг залуу. Найруулагч, эдитор, зураглаач гээд бүгдийг нь хийнэ. Тэгээд Гүнээгийн зохиол, эдит, өнгө тавилтаар хийж байсан. Маш бага төсвөөр буюу нэг сая төгрөгөөр хийж байсан. 

-Шинэ цомгийнхоо талаар яривал?

-Улаан ном гэдэг цомог хийж байгаа. Хамгийн гол нь нийгэм рүү чиглэсэн. Эх оронч байдлыг сурталчилсан үзэл санаатай. X зуунд манай улс ямар зүйлсийг даван туулж, өнөөгийн тусгаар тогтносон Монгол улс болсон талаар өгүүлнэ. Залуучууд бид түүхээ мэдэх ёстой, түүхээ судалж байх ёстой. Өнгөрсөн үеийн түүх өнөөгийн биднийг бүтээсэн. Тиймээс энэ тусгаар тогтнолын төлөөх түүхийг бид залуучууддаа, дүү нартаа түүчээлж, ах эгч нартаа сануулахын тулд энэхүү цомгоо гаргаж байгаа. Цомгоос онцолбол, дууныхаа дундуур монологитой. Бас улаан өнгө энэ цомогт маш их гарна. 

Товчхондоо бид “Хэрсүү” байх хэрэгтэй үүнийг л сануулмаар байна. 

-Одоогоос арван жилийн өмнө амьд хөгжмийн хамтлагуудыг хүлээн зөвшөөрдөггүй байсан гэдэг. Харин одоо ямар байдаг вэ?

-G.O.C-ны Б.Хүрэлбаатар ахын ярьсан шиг аймар зүйлүүд одоо байдаггүй. Ер нь манай нийгэм амьд хөгжмийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ нь ч маш сайн зүйл. Цаг эргээд, одоо залуу үе биднийг их сонсдог болсон. Бүх зүйл өөрчлөгдөөд хүнд метал, рок хамтлагууд ч ихэссэн. 

-Амьд хөгжим бусад жанруудаасаа юугаараа ялгаатай вэ? 

-Хүчтэй үзэл бодолтой. Үнэндээ сонсогчид юу сонсохоо мэддэггүй. Тийм учраас бид үзэл санаагаа тэдэнд өгдөг. Blindfold ийм уран бүтээлтэй, ийм үзэл санаатай хамтлаг шүү гэдгийг сонсогч нартаа мэдрүүлдэг. Тэр хэрээрээ үлдэж, оршин тогтнодог гэхэд болно. Ердөө ийм л ялгаатай. 

"Blindfold" хамтлагийн уран бүтээлээс хүргэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 22, 2024 10:20

Зочин
Зочин
11 сар 22, 2024 11:08

Amjilt amjilt ❤️

Зочин
Зочин
2 сар 23, 2025 08:03

Ex tuuxee sain meddeg baix xeregtei. Suuliin ueiin zaluus nom unshixgui, uux tuuxee medexgui, belenchlex setgelgeetei bolchixson ene ued xen ta bidniig yaj buteesniig sanuulsan uran buteel xiix ermelzleltei baigaad n bayar xurgej, tsaashdiin ajil uilst n undur amjilt xusie. Delxiid garaarai, zaluus min.

Back to top button