Нийгэм ярилцлагаУРЛАГ

G.O.C: Анх биднийг сонсох ганцхан хүн байсан нь өнөөдрийн "Growl of Clown”-ыг бүтээсэн

Биднийг хөгжмийн студид очиход, хамтлагийн нэг гишүүн гадуур ажилтай эзгүй. Харин шинэ дуугаа цацахаар бэлтгэж буй залуус ажил ихтэйхэн сууцгааж байв. Одоогоос арван жилийн өмнө хорь хүрээгүй залуучууд өөрсдийн хүсэл, мөрөөдөл сонирхолдоо хөтлөгдөн Монголд ховор хөгжмийн урсгалаар хамтлаг байгуулсан нь өнөөдрийн метал “Growl of Clown” юм.

Тэд арван жилийн турш тасралтгүй хөдөлмөрлөж нийтдээ гурван цомог, 30 орчим дууны уран бүтээлтэй болжээ. 

2015 онд амьд хөгжмийн “Wake Up” хөгжмийн наадмаа 100 орчим үзэгчтэй зохион байгуулж байсан бол өнөөдөр тэд мянга, мянгаар тоологдох үзэгч, гадаад дотоодын 40 уран бүтээлчтэйгээр фестивалиа зохион байгуулж байна.

Бид Монгол дахь метал урсгалын чимэг болсон “Growl of Clown” хамтлагтай ярилцлаа. 

-Өнөөдөрт хүрэхийн тулд, өөрсдийн амьдралаасаа ямар нэгэн зүйлийг золиосолсон-

-Анх хэрхэн нэгнээ олж, хамтлагаа байгуулж байсан бэ? 

-2014 онд байгуулагдсан. Анхны гишүүд гэвэл бөмбөрчин Э.Алтан-Эрдэнэ, дуучин Б.Хүрэлбаатар, басс гитарчин н.Мөнхчулуун, гитарчин н.Хүдэр гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байсан. Цаг хугацааны эрхээр хамтлагийн гишүүд сэлгэгдэж 2016 онд гитарчин О.Бархүү, 2022 онд басс гитарчин Ё.Ерөөлт нарын бүрэлдэхүүнтэй болж арван жилийн ойгоо угтаж байна. 

-Арван жилийн хугацаанд хамтлагийн хоёр гишүүн солигдсон байна. Юунаас болсон бэ?

-Маш олон учир шалтгаанууд байгаа. Ар гэрийн боломж, болон зорилго өөр. Тухайн гитарчны чадварын асуудал гэх мэт. Мөн хэдий метал урсгал ч гэсэн дотроо олон задарсан байгаа. Тийм учраас өөр өөрсдийн хүсэл сонирхол ондоо. Түүнээсээ болж үзэл бодол таардаггүй гэх мэт. Гэхдээ үзэл бодол гэхээсээ илүүтэйгээр бид анх хамтлагаа байгуулахдаа ховор урсгалаар Монголд тэсрэлт хийсэн. Тиймдээ ч өөрсдийн ямар нэгэн зүйлийг золиосолсон. Залуу нас, гэр бүл, цаг хугацаагаа ч юм уу, ямар нэгэн байдлаар өөрийн үнэт зүйлээрээ золиос гаргаж байгаа. Хамтдаа нэг зорилгын төлөө байж чадах эсэх гээд дурдвал олон асуудлуудаас болж гишүүд маань солигдсон доо. 

Одоо байгаагаараа бид урагшилна, ихийг хийж бүтээнэ гэж боддог. 

-Шинэ гишүүддээ ямар нэгэн шалгуур тавьж байсан уу?

-Өндөр босго байхгүй ээ. Гэхдээ бас чадвар их чухал. Сая хэлсэнчлэн амьдралынхаа аль нэг үнэт зүйлийг золиослоод нэг зорилготой байх. Бид хэдий хүсэл сонирхлоороо хамтлагаа нийлж байгуулсан ч одоо бол энэ бидний ажил болсон. Тиймээс хариуцлагатай байх нь их чухал. 

-Хүн бүрийн дотор байдаг, дотоод сэтгэлийн архирааг төлөөлүүлэн хамтлагийн нэрээ өгсөн-

-Хамтлагийн нэрийн талаар тайлбарлавал?

-Англи хэлнээс монгол руу хөрвүүлбэл, “Алиалагчийн архираа” гэсэн үг. Бид гэр бүлтэйгээ, найз нөхөдтэйгөө, эргэн тойрныхонтойгоо ямар нэгэн байдлаар баг зүүж харилцдаг.

Гэхдээ дотоод сэтгэлийн бодит үнэнтэйгээ нүүр тулах цагт ч юм уу. Хүн бүрд амьдралынх нь эрт, орой хэзээ нэгэн үед баг зүүсэн байдлаасаа салах хүсэл төрж байсан байх. Бүхий л зүйлээс авсан мэдрэмжүүдээ хадгалсаар хүн нэг л өдөр тэсэрдэг. Үүнийг л илэрхийлж буй юм. Хэрвээ манай хамтлагийг сонсож байгаагүй хүмүүст хэлэхэд, хамтлагийн маань нэрийн учрыг мэдье, мэдэрье гэвэл уран бүтээлүүдээс маань сонсоорой. 

-Гадаадад олон арван аялан тоглолт хийсэн тухайгаа хуваалцвал?

-Бид чинь бор зүрхээрээ улс. Том мундаг, супер стар хамтлагууд шиг Америкт том тоглолт хийгээгүй л дээ. Гэхдээ бид өөрсдийн цаг хугацаандаа хөгжөөд, явж байгаа. Одоогийн байдлаар зүүн өмнөд Азидаа аялан тоглолт хийсэн. Мөн Орост тоглолтоо хийж байсан. Энэ зун БНХАУ-ын хэд хэдэн хотод тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байна. Бидний хэтийн зорилго бол дэлхийд гарах шүү дээ. Гэхдээ шууд дэлхийн хамтлаг болох боломжгүй учраас бага багаар ахиад, явж байна. Одоогийн байдлаар “Growl of Clown” гэхээр азийн аль ч оронд биднийг мэддэг байгаасай гэсэн зорилготой ажиллаж байна. 

Хэрвээ бид дэлхийд гарсан том хамтлаг болчихвол саран дээр тоглолтоо хийнэ. Өөр хүсэх зүйлгүй ээ. /Инээв/

-Гадаадад хийх тоглолтын асуудлаар “Соёлын яам”-тай асуудал үүсч байсан талаар?

-2022 билүү, 2023 онд Азийн аялан тоглолтын үеэр БНСУ-руу явах гэж байсан юм. Яг өмнөхөн нь бид Англи явчхаад ирсэн. Гадагшаа явахад, ямар бичиг баримт хэрэгтэй вэ, бүгдийг мэдэх учир маш сайтар бүрдүүлсэн. Яах вэ дээ Монголоос БНСУ руу виз гарахад хүндрэлтэй байдаг учир юмыг яаж мэдэх вэ, гээд Соёлын яамнаас бичиг хавсаргавал найдвартай гэж үзсэн. Тэгээд Соёлын яамтай холбогдоход, “Бид энэ хамтлагийн визэнд дэмжлэг үзүүлэв” гэсэн бичиг гаргаж өгснийхөө төлөө “Дүрмээ мэдэж байгаа биз дээ” гэсэн утгатай үг хэлж байсан.

Бидний бэлтгэсэн бичиг баримтад хамтлагийн нэр, танилцуулга бүх юм байхад, нэрийг маань алдаатай бичээд, үнэхээр сэтгэлгүй хандсан. Тэгээд бас “Та нар эх орноо төлөөлдөггүй юм” гэж хэлж байсан шиг санагдаж байна. 

Үүнээс харахад бидэнд нэг ялгаа байна. Ерөнхий олны танил монгол уран бүтээлчид, гадаадад байгаа Монголчууддаа зориулж тоглолт хийх нь эх орноо төлөөлж байгаа хэрэг. Харин гаднын хүмүүст өөрсдийн уран бүтээлээ хүргэхээр зорьж байгаа бид эх орны төлөөлөл биш болчхоод байгаа юм. Гаднынханд өөрсдийн уран бүтээлээ танилцуулаад, Монголд ийм хамтлаг байдаг юм шүү гэж таниулахыг зорьж байхад, бидэнд жаахан муухай хандсан л даа. 

Одоо бол Соёлын яамтай ямар нэгэн харилцаа үүсэхгүй, цаашдаа ч үүсгэхгүй гэж бодож байна. 

-Арван жилийн хугацаанд метал урсгалын сонсогчид хэр олуулаа болсон бэ?

-Тоглолтоороо л жишээ авъя. Анх 2015 онд зохиож байхад 100 гаруй үзэгчтэй байсан бол өнгөрсөн жил 2000 давсан. Тэгэхээр манай сонсогчид залуужаад, хөгжмийн олон талт урсгалыг илүү ойлгоод, сонсдог болсон гэж бодож байна. 

-Анх хүрэхэд, хол санагддаг байсан "Хурд", "Харанга", "Нисванис" хамтлагуудтай, одоо нэг тайзнаа-

-”Wake Up” тоглолтын онцлог, ахиц дэвшлийн талаар хуваалцвал?

-Шат шатаар ахиад, өөрсдийн туулах ёстой цаг хугацаагаа туулсан шүү дээ. Анх гурав, дөрөвхөн дуутай эхэлж байсан хөгжмийн наадам, өнөөдөр гурван цомогтой болсон. Бид ердөө л уйгагүй энэ олон жил хичээсэн. Жил бүрийн тоглолтод толгой хамтлагийн чанарыг сайжруулах гэж оролдож байна. 

Хамтлагийн зэрэглэл гэж нэг зүйл байгаа. “Famous, Star, Megastar, Superstar” гэх мэт зэрэглэл байгаа. Бид одоогоор “Famous” хамтлагуудыг эх орондоо авч ирж байгаа. Дараад нь зэрэглэл ахиад, нэг шат дээшилнэ гэж бодож байна. Дэлхийн супер старуудтай хамт нэг тайзан дээр тоглож байсан, амьд хөгжмийн Япон хамтлаг ирнэ. Өмнө нь манай улсад 2017 онд ирж байсан. Мөн манай хөгжмийн наадамд гурав дахь удаагаа БНСУ-ын хамтлаг ирж байна. Энэ жил Орос, Япон, Солонгос, Өвөрмонголын хамтлагууд ирнэ. 

Анх “Харанга”, “Хурд” “Нисванис”хамтлагийнхан хүрэхэд дэндүү алс санагддаг байсан. Тэд биднийг таних нь битгий хэл, мэддэггүй байсан. Бид чинь хүний тоглолтод орох гэж гуйж явлаа. Хүрэхэд хол байсан хүмүүс одоо манай тоглолтод оролцож байна. Энэ бол бидний бодит ахиц, дэвшил. 

-Арван жилийн хугацаанд өөрсдийн хөгжмийн урсгалд юуг шинэчилсэн гэж боддог вэ?

-Бид өнөөдөрт хүрэх гэж арван жилийг зарцуулсан бол шинэ залуу үеийнхэн маань өнөөдөрт хүрэх гэж таван жил эсвэл найман жилийг зарцуулаасай гэсэн дээ шинэ хамтлагуудаа дэмжихийг хичээдэг. 2022 жилийн тоглолтын үеэр шинэ залуу хамтлагуудын дунд тэмцээн зохиосон. “Seventh September” хамтлаг уг тэмцээнд түрүүлж, гурван дуутай, албомьтай болсон. Бид санхүүжүүлж гаргаж өгсөн юм. 

Монголд хөгжмийн зах зээлд гарна гэдэг бол системийн хувьд доголдолтой. Тиймээс залуу үеийнхнийхээ замыг дардан байлгахын тулд л хичээж байна. Час хийсэн арван хамтлаг гараад ирэхэд, монголын урлагийн салбар тэс өөр болно. Одоо бидний хувьд өсөх ирээдүйтэй олон хамтлаг харагддаг ч “Blindfold” хамтлагийг илүү санагддаг. Тайзан дээр гараад 40 минутын турш үзэгчдээ огт уйдаахгүй, чадвартай хамтлаг гэж харж байгаа. Энэ мэтчилэн залуу хамтлагуудад хэрхэн, яаж дэмжлэг үзүүлэх вэ, гээд бүх талаар нь туслахыг зорьж байна.  

“Централ” телевизийн захирал Г.Анхбаяр ахын хэлсэн үг биднийг илүү их хурцалсан юм. “Нэвтрүүлэгт нь орох гэсэн юм аа” гээд холбогдоход их нааштайгаар хүлээж аваад бидэнд “Та нар дэлхийд гарахгүй байж болно. Та нарыг зурагтаар үзэж байгаа хүүхдүүд дунд ирээдүйн “Ed Sheeran” байж мэднэ” гэсэн. Үнэхээр биднийг үзэж, сонсож байгаа ирээдүйн хэн нэгэн дэлхийн хэмжээний томоохон од болохыг үгүйсгэхгүй. Тиймээс бид бодитой үлгэр жишээч байж, шинэ залуу хамтлагууддаа боломж олгохыг хичээнэ ээ. 

-Дараагийн асуултын хариуг сая олчих шиг боллоо. Гэхдээ монголд хөгжмийн наадам их олон төрлөөр зохион байгуулагддаг болсон. Энэ дундаас “Wake Up” ямар шинжээрээ ондоошиж, онцгойрох вэ?

-Тоглолтод оролцож байгаа хамтлагуудаас харвал 30, 40 жил болсон том хамтлагууд байна. Дөнгөж бүрэлдэж байгаа шинэ хамтлагууд байгаа нь бидний ондоошил. Мөн цэвэр амьд хөгжмийн хамтлагууд оролцдог тоглолт шүү дээ. Энэ маань бидний онцгойрол юм уу даа. 

Энэ жилийн хувьд тоглолт маань задгай талбайд болон дотор тайзан дээр буюу хоёр цэгт зохион байгуулагдана. Ингээд л цар хүрээгээ тэлж, нэгэн хэвийн байдлаас гарах гэж хичээж байна.

-Залуу хамтлагийн шинэ цомгийг гаргаж өгсөн байна. Тоглолтоо хийж байна. Өөрсдийн цомгоо гаргаж байна. Та бүхний санхүүгийн эх үүсвэр юу вэ?

-Хүмүүс биднийг жил бүр тоглолтоо хийдэг ашиг орлого сайтай, мөнгөтэй гэж боддог. Бид аав, ээжүүдийн ярьдаг шиг хэдэн талаасаа чемоданаа нийлүүлээд цугласан улс. Гэр бүлийн зүгээс анх хамтлаг байгуулах үед боломжоороо тус дэм болдог байсан. Бусдыг өөрсдөө хийсэн. Тоглолтоо сайн хийхийн тулд техник сайтай байх ёстой. Жижиг эвэнт зохиож, хааяа нэг урсгал зардлаа нөхнө. Өөрсдөө гаргана. Хүнээс зээлнэ. Болгохын тулд, боломжит бүх л аргыг авдаг даа.

Өнгөрсөн жил бид тоглолтынхоо ашгийг хувааж авч үзсэн. Анх удаагаа шүү дээ. Хуваасан мөнгийг маань бусад уран бүтээлчид сонсвол инээд нь хүрэх байх.

-"Алиалагчийн архираан" хамтлагаас гарах дуу хэрхэн бүтдэг вэ?

-Дууны үгийг хамтлагийн дуучин Б.Хүрэлбаатар болон н.Бат-Эрдэнэ ах, н.Ганаа Д.Галсансүх ах маань бчидэг. Ерөнхийдөө дөрвөн хүний шүлэг. Бид юуг, яаж дуулах вэ гэдэг тал дээр хамтдаа ярилцдаг юм. Гэхдээ мянган сайхан ая, шүлэг байлаа гэхэд түүнийг амилуулах, үзэгчдэд хүргэх, тайзан дээрээс хүмүүст хүргэх, ойлгуулах, мэдрэх гээд олон зүйл яригдана. Бид нэгэн зүгт зорьсон болохоор л энэ бүхнийг хийж чаддаг байх.

Бас нэг сонирхолтой зүйл дурдахад, бид ардын дуунаас хүртэл санаа авдаг. Монгол омогшил, монгол чанарыг тэндээс илүү мэдэрдэг. Хүмүүс биднийг төрөл бүрийн дуу сонсдог гэвэл гайхаж мэднэ.

-Тоглолтын хэвлэлийн бага хурлын үеэр "Рок урсгал" тун удахгүй гэсэн энэ талаар ярьж болох уу?

-Бидэнд маш их төлөвлөсөн юм байгаа. Гэхдээ нууц. Ямартай ч Монголын урлагийн салбарт рок хувьсгал болно.

-Сонсогчиддоо хандаж үг хэлбэл?

-2014 оноос хойш сэтгэлзүй, материаллаг зүйлээр дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Хамгийн гол нь биднийг сонсдог сонсогч нартаа баярлалаа. Нэг хүн л манай хамтлагийг сонсож байгаа нь бидний өнөөгийн оршиг тогтнох гол хүчин зүйл юм шүү дээ. Ингээд тавдугаар сарын 25-нд арван жилийн ойгоороо хамтдаа нэг өдөр жинхэнэ амьд хөгжмөөр амьсгалцгаая.

-Ярилцсанд баярлалаа.

"Wake Up 2024" тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

"Growl of Clown" хамтлагийн шинэ дуу болох "Makhnii Mashin"-ыг хүлээн авна уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-22 08:47

Eeeeey demjdeg shvvvv

Зочин
Зочин
2024-05-22 08:48

Шинэ уран бүтжэлмйг нь тэсэн ядан хүлээж байя

Зочин
Зочин
2024-05-22 08:48

My bronuuud sak shvv

Зочин
Зочин
2024-05-22 10:46

Мундаг

Basca Feiza
Basca Feiza
2024-05-23 00:40

сайн байцгаана уу. Маш санамсаргүйгээр, бүр, T-talk подкастаар та бүхнийг анх удаа олж дуулсан. Өнөөдрөөс 4 өдрийн өмнө юмдаа. Ингээд хэрэг болгож дуунуудаас тань сонсож үзлээ. МОНГОЛД МИНЬ БИЙ БУЙ БОЛООСОЙ ХЭМЭЭН ХҮСЭЖ ЯВСАН МЕТАЛ ХАМТЛАГ ДҮРЭЭРЭЭ ШҮҮ. Учир нь, мет�##� хамтлагуудын энэ урсг�##�ын суурь улаас нь МОНГОЛ ТЭР ЧИГЭЭРЭЭ ҮНЭРТДЭГ~ХАНХАЛДАГ БОЛОХООР Л ТЭР. Та нараар бахадсан, бахархсан. Цомогийг тань олж авах болно. Хаа хүртэл явах нь байна тэр хүртэл явж, хэрэг зориг тань бүрэлдэж бүтэж байхыг шившиж ерөөж хүсье.

Холбоотой мэдээ

Back to top button